С.Эрхэмбаяр: Дэлхийн тайзнаа Норовбанзад гуайтай дуэт дуулах бол хувь заяа
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн улсын начин С.Эрхэмбаяртай ярилцлаа.
-Тантай уулзаагүй олон жил өнгөрчээ. Ид залуу явахад нь хөрш зэргэлдээ амьдарч тамирчин ах гэж хүндэлж явлаа. Одоогоор та юу хийж байгаа вэ?
-Тийм ээ, олон жил өнгөрсөн байна. Тухайн үед Биеийн тамир спортын улсын хороо, Хотын гүйцэтгэх захиргааны хамтарсан тив, дэлхийн аваргаас медаль авсан тамирчдад байр, орон сууц олгоно гэсэн тогтоолын буянаар хэдэн тамирчин нэг жил байраар шагнуулсан. Олон жил нэг байранд, нэг шигшээ багт тамирчид хамт амьдарсан шүү. Одоогоор бэлтгэлээ хийж өөрийнхөө ач зээ, хамаатны хүүхдүүд, нутгийн хүүхдүүдтэй бэлтгэл хийгээд ойр зуурын юм заагаад явж байна. Бас уртын дууны ажлаа хийж байгаа. Бөхчүүд уртын дуу сонирхдог учраас сайхан дуулдаг бөхчүүдийг амьсгааны болоод дуулах ур зүйг нь хөгжүүлэх ажлууд хийж байна.
-Таныг аравдугаар анги төгсөх жил танай нутагт Монголын нэр төртэй дасгалжуулагч багш нар очоод бөх болох сонирхолтой хүүхдүүдийг сонгож, 1980 оны олимпид бэлдсэн гэдэг. Чанрав багш тэр үед танд “Сургуульд орсон, ороогүй над дээр хүрээд ирээрэй” гэхэд та бөх болох сонирхолтой байсан болохоороо шууд багш дээрээ очиж бэлтгэл хийгээд тэр жилдээ Насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медал авсан түүхтэй. Энэ талаараа эргэн дурсвал?
-Тэр үед Төр, засгаас спортод нэлээд анхаардаг байлаа. Ялангуяа 1980 оны олимп Москвад буюу социалист орнуудын гол тэргүүлэх оронд болж байсан. Тухайн үед Чанрав багш, Сосорбарам арслан нарын нэлээн хэдэн бөх манай Говь-Алтайд барилдаан зохиож байлаа. Би нэг, хоёр давчихаад явж байтал манай Биеийн тамир хорооны дасгалжуулагч багш дуудсан юм. Тэгэхэд Чанрав багш сууж байлаа. Ингээд надтай танилцуулаад, “Бөх болох сонирхолтой бол Улаанбаатарт очоод над дээр ирээрэй” гэсэн юм. Тэр том аварга ирээд, ганцааранг минь тэр хүүхдүүд дотроос сонгосонд хөөрчихөж байгаа юм. Тухайн үед өөрийгөө сонгогдоно ч гэж бодоогүй. Өндөр, туранхай хүүхэд байсан болохоор намайг тоохгүй байх гэж бодсон.
Аав, ээж минь хөдөө байдаг болохоор сургуулийн дотуур байранд амьдардаг байлаа. Аав, ээжтэйгээ холбоо барьж чадахгүй, дээрээс нь төгсөх анги байсан учраас конкурсдээ орсон. Политехникийн дээд сургуулийн авто инженер, эдийн засгийн ангид орох гээд конкурсээ гайгүй өгөх шиг болсон юм. Гэхдээ тэнцээгүй. Бөх болох юм чинь яадаг юм гээд шууд замын машинд суугаад гэр лүүгээ явсан. Аав ямар сургуульд орсон гэхээр нь, “Намайг Чанрав багш хүрээд ир, бөх бол гэсэн. Одоо намар шууд явна” гээд хамаг юмаа хаяад аавтайгаа Алтайгаас давхиад ирсэн. Аав маань намайг бөх болно гэхэд дуртай байсан. Угаасаа намайг бага байхаас бөх болно гээд өвөө, аав маань хэлдэг байсан. Ингээд намар нь Чанрав багш дээрээ учрыг нь ч олоогүй давхиад иртэл өнөөх спортын төв хороонд том бөхчүүд инээлдэж, хангиналдаад байж байлаа. Багш ч шууд маргааш бэлтгэлийнхээ хувцсыг аваад бэлтгэлдээ ор гэсэн. Тэгээд аавтайгаа яваад бэлтгэлийн хувцас ч олддоггүй, орос дэлгүүрээс томдчихсон улаан бэлтгэлийн хувцас шиг юм олж авч байлаа. Тухайн үед Хад ах, Цэнд-Аюуш заан, Амгаа заан, Жалаа ах гээд радиогоор нэрийг нь сонсож байсан томчууд давхиж орж ирээд жингээ үзээд байлаа. Би чинь бөөн баяр хөөр болоод сүүлдээ айгаад ийм том улстай бэлтгэл хийж болох юм болов уу гэж бодож байлаа. Тэгэхэд 18 аймгаас л сайхан, сайхан идэрчүүд, баахан олон хүүхдүүд ирсэн. Биднийг жагсааж зогсоогоод шууд алдартай тамирчдад дагалдан тамирчнаар өгөөд бэлтгэл эхэлж байлаа.
-Монгол наадмын бас нэг гоёл нь яалт ч үгүй үндэсний хувцас, өмсгөл зүүсгэл байдаг. Гэтэл тань шиг цүнхээ үүрээд футболка, жинсэн өмдтэй давхиж очоод улсын наадамд зодоглоод начин болсон хүн бараг байдаггүй байх. Тэгэхэд та дөнгөж 21 настай байжээ. Энэ талаараа нэг дурсвал?
-Тэгэхэд би нагац эгчийндээ амьдардаг байсан. Ээжийн хийж өгсөн хөвөнтэй тэрлэг л байсан. Өөр дээл байхгүй. Бид 13-нд Солонгос руу тэмцээнд явах байсан юм. Жүдогийн бэлтгэлд байж байтал Чанрав багшийг наадам тайлбарлуулна гээд Төв хорооноос хойшлуулсан. Тэр үед манай О.Балжинням аймгийн заан, би аймгийн начин цолтой байлаа. Наадам болоход 4,5 хоног дутуу байлаа. Хөдөө Д.Цэрэнтогтох аваргын Баян-Уул амралт руу бэлтгэлд гарна гээд явчихсан. Би спортынхоо ордон дээр бэлтгэлдээ үлдчихээд, үеийнхээ хэдэн залуучуудтай бэлтгэл хийгээд бүртгүүлчихсэн байсан. Тэгээд л барилдаад начин болчихсон. Их л аз таарсан байх.
-Та Алтангадас начины аймгийн арслан байхад нь давж барилдаад, нутгийнхаа хүнтэй таарчихсан гурав давчихаад одоо хангалттай гээд зогсож байсан гэдэг?
-Тэр үед З.Дүвчин ах ид заан болох гэж байсан үе байсан. Тэр үед чинь тийм лут юм бараг байхгүй шахуу байсан. Хэн нь авна, тэрэнтэй нь барилдаад начин болохгүй бол өнгөрдөг үе байлаа. Тэр дундаа манай Дүвчин ах авсан бол зааж өгөөд шууд барилддаг. Тухайн үед мөнгө, төгрөг өгч барилддаг зүйл байдаггүй байлаа. Үнэхээр гуйвал өрөвдөөд, эсвэл энэ хүүхдийг дэмжчихье гээд бууж өгнө үү гэхээс аваа, өгөө гэж байхгүй. Сайхан сэтгэлээр нутгийн хүүхдийг юм уу, эсвэл багийнхаа жудогийн хүүхдийг дэмжинэ. Тухайн үед гурав давсны дараа багш маань "Чамайг дөрвийн даваанд Дүвчин авсан байна шүү" гэсэн. Тэгэхээр нь их гайхсан. Тэгснээ намайг "За, чи Дүвчинтэй сайн үзнэ шүү. Золготлоо, шуудганд хүртлээ л үзнэ шүү. Түүнээс наана унаж болохгүй" гэсэн. Хая гэж хэлээгүй. Сүүлд бодоход Чанрав багш маш ухаантай хүн. Намайг "хая" гэсэн бол миний сэтгэхүй өөр болоод явчихна. Зүгээр л сайхан үзээрэй, шуудганд хүртлээ үз л гэж хэлсэн. Багш ямар юм бодож, ямар ухаанаар надад тэгж хэлсэн бол гэж их боддог. З.Дүвчин ах зүгээр зогсоно гэж байдаггүй. Тэгээд "Цаг болж байна, таван минут болоод та хоёрыг золгуулна гэж байна" гэхэээр нь таван минут болоод золгоод хаашдаа унах байлгүй. Хоёр яс салах юм сан гэж бодлоо. Ядарч байгаа ч гэж жигтэйхэн. Багшийнхаа хэлсэн юмыг биелүүлэх гээд үзээд байдаг. Би ч их ядарлаа, хоёр гар, мөр өвдөөд цуцлаа. Тэгээд гараа жаахан бариулъя гэж бодтол “За, одоо та хоёр золгоно оо” гэж байна. Дүвчин ах цаашаа харчихсан. Тэгэхээр нь би бас Дүвчин ах адилхан ядарч байгаа юм байна гэж бодоод сэргээд явчихсан. Ингээд л гар хуруугаа сэгсрээд, миний тал руу буусан. Дүвчин ах зүүн, би баруун. Тэрүүхэн хооронд нь татаад тонгорсон. Зүүн гарны барьц бараг алдчихсан байсан. Дүвчин ахыг даваад л, давснаасаа хойш начин болчих юм байна гэж их санаа зовсон.
Дүвчин ах бид хоёрын барилдаан бас хүмүүсийн сэтгэлийг нэлээн хөдөлгөсөн юм шиг байсан. Тонгороод нэг нь нэлээн дээш унасан. Бид хоёр жингийн хувьд ойролцоо хоёулаа 90-ээд килограммтай, гэдэс гүзээтэй байлаа. Дүвчин ах бол агуу хүн. Хүн болгон Дүвчинтэй барилдахаас халгадаг байсан үе. Ганцхан даваа дуусаад л начин болчих юм байна. Ийм амархан байдаг юм уу гэж бодогдсон. Одоо үүнийг алдвал би дахиж хэзээ ч начин болж чадахгүй гэж бодогдоод ухаан санаанд хамгийн түрүүнд аав минь байсан бол гэж бодогддог юм билээ. Манай Чанрав багш, Амартүвшин заан хоёр цэргийн найзууд байсан юм. Чанрав багш, Амартүвшин заан хоёр уулзаад танай нутгийн хүүхэд Эрхэмбаяр гээд зааж өгч байсан. Тэгээд хоёулаа хөтлөлцөөд явсан. Намайг авна, барина гэж бодоогүй. Аваргуудыг л авах байлгүй гээд ам чагнаад л сууж байлаа. Одоогийнх шиг дэлгэцэн дээр ам гарна гэж байхгүй. Ингээд тавын даваанд авсан байдлыг танилцуулъя гэсэн. Нөгөө аварга арслангууд байдаггүй. Миний нэр гарахгүй яваад л байх юм. Амартүвшин заан их сургуулийн Эрхэмбаярыг авлаа гэсэн. Би ч итгэсэнгүй. Амартүвшин гуай надаар тав давах гэж байгаа юм байна. Намайг юу гэж начин болгож байдаг юм. Улсын наадамд анх удаа барилдаад начин болно ч гэж юу байх вэ гээд бодоод сууж байлаа. Ингээд Амартүвшин ах ёстой нэг сайхан барилдсан. Би бас тийм ч амар хүмүүст унаад байхааргүй, гайгүй барилддаг болчихсон байсан. Гэхдээ начин болно гэж бодохгүй л байсан. Тэгээд л начин болчихсон доо.
-Хэдийд нь Та урлагтай гүн гүнзгий холбогдчихов?
-Би чинь дунд сургуульд байхдаа сургуулийнхаа концертод оролцдог. Багаасаа дуу, бөхөд дуртай хөдөлгөөнтэй хүүхэд байсан. Хүмүүс тэр үед радиогоор дуу сурдаг үе байлаа. Оройдоо радиогоор хүмүүс дуу сурч байхад хажууд нь байж байгаад тэр дууг нь сурчихдаг. Цаагуураа аав ээжээс заяасан авьяас л багаас өвлөгддөг юм билээ. Дуу хуур их хурдан сурна. Найран дээр цэргээс ирсэн залуучууд гоё дуу дуулна. Тэгж л дуу хуур сурдаг байсан. Адарсүрэн гуайн дууг их сонсдог. Манай аав Лхамжав гуайн дууг их сонсоно. Долгоржав гуай, Норовбанзад гуай, Нансалмаа эгчийн дууг их сонсоно. Ингээд аавыгаа дагаад "Эрдэнэ засгийн унага", Лхамжавын "Жаахан шарга"-ыг радиогоор их сонсдог байлаа. "Уртын дуу тун ч сайхан юм байна даа" гэж аав яриад байхаар дуунд дуртай болчихсон юм. Тэгээд бөхчүүдийн дунд орсон чинь манай бөхчүүд сайхан, сайхан дуулцгаадаг. Би ганц дуу дуулахаар “Чи сайхан дуулж байна” гээд сүүлдээ бөхчүүдийн дунд ганц дуучин нь болоод явчихлаа. Хангинатал дуулдаг байлаа. Сүүлд нь уртын дуучин хүнтэй гэр бүл болоод, нөгөө дуулах маань улам дэлгэрсэн. Яг уртын дуучин болох суурийг тавьсан анхны багш минь манай Сарантуяа шүү дээ.
-Таныг шигшээ багт тамирчин явж байхад хүүхнүүдийн харц салдаггүй байлаа. Тэр олон хүүхний харцан дундаас Сарантуяа гэдэг Монгол Улсын Гавьяат жүжигчин, уртын дуучныг та сонгосон. Энэ өдрүүдээ дурсвал сэтгэлд чинь хоногшсон ямар дурсамж хамгийн их тод санагддаг вэ?
-Улсын ардын дуу бүжгийн чуулгын тоглолтод Адарсүрэн, Банзрагч, Түмэндэмбэрэл, Норовбанзад гээд агуу хүмүүс бүгдээрээ дуулна гээд хүнсний 20-ын урд талд нэг зарлалын самбар байдаг байсан. Анх удаа билетийг нь худалдаж авчихаад нагац эгчийгээ дагуулж тэр концертыг үзэж байсан юм. Сарантуяа маань Норовбанзад багштай гарч ирээд дуулсан. Тэр үед л анх тайзан дээрээс харж байсан. Сүүлд нь манай Түвшинжаргал уртын дуучин болоод, хамт явж байгаад Сараатай танилцаад ойр дотно болсон хэрэг л дээ.
-Та бас уртын дуугаар зогсохгүй, кинонд дүрээ мөнхөлсөн. “Үхэж үл болно Чингис хаан” киноны Чилгэр бөх. Энэ дүрийг танд яаж санал болгосон юм бэ. Өөрт чинь тоглоход хэр байсан бэ. Та жүжигчнээс дутахааргүй нүүр хувиргалттай сайн тоглосон байдаг?
-Тэр том түүхэн кинонд, түүхэн хүний дүр бүтээсэн. Тэрнээс өмнө бас Эрдэнэбулган гуайн найруулсан "Хальшгүй хүчит" кинонд Чүлтэм аваргын дүрд тоглож байсан юм. Бас "Учиртай гурван толгой"-н Юндэн, Нансалмаагийн дуэтийг дуулчихсан, ерөнхийдөө урлагийн нэг дүр орчихсон байсан үе л дээ.
Чилгэр бөхийн дүрд тоглохдоо хүмүүсийн тоглож байгааг хараад, өглөө эрт зургаан цагт уулын орой дээр гарчихаад, давтдаг байлаа. Дотроо үгнүүдээ хэлээд, яг л ингэж тоглоно гэтэл яг цагаа тулсан чинь нөгөө үгээ цээжлээгүй байсан. Тэр үед чинь киног хальсаар авдаг байсан. Хальсандаа харам байсныг ч хэлэх үү, бид хариуцлагатай байх ёстой. Энэ түүхэн кинонд ийм их мөнгө төгрөг, хүн хүч зарж байгаа учраас би их сайн тоглох учиртай гэж бодоод хариуцлагатай хандаж байсан. Би чинь эхлээд тэр кинонд Жамухын дүрд проб өгсөн. Дахиад нэг зураг эхлэхэд Жамухад Цэрэндагва ах тоглохоор боллоо гэсэн. Тэгээд надад "Чи бас нэг дүрд тоглоно. Чамд нэг гоё дүр байгаа" гэсэн. "Ямар дүр вэ" гэсэн чинь "Мэргэдийн Чилгэр бөх" гэдэг юм. Тэр дүрд хэн ч проб өгөөгүй юм байна лээ. Нүцгэн голд загас бариад зогсож байх нэг ч жүжигчин байхгүй. Тэгээд л "Хэн ч проб өгөөгүй ганц дүр үлдсэнийг л надад өгсөн байна" гэсэн чинь "Үгүй ээ, миний дүү энэ чинь ёстой янзын сайхан дүр" гээд тоглож байлаа.
-Таны дууны урын санд "Дорнын Монгол бүсгүй баяртай" гэдэг дуу байдаг. Өмнөд Монголд очоод дуучин бүсгүйд дурлаад өөрөө үгийг нь зохиосон гэдэг?
-Өмнөд Монголын Ордосоор явж байсан юм. Ордост их том хийд байдаг. Би нэг сар шахуу Өмнөд Монголоор явсан. Сарын дотор виз дууссан болохоор гарах учиртай. Тэгээд яараад замдаа манайхаар бол бригадын төвд хоол унд идсэн юм. Тэнд найр наадам болоод бас нэг морин хуурчтай, Өмнөд Монголын дуучид явж байсан. Тэгээд л дуу хуур болоод наргиж цэнгээд, сайхан дуулсан. Тэгэхэд үйлчилж байсан нэг дуунд дуртай бүсгүй сүүлд нь биднийг явах болсон чинь жаахан халчихсан "Хонож, өнжөөд дуулаад яв" гэлээ. Гэтэл өнөө, маргаашгүй Эрээний хилээр гарах гээд байдаг. Ингээд наашаа Хөх хотод ирсэний дараа миний бие жаахан тавгүйрхсэн юм. Тухайн үед би "Бид нэг л ахан дүүс хэрнээ хоёр талд хуваагдчихсан байдаг" гэж бодож байсан л даа. Гэтэл тэр биднийг хонож өнжөөд яваасай гэж хүсээд байдаг. Миний санаа бол монголчуудыг хоёр хуваагдсан гэдэг утгаар дууны үгийг бичсэн. Яг дурласан юм бол байхгүй.
-Аясу гээд дуучин бүсгүйтэй хамт дуулсан. Түүнийг бас тантай холбоод баахан бичсэн байсан?
-Аясу хөөрхий минь тоглолтоо хийх гээд нэг уран бүтээл, дуу хуур гээд миний үг, аяыг хоёуланг нь хийсэн “Зүүдлэн хүлээгээрэй” гэдэг дууг өгсөн чинь хамт дуулъя гээд бид хоёр хамт дуулсан юм. Үгнийх нь төгсгөлийг солихоор харилцаа дуу болчихдог. Төгсгөлийг нь солихгүй бол эрэгтэй ч дуулчихаж болно, эмэгтэй ч дуулчихаж болдог дуу. "Чи бид хоёрыг холбоод хүмүүс яриад байна. Чиний тоглолтын реклам чинь их олонд хүрч байгаа юм байна. Тиймэрхүү юм зөндөө л ярьж байдаг" гээд ярьцгаадаг байлаа. Гэхдээ сайхан, сайхан хүмүүстэй зөндөө л тааралгүй яах вэ. Чи ч бас хэтрүүлээд байх юм. Тэр үеийн бүсгүйчүүд чинь одоогийнхныг бодвол ичимхий, зарчимтай байсан. Бөх үздэг эмэгтэй хүн бараг байхгүй. Тухайн үед Баянаа багшийн хэлдгээр би ч гэсэн бас ичимхий байж. Одоо бодоход тухайн үед багш, дарга нар загнаад "Арван цагт унт, өглөө арван цагт бос" гээд яг оронд орж хэвтүүлээд, гэрэл унтраагаад гараад явчихдаг байлаа.
-Тэр үеийн бэлтгэл шиг тийм далайцтай, яг ингэж давтамжтай хийлгэдэг дасгалжуулагч байхгүй болсон. Одоо ер нь залуу насандаа харамсдаг уу?
-Биднийг үнэхээр тамирчны сахилга батыг сайнаар хангуулж байсан. Гэхдээ одоогийнхоор бол хэтэрхий их бэлтгэлийг шинжлэх ухаан ч бишээр нүдэж, ачаалал өгч байсан юм болов уу гэж боддог. Одоогийнх шиг нэмэгдэл бүтээгдэхүүн, алдсан уургаа нөхдөг зүйл байгаагүй. Шөнө болгон булчин, шөрмөс татаад, орилолдоцгооно. Тэгээд кали дутаад, кали гэж гэж муухай амттай юм байдаг байлаа. Тэрнийхээ утга учрыг сайн мэдэх ч үгүй уудаг байсан.
-Та бол кали уудаг, крантны ус уудаг шигшээгийн тамирчин шүү дээ?
-Тийм байсан болохоор би боддог юм. Бидний алдсан энерги, эрдсийг нөхөх тал дээр маш муу байсан. Дээр үеийн Орос багш нар маш их ачааллуулдаг байлаа. Хоёрдугаарт бид эдийн засгийн боломж бололцоо муу болохоор биеийн тамирын болоод жүдогийн өмсгөл л өмсдөг. Гадагшаа, дотогшоо явахад өмсдөг энгийн хувцаснаас эхлүүлээд бид чинь тийм нооройсон юм л явцгаадаг байлаа. Түүнээсээ их ичиж зовдог. Нооргор байдал нь гадны тамирчдын олз болдог. Ингээд өөрсдийгөө тэднээс дутуу үнэлчихдэг юм билээ. Тэдний өмссөн хувцас, багш нартайгаа чөлөөтэй харьцаж байгаа байдал, үзэл суртал, амьдралын ялгаанууд бидэнд их нөлөөлдөг байсан. Тэдний өмсөж байгаа хувцсыг нь хараад бид сүрддэг байлаа. Ийм хангамжтай, ийм гоё улсуудтай чинь бид яаж барилдахав дээ. Явах үедээ тамирчид хувцсаа өмсөж яваад, буцаад очиж няравт тушаана. Өөрийн гэсэн хувцасгүй шалдан л байсан. Жүдогийн гэж өөдтэй ч юм байхгүй байлаа шүү дээ.
-Та 100 уртын дуу дуулж, арван хуурцаг цомог гаргаж байсан удаатай. Хамгийн гол нь дуулагддаггүй, мартагдах шахсан дуунуудыг сэргээж дуулсан нь бахархалтай. Үүнд хэр хугацааны судалгаа орсон бэ?
-Бараг арваад жил боллоо шүү. Уртын дуу бол гайхамшиг. 100 уртын дуу дуулах гэдэг үнэхээр амар биш. Дуулсныхаа дараа сонсох шиг гоё юм байдаггүй. Одоо дахиад 20 дуу дуулна.
-Дэлхийн тайзнаа Норовбанзад гуайтай хамт гарч дуулж байсан. Энэ бол хүнд ховорхон тохиох тавилан шүү дээ?
-Дуулах дуулахдаа NewYork–ийн Дэлхийн хөгжлийн хүрээлэнгийн тайзнаа Норовбанзад гуайтай дуэт дуулсан. Тэр бол хувь заяа байсан. Гэхдээ тэр тоглолтонд би орохгүй ч байсан Норовбанзад гуайн тоглолт байсан. Түүнийг дуулуулах гэж Дэлхийн хөгжмийн хүрээлэнгийн тайзыг НҮБ-ын төлөөлөгчийн газар зөндөө юм болж байж жилийн өмнө авдаг юм билээ. Тэр үед Норвоо эгч "Би Эрхмээтэй хамт дуулна" гэсэн. Настай хүн байсан болохоор би өөрөө жаахан айгаад, хичээсэн. Тухайн үед "New York Times" сонинд миний талаар бичсэн. Норвоо эгч дахилт түрлэг хийхэд өнгө дээгүүр явсан. Уг нь хоёулаа дуулчихаад, дараа нь түрлэг хийдэг. Морин хуурын өнгө өгөхөөсөө өмнө Норвоо эгч цангинаад явчихсан. Морин хуурч бид хоёр хоёулаа сандраад, үргэлжлүүлэхээс өөр аргагүй болсон.Тэгэхээр чинь би бүр дээшээ дуулахаар болсон. Би тэгээд л орилчихсон. Тасарч болохгүй. Тэгээд л би тэр өнгөнд нь дуулаад л дуусчихсан. Үүнийг бас сэтгүүлч нар мэдсэн байгаа юм. "New York Times"-ийн сэтгүүл дээр. "Тэр эрэгтэй дуучин маш хүчирхэг хоолойтой дуучин байсан. Тэр агуу дуучин маш дээгүүр дуулж байхад тэр хүн бас дагаад дуулсан" гэж бичсэн байсан. Тэр бол миний аав, ээжийн буян хувь заяа гэж боддог. Дэлхийн хөгжмийн хүрээлэн дээр Норвоо эгчтэй хамгийн анхны бөгөөд хамгийн сүүлийн удаа дуулсан ганцхан монгол эрэгтэй дуучин бол би байсан. Намайг Дэлхийн хөгжмийн хүрээлэнгийн тайланд хамт дуулна гэж Норвоо эгч хэлсэн нь намайг үнэлсний үнэлэмж байсан.
-Хэрлэнгийн хөдөө арал дээр Монголын нууц товчооны 750 жилийн ойг тэмдэглэх үед Та заан болох санаатай очжээ. Тэгсэн атлаа хүний жудаг ч юм уу, дотоод сэтгэл чинь чангаагаад нэг тавын даваад нь тахимаа өгөөд буцсан гээд та ярьсан байдаг. Тэр бөхийн нэр хэн бэ?
-Манай Говь-Алтайд Бадрах гээд начин байдаг. Гэхдээ би тавын даваад Бадрахыг аваагүй. Би Увсын Мөнхжаргалыг авсан. Мөнхжаргалыг би өөрөө аваад, Бадрахыг начин болгосон. Найзынхаа төлөө их том золиос гаргасан л гэж боддог. Би заан болохгүй юмаа гэхэд тав эсвэл зургаа давах нь тодорхой.
-Улсын цолоо батлах гэж том асуудал байдаг. Танд цол өгнө гэж хоёр удаа хуралдаад өгөөгүй. Үүнд та хэр гомдолтой байдаг вэ?
-Сүхбат аймгийн арслан цолтой барилдсан. Бид хоёр хоёулаа их сургуулийн нэрийн өмнөөс барилдсан. Сүхбатад начин, надад заан. Тэгээд бид хоёр хоёулаа хасагдсан. Тэр үед би их гомдож байсан. Гомдоод яах вэ дээ. Тэр үед чинь ардчилал гэж байдаггүй. Бүх юм шийдсэн бол тэгээд л дуусна. Дээр үед төв хороогоор явж байгаад улсын аваргаар цол авчихсан тохиолдол зөндөө байгаа. Яг цол өгдөг спартикадын цолных нь болзлыг 27-оос дээш давсан хүнд цол нэмэх асуудал яригддаг байлаа. Ингээд хасчихаар нь би ганцаараа уйлж байлаа. Би бөхийн амьдралд ерөөсөө хоёр л удаа уйлж байсан. Дараа нь би 1988 онд жүдогийн Дэлхийн аваргад явах гэж байхад намайг хасчихсан. Тэгэхэд би уйлсан. Тэнд барилдчихаад дараа нь 1988 оны олимпод барилдсан бол шал өөр байх байсан. Намайг гурав хоногийн дараа явна гэж байхад хасчихсан.
-Өөрийг тань баруун, солгойгүй тонгордог маш хурдан барилддаг бөх гэж тэр үед тодорхойлдог байсан. Хурдан барилдана гэдэг үзэгч олонд бол бас таашаалтай. Тэгэхээр 21 насандаа Улсын начин болсон хүн хурдан барилдахаас яах вэ дээ гэж өөрийн эрхгүй бодогддог. Үүнийг та юу гэж тайлбарлах вэ?
-Манай жүдо чинь өөрөө ажиллахыг шаарддаг. Дээр нь бид чинь гэдэс, гүзээ байхгүй. Ер нь л хурдан барилдахыг боддог. Удахаар хүмүүс уйдаад “үү” гэхээр нь санаа зовоод хурдан барилдаад унавал унаад, хаявал хаячихдаг. Ерөөсөө миний зарчим ийм л байсан.
-1988 оны Сөүлийн олимпод та шагналт байранд шалгарч байсан. Тэр үед бас 21 настай Улсын начин болсон шиг бодол төрж байсан уу?
-Тэр үед би арван хоёр кг хасаж 90-ээс 78-д орсон. Сүүлдээ барахаа байгаад, толгой эргэж ухаан алдаж уначих гээд хүмүүсийн чимээ цаашлаад холдоод байсан. Гэхдээ хүн ядарна гэдэг худлаа л байдаг юм байна лээ. Шүршүүрт ороод сэргэснийхээ дараа “жаахан зогсож болоогүй юм байхдаа би” гээд өөрийнхөө толгой руу цохиод зогсож байсан. Тэр Германыг ялсан бол цаашаа би хүрэл медал руу явах байсан. Эхний наймыг шагналт байранд тооцдог байсан. Тэгэхэд жүдогоос ганцаархнаа дөрвөн тойрог барилдаад, зургадугаар байранд орж байсан. Социализмын үед чинь загинуулаад л өнгөрч байсан. Тэр бүхнийг бодоход одоогийнх шиг гоё нөхцөл бололцоо байсан бол би илүү сайн барилдах боломж байсан гэж боддог. Би Дэлхийн аваргад орж үзээгүй, ганцхан олимпод л орсон байлаа. Тэгээд 2011 онд Германд очиж барилдаад мөнгө авсан. Дараа нь 2012 онд Америкийн Миамид очиж тав барилдаж, бүгдийг нь цэвэр ялаад Дэлхийн аварга болсон. Тамирчин хүнийхээ хувьд тэр үед хүслээ биелүүлсэн. Монгол Улсынхаа төрийн дууллыг эгшиглүүлж, алтан медаль зүүсэн дээ.
Ярилцсан
Н.САРАНЧИМЭГ







































































Сэтгэгдэл