ЭМЯ: Хүүхдийн нас, хөгжлийн онцлогт тохирсон эрүүл мэндийн үзлэг оношилгоонд 281,895 сурагчийг хамруулна

Aдмин / Эрүүл мэнд

Сургууль, цэцэрлэгт суурилсан хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийг улсын хэмжээнд зохион байгуулж байгааг Эрүүл Мэндийн Яам (ЭМЯ)-наас мэдээллээ.

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу ЭМЯ, Боловсролын Яам хамтран хэрэгжүүлж буй энэхүү үзлэг нь 2026 оны аравдугаар сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 1-ний өдөр хүртэл үргэлжилнэ.

Эрт илрүүлэгт гурав, зургаа, 11, 15 насны нийт 281,895 хүүхэд хамрагдах бөгөөд үзлэгийг хүүхдийн нас, хөгжлийн онцлогт тохируулан зохион байгуулж байгаа аж.

Эрт илрүүлгийн хүрээнд хүүхдийн өсөлт, хөгжил, биеийн ерөнхий эрүүл мэнд, хараа зэрэг үндсэн үзүүлэлтийг үнэлэхээс гадна тухайн насанд түгээмэл тохиолдож болох эрсдэл, өөрчлөлтийг илрүүлэх тусгай үнэлгээг хийж байна.

Тухайлбал:

  • Гурван настай хүүхдэд хүүхдийн хөгжил болон аутизмын хүрээний эмгэгийн эрсдэлийг үнэлнэ.
  • Зургаан настай хүүхдэд зүрхний цахилгаан бичлэг хийж, зүрхний эмгэгийн эрсдэлийг үнэлнэ.
  • 11 настай хүүхдэд нурууны муруйлт, хавтгай тавхай зэрэг өсөлт, хөгжлийн үеийн өөрчлөлтийг үнэлнэ.
  • 15 настай хүүхдэд сэтгэл зүй болон бэлгийн бойжилтын хөгжлийг үнэлэх асуумжид хамруулна.

Ийнхүү хүүхдийн нас, хөгжлийн онцлогт тохирсон үзлэг, үнэлгээг хийснээр эрүүл мэндийн эрсдэлийг аль болох эрт илрүүлэх боломж бүрдэж байна.

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар "Хүүхдийн эрүүл мэндийн асуудлыг хүндрэхээс нь өмнө илрүүлэх нь хамгийн чухал.

Эрт илрүүлгийн зорилго бол хүүхэд бүрд онош тавих бус, эрсдэл, өөрчлөлтийг нь эрт тодорхойлж, шаардлагатай тусламж, үйлчилгээнд цаг алдалгүй холбох явдал. Бид хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах урьдчилан сэргийлэх тогтолцоог улам бэхжүүлнэ" гэв.

Одоогийн байдлаар улсын хэмжээнд 23,000 гаруй хүүхэд эрт илрүүлэгт хамрагдаад байгаа аж.

Үзлэгийн өмнө эцэг, эх, асран хамгаалагчдад эрт илрүүлгийн зорилго, ач холбогдол, хийгдэх үзлэг, үнэлгээний талаар мэдээлэл өгч, таниулсан зөвшөөрөл авч байгаа юм. Энэ үзлэгээр эмчийн эцсийн онош тавихгүй. Харин хүүхдийн эрүүл мэндийн байдалд эрсдэл, өөрчлөлт байгаа эсэхийг үнэлж, шаардлагатай тохиолдолд дараагийн шатны тусламж, үйлчилгээ авах чиглэл өгнө.

Эрсдэлийг эрт илрүүлж, дараагийн шатны тусламжид холбоно Хүүхдийн эрт илрүүлгийн хамгийн чухал үр дүн нь зөвхөн үзлэгт хамруулсан тоогоор хэмжигдэхгүй. Харин эрүүл мэндийн эрсдэлтэй хүүхдийг эрт илрүүлж, шаардлагатай тусламж, үйлчилгээнд цаг алдалгүй холбон, цаашид хяналтад авахад оршино. Тиймээс эрт илрүүлгээр өөрчлөлт, эрсдэл илэрсэн хүүхдийг холбогдох эмч, мэргэжлийн байгууллагад шилжүүлж, шаардлагатай тусламж, үйлчилгээ болон хяналтыг үргэлжлүүлнэ.

Хүүхдийн эрүүл мэндийг хамгаалахад эцэг, эх, асран хамгаалагчийн оролцоо чухал. Иймд эцэг, эхчүүд хүүхдийнхээ асуумжийг үнэн зөв бөглөж, үзлэгт нь идэвхтэй хамруулан, үзлэгийн дараа эмч, мэргэжилтнээс өгсөн зөвлөгөө, зөвлөмжийг хэрэгжүүлэхийг ЭМЯ-наас уриалж байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.