Б.Лхагвасүрэн: Ханшийн савлагаа үүсэхгүй
Өнөөдөр УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хуралдлаа. Тус хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэг нарын гишүүдийн санаачлан өргөн барьсан Валютын зохицуулалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдэв.
1994 онд анх Валютын зохицуулалтын хуулийг баталснаас хойш хөрөнгө, санхүүгийн зах зээл өөрчлөгдсөн, мөн валютын зах зээл, хөрөнгийн гадаад урсгалын талаар мэдээллийн нэгдсэн системтэй болох шаардлага үүсч байгааг хууль санаачлагч онцоллоо. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан: -Ерөнхийлөгчөөс өргөн барьсан “Монголбанкинд гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдийн төлбөр тооцоог байршуулах” гэсэн хуулийг хамтатган хэлэлцэж, энэ хуулиндаа оруулж ирвэл ямар вэ? Гаднын хөрөнгө оруулагч нар арилжааны банкинд итгэхгүй байгаа учраас энэ хууль орж ирсэн. Нэгэнт Валютын зохицуулалтын хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж байгаа юм чинь Хөрөнгө оруулалтын банкны хуулиа хамтатган хэлэлцэх хэрэгтэй. Валютын гарах урсгал дээр хязгаар тогтооно гэнэ. Үүнийг хөрөнгө оруулагчид яаж харах вэ. Том хөрөнгө оруулагчдын эмзэглэж байгаа гол асуудал энэ.
Монгол банкны дэд Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: -Таны гаргасан санал ажлын хэсгийн анхны төсөлд байсан. Гэвч Засгийн газар дээр хасъя гэсэн санал гараад хасагдсан.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: -Эдийн засаг, зах зээл, гадаад дотоод нөхцөл байдлаа харж хандаж байгаа. Ерөнхийлөгчийн нэмэлт өөрчлөлтөөр оруулж ирсэн хуулийн төслийг энэ хуулиар зохицуулж болно гэж үзэж байна. Гэхдээ Төв банк биш арилжааны банкин дээр гэж байгаа. Арилжааны банк бусдын нууцлалыг алдахгүй байх хэрэгтэй.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: -Энэ хууль бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагч талаасаа таатай нөхцөлийг бүрдүүлсэн хууль байх ёстой. Аливаа эдийн засагт төрийн зохицуулалт зайлшгүй байх ёстой. Валютын зохицуулалтын бодлого дотор төрийн зохицуулалт хэр орсон бэ?
Монголбанкны дэд Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: -Монголбанкны эрх үүрэг, Санхүүгийн зохицуулалт хорооны эрх үүргийг тус тусад нь зааж өгсөн. Тиймээс нэлээн дэлгэрэнгүй зохицуулалттай болж байгаа. Валют орох гарах урсгал дээр тодорхой заалт байхгүй. Экспортын орлогыг яаж Монголдоо оруулах вэ гэдгийг анхаарч байгаа. Ханш гэдэг нь нэг төрлийн бүтээгдэхүүн. Бирж дээр тогтсон ханшаа бирж нь өөрөө зарлаад явчихна. Иргэд Монголбанк ханш зарладаг гэж ойлгодог. Монголбанк өөрөө ханш зарлаж байгаа боловч бирж болон биржийн гадуур тогтсон ханшийг мэдээлэл болгоод явж байгаа. Төгрөгөөр гүйлгээ хийхийг энэ хуульд бүлэг болгоод заагаад өгсөн. Валют солих цэгийн үйлчилгээг СЗХ хянадаг.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: -Валютын ханш өсч байгаа талаар статистик гарсан байна лээ. Монгол төгрөг ам.доллараас 480 орчим төгрөгөөр суларсан. Тэгэхээр бид үнэ цэнэгүй болоод байна. Ханш тогтвортой байна гэдэг үнэ цэнэтэй зүйл юм. Албан бус долларжилт маш хүчтэй явж байна. Энэ талаар та нарт ямар судалгаа байна вэ? 650 сая ам.долларын интервенц хийсэн гэнэ. Энэ яаж явж байна.
Монголбанкны дэд Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: -Сүүлийн нэг сарын хугацаанд 100 төгрөгийн өөрчлөлт гарсан. Оны эхнээс нийтдээ 5.6 хувиар монгол төгрөгийн ханш сулраад байна. Манай гадаад худалдааны тэнцэл, төлбөрийн, урсгал тэнцлийг харахад эдийн засаг 2018 онд идэвхижиж байна. Тоног төхөөрөмж, үйлдвэрийн эргэлтийн хөрөнгө импортоор их орж ирж байна. Энэ онд импорт 3.8 тэрбум ам.долларт хүрсэн. Импортын бүтцийг харахад 70-80 хувь нь үйлдвэрийн тоног төхөөрөмж, 20 хувь нь хэрэглээ байгаа. Импортын бүтцээр харвал эдийн засаг идэвхижсэн байна гэж Монголбанк тодорхойлж байгаа. Эдийн засаг идэвхжиж, импорт өсөхөөр төгрөгийн ханш суларч байна. Монголбанк хангалттай нөөц барьсан. Тиймээс ханшийн савлагаа үүсгэхгүй гэж харж байна.
Санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив.
Д.ТУЯА
Сэтгэгдэл