Н.Туяацэцэг: Намынхаа санхүүг нэмэгдүүлэхийн төлөө хөдөө блинчик хийж 800 төгрөг илгээж байсан

Aдмин / Улстөр

Монгол Улсад Социал Демократ хөдөлгөөн үүссэний 30 жилийн ой энэ жил тохиож байна.Түүхэн ойн өмнө энэхүү хөдөлгөөнд гар бие оролцон, Монголд нутагшихад үнэтэй хувь нэмрээ оруулсан анхдагчидтай уулзах боломж олдов. Монголын Социал Демократ хөдөлгөөний анхны гишүүн Н.Туяацэцэгтэй ярилцлаа.

-Юуны өмнө танд Монгол Улсад Социал Демократ хөдөлгөөн үүссэний 30 жилийн ойн баярын мэнд хүргэе. Таныг эх орондоо ирээд удаагүй байгаа гэж дууллаа?

-Баярлалаа. Түүхэн ойн өмнө ийнхүү ярилцлага өгч байгаадаа баяртай байна. Би сүүлийн 10-аад жил АНУ-д амьдарч байгаа. Саяхан эх орондоо ирсэн, удахгүй буцна.

-Ардчиллын харанга дэлдэж, монголчууд ардчиллын талаар тодорхой мэдээлэлгүй, эргэлзэж, тээнэгэлзсэн байдалтай байхад та тэр тусмаа эмэгтэй хүн зориг шулуудан гар бие оролцсон байх юм. Таныг ардчилал руу хэн хөтлөөд оруулсан юм бэ?

image

-Миний ханийг Ж.Шийтэр гэдэг байсан. Ардчиллынхан андахгүй. Хань минь тэнгэрт халиад 19 жил болж байна. Манай нөхөр ХБНГУ-д сургууль төгссөн, социал демократ үзэлтэй, түүнийг тууштай дэмжигч байсан. Нөхрийн нөлөөгөөр би эргэж буцалтгүй ардчиллын төлөө тэмцэж эхэлсэн дээ.

image

-Тухайн цаг үед та ажил хийж байсан байх. Сэхээтэн хүн бүрийг МАХН-ын гишүүн болгодог байлаа. Та намын гишүүн байгаагүй юу?

-Сэхээтэн хүн бүрийг МАХН-ын гишүүн болгодог байсан. Нийгмээ дагаад яг элсэх гэж байтал ардчиллын дуу хоолой газар сайгүй тархаж, бид ч гэр бүлээрээ дэмжиж эхэлсэн. МАХН-д элсэхийн даваан дээр л бүх зүйл өөрчлөгдсөн дөө.

-Би тантай мөр зэрэгцэн ажиллаж байсан хүмүүсээс сонслоо. Та гэр бүлийн хамт Социал Демократ намаа санхүүжүүлж, их олон ажил хийсэн гэсэн. Бас компанитай байсан гэсэн үү?

-Тиймээ, бид санхүүжилт ар талыг нь дааж ажиллахад их хүч хөдөлмөрөө зарцуулсан. Манай нөхөр аялал жуулчлал, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Од” гэдэг компанитай байлаа. Сүүлд “Од сан” нэртэй болсон. Компанийнхаа ажилчдын цалинг тавих мөнгөөр намаа санхүүжүүлж, шинэ үзэл санаа шинэ үүд хаалгыг нээхийн төлөө хамтдаа зүтгэсэн. Цаг хэцүү үед ардчиллыг дэмжиж байсан олон хүн манай компанид ажиллаж, бид ажлын байраар хангадаг байсан. Социал Демократ нам байгуулагдаад анхны хүлээн авалт, зочид төлөөлөгчдийг угтах гээд л бүх ажилд нь гар бие оролцсон.

-Энд нэг сонин баримт байна.1994 онд 2 сая төгрөг бэлнээр хандивлаж байсан гэнэ үү?

image

-Тиймээ. Энэ бол зах зухын л баримт. Тэр үеийн 2 сая төгрөг гэдэг бол их мөнгө. Анх бид Р.Гончигдоржийн хамт үзэл баримтлалаа орон нутагт түгээж, мэдээлэл дамжуулах үүднээс Архангай явсан. Бүх зардлыг нь даагаад явлаа. Алхам тутамд л мөнгө санхүү хэрэгтэй учир аймгийн эмэгтэйчүүдтэй хамтраад блинчик хийж наадмын өдөр нь зараад, 800 төгрөг нам руугаа илгээж байлаа.

-Ажлаа хийнгээ бас мөнгө цуглуулах ажлыг хамт хийж байж. Нэг зүйлийг асуумаар санагдлаа. Айлын эмэгтэй хүн орон нутгаар төдийгүй гадагшаа явчихлаар хүүхдүүд хэцүүддэг. Та хоёр хоёулаа зэрэг зүтгэдэг байж. Ар гэрийн амьдралыг тань хэн зохицуулдаг байсан юм бэ?

-Манай нөхрийн ах болон аав, ээж, ах дүү л зохицуулдаг байсан даа. Тэр үед зав чөлөөгүй , өдөр шөнийг мэдэхгүй ажилладаг байсан гэдгийг олон хүн мэдэх байх. Сүхбаатарын талбай өлсгөлөн зарласан 1990 оны 3 сарын 7-ны өдрийг монголчууд сайн санадаг байх. Алтан хараацайнууд шийдвэрээ гаргаад өлсгөлөн зарлаж эхлэнгүүт л арын хэсэгт юу хэрэгтэй байгааг бид бүрдүүлж эхэлнэ.

image

Тэр үед хүйтэн байсан болохоор яаралтай эсгий болон бусад олон зүйл хэрэгтэй болсон. Манай компанид бүх зүйл байсан учир шууд л авчраад өгч байж билээ. Ер нь юу л хэрэг болно тэр бүгдийг л гүйцэлдүүлж байлаа.

image

-Ардчиллын дуу хоолойг олонд хүргэхийн төлөө та бүхэн уйгагүй явжээ гэдгийг би таны ярианаас тодорхой ойлгож авлаа. Арын ажлыг нь амжуулж байсан танай гэр бүлийн хүнийг бас таныг өндөр алба хашиж байсан гэж дуулаагүй юм байна?

-Бид албан тушаал ашиг сонирхлын төлөө тэмцээгүй шүү дээ. Өндөр алба хаших, ашиг хонжоо олох талаар огт бодож явсангүй.

-Ингэхэд та болон танай нөхөр намд ажиллах хугацаандаа хамгийн өндөр ямар алба хашиж байсан бэ?

-Биднээс гадна олон хүн сэтгэл зүрхээрээ дэмжиж байсныг зориуд хэлмээр байна. Манай нөхөр компаниа л удирдаад намын санхүүжилтийг таслахгүй байхыг л хичээж зүтгэсэн. Өөр төрийн алба хашиж байгаагүй. Хөөрхий бие нь өвдөөд хорт хавдраар 2000 онд бурхны орондоо заларсан. Миний хувьд нөхрөө дагаж ажиллаж байгаад хэсэгхэн хугацаанд Төрийн өмчийн хороонд ажиллаж байгаад МАХН сонгуульд ялаад шууд халсан. Албан тушаал гуйж, ашиг хонжоо харж явсангүй.

-Ардчиллыг дэмжсэн хүмүүст улс төрийн шахалт дарамт их байсан гэдэг юм билээ. Та хоёрт тийм зүйл тохиолдож байв уу?

-Тохиолдож байсан. Хөрөнгө оруулалт татахаар гэрээ хэлцэл хийхээр тохирсон гаднын компанид хүртэл Монголоос хандаад зогсоосон түүх бий. Нэг зүйлийг эргээд бодоход бил хоёр амин хувийн эрх ашгаа бодоод компаниа л хөгжүүлээд явах боломж байсан. Гэхдээ хүн гэдэг үзэл санаандаа тууштай байж , эрх чөлөө ямар их үнэ цэнэтэй гэдгийг ухаарахаар эргэлт буцалтгүй эхэлсэн ажилдаа зүтгэдэг юм байна лээ. Социал Демократ хөдөлгөөнийг үүсгэн байгуулж, эмэгтэйчүүдийг квоттой болгоход Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны анхны дарга Мажигийн Тунгалаг их үүрэг гүйцэтгэсэн. Тэр эмэгтэй тууштай байж олон эмэгтэйчүүдийг улс төрийн боловсрол олоход нь тусалж, Удирдлагын академид сурган их зүйл хийснийг зориуд хэлэх ёстой болов уу.

-Та бүхний амиа үл хайрлан зүтгэсэн ардчилал өнөөдөр ардчилал биш болчихлоо гэх хүмүүс бий. Та хүний газар олон жил байсан ч эх орныхоо талаар мэдээлэл байнга авч, сонирхдог байлгүй. Өнөөдрийн Монголын нөхцөл байдлыг та хэрхэн харж байна вэ?

-Яг үнэндээ миний санаанд хүрэхгүй л байгаа. Ашиг сонирхол, мөнгийг шүтэж, алхам тутамдаа л халаасаа түнтийлгэх сонирхолтой хүмүүс байх юм. Ардчилал, эх орон эрх чөлөө гэдэг ямар үнэ цэнэтэй гэдгийг ухаарах сайхан хойч ирээдүй бий байх. Тэдэнд л итгэх юм.

-Цаг зав гарган ярилцсан танд баярлалаа. Монголчуудын заяа их учир сэтгэл өөдрөг, санаа зовох зүйлгүй амьдрах өдөр ирэх болтугай гэж ерөөе.

-Тиймдээ, сайн сайхан ирээдүй бидний үр хүүхдүүд, хойч ирээдүй минь үзэх болтугай.