М.Ганбат: Төмөр замын ажлыг нуруундаа үүрдэг хүмүүс нь эгэл жирийн ган замчид

Н.Алтанцэцэг / Нүүр

"Улаанбаатар төмөр зам" нийгэмлэгт төмөр замын ашиглалтаа сайжруулах, замын хурдаа нэмж ачаа тээврээ улам их болгох зэрэг үйл ажиллагааны шинэчлэл үргэлжилсээр байгаа. Манай төмөр замчид өмнөө тулгарч байгаа хүндрэл бэрхшээлийг ажрахгүй ажиллаж байна. Ингээд төмөр замд замчнаар ажиллаж байгаад одоо чөлөөндөө сууж буй УБТЗ-ын ахмадын холбооны зохион байгуулагч М.Ганбаттай ярилцлаа.

ГАН ЗАМЧДЫНХАА АЖИЛ АМЬДРАЛААР ИХ БАХАРХДАГ

-Төмөр замын салбарт олон жил ажилласан гэж байна. Хэдэн жил ажилласан вэ?

- Миний хувьд төмөр замын техникомыг төгсөөд 1978 оноос замын хоёрдугаар ангиас ажлынхаа гарааг эхэлсэн. Төмөр замын ажлыг замчнаас нь эхэлж, бригадын дарга, замын ангийн диспетчер, техник кабинетын эрхлэгч, хувьсгал залуучуудын хорооны даргын ажлыг хүртэл хийж байлаа. Үүнээсээ хойш үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар ажиллаж байгаад 2017 онд тэтгэвэртээ гарсан. Энэ хугацааг замчидтайгаа туулсан болохоор халуунд халж, хүйтэнд хөрч байдаг ган замчдынхаа ажил амьдралыг сайн мэднэ. Ёстой нөгөө тогоонд нь чанагдаж боловсорсон хүний нэг л дээ.

Замчид маань хамгийн үнэн ч ажилдаа дуртай сонирхолтой, өгсөн үүрэг даалгаврыг ягштал биелүүлдэг хүмүүс байдаг юм шүү дээ. Тиймээс би ган замчдынхаа ажил амьдралаар их бахархдаг. Ажилдаа үнэн ч байдагт нь их баярладаг явдаг. Төмөр замын ажлыг нуруундаа үүрч байгаа хүмүүс бол эгэл замчид юм. Хүмүүс төмөр замыг урт гэдгээс цааш ойлголт муутай байдаг байх. Гэтэл төмөр замд чинь мм-ээр хэмжигдсэн нарийн царгийн засвар үйлчилгээ явагддаг. Хэдхэн мм алдахад л ямар нэгэн саатал гарч төсөөлөхөд ч бэрх нүсэр ажлуудыг саатуулах аюултай. Галт тэрэгний хөдөлгөөнийг барих хамгийн нарийн зүйл нь зам юм. Замыг зам л гэж бүдүүн тоймоор ойлгодог боловч цаанаа их нарийн утга учир, техникийн үзүүлэлттэй байдаг юм л даа.

МАНАЙ ЗАМЧИД ИЛҮҮ ЦАГААР АЖИЛЛАХ ШААРДЛАГАТАЙ БАЙДАГ

-Төмөр замын энэ ажил хүнд нөхцөлдөө ордог байх. Халуунд нь халж, хүйтэнд нь хөрч ажилладаг энэ хүмүүст ямар хүндрэл бэрхшээл байна вэ?

-Улаанбаатар замын 15-16 мянган ажилчдаас 3800-аад нь замчид байгаа. Хамгийн олон ажилчинтай салбар нь манай замын салбар юм. Би үйлдвэрчний эвлэлийн дарга болсоныхоо дараа замчдын ажил мэргэжлийг хэвийн бус нөхцөлд оруулсан. Хэвийн бус гэдэг нь эмэгтэй замчид 50 настайдаа тэтгэвэрт гардаг. Харин эрэгтэйчүүд 55 тэтгэвэрт гардаг болсон. Гадаа 25 градусын халуун байхад зам төмөр дээр 30-40 хэм хүрсэн байдаг. Ийм нөхцөлд зам төмөртэй харьцаж ажиллахад хүнд байдаг юм. Өвлийн улиралд хүйтэн байхад эсрэгээрээ мөн зам хүйтэн байдаг учраас манай удирдлагууд ажилчдынхаа ажлыг сайн мэддэг. Мөн үйлдвэрчний эвлэлийн ажлыг сайн дэмждэг дарга нарын буянд 3800 замчдын ажиллах нөхцлийг хэвийн бус ангилалд оруулж чадсан юм.

Манай замчид илүү цаг ажиллах шаардлагатай байдаг. Ерөнхийдөө хоёр нарны хооронд ажилладаг. Галт тэрэгний тээвэр цастай, бороотой, шуургатай үед ч байнгын 24 цаг ажиллаж байдаг учраас шаардлагатай ажил гарлаа гэхэд манай замчид хэзээд бэлэн байдаг. Өвөл их цас орж шуурч зам хаах, зуны улиралд үер, ус замыг идэх тохиолдол гардаг. Энэ үед манай замчид ажиллаж л байдаг. Өнгөрсөн жил Замын -Үүдийн наана воган унаж, осол гарч, гурав дөрөв хоног олон улсын галт тэрэг явуулж чадахгүй байдалд хүрсэнийг сонссон биз . Энэ эрсдэлтэй үед манай ган замчид хоёр нарны хооронд бохисхийлгүй ажилласан шүү.

-Галт тэрэгний осол аваар тэр бүр гараад байдаггүй юу? Ер нь осол аваар юунаас болж гардаг бол. Замын аюулгүй байдлаас болж гарах тохиолдол байдаг уу?

-Галт тэргэнд авто замтай адилхан тэр бүр аваар осол гараад байдаггүй. Төмөр замын осол маш ховор гардаг. Төмөр зам бол хамгийн найдвартай ачаа тээвэр шүү дээ. Байгалийн давтагдашгүй хүчин зүйл нөлөөлж хааяа саатах тохиолдол бий. Төмөр замын техник зам зүтгүүр эвдрэх, өгсөх уруудах газарт ачаагаа даахгүй зүгтүүр хий эргэх байдлаас болж саатах тохиолдол байдаг. Бусдаар замчдын буруугаас болж осол аваар гаргах тохиолдол байдаггүй.

Төмөр замыг зам төмрийн, гэмтлийн воган, зам дээр царигийн өргөсөл нарийсал байна уу. Зам дээр ямар нэгэн техникийн гэмтэл гарсан байна уу гэдгийг зам хэмжигч воган сард хоёр удаа явж шалгадаг. Мөн зам төмөр хугарч байна уу, дотроо гэмтэлтэй байна уу, ан цав үүсч байна уу гэдгийг зам төмөр сэв хайх, зам шалгагч воган хоёр удаа явдаг. Мөн зам тосолгооны вагон бас шалгадаг. Энэ нь зам төмрийн элэгдлийг багасгах зорилгоор тосолгоотой явдаг болохоор гэмтэл бага гардаг юм.

УЛИРЛААР БОЛОН ЖИЛЭЭР ИХ ЗАСВАР ДУНД ЗАСВАР ӨРГӨЛТИЙН ЗАСВАРУУД ХИЙДЭГ

-Төмөр замын засварыг замчид хийгээд явдаг. Ер нь замын засварыг жилдээ хэдэн удаа хийдэг вэ?

- Ер нь урсгал, арчилгааны засвар гэж байна. Өдөр тутмын засвар үйлчилгээгээр урсгал засвар хийж байх ёстой. Тухайлбал, замын хадалт, янз бүрийн суултууд, царигийн өрөгсөл нарийсал, дэр модоо солих ажлуудыг хийдэг. Мөн улирлаар болон жилээр их болон дунд засвар өргөлтийн засварууд хийдэг.

- Төмөр замын замын ангид эмэгтэйчүүд нэлээд ажилладаг. Эмэгтэйчүүд хувьд нэлээд хүнд ажил шүү дээ?

-Хэвийн бус нөхцөлд орчихсон ажил мэргэжлээр эмэгтэй хүн ажиллана гэдэг нь хэцүү. Гэхдээ хэцүү боловч манай замчин эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээсээ дутахааргүй ажилладаг. Хөдөлмөрийн хуулиар эмэгтэй хүн, эрэгтэй хүн хийх ажил нь адилхан ч гэсэн эмэгтэйчүүд өргөх ачааны норм, хөдөлмөр хамгаалалтын журам горимоор явдаг. Төмөр зам цалин мөнгөний хувьд харьцангуй дээгүүр тооцогддог. Чадалтай инженер болон залуучууд Солонгос, Америк явж ажиллах тохиолдол багагүй байгаа. Мөн уурхай холбосон төмөр замын томоохон орд руу явж байна. Тиймдээ ч төмөр замд үе үеийн дарга нар болон засгийн газар нэлээд анхаарч ажилладаг. Төмөр замын гол орлого нь транезит ачаа явж байх юм бол ашиг орлого сайн орж ирдэг.

Төмрийн хүдэр, нүүрсний тээвэр их яваад байвал орлого нэмэгдээд явдаг. Энэ жилийн хувьд коронавирусын улмаас бүхэл байгууллагын ашиг буурч байна. Онцгой шаардлагатай үед орон нутгийн чиглэлийн галт тэргийг хязгаарлаж байгаа. Мөн олон улсын галт тэрэг явахгүй байгаа. Зорчигч тээвэр алдагдалтай ажиллаж байгаа гэсэн.

- Шинээр бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж байна уу?

-Бүтээн байгуулалтын ажил хийгдэж байгаа. Хойд хилээс урд хил хүрэх замын хүчин чадалтай маш чухал сүүлийн үед манайх хаалттай зөрлөгүүдийг нээсэн. Замын хүчин чадалтай сайжирснаар ачаа урсгал улам нэмэгдэнэ. Том том бүтээн байгуулалт хийгдэж байгаа. Монголын төмөр ачаа тээвэрлэлт саадгүй явах, тээвэрлэлт тэмдэглэх дүр зураг харагдаж байна. Төмөр замын ажилд цэргүүдийг хүртэл дайчилж байгаа. Шинэ бүтээгдэхүүн байгуулалтын ажилд мэргэжлийн замчид, холбоочид голлож ажиллаж байгаа. Зүүнбаянгаас цааш 10 км зам явчихсан байна. Сайншандаас Алтан ширээ хүртэл нефтийн үйлдвэрийн замыг бариад хүлээлгээд өгчихсөн. Эдгээр бүтээн байгуулалтуудтай замчид холбоотой.

УЛИРАЛ БОЛГОН АХМАДУУДДАА 15-22 УРАМШУУЛАЛ ӨГДӨГ

-Төмөр замын хэмжээнд хэчнээн төмөр замын анги байдаг вэ?

-Хойд хилээс урд хил хүртэл замын дөрвөн анги байгаа. Баянтүмэнгийн замын анги замын тавдугаар анги, Эрдэнэтийн замын зургадугаар анги байдаг. Нийтдээ төмөр замын зургаан анги байгаа. Хамгийн том нь миний ажиллаж байсан хоёр дугаар анги. Намайг ажиллаж байхад мянга гаруй ажилчинтай байсан. Одоо 850 ажилтай. Замын их засвар хийдэг, бүтээн байгуулалтын шинэхэн машин механизмтай анги байгаа. Энэ анги төмөр замын ажлыг нугалаад барахгүй. Монгол Улсын шинэ замыг ангийн хүчин чадлаар тавьж байгаа. Үе угсардаг бааз Салхитад байгаа. Одоо Зүүн баян Сайншандад барьчихсан.

-Тэтгэвэрт гарсан хэчнээн замчид байна?

-Улаанбаатар төмөр замын хэмжээд тэтгэвэртээ гарсан замчид долоон мянган ахмадууд байна. Зам тэлж байгаа учраас ахмадууд нэмэгдэнэ. Манай төмөр замын ахмадын холбоо төрийн бус байгууллагыг УБТЗ-ын дарга асан Р.Раш замын ахмадын холбоог санхүүжүүлэх ажлыг эхлүүлсэн байгаа. Бүх төмөр замчдын цалингийн нэг хувьтай тэнцэх мөнгө санхүүг ахмадын холбоо бүрдүүлж өгдөг. Улирал болгон ахмадууд 15-22 мянган төгрөг, хүндэт төмөр замчин, төмөр замчны алдар дээд шагналыг авсан хүмүүстээ улирал болгоно 45 мянган төгрөгийн урамшуулал. Зорилт бүлгийн хүмүүсээ эргэж тойрдог. Иймэрхүү байдлаар ахмадууддаа дэмжиж ажилладаг.

Төмөр зам Монголын ахмадын холбооны хэмжээнд тэргүүн ажиллагаатай. Энэ байгууллагын даргаар Л.Насанбат ажиллаж байгаа. Энэ хүн суудлын воган депод насаараа ажилласан хүн. Өнгөрсөн онд энэ ажлыг авсан байгаа.Тулхтай түшигтэй хүн ажиллаж байна. Даргатай гар нийлээд ажиллаж байгаа.

Ярилцсан танд баярлалаа