Б.Лхагважаргал: Пневмококкийн вакцин бол товлолд орсон дархлаажуулалт юм

Н.Баярмаа / Эрүүл мэнд

Жил бүрийн хавар, намар хийгддэг нэмэлт дархлаажуулалтын 10 хоног үргэлжилж байна. Дэлхий нийтийг хамраад буй коронавирус цар тахлын нөлөөгөөр дэлхийн зарим бүс нутагт халдварт улаан бурхан, сахуугийн вакцинжуулалт тасалдсан талаар мэдээлэл бий. Тиймээс манай оронд дээрх төрлийн дархлаажуулалт хэвийн байгаа эсэх бусад дархлаажуулалттай холбоотой сонирхол татсан асуудлаар Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн дархлаажуулалт хариуцсан халдвар судлаач Б.Лхагважаргалтай ярилцлаа.

-Сүхбаатар дүүргийн хувьд нэмэлт дархлаажуулалтанд нийт хэдэн хүүхдийг хамруулах вэ?

-Манай дүүргийн хувьд 2020 оны эхний дөрвөн сарын байдлаар нийт 13613 хүүхдийг дархлаажуулалтад хамруулахаас 13219 хүүхдэд товлолын вакциныг өгөөд байна. Товлолоос хоцорсон 400 гаруй хүүхдийг нөхөн дархлаажуулж тавдугаар сарын дүн мэдээнд бүрэн оруулдаг. Үүнээс гадна 2019 оны аравдугаар сард хийгдсэн сахуу татрангийн вакцинаас хоцорсон 300 гаруй хүүхдийг нэмэлтээр дархлаажуулалтанд хамруулахаар ажиллаж байна.

-Товлолт вакцинаас хүүхдээ хоцроох тохиолдол хэр байдаг вэ. Ямар шалтгаантай хүүхдүүд товлолтоос хоцордог юм бол?

- Олон шалтгаанаар хүүхдийг хоцроох тохиолдол гардаг. Өвчлөлтэй байсан хүүхдүүд, хөдөө орон нутагт шилжсэн, тодорхой хаяггүй хүүхдүүд вакцинаас хоцордог. Хоцорсон хүүхдүүдийг дараа сарын төлөвлөгөөнд оруулан вакцинжуулдаг. Мөн өвчлөлөөс шалтгаалж хоцрох тохиолдол бий. Үүнд зүрхний дутагдал, төрөлхийн эмгэг, мэдрэлийн гаралтай уналт, таталттай хүүхдүүдийн хувьд товлол хойшлох тохиолдол байдаг. Тэдгээр хүүхдүүдийг хяналтанд байлгадаг эмч, эцэг эхтэй нь тохиролцон дархлаажуулалтад нь хамруулаад явдаг.

-Коронавирусын цар тахлын нөлөөгөөр дэлхийн зарим бүс нутгуудад халдварт улаан бурхан, сахуугийн вакцинжуулалт тасалдаж эдгээр өвчин дэгдэх эрсдэлд хүрээд байгаа тухай мэдээлэл байгаа. Манай улсад эдгээр өвчний эсрэг вакцинжуулалт хэвийн байгаа юу?

-Монгол Улсын хувьд бүх төрлийн дархлаажуулалт хэвийн үргэлжилж байна. Вакцин, тарианы тасалдал үүсээгүй. Нэмэлт дархлаажуулалтын хүрээнд есөн төрлийн вакцинжуулалт хийгдэж байгаа. Үүнд тавт вакцин, халдварт саа, 2019 оны гуравдугаар сараас нэвтрүүлж эхэлсэн халдварт саагийн тарьдаг вакцин,улаан бурхан, улаанууд, гахайн хавдрын эсрэг гуравт вакцин, сахуу татран, А, В гепатит, сүрьеэ гэсэн вакцинуудыг хийж байна.

-Энэ жилийн дархлаажуулах аяны онцлог нь юу байна вэ?

- Харьяалал харгалзахгүй нөхөн дархлаажуулалтыг хийж байна. Жишээлбэл, таны хүүхэд дөрвөн настай хэрнээ эхлэлийн вакцинаа хийлгээгүй байгаа тохиолдолд хүүхдээ авч ирээд нөхөн дархлаажуулалтанд хамрагдах боломжтой гэсэн үг юм.

- Вакцин яагаад чухал юм бэ? Вакцинаас татгалзах эцэг эх нэмэгдсэн талаар та хэллээ?

- Вакцин гэдэг бол эрүүл мэндийн салбарт гарсан хамгийн том ололт шүү дээ. Халдварт саагийн дэгдэлт эхэллээ гэж бодоход тэр вакциныг товлолтоор аваагүй бүлгийн иргэд илүү өртөмтгий байх жишээтэй байдаг. Вакцинд ороогүй хүн ихсэх тусам л халдварт өвчний гаралт нэмэгдэх эрсдэл өсөөд байдаг гэж ойлгох хэрэгтэй. Вакцинжуулаад байна гэдэг бол Монгол улсад халдварт өвчнийг гаргахгүй, тархаахгүйгээр хамгаалж байна гэсэн үг шүү дээ. Вакцинаас татгалзах тухайд бол эцэг эхчүүдийн вакцины тухай мэдлэг муутай байдлаас ихэвчлэн үүсдэг. Вакцин хийхийн өмнө өгсөн эмч, сувилагчийн заавар, зөвлөгөөг дагадаггүй байдлаас шалтгаалж вакцин хийлгэсний дараах энгийн урвалж нөлөөнд айж сандрах тохиолдол гарч байдаг. Ингээд вакцин хийлгэх хэцүү үр нөлөө багатай мэтээр ойлгож эхлэх хэсэг байдаг болсон. Гэтэл бид шинжлэх ухаанаар нотлогдсон гайхамшигт ололтоос ухрах ёсгүй юм л даа.

Дэлхий нийтийг хамарсан коронавирусын айдас холдоогүй байна. Энэ вирус уушгийг гэмтээж үхэлд хүргэдгээрээ уушигны хатгаа өвчинтэй шинж тэмдэг ижил байгаа. Эрүүл мэндийн яамны зүгээс ирэх өвлийн хүндрэлд бэлэн байлгах үүднээс Пневмококкийн вакцинд хүүхдээ бүрэн хамруулах талаар зөвлөсөн. Энэ вакцины талаар мэдээлэл өгөөч?

-Streptococcus pneumonia-оор үүсгэгддэг бүлэг өвчнийг пневмококкоор үүсгэгддэг өвчнүүд гэж байдаг. Үүнд таны асуугаад байгаа пневмококкоор үүсгэгддэг уушгины хатгаа өвчин багтдаг. Уушигны хүндэрсэн хатгаа өвчнөөс хамгаалдаг вакцин бол Пневмококкийн вакцин юм. Пневмококкийн эсрэг вакцины найрлагад орсон 13 дэд хэв шинж нь бага насны хүүхдэд зонхилон тохиолддог пневмококкийн шалтгаант уушгины хатгаа өвчнийг хүндрэлд хүргэхгүйгээр эмчилдэг гэсэн үг. Манай улс энэ вакциныг 2016 оноос хэрэглэж эхэлсэн юм. Дээрх вакциныг хэрэглэж эхэлснээс хойш, хэрэглэхээс өмнөх уушгины шалтгаант өвчлөлийг 40 хувиар бууруулсан гэж үздэг.

-Тусгайлан хийдэг вакцин гэсэн үг үү?

- Үгүй ээ. Пневмококкийн вакцин нь заавал хийх товлолт вакцинд ордог. Хүүхдэд хоёр, гурав, дөрвөн сартайд гурван тун хийж байж бүрэн тунгийн хамрагдалт гэж үздэг. Эцэг, эхчүүдийн дунд манай хүүхэд пневмоккийн вакцин хийлгэсэн мөртлөө уушгины хатгалгаар өвдчихлөө гэсэн яриа гардаг. Гэтэл тэр нь энэ төрлийн үүсгэгчээр үүсгэгдээгүй хатгаа байдгийг ойлгодоггүй. Пневмококкоор үүсгэгдсэн хатгаа л бол энэ вакцин маань хамгаалаад уушгины өвчлөлийг хүндрүүлэхгүйгээр эдгээж чадна. Та хүүхдээ товлолын вакцинд хамруулснаар Пневмококкийн вакцинаас хоцрохгүй.

- Вакциныг хэд хүртэл насанд товлолоор хийдэг вэ?

0-15 насны хүүхдэд товлолын вакциныг хийдэг. Дэлхий даяар халдварт сааг устгах зорилгын хүрээнд 2019 оны гуравдугаар сараас эхлэн халдварт саагийн тарьдаг вакциныг таван сартайд нь хийж эхэлсэн. Тарьдаг вакциныг хийж эхэлснээр халдварт саагийн тохиолдлыг тэгд хүргэх зорилготой юм.

-Аливаа өвчнөөр өвдөхөөсөө өмнө сэргийлэх нь чухал шүү дээ. Өвөл хүүхдээ өвтгөхгүйн тулд зуны улиралд дархлаажуулах нь чухал санагддаг?

- Дархлаагаа дэмжинэ гэдэг бол эмгүйгээр эрүүл байхын нэг үндсэн нөхцөл юм. Хүүхдийг зуны улиралд наранд сайн гаргахыг зөвлөмөөр байна. Цагаан идээ айраг цагаанд оруулах гээд уламжлалт дархлаажуулалтын аргуудыг хэрэглэх хэрэгтэй. Элсэн дээр хүүхдийг тоглууж байвал Д витаминаа олж авдаг гэж үздэг. Хүүхдэд өвөл Д витамин уулгадаг гэсэн хэвшмэл ойлголт байдгаас зуны улиралд өгөхөө больчихдог. Гэтэл хүүхдийг 0-3 нас хүртэл тасралтгүй Д витаминыг өдөр болгон өгч байх хэрэгтэй. Энэ нь томчуудад ч хамаатай. Насанд хүрсэн хүнд Д витамин дутвал цус харвалт, үе мөчний өвчлөл нэмэгдэж байдаг. Д витаминаа нөхөөд байвал эдгээр өвчлөлөөс 45-50 хувь хамгаална гэж үздэг. Нэг зүйлийг нэмж хэлэхэд хэт бөөцийлөг хүүхдэд сайн биш нөлөөтэй. Тиймээс дулааны улиралд хүүхдийг газарт хөлөөр нь явуулах, хэт бэгнэхгүй байснаар чийрэг, өлчир болдог юм.