Н.Ганибал: Эрүүл мэндийн ажилтнуудын илүү цагийн мөнгийг хуульд заасан хэмжээгээр бүрэн олгох ёстой

Aдмин / Улстөр

УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга Н.Ганибалтай ярилцлаа.

-УИХ-ын хаврын ээлжит чуулган нээлтээ хийлээ. Хаврын чуулганаар хэлэлцэх ямар хуулийн төслүүд дээр анхаарч ажиллаж байгаа талаар ярилцлагаа эхэлье?

-Хаврын чуулганыг нээх үеэр УИХ-ын дарга зургаан асуудлыг тодотгож хэлсэн. Иргэний эрхийг хангасан, хүний эрхийг дээдэлсэнхаврын чуулган байна гэж зарласан. Дэлхий нийтийг хамарсан цар тахлыг манай улс дотоодоо алдсантай холбогдуулан Засгийн газрын шийдвэрүүдэд УИХ-ын гишүүд хяналт тавин ажиллах үүрэг даалгавар бий.Манай бүлгийн гишүүдээс хэрэгцээт, шаардлагатай хуулийг санаачилж оруулж байна. Харамсалтай нь, хэлэлцэх гэхээр МАН-ын бүлгийн гишүүд адилхан хууль санаачлаад,өргөн барьдаг жишгийг өнгөрсөн намраас хойш харлаа.

Одоогийн байдлаар, АН-ын бүлгээс Шилэн дансны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар ажиллаж байна.

Энэ хуулиар таван сая хүртэлх төгрөгийн гүйлгээг шилэн дансандаа байрлуулдаг байсан бол одоо сая төгрөгөөс дээшхи гүйлгээг тайлагна гэж байгаа юм. Төсвийн хөрөнгийн зарцуулалт дээр хяналт тавих боломжтой энэ хуулийг АН олонх байхдаа баталж байсан ч өнөөдөр эргээд харахад хэрэгжилт нь хангалтгүй, дээр нь хууль зөрчсөн албан тушаалтанд хүлээлгэх хариуцлага тодорхойгүй байсан тул сайжруулах шаардлага үүссэн. Түүнчлэн УИХ-ын Дэгийн тухай хуульд өөрчлөлт орсонтой уялдуулаад “Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрэм”-ийг шинэчлэн батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг Б.Бат-Эрдэнэ, С.Бямбацогт, С.Ганбаатар, Б.Энх-Амгалан нарын гишүүдийн хамт санаачлан боловсруулсан. Энэ төсөлд УИХ-ын гишүүний ямар үйлдлийг ёс зүйн зөрчил гэж үзэх вэ гэдгийг тодорхойлж, ёс зүйн зөрчил гаргасан гишүүнд зөрчлийн шинж байдлыг харгалзан сануулга өгөх, хатуу сануулга өгөх, уучлал гуйхыг үүрэг болгох, албан тушаалын цалинг зургаан cap хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах зэрэг хариуцлага ногдуулахаар тусгасан. Мөн УИХ-ын гишүүн төрийн зардлаар гадаад оронд зорчихдоо мөрийтэй тоглоомын газар очихыг хориглоно гэдэг заалт оруулсан. Энэ тогтоолын төслийг АН-ын бүлэг дэмжсэн ч МАН-ын бүлэг дээр унаад байна.

-АН бүлгийн хуралдаанаараа эрүүл мэнд, эдийн засгаа дэмжих 10 их наядын хөтөлбөр хэрэгжиж эхэлж буйтай холбоотойгоор холбогдох сайдуудаас мэдээлэл авсан байсан. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхээс өмнө өнгөрсөн жил хэрэгжүүлсэн 5.1 их наядын хөтөлбөрийн үр дүн, тайланг хэлэлцэх ёстой гэж АН-ын бүлгийн гишүүд үзэж байгаа юм билээ. Энэ талаар таны байр суурь ямар байна вэ?

-У.Хүрэлсүхийн Засгийн газар өнгөрсөн онд гурван зорилготойгоор 5.1 их наядын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Нэгдүгээрт, цар тахлыг дотооддоо алдахгүй гэсэн. Гэтэл цар тахлыг дотооддоо алдаж, тархалт нь өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Хоёрдугаарт, эдийн засгийг сэргээнэ гэсэн. Гэтэл өсөлттэй байсан эдийн засаг 5.3 хувь хүртэл агшсан байна. Гуравдугаарт, аж ахуйн нэгжээ дэмжиж, ажлын байраа хадгална гэсэн ч 100 гаруй мянган ажлын байр алдагдаж, 400 гаруй мянган хүнорлогогүй болжээ. Энэ бүгдээс харахад 5.1 их наядын төлөвлөгөө огт биелээгүй, гурван зорилголдоо хүрсэнгүй гэсэн үг. Мөн энэ хөтөлбөрийн хэрэгжилтийн тайланг УИХ-д ч тавиагүй. Ард түмэнд ч үүнийгээ тайлагнах ёстой.

-Цогц хөтөлбөрийн хүрээнд хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, малчдын орлого, амьжиргааг дэмжих зорилгоор 500 тэрбум төгрөг тавьсан байсан. Энэ хэрэгжиж байна уу?

-Хөдөө аж ахуйн салбарыг дэмжих чиглэлээр хийх ажлууд нь одоог хүртэл тодорхойгүй байна. Өнөөдрийн байдлаар үндэсний үйлдвэрлэгчдээс зээл авсан компани алга. Өнгөрсөн жилийн урамшууллын мөнгөө чавч чадаагүй газар тариалангийн компаниуд байна. Малчдын зээлийг ямар журмаар, яаж олгох нь тодорхойгүй. Өндөр шалгуур тавьчихаар бодит амьдрал дээр үйл ажиллагаа явуулж байгаа ААН-үүддээ очиж чадахгүй байна. Хөөсөрсөн 10 их наяд төгрөг яриад байгаа болохоос очих ёстой ААН, иргэддээ хүрч байгаа эсэх нь эргэлзээтэй. Энд малчдын зээлийг хөндөхөөс өөр аргагүй. Засгийн газар Монголбанк, Арилжааны банкуудтай хэлцэл хийж байгаа л гэдэг. Малчдад хэрхэн зээл олгохоо эцсийн байдлаар шийдээгүй байна шүү дээ. Түүнчлэн зээлийг зориулалтын дагуу жинхэнэ жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд өгч байгаа эсэх дээр жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид өөрсдөө хяналт тавих боломж олгох ёстой. Угтаа жижиг, дунд үйлдвэрлэгчид ихэнх нь банкны зээлтэй байгаа. Тиймээс шинээр зээл олгох бус банкуудаас авсан зээлийнх нь жилийн хүүг нь багасгаж өгвөл тун зөв шийдвэр байх байлаа. Зээл өгснөөр бүх зүйлийг шийдчихэж байгаа юм биш. Түүнийг зохион байгуулахад хэрэглэгдэх, дагалдах бүхий л арга хэмжээг нарийн төлөвлөсөн байх ёстой.

-Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг хоёр дахин нэмэгдүүлэх шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүллээ. Таны хувьд өнгөрсөн чуулганы хуралдааны үеэр эмч, сувилагч, резидент эмч нарын урамшуулал, илүү цагийн мөнгө хангалтгүй очиж байгаа талаар хөндөж байсан...

-Өнгөрсөн жил хэрэгжүүлсэн 5.1 их наядын хөтөлбөрөөс эрүүл мэндийн салбарт 600 орчим тэрбумыг зарцуулсан гэдэг. Гэтэл эмч, сувилагч, асрагч, резидент эмч нарын урамшуулал, илүү цагийн мөнгө цаг хугацаандаа, хангалттай хэмжээгээр очихгүй байна.

Эрүүл мэндийн тухай хуулийн 30.1 дээр олон улсын хэмжээний цар тахал гарсан тохиолдолд тэнд илүү цагаар ажилласан бол нэг цагийн мөнгийг нь гурав дахин нэмэгдүүлж олгоно гэсэн заалт бий. Гэтэл одоо цар тахалтай нүүр тулан ажиллаж байгаа эмнэлгийн ажилчдад илүү цагийн мөнгө нь очихгүй байна. Очсон ч дээрх хуулийн дагуу гурав дахин нэмэгдүүлсэн дүнгээр биш, багаар бодогдож байна.

Саяхан цахим орчинд өдрийн хоол гэж эмч нарт өгч байгаа зүйлийн зургийг харсан байх. Үүний дагуу УОК арга хэмжээ авсан. Сувилагчийн сарын сүүлийн цалин гэж 250 мянган төгрөг л дансанд нь орж байх жишээтэй. Энх цагийн дайнд тулалдаж байгаа эрүүл мэнд цалин дэндүү бага байна. Үр хүүхэд, гэр бүлээ орхиод ажиллаж байгаа эдгээр хүмүүст ажилласан илүү цагийнх нь мөнгийг цаг тухайд нь өгч байх хэрэгтэй. Засгийн газар, Эрүүл мэндийн яам ажлаа хариуцлагатай хийх хэрэгтэй байна.

Хөдөө орон нутгаас тав, таван эмч татаад авсан. Ирсэн хойно нь хоолны мөнгөгүй гээд хоосон байлгадаг. Тухайн орон нутгийн Эрүүл мэндийн газраас нь хойноос нь мөнгийг нь явуулна гээд зохисгүй үйл ажиллагаа их байна шүү. Зохион байгуулалт дэндүү муу байна. Засгийн газар, УОК, Эрүүл мэндийн яамнаас үл хамааран иргэд маань өөрсдөө эрүүл мэндээ хамгаалах шаардлага тулгарч байна. Эрүүл мэндийн салбарын 50 гаруй ажилчид ажил үүргээ гүйцэтгэж байхдаа коронавирусээр өвдсөн. Засгийн газар өвчлөлтэй тэмцэх тэргүүн эгнээнд явж байгаа эмнэлгийн салбарын ажилчдыг эдийн засгийнх нь хувьд дэмжих ёстой.

-уоК дөрөвдүгээр сарын 3-наас 18-ны хооронд хөл хорио тогтоох ЭмЯ-ны саналыг дэмжсэн. өнөөдөр Засгийн газар эцэслэн шийдвэрлэнэ. дахиад хөл хорио тогтоох нь зөв гэж та харж байна уу?

-Манай улс дотооддоо коронавирусын халдварыг алдаагүй атлаа хэтэрхий эрт сүржигнэн хөл хорио тогтоосон. Иргэд бүтэн жил гэртээ хоригдчихоор мэдээж залхаж эхэлж эхэлнэ шүү дээ. Хатуу хөл хорио тогтоовол компаниуд бүр сүйрнэ. Ийм нөхцөлд вакцинаа хурдан татаж авах хэрэгтэй. Эдийн засгийн хямрал нь эргээд улс төрийг хямраана. Улс орон хүнд нөхцөл байдал руу орох гээд байна. Хатуу хөл хорио тогтоосон бол Ерөнхийлөгчийн санаачилсан өрх бүрт олгох сая төгрөгийг өгөх ёстой байсан юм. Хөл хорио тогтоосон ч үр дүнгээ өгсөнгүй. Харин ч иргэдийг улам эрсдэлд оруулчихлаа. Хөл хориотойгоо уялдуулаад арга хэмжээнүүд нь заавал цуг байх ёстой. Хатуу хөл хорио тогтоож, тархалтын хурдыг сааруулахаар төлөвлөж байгаа байх. 14 хоног гэдэг урт хугацаа. Цаана нь гарах эдийн засгийн хохирол нь маш өндөр. Монгол Улсын хувьд хавар ирнэ гэдэг нь эдийн засаг идэвхжинэ гэсэн үг. Зам харилцаа, газар тариалан, мал аж ахуй гээд бүхий л салбарын ажил эхэлж, эдийн засаг нь сэргэдэг. Хөл хорио тогтоож л байгаа бол вакцинжуулалтаа зэрэгцүүлээд хурдацтай хийх ёстой.

-Ардчилсан нам хоёр талд сонгууль зохион байгууллаа. аль дарга нь хүчин төгөлдөр вэ гэдэг дээр эргэлзээ олон нийт дунд байна. намынхаа дотоод хагарлыг та хэрхэн дүгнэж байна вэ?

-АН-ын үндсэн дүрэм гэж бий. Дүрмийнхээ хүрээнд эрх бүхий байгууллага гэж байна. Намын Их хурлаар томилогдсон эрх бүхий хоёр байгууллага өнөөдөр хүчин төгөлдөр яваад байна. Дотоод сонгуулийн хороо, Үндсэн дүрмийн хороо гэж бий. Дотоод сонгуулийн хорооныгишүүдийн олонх намын даргын сунгааг явуулах эрх үүрэгтэй. Үүний дагуу л намын даргын сонгуулиа явуулсан.

И.Мөнхжаргал даргатай Дотоод сонгуулийн хорооноос зарласан сонгуулийг хүчинтэй. Цахим сонгууль гэж яваад байгаа. Гэхдээ тухайн сонгууль баталгаатай болохын гол үндэс нь хэн саналаа өгч байна вэ, бодит санал болж чадаж байна уу гэдэг нь чухал. Цахим сонгуулийн үр дүнг харахад нээлттэй бус хаалттай байсан.

ӨДРИЙН СОНИН БАЗАРРАГЧААГИЙН НОМИН-ЭРДЭНЭ

image


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 13:04:45

ZAP [202.9.40.50] 2021-05-05 13:04:45

иргэн [103.111.68.3] 2021-04-01 15:13:41

Эмч, эмнэлгийн ажилтнуудын цалин хөлсийг нэмж өгмөөр юм. Цар тахалтай, хүнд өвчинтэй нүүр тулж байгаа тэргүүн фронтод ажиллаж байгаа хүмүүс шүү дээ

уншигч [103.57.95.220] 2021-04-01 14:00:42

өвөл болохоор цас ордог

Зочин [202.55.188.36] 2021-04-01 12:20:04

чи их зантай том болсон гэсэн унахда хатуу унандаа чи


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.