Д.Пунсалдулам: Гэдэсний бичил биетүүд эрүүл байх нь хүний сэтгэл санааны байдалд хүртэл нөлөөлдөг

Aдмин / Технологи

ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн Микробын нийлэгжлийн лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Д.Пунсалдуламтай ярилцлаа.

Тэрбээр Тайваны Синика Шинжлэх Ухааны академийн Биологийн химийн хүрээлэнд хүний гэдэсний бактерийг судлаж, докторын зэрэг хамгаалсан юм. Судалгааны ажил нь “Хүний гэдэсний бактерийн бета-глюкуронидаза энзимийн гурван хэмжээст бүтэц болон түүний идэвхийг саатуулагч бодисуудын судалгаа” гэсэн урт нэртэй. Түүнээс энэ талаар сонирхлоо.

-Таны судалгааны ажил хүмүүст ямар ашиг тустай вэ. Энзим гэж юу вэ, түүний идэвхийг саатуулагч бодис ямар хэрэгтэй вэ?

-Энзим гэдэг нь аливаа амьд организмд явагдаж байгаа урвалуудыг хурдасгадаг уургийн молекулууд юм. Бидний судалж байгаа глюкуронидаза энзим нь хүний биеэс хортой нэгдлүүдийг гадагшлуулах процессийг саатуулдаг. Тодруулбал, элэг бидний хэрэглэсэн эм болон бусад хортой нэгдлүүдийг хоргүйжүүлдэг. Энэ хоргүйжсэн нэгдлүүд цѳсѳѳр дамжиж гэдсэнд ороод тэндээс гадагшлах ёстой. Гэтэл гэдсэнд байдаг бактерийн глюкуронидаза энзим тухайн хоргүйжсэн нэгдлийг буцаагаад хортой нэгдэл болгож хувиргадаг. Ингэснээр гэдэсний хананы эд эсүүд гэмтэх, хортой нэгдлүүд биеэс гадагшлах нь удаашрах аюултай. Энэ нь нэг тѳрлийн химийн эмчилгээ хийлгэж байгаа ѳвчтөнүүдэд тодорхой харагддаг. Элгэнд хоргүйжсэн хавдрын эм гэдсэнд ороход гэдэсний бактерийн глюкуронидаза тухайн эмийг буцаагаад хортой хэлбэрт хувиргадаг. Ингэснээр зарим ѳвчтѳн хүнд хэлбэрийн суулгалт ѳгч эмчилгээгээ зогсооход хүрдэг. Хэрвээ гэдэсний бактерийн глюкуронидаза энзимийн идэвхийг саатуулах үйлчилгээтэй эм байвал эдгээр хортой нѳлѳѳнѳѳс сэргийлэх боломжтой. Тиймээс манай лаборатори болон дэлхийн бусад орны зарим судлаачид ийм эм зохион бүтээхээр ажиллаж байна. Гэхдээ эм хийнэ гэдэг бол олон хүний хүч хѳдѳлмѳр шаардсан урт хугацааны ажил. Судлаачдын хийх ажил бол эм үйлдвэрлэх биш харин ямар бүтэцтэй бодис байвал хамгийн сайн үйлчилгээтэй, гаж нѳлѳѳ багатай эм байх боломжтой вэ гэдгийг судлах юм.

Ер нь бидний ууж байгаа эмнүүд голдуу ямар нэг уурагтай очиж холбогдоод тухайн уургийн үйл ажиллагааг саатуулах зориулалттай байдаг. Хэрвээ тухайн эм ѳѳр бусад уургуудтай ч гэсэн холбогдох чадвартай бол гаж нѳлѳѳ ѳндѳр болно гэсэн үг. Тиймээс эм болгох зорилгоор судалж байгаа бодисууд зѳвхѳн бидний сонирхож буй уурагт ѳвѳрмѳцѳѳр холбогдох чадвартай эсэхийг шалгаад, тийм биш бол химийн синтезийн аргаар тухайн нэгдлийн бүтцийг бага зэрэг ѳѳрчлѳх замаар ѳвѳрмѳц чанарыг нь нэмэгдүүлж болдог.

-Хүний гэдэсний бактеруудыг яагаад судлах болов?

-Хүний гэдсэнд маш олон зүйлийн бичил биетнүүд байдаг, тэдгээрийг нийтэд нь гэдэсний микробиота гэж нэрлэдэг. Хэвийн гэдэсний микробиота бидний эрүүл мэндэд ашигтай маш олон үйлчилгээ үзүүлдэг. Тиймээс бид тэдний хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүй байх хэрэгтэй. Бидний судалгааны жишээн дээр гэхэд судалж буй бодисууд маань гэдэсний бактерийг устгахгүй зѳвхѳн тэдгээрийн глюкуронидаза энзимийн идэвхийг л саатуулна. Хэрвээ бид бактер устгах зорилготой байсан бол антибиотик уухад болно шүү дээ. Гэдэсний микробиотагийн хэвийн үйл ажиллагаа алдагдсанаар хүний эрүүл мэндэд олон сѳрѳг нѳлѳѳ гарч болно. Сүүлийн үед судлаачид маш олон ѳвчний үед гэдэсний микробиотагийн хэвийн үйл ажиллагаа алдагдсаныг харуулж байгаа. Гэхдээ ихэнх тохиолдолд энэ нь ѳвчний шалтгаан уу эсвэл үр дагавар уу гэдгийг хэлэхэд хэцүү учраас үүнийг тодруулахаар дэлхий даяар судалгаа хийгдсээр байна. Гэдэсний микробиота эрүүл байх нь хүний сэтгэл санааны байдалд хүртэл нѳлѳѳлдѳг гэсэн судалгаанууд байдаг. Тиймээс гэдэсний микробиотад чиглэсэн эм, эмчилгээтэй холбоотой судалгаа бас их болж байна. Жишээ нь нэг тѳрлийн ѳвчин үүсгэгч бактерийн халдварыг эмчлэхийн тулд антибиотикийн эмчилгээ хийсэнтэй холбоотойгоор тухайн ѳвчтний гэдсэнд байх ёстой хэвийн бичил биетүүд үхэж, харин ѳвчин үүсгэгч бактер ѳсѳж үрждэг. Энэ нь тухайн ѳвчтний эрүүл мэндийг эрсдэлтэй байдалд хүргэж болно. Үүнийг эмчлэхийн тулд тухайн ѳвчтѳнд эрүүл хүний ѳтгѳнийг шилжүүлэн суулгах эмчилгээ хийдэг болсон. Энэ эмчилгээний үр дүн маш ѳндѳр боловч шилжүүлэн суулгаж буй ѳтгѳнѳѳр халдвар дамжих эрсдэлтэй гэж үзээд хараахан албан ёсоор хүлээн зѳвшѳѳрѳѳгүй байгаа. Үүнээс гадна нэлээд хэдэн ѳвчний эмчилгээнд ѳтгѳн шилжүүлэн суулгах ажилбар үр дүнтэй эсэхийг судлахаар клиникийн туршилтууд хийгдэж байгаа юм билээ. Тиймээс гэдэсний микробиота эрүүл байлгавал олон ѳвчнѳѳс урьдчилан сэргийлэх боломжтой гэж үздэг. Үүний тулд эрүүл хооллолт, эрүүл амьдралын хэв маяг чухал гэж зѳвлѳдѳг. Би бол сүүн бүтээгдэхүүн, тараг хүнсэндээ хэрэглэхийг хичээдэг. Эдгээр бүтээгдэхүүнд гэдэсний микробиотаг эрүүл байлгахад тустай пребиотик нэгдлүүд болон пробиотик бичил биетнүүд агуулагддаг.

-Монголд энэ судалгаагаа үргэлжлүүлэх боломжтой юу?

-Одоогоор Монголд уургийн орон зайн бүтцийг судлах туршилт хийх боломж байхгүй. Бидний хэрэглэсэн кристаллографийн аргыг хэрэглэе гэвэл эндээ уургийн кристаллаа бэлдээд синкротрон радиацийн судалгааны тѳвүүдэд хүсэлт гаргаад очиж үр дүнгээ харж болно. Дэлхий дээр цѳѳхѳн улсууд ийм байгууламжтай. Энэ аргаас гадна цѳмийн соронзон резонанс, криоэлектрон микроскопийн аргаар уургийн бүтэц судалж болно. Эдгээр нь манайд бас байхгүй байгаа. Техникийн бололцооноос гадна уургийн бүтэц судлах шаардлага гарах хүртлээ нэлээд сайн судалгаа хийгдсэн байх хэрэгтэй. Манай нѳхцѳлд иймэрхүү нарийн судалгаа хийх боломж муу учраас цаг хугацаа их орох байх. Уургийн бүтэц тогтоох бас нэг арга нь хиймэл оюун ухаан ашиглаж тооцоолох. Энэ аргаар тооцоолсон уургийн бүтэц кристаллографийн аргаар тодорхойлсон уургийн бүтэцтэй ижил байна гэж саяхан мэдээлсэн. Гэхдээ нэг хэсэгтээ хиймэл оюун ухаан ашиглаж тооцоолсон уургийн бүтцийг бусад стандарт аргаар тодорхойлсон бүтэцтэй заавал харьцуулах шаардлагатай байх болов уу.

Бүтцийн судалгаа хийхгүйгээр гэдэсний бактерийн глюкуронидаза болон бусад эрүүл мэндэд сѳрѳг нѳлѳѳ үзүүлдэг энзимүүдийн идэвхид зарим уламжлалт исгэсэн бүтээгдэхүүнүүд, эмийн ургамлын биологийн идэвхит нэгдлүүд яаж нѳлѳѳлж байгааг судлах бодол бий. Гэхдээ энэ судалгааг хийхийн тулд анагаахын чиглэлийн хүмүүстэй хамтарч ажиллах шаардлагатай. Одоогоор ямар хүнтэй холбогдож, яаж эхлүүлэхээ сайн мэдэхгүй байна. Хэрвээ энэ судалгааг эхлүүлээд үр дүн гайгүй гарвал Тайваньд ажиллаж байсан лабораторийн хүмүүстэй хамтарч ажиллах боломжтой.

-Тэгвэл одоо ямар чиглэлээр ажиллаж байгаа вэ, цаашид юу хийхээр тѳлѳвлѳж байна вэ?

-Би сурч байх явцдаа гэдэсний бактерийн хүний эрүүл мэндэд үзүүлэх нѳлѳѳ болон бидний хэрэглэж байгаа эм болон хоол хүнсээр дамжиж биед орох бусад бодисууд гэдэсний бактерийн үйл ажиллагаагаар хувирч хүнд ашигтай болон сѳрѳг нѳлѳѳ үзүүлдэг болохыг мэдэж авсан. Үүнтэй адил хүрээлэн буй орчны бичил биетнүүд орчныг бохирдуулагч хортой нэгдлүүдийг хоргүйжүүлэх эсвэл илүү хортой нэгдэл болгон хувиргах боломжтой. Би хувь хүнийхээ хувьд байгаль орчны асуудалд санаа зовж явдаг учраас цаашид бичил биетэн ашиглаж орчны бохирдол, хѳрсний доройтлыг багасгах судалгаанд анхаарлаа хандуулахаар шийдсэн. Тэгээд Монголд энэ чиглэлийн ажил хийж байгаа лаборатори судалж байгаад Биологийн хүрээлэнгийн микробын нийлэгжлийн лабораторийг сонгож ажиллах хүсэлт гаргасан. Энэ лабораторид судлаачид ѳѳрсдѳѳ чиглэлийн дагуу судалгааны ажил санаачлаад хийх боломж олгож байгаа нь таалагдаж байгаа. Миний хувьд эхний ээлжинд суурь судалгаагаа сайн хийх бодолтой байгаа. Яагаад гэвэл сайн суурь судалгаа хийж байж олон улсын сэтгүүлүүдэд эрдэм шинжилгээний ѳгүүлэл хэвлүүлэх боломжтой болно. Мѳн гадаад дотоодын бусад судлаачидтай хамтарч ажиллах боломж сайжирна. Дээрээс нь сайн суурь судалгаанд үндэслэж аливаа бүтээгдэхүүн, үйлчилгээний хэрэглээний асуудал яригдах ёстой.

-Олон улсын эмэгтэй эрдэмтдийн өдөр гэж онцгойлон тэмдэглэх болсон нь учиртай байх. Бага насны хүүхэдтэй судлаачдын хувьд эрэгтэй судлаачтай харьцуулвал цаг бага гарахаас авахуулаад сөрөг нөлөө ч байдаг болов уу. Энэ талаар та юу гэж бодож байна вэ, эмэгтэй эрдэмтэд судлаачдын нөхцөл байдал ямар байдаг вэ?

-Ер нь дэлхий дахинд их сургуулийн профессорууд болон эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн захирлууд, лабораторийн эрхлэгч нарын ихэнх нь эрэгтэй хүмүүс байдаг. Хэдийгээр шинжлэх ухааны чиглэлээр сурч байгаа оюутнуудын тал нь эмэгтэй боловч албан тушаал ѳгсѳх тусам эмэгтэй хүмүүсийн тоо буурдаг. Энэ нь эрэгтэй хүмүүсийг илүү чадвартай гэж үздэг хүйсээр ялгаварлах үзэл, тухайн улс орны соёлын онцлог, нэгэнт тогтсон системээс болдог байх. Бас эмэгтэй хүмүүс байгалиасаа халамжлагч учраас бусад хүмүүсийн сонирхол, тав тухыг түрүүнд тавьдаг байдал, мѳн эрэгтэй хүмүүстэй харьцуулахад ѳѳрийгѳѳ голох, ѳѳртѳѳ итгэлгүй байх хандлага нѳлѳѳлдѳг байх. Олон улсын эмэгтэй эрдэмтдийн өдөр гэж тэмдэглэх нь бас энэ нѳхцѳл байдлын талаар хүмүүст сануулах, эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхийг уриалах нэг хэрэгсэл болов уу. Шинжлэх ухаан, технологийн салбарт эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд зарим их сургууль, хүрээлэнгүүд хүйсийн харьцааг аль болох тэгш байлгахыг зорьдог юм билээ. Бас зарим олон улсын санхүүжүүлэгч байгууллага эмэгтэй судлаачдын судалгааны ажлыг илүү дэмжих хѳтѳлбѳрүүд зарладаг.

Шинжлэх ухааны ажил судлаач хүнээс маш их анхаарал шаарддаг. Олон цагаар лабораторид ажиллах тохиолдол байхаас гадна байнга суралцах хэрэгтэй байдаг. Маш их мэдээлэл уншиж, судалж байж ямар судалгааг яаж хийхээ шийдэж, эрдэм шинжилгээний тѳсѳл, ѳгүүлэл бичдэг. Дээр нь шинжлэх ухааны ѳгүүллүүд англи хэл дээр байдаг учраас хэлний мэдлэгээ сайжруулах хэрэгтэй. Зѳвхѳн ажлын найман цагаар ажиллаад болчихно гэхэд бараг боломжгүй. Тэгэхээр бага насны хүүхэдтэй эмэгтэйчүүд анхаарлаа тѳвлѳрүүлж, үр бүтээлтэй ажиллана гэдэг миний хувьд тѳсѳѳлѳхѳд хэцүү санагддаг. Хүүхдүүд нь цэцэрлэгт орж чадахгүй бол бүр хэцүү.


Сэтгэгдэл

Зочин [202.55.191.130] 2021-04-07 17:34:54

amjilt husie.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.