Д.Хоролдамба: Шүүх  шударга ёс тогтоох үүргээ биелүүлэхгүй бол улс хөгжиж дэвжихгүй

Aдмин / Хууль

Түүхч, доктор Д.Хоролдамбатай ярилцлаа.

-Шүүх хүний эрхийг үл тоож, хөшүүн, удаан хойрго ажиллаж байгаа. Иргэнийнхээ эрх ашгийг дээдэлддэггүй тухай олон жилийн турш ярьж байна. Тэд иргэдийг яаж хохироож, чирэгдүүлж байгаа талаар яриагаа эхлэх үү?

-Шүүгч гэж хууль ёс, хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг сахиулан хамгаалахаар тангараг өргөн шүүх эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа хүнийг хэлнэ гэж заасан байдаг. “Хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох”, ”хууль дээдлэх, шударга ёс, ардчилсан ёсыг бэхжүүлэх” гэж шүүхийн эрхэм зорилгийг хуульчилж өгсөн. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд “Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл санаа, хууль ёсны зарчмын эсрэг үйл ажиллагаа явуулах”-ыг хориглосон байдаг. Гэвч энэ бүх зохицуулалтыг мөрдлөг болголгүй, санаан зоргоор хэрэг шийддэг байдал хавтайрчээ. Биелүүлж, мөрдөхгүй юм бол хууль байгаад яах юм бэ. Хууль хэрэглэхгүй бол шүүх байх ямар хэрэгтэй юм бэ. Шударга ёсгүй нийгэм урагш хөгжихгүй, дороо л хий эргэнэ, шударга ёс хүсэмжилсэн нийгмийн хүлээлт тэсрэхээрээ хувьсгал болдог юм. Ард түмний санаа сэтгэл тогтворгүй, нийгмийн сэтгэл зүй хэврэг, эмзэг ийм нөхцөлд манай улс шударга шүүхгүй байгаа нь амиа хорлохтой адил хэрэг.

-Та захиргааны хэргийн шүүхэд хэрэг маргаан, хуулийг завхруулдаг 35 арга байгааг нэг ярилцлагадаа нэрлэж байсан. Түүний дотор төр, захиргааны байгууллагууд томоохон дарга нараа иргэний эсрэг шүүх хуралд оролцуулж байгааг буруушаан шүүмжилсний учир юу вэ?

-Дарга даамал ч бай, иргэд ч бай утсаар ярьж, уулзаж байж л шүүгчид нөлөөлдөг юм шиг ойлгодог нь дэндүү гэнэн хэрэг. Тийм өнгөц ойлголттой, хуулийн хийдэлтэй байгаагийн уршиг их байна. Шүүх хуралдаанд том дарга нар оролцож байгаа нь шүүхэд шууд нөлөөлж байгаа хэрэг мөн. Яах аргагүй ноцтой гажуудал. Тиймээс засах шаардлагатай. Нөгөө талаар том дарга нар захиргааны байгууллагаа төлөөлж, шүүх хуралд оролцох нь нэхэмжлэгч надад бол ашигтай санагдсан. Яагаад гэхээр дарга нар том байх тусмаа хуулийн онол, арга зүй, хэрэглээний талаар мэдлэг, боловсрол тааруухан байдаг. Дээр нь хуулийн утга санаа, нарийн юм төсөөлөхгүй, харилцаа нь эв хавгүй, хий л хашгирч, том дуугараад буруу зөрүү юм яриад байдаг юм. Ер нь эрх зүйт нийгэмд ийм явдал байж болохгүй л дээ. Энэ нь нэгдүгээрт, хэрэг маргаанд эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах гэж байгаа иргэнд сэтгэл зүйн том дарамт учруулна. Хоёрдугаарт шүүгч нарт шууд нөлөөлж байгаа хэрэг яах аргагүй мөн. Гуравдугаарт, дарга нар шүүх дээр суугаад байхаар төрийн ажил цалгардах гэх зэрэг сөрөг үр дагавартай. Үүнийг би өөрөө нүдээр үзэж, чихээр сонсож, 3-4 жил захиргааны шүүх хурлуудад оролцож, биечлэн судалгаа хийж яваа нэхэмжлэгч, судлаачийн хувьд сайн мэднэ. Хамгийн эмгэнэлтэй нь том дарга нар шүүхийн мэтгэлцээн дээр надад илт ялагдчихаад байхад шүүгч нар тэдний талд шийдвэр гаргаад байдаг. Энэ бол ёстой гутамшиг шүү дээ.

-Шүүхийн завхрал эндээс л эхэлж, эндээс л хэрэг манддаг юм байна даа!

-Тэгэлгүй яахав. Саяхан УИХ шүүгчид хөндлөнгийн нөлөөллийг багасгах, үгүй болгох тухай баахан ярьж, шүүхийн тухай хуулийг шинэчлэн боловсруулж баталсан нь ахиц дэвшил мөн. Гэвч энэ мэт олон асуудлыг зохицуулалгүй орхигдуулжээ. Төр, захиргааны байгууллагын дарга нар нь хэрэг маргаанаас өмнө дарамт учруулдаг, эрхээ хамгаалуулах гээд шүүх дээр ирэхэд дахиад л иргэнээ сүрдүүлэх гэж байгаа юм шиг мэлийгээд сууж байдаг. Шүүхийн маргаанд том дарга нараа оролцуулдагаа болихгүй бол “шүүх дэх хөндлөнгийн оролцоог багасгая!” гэдэг дарга нарын улиг болсон яриа чинь зүгээр л хоосон тунхаг, лоозон төдийгөөс хэтрэхгүй байна. Ийм байж болохгүй.

-Та Захиргааны хэргийн шүүхээр гурван жил явлаа. Амьдралд нийцэхгүй байгаа юм өөр юу байна. Шүүх дэх гажуудал ч гэдэг юм уу...?

- МУИС-ийн багш нарыг ихэвчлэн хариуцагч төрийн байгууллага итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчөөр авч, төсвийн мөнгөөр зодож гэрээ байгуулаад шүүх хуралдаанд оруулдаг. Монгол жижигхэн болохоор шүүгчдийн олонхи нь МУИС-ийн бүтээгдэхүүн байдаг. Оюутан цагийн багш нь өмгөөлөл хийгээд, өөрийн шавь шүүгчидтэйгээ харилцаж байгаа юм. Ингээд л нэг талаас багш-өмгөөлөгч, шавь-шүүгч гэсэн бүлэг үүсчихсэн байдаг. Багш нар хичээл заахаас гадна өмгөөлөл хийж, хувийн ашиг орлогоо нэмэгдүүлэх, мэдлэг, чадвараа дээшлүүлэх замаар хууль, шүүхийн амьдралд илүү идэвхитэй оролцохыг би үгүйсгээгүй. Гэхдээ шавь шүүгч, багш өмгөөлөгч хоёр хэрэг, маргааныг яаж шийдвэрлэх вэ гэдэг нь өөрөө сонин асуудал.

-Шавь-шүүгч, багш-өмгөөлөгч хоёр хэрэг, маргааныг яаж шийдвэрлэх нь үнэхээр сонин юм байна шүү!

-Багш өмгөөлөгч ямар нүүрээрээ иргэний эсрэг хуулийг гуйвуулж, дарга нарын буруутай шийдвэрийг хамгаалаад, ямар нүүрээрээ хууль ёс, шударга шүүхийн тухай оюутнууддаа онол номлолоо айлдах вэ дээ.

-Шүүх томоохон хэрэг маргаан дээр төр, захиргааны байгууллагын талд шийдвэр гаргах явдал их байна. Тодорхой арга, технологитой болчихсон, захиргааны байгууллагын хийх ёстой байсан, хийж чадаагүй ажиллагааг нөхөн гүйцээж хийж өгч байгаад тэднийхээ талд шийддэг бас нэг аргатай юм байна гэж та хэлсэн. Энэ тухайгаа тодруулна уу?

-Маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхэд шүүх огт дүгнэлт өгөлгүй, иргэнийхээ төлөө биш, эсрэгээрээ захиргааны байгууллагын талд орж, тэдний гаргасан хууль бус шийдвэрийг улайран хамгаалж байгаа нь эрх зүйт нийгмийн үед байж боломгүй явдал шүү! Захиргааны байгууллага маргаан бүхий захиргааны актыг гаргахын өмнө нөхцөл байдлыг судлан хөдөлшгүй баримтаар тогтоосон байх үүрэгтэй. Тэдний хийх ёстой байсан зөрчил тогтоох ажиллагааг, эсхүл хийж чадаагүй ажлыг нь хожим хэрэг маргааны явцад шүүх хөндлөнгөөс нь шүүрч аван хийх ёсгүй. Тухайлбал нэхэмжлэгчийг буруутайг тогтоох гэж дөрвөн жил төр, захиргааны байгууллага болон шүүх хавсайдан оролдсон нь хэтэрхий хууль бус, болхи ажиллагаа юм. Энэ бол монголын хууль, шүүхийн байгууллага үндсэн зарчмынхаа эсрэг ажиллагаа явуулж байгааг харуулж байгаа юм.

-Иргэн буруутайг тогтоочихсон гээд ажлаас халсан мөртлөө шүүхэд маргаан үүсэхээр 3-4 жил өнгөрчихөөд байхад дахиад л нотлох баримт цуглуулна, гэрчийг асуулгана гэж болдог юм уу?

-Яг тийм явдал болоод байна. Нэхэмжлэгчийг л гүтгэж байвал гарцаагүй нотлох баримтаар нотлогдсон эсэх, маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлд хамаарч байгаа эсэх нь огт хамаагүй юм шиг аашилж болохгүй л дээ. Үүнийг нягтлах зорилгоор шүүх холбогдох нотлох баримтыг цуглуулж, нөхцөл байдлыг тодруулахад нэхэмжлэгчийг буруутгаж буй уг нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Дөрвөн он дамжуулж хүнийг гэрчээр татсан мөртлөө нэхэмжлэгчийг буруутгах нотлох баримт тун гаргаж өгөхгүй болохоор шүүх түүнийг дүгнэлтдээ тусгахгүй орхичихдог юм байна. Ийм ноцтой алдаа, дутагдлыг Нийслэл дэх захиргааны хэргийн шүүх гаргасан. Түүгээр ч тогтохгүй хүчин төгөлдөр бус актыг дурдаж иргэнээ буруутгах гэж оролддог булай явдлыг бид үзлээ. Түүнийг нь маргаж буй тогтоолд зааж дурдаа ч үгүй байхад л шүүх нотлох баримтын хэмжээнд авч үзэж үнэлдэг гэх мэт гажуудал шүүхийн практикт их байна.

-Монгол Улсад 1930-аад оны хэлмэгдүүлэлтийн үед хэрэг бүртгэл, мөрдөн байцаах, шүүх ажиллагаанд олон төрлийн аргыг ашиглаж, иргэнээ хэлмэгдүүлж байсан ноцтой завхралын талаар эрдэмтэд, түүний дотор таны бие олон өгүүлэл, ярилцлага нийтлүүлсэн. Иймэрхүү юм өнөө үед ч харагдаад л байх шиг?

-Улс төрийн хэрэгт холбогдогсдыг баривчлах, мөрдөн байцаахдаа хүний эрхийг зөрчиж, үнэн худлыг дэнслэхийн оронд ёс бус аргаар хуулийн нэрийг барьж хэрэгт холбогдуулж байсан нь архивын баримтаар нэгэнт тогтоогдсон. 1930, 40-өөд онд иргэнээ хэлмэгдүүлэх зорилгоор хэрэг зохиодог байсан бол өнөөгийн захиргааны хэргийн шүүх хэргийг хэлэлцсэн протоколоо зохиомжилж, нэмэж, хасаж бичиж иргэнээ хохироож байна. Хэргийг яаж шийдэх талаар Х.Чойбалсан УДШ-ийн даргад үүрэг, чиглэл өгдөг байсан бурангуй түүх өнөө хүртэл давтагдаад байж болохгүй. Өнгөрсөн, өнөөгийн түүх хэзээ ч мартагдахгүй. Архивт баримт болоод хадгалагддаг. Хэлмэгдлийн түүхийг мартвал эргэж давтагдах гээд байдаг юм. Хэргийг тал бүрээс нь нарийвчлан шалгаж үнэнийг тогтоох ажиллагаа хийгддэггүй, асуудлыг шударга ёсны байр сууринаас хуулийг дээдлэх зарчмын үүднээс хандах зарчим өчүүхэн ч үйлчилдэггүй байсан түүх хуучраагүй байна. Гагцхүү гүжир гүтгэлэг, хууран мэхлэлтээр бий болгосон зохиомол материалаар тухайн үеийн шүүх хэргийг шийдвэрлэдэг байснаас өнөөгийн Захиргааны хэргийн шүүх ажиллагаа дээрдэх юмгүй байгаа нь харамсалтай. Шүүгч нар нь шүүхийн эрхэм зорилгоос ухарч, шүүх хуралдааны тэмдэглэлийг худал, ташаа бичиж хууль ёсыг завхруулан иргэнээ хохироодог ардчилсан улс орон тийм ч олонгүй байх аа. Дараагийн бас нэг асуудал бол хугацааны тухай асуудал. Шүүхийн тогтоолыг 14 хоногт багтааж гаргах хуулийн заалтыг 20 хоног дээр нь гаргадаг гээд ярих юм их байна даа. Уг нь бол хуулийн 108 дугаар зүйлийн 108.3. “Шүүхийн шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг...бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүгч, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна” гэсэн заалт байдаг юм, уг нь .

-Тэгэж болдог юм уу нотлох баримтаар л хэрэг шийддэг юм биз дээ!

-Нэхэмжлэгч хэрэг маргаантай шууд холбогдох, нэхэмжлэгч буруугүйг нотлосон 90 ширхэг нотлох баримт гаргаж шүүх хуралдаанд хэлэлцүүлсэн байхад шүүх нэхэмжлэгчийг буруутгах зорилгоор тэдгээр нотлох баримтыг анхаарч, хэрэгсэж үзэлгүй зүгээр л “анидаг” юм байна. Шүүгчийн ийм бусармаг явдалтай холбоотойгоор “нүдээ аних”, “анидаг” гэх мэт нэр томьёо хүртэл гарчээ. Монгол Улсын Үндэсний Аудитын газрын бодит эх сурвалжтай, хуульд заасан аргаар шүүхэд нотлох баримтаар авагдаж ирсэн, тухайн асуудалд шууд хамааралтай, эх сурвалж нь үнэн, бодитой, нотолгооны ач холбогдолтой баримт байхад шүүгч “нүдээ анисан” шүү дээ. Гол нотлох баримтын үндсэн шинж бүхий энэ мэт олон нотлох баримтыг шүүх шийдвэр, дүгнэлтдээ оруулахгүй байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т заасан “Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна” гэснийг ноцтой зөрчсөн хэрэг юм. Хэргийн үйл баримтуудын талаар хууль эрх зүйн үүднээс сайтар эргэцүүлэн дэнсэлсэн, хууль ёсны үйл ажиллагааг хууль хэрэглэх (Apply law) гэдэг. Хууль хэрэглэх талаар манай шүүгчид үнэхээр хангалтгүй байгааг энд тодорхой гаргаж тавилаа. Уг нь Шүүхийн шийдвэрийн агуулга хэсгийн 107 дугаар зүйлийн 107.4: “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон ...захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана” гэж заасан байдаг юм.

-Та хууль бусаар ажлаасаа чөлөөлөгдөж, шүүхээр гурван жил явахдаа бүхэл бүтэн судалгааны ажлыг хийжээ. Монголын шүүх иргэнээ ийм арга маягаар залхаан хохироож, чирэгдүүлдгийг илрүүлж, хүмүүстэй хуваалцаж байна. Миний хувьд л лав тийм гэж бодсонгүй, мэддэггүй л байлаа. Магадгүй ийм байдалд монголчууд дасал болчихсон юм биш байгаа?

-Монголын шүүх иргэнээ маш их чирэгдүүлэн, залхаан цээрлүүлж байгаа нь олон баримтаар нотлогдож байгаа биз дээ. Монголын нийгэм үүнд дасал болчихвол том аюул. Дээр нь төрийн захиргааны төв байгууллага шүүхэд үнэн бодит тайлбар өгөхгүй, ямагт үнэнийг бүрхэгдүүлэн гуйвуулж, өөрсдийгөө буруугүй мэтээр хамгаалах гэж улайрч ирсэн нь нэхэмжлэгчийг давхар залхаан цээрлүүлж байгаа хэрэг мөн. Шүүгч нар хүн боддоггүй, захиалгаар хэрэг шийддэг зонбинууд болон хувирчээ. Нэхэмжлэгчийн 3,4 жилийн ажил, амьдралыг юман чинээ бодолгүй, үл тоож хэлмэгдүүлж чаддагаа захиргааны хэргийн шүүх тодорхой нотлон харуулсанд бид маш их харамсаж байна. Та бод л доо! Би ажлаа хийгээд явж байсан бол Архивын Ерөнхий Газрын ажлыг ахар богино хугацааны дотор сайжруулсан амжилтаа улам ахиулж чадах байсан, үүнийгээ ч нотлон харуулсан, манай хамт олон эрвийх дэрвийхээрээ ажиллаж, ажил оволзож байлаа шүү дээ. Түүнээс хойш байдал ямар болсныг манай архивчид ярьдаг юм шүү.

-1920-1990-ээд онд хэлмэгдсэн хүмүүсийн хавтаст хэргүүдийг та олон жил судласан, тэр үеийн шүүх хурлуудын процессийг мэддэг судлаач, эрдэмтэн хүний хувьд өнөөгийн Монгол улсад яавал шударга ёс тогтно гэж боддог вэ?

-Шударга ёс тогтооё гэж мянга уриалаад нэмэргүй, дан ганц хууль, журмаар шударга ёс тогтоох боломж байхгүй. Ихээхэн хязгаарлагдмал. Тиймээс ёс зүй, зан суртахуун, соёл, оюун санааны үнэт зүйлс, улс төрийн манлайлал энэ бүхэн хосолж байж манай нийгэмд шударга ёсны тогтолцоо бүрднэ. Гүжир гүтгэлэг, хууран мэхлэлтээр бий болгосон зохиомол материалаар хэргийг яаж шийдэх талаар үүрэг, чиглэл өгч, авч, гүйцэтгэдэг байсан түүх хуучраагүй байна. Үнэн алсарч, шударга ёс бөхвөл улс, нийгэм хөгжиж, дэвжинэ гэж байхгүй.

-Шүүхийн энэ мэт шударга бус байдлыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх танин мэдсэн учраас сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тусгайлан оруулсан болов уу?

-Бид бүхэн тэгэж ойлгож байгаа. “Шударга ёс хөгжлийн гэрээ” мөрийн хөтөлбөрийнхөө “Шударга, хараат бус шүүх” хэсэгт тодорхой тусгасан. Тодруулбал, 1.1.16 “Шүүх, прокурорыг улс төр, бизнесийн бүлэглэлийн сонирхлоос ангид байлган, шударга бусын хонгилыг нурааж, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг сэргээнэ”, 1.1.17 “Эрх мэдэлтэн, эд хөрөнгөтөнд зөөлөн, эгэл ардад хатуу ханддаг завхралыг засч, хүн бүрд хууль тэгш үйлчилдэг зарчмыг хэрэгжүүлнэ” гэсэн. Үүнд Та бидний асуудал дэвшүүлж буй энэ ярилцлага, кейс нийцнэ. Тиймээс шударга ёсны тогтолцоог бий болгож, цадигаа алдаж, цагаандаа гарсан шүүхийн завхралыг зогсооход шинэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн эр зориг, зангарагтай шийдэл, улс төрийн манлайлал шийдвэрлэх үүрэгтэй гэж бид харж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл

Зочин [122.201.31.89] 2021-07-08 14:52:55

манжийн магтан дуулагч

Хариуцлагаас бултачихдаг шүүгч хэн бил ээ? [103.57.94.168] 2021-07-08 09:02:40

АНУ-руу мөнгөө аваад бултачихдаг шүүгч залуу хэн билээ? Нас барчихдаг Дээд шүүхийн шүүгчийн хүү. Тэгээд тэр юу болсон бэ? Монголд нь авчирч чадсан уу? Одоо тэр тэгээд 100 жилийн ойн өршөөлд орчихсон уу?

Хэцүүдээ, хэцүү. [103.57.94.168] 2021-07-08 08:59:55

Нийгэм өөрөө боловсронгүй биш байдаг. Монголчууд нь дэлхий даяар тарчихсан, засаг нь дэлхий даяар явж зээл тусламж цуглуулж авдаг, энэ завсар хээл хахууль хаанаас нь ч бүү мэд авчихдаг. Шүүгч нараа хаана бэлтгэж сургаснаа хар л даа. Монгол, Орос, АНУ, Герман, Франц, Канад, Австрали, Япон гээд л. Тэгээд энэ хэд чинь цуглараад олдсон завшааныг ашиглаж хайрт Монголынхоо төлөө, шударга ёсны төлөө "чөмгөө дундартал, түрийвчээ түнтийтэл" зүтгэж байна ш дээ. Кх!

Иргэн [150.129.141.85] 2021-07-08 05:05:41

Шүүхэд шинэчлэл хийх хэрэгтэй. Шүүх баян том компаний захирал, улс төрчид болон авилга өгсөн хүмүүсийн талд ашигтай шийдвэр гаргадаг. Жирийн иргэдэд хатуу чанга хандаж хэргийг нь шийдвэрлэдэг.

Зочин [202.131.232.238] 2021-07-08 01:44:43

Одоогийн бүх шүүгч нарыг солих хэрэгтэй, тэгж байж завхрал бага ч гэсэн арилна.

Зочин [202.126.89.221] 2021-07-08 00:57:25

Бодит байдлыг ярьжээ..Шүүх засаглал гаднаа бол сайхан мэт...гэвчиг дэндүү гутамшиг болсон хүмүүс олон гэдгийг мэдсэн..Яандаа энэ улс орон...Хүн дүрст эрхэмүүд ...үйлийн үрээ эдлэх л байхдаа

Зочин [202.9.46.84] 2021-07-08 00:49:53

Хамгийн түрүүнд нийгмээ соён гэгээрүүлэх хэрэгтэй. Тэгж байж улс төр шүүхэд шударга ёс тогтоно.


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.