О.Мөнхсайхан: Цэц Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хороог бүрдүүлэхтэй холбоотой гаргасан дүгнэлтээ өөрчилнө гэж найдъя

Aдмин / Хууль

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, хууль зүйн доктор О.Мөнхсайхантай ярилцлаа.


-Үндсэн хуулийн Цэцээс ШЕЗ болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүдийг УИХ томилж байгаа нь Үндсэн хуультай зөрчилдсөн гэдэг дүгнэлт гаргажээ. Шүүхийн тухай хуульд эдгээр шүүгч бус гишүүдийг томилох процессыг хэрхэн заасан бэ?

-Үндсэн хуулийн Цэц 2021 оны дөрөвдүгээр сарын 28-нд 3 дугаар дүгнэлтээрээ Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүдийг сонгон шалгаруулж, томилох зохицуулалт нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзээд тэдгээрийг түдгэлзүүлэх дүгнэлт гаргасан. Юуны өмнө Ерөнхий зөвлөл болон Сахилгын хороог товч танилцуулъя. Шүүхийн ерөнхий зөвлөл нь хуульчдаас шүүгчийг шилж олох, шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах, шүүгчийн эрх ашгийг хамгаалах чиг үүрэгтэй байгууллага. Үндсэн хуулийн 49.3-т “Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана,” 49.5-д “Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн тавыг шүүгчид дотроосоо сонгож, бусад таван гишүүнийг нээлттэйгээр нэр дэвшүүлж томилно. Тэдгээр нь дөрвөн жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа ажиллах бөгөөд Зөвлөлийн даргыг гишүүд дотроосоо сонгоно” гэж заасан. Харин “хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл ногдуулах чиг үүрэг бүхий Шүүхийн сахилгын хороо ажиллах” бөгөөд түүний бүрэлдэхүүнд тавих шаардлага, томилох журмыг хуулиар тогтооно гэж Үндсэн хуулийн 49.6-д заасан.

2021 нэгдүгээр сарын 15-нд УИХ-аас баталсан Шүүхийн тухай хуулиар эдгээр хоёр байгууллагыг Үндсэн хуулийн дагуу хэрхэн бүрдүүлэхийг тодорхой зохицуулж өгсөн. Ерөнхий зөвлөлийн тухайд шүүгч таван гишүүнийг нь шүүгчид өөрсдөө сонгох, харин шүүгч бус таван гишүүнийг нээлттэйгээр нэр дэвшүүлж, сонгон шалгаруулсны үндсэн дээр УИХ томилохоор зохицуулсан. Сахилгын хороо нь зөвхөн нэг удаа зургаан жилээр ажиллах есөн гишүүнтэй. Тэдний дөрвийг нь шүүгч нар өөрсдөө сонгох бол шүүгч бус таван гишүүнийг ч мөн адил нээлттэй нэр дэвшүүлж сонгон шалгаруулсны үндсэн дээр УИХ томилно. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх хуваарийг УИХ 2020 оны 2 дугаар тогтоолоороо баталсан. Үүний 3.1.1-д Ерөнхий зөвлөлийн бие даасан, хараат бус, тогтвортой байдлыг хангах зорилгоор түүний бүрэлдэхүүний тавыг шүүгчид дотроосоо хувь тэнцүүлэн сонгож, бусад таван гишүүнийг бусад институцээс тэнцвэртэй оролцооны үндсэн дээр нээлттэй нэр дэвшүүлэн, сонгон шалгаруулж, томилох чиглэлийг баримтална гэсэн байдаг.

Мөн энэ хуваарийн 3.2.3-т зааснаар Шүүхийн сахилгын хорооны гишүүдийг холбогдох институциэс тэнцвэртэй бүрдүүлэх зарчмыг хуульчлах чиглэлийг баримтална. Энэ хоёр шаардлага нь хуульд заавал тусгах агуулга гэж Цэц үзсэн. Ерөнхий зөвлөлийн болон Сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг УИХ дангаараа томилохоор Шүүхийн тухай хуульд заасан нь бусад институциэс тэнцвэртэй оролцооны үндсэн дээр нээлттэй нэр дэвшүүлэн, сонгон шалгаруулж, томилох чиглэлийг баримтлаагүй, ингэснээр “шүүх эрх мэдлийн байгууллагын хараат бус байдал болон Үндсэн хуулиар баталгаажуулсан төрийн эрх мэдэл хуваарилах зарчмыг алдагдуулах нөхцөлийг бүрдүүлсэн” байх тул Үндсэн хуулийн 49.3, 49.5, 49.6-г зөрчсөн гэж Цэц дүгнэсэн.

-Гэхдээ ШЕЗ болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүдийг УИХ дангаараа томилж байна гэж үзэх боломжгүй биз дээ?

-Ерөнхий зөвлөлийн болон Сахилгын хорооны бүрэлдэхүүнд тавигдах шаардлага, томилох журмыг хуулиар тогтооно гэж Үндсэн хуулийн 49.5, 49.6-д заасан тул эдгээрийн шүүгч бус гишүүнийг томилох асуудлыг хуулиар тогтооно гэсэн учраас зармын ерөнхий шаардлагуудыг хангах үндэслэл бүхий бодлогын хувилбарууд байж болох ч яг аль нэгийг сонгох вэ гэдэг бол УИХ-ийн шийдэх асуудал. Ийм бодлогын асуудал дээр гол шийдвэрийг гаргах бүрэн эрх УИХ-д бий гэж Цэц өмнөх олон удаагийн шийдвэрээрээ хүлээн зөвшөөрч ирсэн. Шүүхийн тухай хуулийн дагуу шүүгч бус гишүүдийг бүрдүүлэх процесс нь өөрөө Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх хуваарьт заасан бүх шаардлагыг бүрэн хангасан. Нэгдүгээрт, Ерөнхий зөвлөл болон Сахилгын хорооны шүүгч бус гишүүдийг бүрдүүлэхэд бусад институцийн тэнцвэртэй оролцоог хуулиар маш сайн хангасан. Институци гэдэг бол нийгмийн тодорхой зорилгыг хангах үүднээс үйл ажиллагаа явуулдаг бүтэц, байгууллага.Жишээлбэл, төрийн байгууллага, түүний тодорхой бүтцүүд, мөн мэргэжлийн эсхүл сургалт, судалгааны байгууллага бол институц юм.Ерөнхий зөвлөлийн болон Сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг хараат бусаар сонгон шалгаруулах Ажлын хэсгийг бүрдүүлэхэд шүүхээс бусад институцийн оролцоог тэнцвэртэй хангаж өгсөн.Шүүхийн тухай шинэ хуулийн дагуу баталсан "Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах журам"-ыг ХЗБХ 2021 оны гуравдугаар сарын 10-нд баталсан. Энэхүү хууль, журмаар УИХ дахь олонх, цөөнх, Ерөнхийлөгч, Засгийн газар, ХЭҮК, Хуульчдын холбоо, Өмгөөлөгчийн холбоо, Хууль зүйн үндэсний хүрээлэн, МУИС-ийн Хууль зүйн сургууль, төрийн бус өмчийн хууль зүйн сургууль гэсэн 10 институциэс санал болгосны дагуу Ажлын хэсгийн гишүүдийг Хууль зүйн байнгын хороо томилох бөгөөд УИХ-ын даргын томилсон УИХ-ын нэг гишүүн ахална. Ийм 11 институциэс Ажлын хэсгийг тэнцвэртэй бүрдүүлснээр Ажлын хэсэгт тэдгээрийн аль нэг нь давамгайлах боломжгүй. Ажлын хэсгийн 11 гишүүний тав нь төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэхэд оролцдог институцийн тэнцвэртэй төлөөлөл, харин үлдсэн зургаа буюу олонх нь хуулийн мэргэжлийн холбоод, хүний эрхийн үндэсний байгууллага, хууль зүйн сургалт, судалгааны байгууллагуудаас санал болгосон учраас мэргэжлийн төлөөлөл нь Ажлын хэсэгт голлох юм. Иймээс, Ажлын хэсгийн бүрэлдэхүүний ийм тэнцвэртэй, мэргэжлийн байдал нь сонгон шалгаруулалтыг хараат бусаар, мэргэжлийн өндөр түвшинд явуулах нэгэн баталгаа юм.Тэгэхээр сонгон шалгаруулалтыг УИХ эсхүл Хууль зүйн байнгын хороо өөрөө хийхгүй, харин Ажлын хэсэг хийнэ.Хууль зүйн байнгын хорооны ажлын алба Ажлын хэсгийн ажиллах нөхцөлийг хангаж техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлнэ. Үндсэн хуульд хууль тогтоомжийг нийцүүлэх хуваарийн 3.1.1-д заасан хоёрдугаар шаардлага бол шүүгч бус гишүүнд нээлттэйгээр нэр дэвшүүлэх шаардлага. Энэ бол одоогийн Шүүхийн тухай хууль, журмаар маш сайн хангагдсан.Энд зааснаар Ерөнхий зөвлөлийн эсхүл Сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах зарыг Хууль зүйн байнгын хороо нийтэлнэ. Зар нийтэлснээс хойш 21 хоногийн дотор шаардлага хангасан аль ч иргэн Ерөнхий зөвлөлийн эсхүл Сахилгын хорооны шүүгч бус гишүүнд нэрээ дэвшүүлэх хүсэлтээ холбогдох баримт бичгийн хамт хүргүүлж болохоор хуульчилсан. Ингээд нэрээ дэвшүүлсэн хүмүүсийн бичиг баримтын бүрдүүлбэрийг Ажлын хэсэг хянаад бүртгэж авна. Бүртгэгдсэн нэр дэвшигч бүрийн хүсэлт, дэлгэрэнгүй мэдээллийг ажлын хоёр өдрийн дотор УИХ-ын вэб сайтад байршуулна. Ийнхүү вебсайтад байршуулснаас хойш 14-өөс доошгүй хоногийн дотор хэн ч тухайн нэр дэвшигчтэй холбоотой асуулт, саналыг ажлын хэсэгт хүргүүлэх бүрэн боломжтой. Шаардлага хангасан хэн ч нэр дэвших боломжтойн дээр нэр дэвшигчдийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл нь олон нийтэд нээлттэй, иргэд, судлаачид асуулт, саналаа өгч болох учраас нээлттэй нэр дэвшүүлэх гэдэг шаардлага бүрэн хангагдсан.

-2020 онд ХЭҮК-ын гишүүдийг анх удаа нээлттэй нэр дэвшүүлэх зарчмаар томилж байсан. Түүнтэй адил зарчмаар сонгон шалгаруулж томилох уу?

-Ер нь ХЭҮК-ын гишүүдийн сонгон шалгаруулалттай адил зарчмаар явагдахаар хуульчилсан. Гэхдээ ХЭҮК-ын гишүүдийн сонгон шалгаруулалтын давуу, сул тал болон шүүмжийг тусгаад хамаагүй илүү сайжруулан зохицуулсан л даа. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх хуваарийн 3.1.1-д заасан гурав дахь шаардлага бол шүүгч бус гишүүнийг заавал сонгон шалгаруулах ёстой. Сонгон шалгаруулна гэдэг нь нэрээ дэвшүүлсэн хүмүүсээс аль нэгийг нь Ажлын хэсэг ямар ч судалгаа хийхгүйгээр зүгээр л олонхоороо сонгоно гэсэн үг биш. Ажлын хэсэг санал хураахаасаа өмнө тухайн нэр дэвшигч хувь хүнийхээ болон мэргэжилтнийхээ хувьд хэн бэ, хууль зүйн өндөр мэргэшилтэй юу (өндөр мэдлэг, чадвар, ёс зүйтэй юу), мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан байх зэрэг бусад шаардлагыг хангасан уу гэдгийг маш сайн судалж шалгарсан хүмүүсийг гаргаж ирнэ гэсэн үг. Ерөнхий зөвлөлийн гишүүн нь хуульчаас шүүгчийг шилж олох, шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хамгаалах чиг үүргийг сайн гүйцэтгэх өндөр мэргэшилтэй, харин Сахилгын хорооны гишүүн нь шүүгчийн сахилгын хэргийг хараат бус, төвийг сахиж шударгаар хянан шийдвэрлэх түвшний хууль зүйн өндөр мэргэшилтэй байх шаардлагатай. Шүүхийн тухай хууль, журамд сонгон шалгаруулалтыг маш нарийн, хянамгай явуулахаар зохицуулсан.Тодруулбал, бүртгэгдсэн нэр дэвшигчдийг Ажлын хэсгийн гишүүдэд тохиолдлын журмаар тэнцвэртэй хуваарилж судлуулна.Тухайн нэр дэвшигчийг хуваарилж авсан ажлын хэсгийн гишүүнийг илтгэгч гишүүн гэнэ.Илтгэгч гишүүн нь тухайн нэр дэвшигч мэргэжлийн ажлаа хийж байхдаа хууль зүйн мэдлэг, чадвар, ёс зүйгээрээ хэр зэрэг хүлээн зөвшөөрөгдсөн бэ гэдгийг судалж гаргаж ирнэ. Үүний тулд өөрт хуваарилагдсан нэр дэвшигчтэй холбоотой хэвлэлийн мэдээнээс авахуулаад бичиг баримт, олон нийтээс ирсэн асуулт, саналыг бүгдийг нь судална. Мөн, нэр дэвшигчтэй болон бусад этгээдтэй ярилцлага хийх зэргээр мэдээлэл цуглуулна.Энэ хүрээнд нэр дэвшигчтэй хамт ажиллаж байсан эсхүл ажиллаж байгаа, таньдаг мэддэг 10-аас доошгүй хүнтэй ярилцлага хийх юм. Тэгээд ирэхээр тухайн нэр дэвшигч хэн бэ, хууль зүйн өндөр мэргэшилтэй юу гэдэг нь харагдана.Сөрөг мэдээлэл байх юм бол түүний эх сурвалжийг хэлэхгүйгээр нэр дэвшигчид мэдэгдэж, няцаалт, тайлбар авах замаар үнэлгээний шударга байдлыг хангана. Илтгэгч гишүүн өөрт хуваарилагдсан нэр дэвшигчээ 14-өөс доошгүй хоногт судалсны дараа ажлын хэсгийн ярилцлага хийнэ. Ярилцлагын үеэр Ажлын хэсгийн бүх гишүүд нэр дэвшигч болгоноос асуулт асууна.Энэ ярилцлагын дараа илтгэгч гишүүн нь шаардлагатай нэмэлт судалгааг хийж, нэр дэвшигч тус бүр дээр дэлгэрэнгүй тайлан бичиж Ажлын хэсгийн бусад гишүүддээ хүргүүлнэ.Үүний дараа Ажлын хэсгийн хуралдаан хийнэ.Энэ хуралдаанаар илтгэгч гишүүд өөр өөрсдийн хуваарилж авсан нэр дэвшигчийн дэлгэрэнгүй тайланг танилцуулж, бусдынхаа асуултад хариулж, аль нэр дэвшигч нь шаардлагыг хамгийн сайн хангах вэ гэдгийг маш сайн зөвлөлдөж санал солилцоно.Үүний үндсэн дээр нууцаар санал хураах бөгөөд энэ нь Ажлын хэсгийн гишүүн бүр өөрийн үндэслэлтэй итгэлээр саналаа хараат бусаар өгөх баталгаа юм. Нууц санал хураалтаар ажлын хэсгийн гишүүдийн олонхын буюу 11 гишүүний 6-гаас доошгүй саналыг авсан хүн л энэ шалгаруулалтаас гарч ирнэ. Үнэхээр энэ өндөр шаардлагыг хангах хүн байхгүй бол зарлагдсан орон тооноос цөөн хүнийг санал болгож болно.Энэ тохиолдолд сонгон шалгаруулалтыг дахин зарлаж явуулна.

-Ийм нарийн шалгаруулалтын дараа байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцэх үү?

-Тэгнэ. Ажлын хэсгийн шалгаруулалт үр дүнтэй, хууль, журмын дагуу зохистой явагдсан уу гэдгийг хянадаг хоёр том механизм хуульчлагдсан.Ажлын хэсгийн олонхын санал авсан нэр дэвшигч бүр дээр өндөр шаардлагыг хэрхэн хангасан, энэ ажлыг хийхэд хамгийн сайн тохирно гэж яагаад үзсэн бэ, сонгон шалгаруулалтын үе шат бүр хууль, журмын дагуу явагдсан уу зэрэгт баримт, үндэслэлтэйгээр хариулсан тайланг бичгээр гаргана.Эдгээр нэр дэвшигч бүрийн талаарх Ажлын хэсгийн тайланг УИХ-руу хүргүүлнэ. Уг тайланг ажлын гурав хоногийн дотор УИХ-ын вебсайтад байршуулж, үүнээс хойш дахиад 14-өөс доошгүй хоногийн дотор нэр дэвшигчидтэй холбоотой асуулт, саналыг иргэдээс дахиад авна. Асуулт, санал авах 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор Хууль зүйн байнгын хороо нэр дэвшигч бүр дээр томилгооны сонсгол хийнэ. Энэ нь ямар ач холбогдолтой вэ гэхээр, Хууль зүйн байнгын хороо дахь олонх, цөөнхийн гишүүд асуулт асуух, саналаа хэлэх замаар Ажлын хэсгийн сонгон шалгаруулалтаар гарч ирсэн нэр дэвшигчид үнэхээр шаардлага хангаж байна уу, сонгон шалгаруулалт хууль, журмын дагуу явагдсан уу гэдгийг ил тодоор олон нийтийн өмнө нягтлах, иргэдээс ирсэн асуулт, саналд хариулт авах боломжийг бий болгох юм. Дээрээс нь, томилгооны сонсголын үеэр иргэний нийгмийн болон мэргэжлийн төлөөллүүд, хэвлэл мэдээллийнхнийг заавал оролцуулж, тэдгээрийг үг хэлэх, нэр дэвшигчээс асуулт асуух боломж олгох, ингэхдээ тухайн нэр дэвшигчийг дэмжих болон эс дэмжих байр суурийг тэнцвэртэй сонсох зарчмыг баримтлахаар хуульчилсан.Томилгооны сонсгол нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулагдаж, ил тод явах ёстой.Ингээд Хууль зүйн байнгын хорооноос олонхын санал авсан нэр дэвшигчийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулна.Чуулганы хуралдаанд УИХ-ын нийт гишүүнээс асуулт асууж, саналаа хэлэх боломжтой.Ажлын хэсгийн сонгон шалгаруулалт болон томилгооны сонсголоор шүүгдэж шалгарч гарч ирсэн хүнийг томилох эсэхийг дахиад сайн хэлэлцэж шийднэ гэсэн үг.Том зургаар нь харах юм бол хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдгийг УИХ шийдэхгүй байна.

-Шүүхийн тухай хуулийн өнөөгийн зохицуулалт төрийн эрх мэдэл хуваарилах зарчмыг алдагдуулж байгаа юу?

-2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд ШЕЗ-ийн болон Шүүхийн сахилгын хорооны бүрэлдэхүүнийг тодорхой болгож үүний дагуу Шүүхийн тухай хууль шинээр батлагдсан нь иргэдийн хамгийн их хүсэмжилж, мэргэжлийн шүүлтүүрээр гарч ирсэн шинэчлэлүүдийн нэг. ШЕЗ нь шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хамгаалах зорилготой учраас өөрөө бас харьцангуй бие даасан байх зарчимтай. Энэ нь Шүүхийн тухай хуулиар хангагдаж буй. Учир нь, ШЕЗ 10 гишүүнтэй байх бөгөөд эдгээр гишүүд даргаа дотроосоо сонгох болж буй нь ШЕЗ-ийн бие даасан байдлыг хангахад тустай. Мөн, ШЕЗ-ийг бүрдүүлэх, түүний шилж олсон хуульчийг шүүгчээр томилох процессыг бүхэлд нь харвал аль нэг субьектээс зүй бусаар давамгайлан оролцох эрсдэлийг бууруулж, гол институцүүдийг тэнцвэртэй оролцуулж, ШЕЗ хараат бусаар хариуцлагатай ажиллах суурь тавигдаж буй. ШЕЗ-ийн талыг буюу 5-ыг нь шүүгчид сонгож буй тул шүүгчдийн оролцоог хангаж, шүүгчийн хараат бус байдлыг хамгаалж ШЕЗ-д орж ирэх зүй бус нөлөөллийг сааруулчихна. ШЕЗ-ийн шүүгч биш гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсэгт төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэхэд оролцдог субьектүүдийн ч, мэргэжлийн болон сургалт, судалгааны байгууллагуудын төлөөлөл, оролцоог ч тэнцвэртэй хангана. Энэ хөндлөнгийн ажлын хэсгийн сонгон шалгаруулж санал болгосон хүнийг нээлттэй сонсголд оруулж ард түмний төлөөллийн байгууллага болох УИХ томилох эсэхийг шийдвэрлэх бөгөөд энэ нарийн процесс нь өөрөө УИХ-ын үзэмж, дур зоргыг хязгаарлахад зориулагдсан. Ийм тал талын оролцоотой бүрдсэн ШЕЗ хуульчдаас шилж олж санал болгосон хүнийг шүүгчээр томилох шийдвэрийг Ерөнхийлөгч гаргах учраас Ерөнхийлөгчийн оролцоо ч хэвээрээ бий. ШЕЗ-ийн санал болгосон хуульчийг Ерөнхийлөгч шүүгчээр томилох зохицуулалт хэвээрээ төдийгүй ШЕЗ-ийн талыг шүүгчдээс сонгож бүрдүүлэх, бусад талыг буюу шүүгч бус гишүүдийг нь маш олон талын оролцоотой, ил тод, нарийн процессоор бүрдүүлж буй тул төрийн эрх мэдлийг хуваарилах зарчмыг зөрчөөгүй, харин ч сайн хангаж буй юм. Шүүхийн тухай 2021 оны хуулиар Шүүхийн сахилгын хороо есөн гишүүнтэй байх бөгөөд дөрөв нь нийт шүүгчээс сонгогдсон шүүгч, тав нь шүүгч биш, хууль зүйн өндөр мэргэшилтэй иргэд байхаар туссан. ШЕЗ-ийн гишүүдтэй адилхан процессоор Сахилгын хорооны шүүгч гишүүнийг Нийт шүүгчийн чуулганаар сонгох бөгөөд үүнд нь УИХ, эсхүл бусад этгээд оролцохгүй. Хорооны шүүгч бус гишүүнийг 11 өөр институцийн төлөөлөлтэй Ажлын хэсгийн сонгон шалгаруулалтаар нууц санал хураалтаар гарч ирсэн нэр дэвшигч бүр дээр томилгооны сонсгол хийж УИХ томилно. Энэхүү сонгон шалгаруулалт, томилгоо нь зарчмын хувьд Ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийхтэй адилхан зохицуулагдсан учраас УИХ Сахилгын хорооны шүүгч бус таван гишүүнийг томилох эсэхийг үзэмжээрээ шийднэ гэсэн үг биш билээ. Ийм байдлаар бүрдсэн Шүүхийн сахилгын хороо нь сахилгын хэргийн агуулгыг эхний байдлаар хоёр шүүгч бус, нэг шүүгч гишүүний бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэнэ, уг шийдвэрт гомдол гаргавал 2 шүүгч, 1 шүүгч бус гишүүний бүрэлдэхүүнээр хянан үзэж шийднэ, энэ явцад буруутгагдаж буй шүүгчийн шударгаар шүүлгэх процессын эрхийг ноцтой зөрчсөн гэвэл Улсын дээд шүүхэд гомдол гаргаж шийдвэрлүүлэх боломжтой. Сахилгын хороо нь шүүгчийн хараат бус байдал болон хариуцлагын балансыг олсон байхаар бүрдэж, ажиллах учраас төрийн эрх мэдлийн хуваарилах зарчмыг алдагдуулахгүй, шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг зөрчихгүй юм.

-Дээр дурдсан шат дарааллын дагуу сонгон шалгаруулах ажил ямар шатандаа явж байсан бэ?

-Шүүхийн тухай хууль 2021 оны нэгдүгээр сарын 15-нд батлагдаад, гуравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Хууль зүйн байнгын хороо сонгон шалгаруулах зарыг гуравдугаар сарын 10 нд нийтэлсэн. Зарын дагуу гуравдугаар сарын 31-н хүртэл хугацаанд Ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд 29, Сахилгын хорооны шүүгч бус гишүүнд 24 хүн тус тус нэрээ дэвшүүлсэн. Энэ хүмүүсийн хүсэлт, дэлгэрэнгүй мэдээллийг УИХ-ын вебсайтад байршуулаад, иргэд, хуульчид, судлаачдаас асуулт, санал авах процесс эхэлсэн байв.Энд маш олон хүн асуулт, саналаа ирүүлж байна гэж мэдэгдсэн.Хууль зүйн байнгын хорооноос гадна хуульчид, судлаачид, иргэний нийгмийн байгууллагууд энэ асуудалд маш идэвхтэй оролцож, хэлэлцэж эхлээд байв. Сонгон шалгаруулалтыг хараат бусаар, бодитой, шударга явуулах итгэл төрүүлэхүйц байдлаар ажлын хэсгийг бүрдүүлж ажиллуулж эхлүүлээд байсан. Гэвч, Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлт гарсан учраас энэ бүх ажиллагаа түдгэлзэж, одоог хүртэл нэг тал руу шийдвэрлэгдэхгүйгээр дөрвөн сар гаран болж байна.

-Өнгөрөгч тавдугаар сард Цэцийн 3 дугаар дүгнэлтийг УИХ хүлээж аваагүй. Одоо процесс хэрхэн цааш үргэлжлэх вэ?

-Үндсэн хуулийн Цэц эхлээд тухайн хууль, бусад шийдвэр нь Үндсэн хууль зөрчсөн эсэх талаар дүгнэлт гаргана. Дүгнэлт нь шууд эцсийн шийдвэр болохгүй.Тэр дүгнэлтээ УИХ-руу илгээнэ.УИХ хүлээгээд авчих юм бол эцсийнх болно.Харин УИХ хүлээн зөвшөөрөхгүй бол Цэц дахин хянаж үзэж эцсийн шийдвэрээ гаргана.Цэц гаргасан дүгнэлтээ эргэж харж алдаа мадагтай дүгнэлт гаргасан байна гэж үзэх юм бол өөрчлөх бүрэн боломжтой. Өнгөрсөн 29 жилийн түүхэнд гурван ч удаа Цэц өөрийнхөө дүгнэлтэд хуулийн тодорхой заалт Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн ч УИХ-аас уг дүгнэлтийг нь хүлээн зөвшөөрөөгүйгээс дахин хянаж үзэж Үндсэн хууль зөрчөөгүй гэж эцэслэн шийдсэн.

Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт болон Шүүхийн тухай хууль нь сүүлийн 10 жилийн олон удаагийн судалгаа, хэлэлцүүлэг, зөвшилцөл гээд амаргүй үе шатыг давж батлагдсан. Эдгээр хуулийн гол амин сүнс нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны бүрэлдэхүүнтэй холбоотой.Эдгээр байгууллагыг хэрхэн бүрдүүлэх нь шүүх хараат бус, шударга ажиллахад нөлөөлдөг.Үүнийг болон дээр дурдсан үндэслэлүүдийг харгалзаад Цэц уг маргааныг дахин нухацтай хянан үзэж зөв шийдээсэй гэж хүсэж байгаа. 2021 оны тавдугаар сарын 6-ны өдөр УИХ Цэцийн 3 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэсэн 41 дүгээр тогтоолыг баталж, үүнийхээ үндэслэлийг Үндсэн хууль болон түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлал, олон улсын сайн туршлага, судалгаанд тулгуурлан нийт 14 хуудас бичиж багтаажээ. Өнгөрсөн 29 жилийн түүхэнд УИХ Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөгүй үндэслэлээ ийм дэлгэрэнгүй сайн бичиж байгаагүй тул УИХ шүүхийн шинэчлэлийг зогсоохгүй хэрэгжүүлэхэд ямар их анхаарч буй нь харагдана. УИХ Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөгүй тул Цэц их суудлаараа энэ маргааныг эцэслэн шийднэ. Их суудлын хуралдаанд Цэцийн бүх гишүүн оролцож 2/3-оор шийдвэрээ гаргадаг. Шүүхийн тухай хууль дахь Ерөнхий зөвлөлийн болон Сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулж томилох заалтууд Үндсэн хууль зөрчөөгүй гэж Цэцийн есөн гишүүний дөрөв нь үзэхэд уг заалтууд хэвээр үлдэх юм.Цэцийн их суудлын шийдвэр эцсийн учраас Цэцийн гишүүд нухацтай хандах болов уу.

-Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлтээ Цэцийн их суудал хэвээр нь үлдээвэл хуульд өөрчлөлт оруулахаас өөр замгүй. Тэгвэл УИХ-аас өөр ямар субьект томилж болох вэ?

-Тийм нөхцөлд Ерөнхийлөгч дангаар шийдвэрлэх байдлаар энэ асуудалд оролцох ямар ч боломжгүй. Яагаад гэвэл Үндсэн хуулийн 33.4-т оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхийлөгчид Үндсэн хуулиар олгоогүй бүрэн эрхийг нэмж хуулиар олгохыг хориглосон. Тэгэхээр Ерөнхий зөвлөл, Сахилгын хорооны шүүгч биш гишүүнийг санал болгох, томилох бүрэн эрх Ерөнхийлөгчид олгохгүй гэсэн үг.УИХ дахь олонхоос байгуулж түүний итгэлийг дааж хамтран ажилладаг утгаараа Засгийн газар ч шууд санал болгох, томилох нь асуудалтай.Ерөнхий зөвлөлийн эсхүл Сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг санал болгох, томилох асуудал дээр Ерөнхийлөгч, Засгийн газрын аль аль нь парламентаар хэлэлцдэг шиг ил тод, олон талын оролцоог хангах, хараат бусаар сонгох шалгаруулах боломж тун хязгаарлагдмал. Ерөнхийлөгч болон гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагад энэ эрх мэдлийг өгөх нь оновчгүй гэдэг зөвлөмж олон улсад бий.

ӨДРИЙН СОНИН БАЗАРРАГЧААГИЙН НОМИН-ЭРДЭНЭ

image


Сэтгэгдэл

Njuty [122.201.24.126] 2021-09-04 09:03:14

Маш сайн тайлбарласан байна. УИХ бол иргэдийн төлөөлөл, Парламентын засаглалтай оронд Парламентад л итгэх ёстой юм. Парламент дангаараа нэг намын байдаггүй. Цэц энэ асуудалд өрөөсгөл, захиалгаар хандаж гацаасан. Түүнээс биш аль эрь горимдоо орох байсан юм. Төлөөллийн байгууллагууд шалгаруулаад УИХ ёсчилж байгаа процесс. Энэ багш харин аргагүй л тулхтай хуульчийн хүү, мэргэжлийн хуульч эрдэмтэн гэдгээ харуулж байна. Цэцэд зааж байгаа юм биш, иргэн бүр саналаа хэлэх эрхтэй.

Зочин [122.201.24.34] 2021-09-03 20:29:37

Цэц дунд суудлын дүгнэлтээ хэвээр үлдээх биздээ. Цэцэд зааварладаг хэн бэ та. Одоо таны өвчигөнөл дуусах болсон байлгүй.

Зочин [66.181.161.67] 2021-09-03 17:16:02

Үндсэн хуулиин цэцэд баттулгын хүмүүс байгаа болохоор л энэ шүүхиин шинэчлэл гацчихлаа Шүүхэд МАНАН ын шүүгчид байгаа болохоор аливаа томчуулын хэрэг замхардаг хэрэг хиигээгүй хүнииг ч хэрэгтэн болгож бизнесииг нь булаадаг дарамталдаг авилгал авдаг мэдээжиин хэргииг хэрэгсэхгүй болгодог өчнөөн жилээр сунжруулдаг гээд шүүх ялзарсан улс төрчидын гараар хөдөлдөг болчихсон Үүнииг засч залруулах гэж зөв санаа сэтгэлтэй хүмүүсиин зүтгэлээр энэ шүүхиин шинэчлэлииг хиисэн боловч МАНАН ынхан баттулга мэтиин хүмүүс шүүхииг өөриин дураар хөдөлгөж байхын тулд шүүхиин шинэчлэлииг улайран эсэргүүцэж чадахаа байхаараа цэциин хурлыг хиихгүй гацаачихаад байна Цэциин гишүүдэд тэднии хүмүүс байгаа болохоор үүндээ найдаж байх шиг байна Гэвч тэд үнэнд гүйцэгдэх л болно Баттулга ялагдахаараа элбэгдорж энхболд эрдэнэбилэг нарын манантай нэгдэж шүүхиин шинэчлэлииг гацаасан

иргэн [103.80.210.150] 2021-09-03 12:03:41

үүнийг би унших завгүй ч сэдэвээс харж санал хэлэхэд: хүн шүүхэд аливаа асуудлаар хандахад шүүгчид шүүхийнхэн хаалгаар орсон хүн бүхнийг дорд үзсэн шүүхийн зүйл заалтаар далайлагасан элдэв шалтаг шалтгаан нотриат гэхчлэн ширэгдүүлсэн, цаг хугацаагаар хавчлага үзүүлсэн. Гэмт хэрэгтэн хүн л шүүхэд ханддаг мэт. бүр ял авч шийтгэдсэн эрх чөлөө нь хязгаарлагдсан хүнтэй харьцаж байгаа мэт хандан ширэгдэл хүндрэл сүрдүүлэг үзүүлж байна, би үүнийг өнгөрөөж болох ч насанд хүрээгүй буюу залуус айж сүрдэх, дахин хандахаас зайлхийх хүндэрэл ширэгдэлээс бэрхшээх байдалд хүрч болзошгүй байдал байна. ийм байдлаас аливаа асуудалд зөвөлгөө авч чадахгүйгээр амиа хорлох байдал ихсэж байгаагийн шалтгаан ч байхыг үгүйсгэхгүй гэж иргэн хүний хувьд эмзэглэх сэтгэлээ бичлээ

Цэц [202.9.40.8] 2021-09-03 11:58:11

Цэцийн эрх хэмжээний асуудал

Зочин [202.126.89.42] 2021-09-03 10:19:12

Энэ нөхөр худлаа ардаа


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.