Г.Чулуунбаатар: Гурван улсыг холбосон эдийн засгийн коридорыг дагаад соёл иргэншлийн шинэ сүлжээ үүсэх бололцоотой

Aдмин / Технологи

Өнгөрсөн сард ОХУ-д болсон Дорнын эдийн засгийн VI дахь чуулганд оролцоод ирсэн ШУА-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Чулуунбаатартай ярилцлаа.

-Дорнын эдийн засгийн форум бол дэлхий нийтийн анхааралд байдаг том арга хэмжээ. Энэ үеэр Монгол-Оросын найрамдалт харилцааны 100 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал болсон. Тус эрдэм шинжилгээний хурлаар яригдсан гол агуулга юу байв. 100 жилийн ойн асуудал яригдаж байгаа учраас ач холбогдол үр дүнг нь эрдэмтэн судлаачид илүү тодорхой хэлж өгөх болов уу?

-Дорнын эдийн засгийн форумын хүрээнд “Орос-Монголын харилцааны түүхэн ба орчин үеийн чиг хандлага” сэдэвтэй 100 жилийн ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний хурал Владивостокт 9 сарын 2-нд зохион байгуулагдлаа.

Энэ удаагийн хурал хэд хэдэн онцлогтой болсон гэж би бодож байна. Нэгдүгээрт, “Дорнын эдийн засгийн форум” нь бүс нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн зангилаа асуудлуудыг ярьдаг дэлхийд нэр хүндтэй олон улсын арга хэмжээ. Энэ том арга хэмжээний далбаан дор зохиогдож байгаагаараа нэлээд бэлтгэл сайтай, өндөр түвшинд зохион байгуулагдсанаараа онцлог болсон. Хоёрдугаарт, Орос-Монголын дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээг ихээхэн өргөн хүрээтэй зохион байгуулахаар хоёр талын Засгийн түвшинд тохиролцож төлөвлөсөн юм билээ. Хоёр орны Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээр тохиролцооны дагуу нийт 5 хурал зохион байгуулагдахаар төлөвлөсний нэг нь энэ хурал юм. Тус хурлын үеэр Орос-Монголын дипломат харилцаа тогтоосон 100 жилийн түүхэн үйл явцын үр дүнг эрдэм шинжилгээний үүднээс тал бүрээс нь нэгтгэн дүгнэж ярилцсан илтгэлүүд хэлэлцэгдлээ. Мөн хоёр орны найрамдалт хамтын ажиллагааны ирээдүйн 100 жилийн чиг хандлага ерөнхий төлөвийг хөндөж ярьсан олон улсын томоохон хэмжээний хурал боллоо.

-Ирээдүйн 100 жилд Монгол-Оросын хамтын ажиллагааны чигийг эрдэмтэн судлаачид хэрхэн төсөөлж, төлөвлөж байна вэ?

-Эрдэм шинжилгээний хурлаар Монгол улс ОХУ-ын Найрамдалт хамтын ажиллагаа ирэх 100 жилд ямар чиглэлээр өрнөх вэ гэдэг дээр эрдэмтэн судлаачдын илтгэлүүдэд тодорхой санал дэвшигдэж, тэдгээрийг тойруулан хурлын үеэр ажил хэрэгч хэлэлцүүлэг өрнүүлсэн. Хэлэлцүүлгийн явцад үндсэн гурван чиглэлд эрдэмтдийн санал голлон төвлөрч байсан гэж бодож байна. Юуны өмнө, хамтын ажиллагааны гол чиглэл нь Монгол-Орос-Хятад гурван улсын эдийн засгийн коридорын төсөл байгаа. Энэ чиглэлээр 32 төсөл баталсан байдаг. Эдгээр төслүүдийг бодитой ажил хэрэг болгох эдийн засгийн коридорын бодлогын хэрэгжилтийг шинэ шатанд гаргах чиглэлээр хийгдэх ажлууд хамтын ажиллагааны ирэх зууны нэг чухал чиглэл болно гэдгийг судлаачид тэмдэглэж байлаа. Дараагийн нэг гол чиглэл бол ОХУ-аас Монгол Улсын нутгаар дамжиж БНХАУ-руу тавих хий дамжуулах хоолойн томоохон төслийн ТЭЗҮ хийгдэж байгаа. Энэ ажилд манай ШУА-ийн Гео экологийн хүрээлэн, Философийн хүрээлэн, Олон улс судлалын хүрээлэнгийн эрдэмтэд судалгаа хийж байгаа. Судалгааны ажил дуусах шатандаа орсон. ОХУ-ын талаас томоохон хэмжээний мэргэжлийн баг гаргаад ажиллаж байгаа билээ. Тэгэхээр энэ бол ирэх зууны хоёр орны найрамдалт хамтын ажиллагааны хөгжлийг тодорхойлох томоохон бүтээн байгуулалт болно гэдэгтэй судлаачид санал нэгдэж байсан. Түүнчлэн, Монгол-Орос-Хятад гурван улсын хооронд тээвэр ложистикийн томоохон сүлжээ бий болохыг дагалдаад худалдаа эдийн засгийн томоохон коридорууд бий болно . Энэ коридорын сүлжээг дагаад соёл иргэншлийн шинэ сүлжээ үүсэх бололцоотой.Тиймээс соёл иргэншлийн энэ сүлжээг тойрсон түүх, соёл, нийгэм, сэтгэл зүйн чиглэлийн судалгаанууд хийгдэж нийгмийн болон хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг илүү өргөн хүрээнд хүргэх бололцоотой гэдгийг судлаачид хөндөж ярилцсан. Эдгээр гурван гол чиглэлийг найрамдалт хамтын ажиллагааны ирэх зууны хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох юм байна гэдэг дээр эрдэмтэд үндсэндээ санал нэгдэж, судалгаа, шинжилгээний чиглэлээр хамтран ажиллах талаар санаа бодлоо солилцсон үр дүнтэй болсон гэж үзэж байна.

-Өнгөрсөн 100 жилийн хамтын ажиллагааны үр дүнг тодотговол?

-Өнгөрсөн жилийн Монгол-Оросын харилцааны үр дүн гэвэл маш олон зүйлийг ярьж болно. Эрдэмтдийн хуралд тавьж хэлэлцүүлсэн илтгэлүүдэд гол үр дүнгүүдийн талаар дэлгэрэнгүй хөндөж ярилцсан. Гол үр дүнг хураангуйлан томьёолбол:

Нэгдүгээрт, Монгол улсын тусгаар тогтнолыг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрүүлж НҮБ-ын гишүүн болж, Монгол Улс олон улсын хамтын нийгэмлэгт бодитой байр суурь эзлэн хөгжихөд Орос-Монголын найрамдалт хамтын ажиллагаа бол үнэхээр шийдвэрлэх үүрэгтэй байсан. Өөрөөр хэлбэл, Монголын Тусгаар тогтнолыг гурван улсын удирдагчдын Ялтын бага хурал дээр Оросын удирдагч Сталин Монголын тусгаар тогтнолын талаар хатуу тууштай байр суурь баримталсан, НҮБ-ийн гишүүн болоход ОХУ дэмжлэг, найрамдалт харилцаа шийдвэрлэх үүрэгтэй байсан. Түүнчлэн Монгол Улс 20-р зууны эхэнд эдийн засаг нийгмийн хувьд үлэмжхэн хоцрогдсон орныг орчин үеийн соёл иргэншилтэй, эрчимтэй хөгжиж байгаа ардчилсан орон болж хөгжихөд Зөвлөлт монголын найрамдлын өнгөрсөн 70 жилийн болон түүнээс хойш ОХУ-ын болон ардчилсан Монгол хоорондын найрамдал, хамтын ажиллагаа шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн гэдгийг монголын ард түмэн сайн мэднэ. Монгол Улсыг бүс нутагтаа болон олон улсын хэмжээнд идэвхтэй үйл ажиллагаа явуулах нөхцөл бүрдэхэд найрамдалт хамтын ажиллагаа шийдвэрлэх үүрэгтэй байдгийг тэмдэглэх хэрэгтэй. Ер нь Монгол Улсын үйлдвэрлэл, боловсрол, соёл, шинжлэх ухааны бүх салбарын хөгжилд социалист гэгдэх 70 жилийн туршид ЗСБНХУ-тай тогтоосон найрамдал хамтын ажиллагаа, ардчилал, зах зээлд шилжсэн сүүлийн 30 жилд ОХУ-тай тогтоосон найрамдал хамтын ажиллагаа голлох үүрэг гүйцэтгэсэн гэдгийг эрдэмтэд тал бүрээс нь шинжлэн дүгнэсэн. Ингэхдээ бас хоёр орны ард түмний найрамдал, хамтын ажиллагааны хөгжилд цөөн биш сорилт, бэрхшээл учирч байсныг ч бас хөндөж ярилцсан шүү.

-Хоёр орны шинжлэх ухааны салбар, ШУА-иудын хамтын ажиллагааны хүрээнд сүүлийн үед хийгдсэн томоохон судалгааны ажил юу байна?

Ер нь Оросын ШУА, Монгол Улсын ШУА-ийн хооронд бүтэн зуунаар тоологдох хамтын ажиллагааны баялаг уламжлалтай. Хамгийн сүүлд 2018, 2019 онд хоёр улсын ШУА-ийн Ерөнхийлөгчид харилцан айлчилж хамтын ажиллагаа шинэ шатанд гарсан гэж үзэж болно. Томоохон хэмжээний судалгаа гэвэл хоёр орны ШУА-ийн хоорондын гэрээний дагуу ажилладаг хамтарсан экспедицүүдийн судалгааг нэрлэж болно. Энэ болон олон жилийн туршид тогтвортой үргэлжилж байгаа салбар дундын шинжтэй судалгааны ажлууд юм. Үүнээс гадна хоёр орны эрдэмтэд сүүлийн жилүүдэд жил бүр 10 хүртэл тооны томоохон хэмжээний хамтарсан төсөл хэрэгжүүлж байгаа. Одоо Хий дамжуулах хоолойн ТЭЗҮ-д шаардлагатай судалгаа гээд олон зүйлийг нэрлэж болно доо.

100 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хуралд оролцох үеэрээ бид Оросын шинжлэх ухааны академийн Алс дорнодын салбарт зочилж Оросын ШУА-ийн Дорно дахины салбар, Монгол улсын ШУА-ийн хооронд хамтын ажиллагааны хүрээнд хийгдсэн судалгааны ажлаа дүгнэж ярилцлаа. Мөн цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлох, 2 байгууллагын хамтын ажиллагааны санамж бичгийг ойрын үед шинэчлэн байгуулах талаар ярилцаж санал солилцлоо. Алс дорнодын салбараас манай Гео экологийн хүрээлэн, Түүх археологийн хүрээлэн, Нүүдлийн соёл иргэншлийн хүрээлэнгүүдтэй олон талаар хамтарч ажилласан ирсэн. Эдгээр хүрээлэнгүүдтэй хамтран хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөр үр дүнгээ өгч байна гэдгийг уулзалтын үеэр ОХУ-ын ШУА-ийн Алс Дорнодын салбарын дарга, академич E.N.Сергей сэтгэл хангалуун дүгнэсэн шүү. Цаашдаа хамтын ажиллагаа илүү өргөтгөх бололцоо байна гэдэг дээр хоёр тал санал нэгдэж, ойрын хугацаанд энэ талаар удирдлагын түвшинд айлчлал хийж, хамтын ажиллагааны тодорхой асуудлыг ярилцах шаардлагатай гэдэг дээр харилцан ойлголцсон болно.

Оросын ШУА-ийн Алс дорнодын салбарын Түүх археологийн хүрээлэн манай түүхийн хүрээлэнтэй Торгоны замын хүрээнд өргөн хүрээтэй хамтын ажиллагаа явуулах бүрэн бололцоотой. Энэ чиглэлийн харилцаа холбоогоо улам идэвхжүүлэхээр ярилцлаа. Алс дорнодын салбарын холбогдох хүрээлэнгүүд манай хөдөө аж ахуйн салбарын эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтарч ажиллах, ялангуяа төмс хүнсний ногоо, бусад ургамал амьтны био технологийн судалгаанд илүү өргөн хүрээнд хамтрах бололцоо байна гэдгийг онцлон тэмдэглэсэн байгаа. Мөн Гео экологийн хүрээлэнтэй хамтраад ус хөрсний судалгааг хамтарсан төсөл хэрэгжүүлэх хэлбэрээр өргөжүүлэх бололцоотой. Бидний уулзалтын үеэр Алс Дорно дахины салбарын удирдлага манай ШУА-ийн ерөнхийлөгчийг боломжтой үедээ Владивостокт зочилж хамтын ажиллагааны гэрээ санамж бичгээ шинэчлэн байгуулах, хамтын ажиллагааны бусад асуудлаар ярилцахаар албан ёсоор урьсан.


Сэтгэгдэл

АААzlybnhf [178.158.70.35] 2021-11-02 07:21:57

Некероване кохання 14 серія <a href="https://bit.ly/2ZNemN0">Некероване кохання 14 серія</a> yunb ddnznz Смотреть онлайн сериал Некероване кохання / Любовь без тормозов 14 серия Некероване кохання / Любовь без тормозов: 1,2,3,4,5,6,7,8,9,10,11,12,13,14,15,16 СЕРИЯ (украина)

Зочин [103.80.210.183] 2021-10-05 03:43:58

өвөр монголд монголчуудыг шулдаг сүлжээ бий болжээ. тэрийг нь тэтэгэдэг хүний наймаа хийдэг хэдэн бүлэг авгай нар байнаа. тагнуул шалгаж мөрдөж олоооч

Зочин [150.129.141.51] 2021-10-04 09:50:04

ах ах гээд л гуцалдаад бдаг оросынхоо нэрийг ч биччихэж чадахгүй, В. И. Сергиенко гэдэг юм шүү дээ

ШАРАА. Редакциараа ШАРАА!!! [192.82.76.150] 2021-10-05 17:41:13

Сэтгүүлч ШАРАА! Ганц хүний нэрийг олоод зөв бичичихэж чаддаггүй. Төмпөн дүүрэн ШАРАА. Мэдээ.мн-ийн удирдлага бүүр том ШАРАА.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.