Түлэнхийн төв эмнэлгийн барилга ашиглалтад хэзээ орох нь асуултын тэмдэг хэвээр байна

Aдмин / Хууль

1990 ОНД ТҮЛЭНХИЙН ТӨВ ЭМНЭЛЭГ ГССҮТ-ӨӨС ӨРХ ТУСГААРЛАЖЭЭ

Бидний мэдэх Түлэнхийн төв эмнэлэг нь одоогийн Сүхбаатар дүүргийн XI хорооллын нутаг дэвсгэрт байрладаг. Анх энэ эмнэлэгт хятадууд эмчлүүлдэг байв. 1976 онд хятадуудыг нутаг буцаахын тулд бяцхан заль зохиож улаан буланд хурал зарлан Төмөр замд аваачин вагонд суулгаад явуулж байв. Тэр хооронд тус хоёр давхар эмнэлгийн барилгад ГССҮТ-ийн эмч, ажилчдыг оруулсан аж. Гэмтэл согог судлалын үндэсний төв анх ингэж өөрийн гэсэн байртай болсон түүхтэй. Тухайн үед эмч, ажилчид тус барилгад ороход хятад эмч нарын эдэлж хэрэглэж байсан зүйлс хэвээрээ, нухаж байсан шавар ваартай эм тан нь бүлээнээрээ, идэж байсан гоймон нь халуунаараа уур савсан савхан дээрээ тогтсон байж. Тус эмнэлэг маш гоё гялалзсан плитан шалтай. Хана нь их гоё өнгөлөг байсан хэмээн тухайн үеийн эмнэлгийн дарга асан гавьяат эмч н.Тулга дурсав. 1990 онд ЗХУ-ын дэмжлэгтэйгээр барьсан одоогийн байрандаа ГССҮТ нүүн орсноор Түлэнхийн төв гэдэг айл өрх тусгаарлаж, үүдээ нээсэн ажээ.

Гэвч 2012 онд Түлэнхийн төв эмнэлгийн эрчимт эмчилгээний тасгийн дээвэр нурсан гэдэг шалтгаанаар барилгыг ашиглах боломжгүй хэмээн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хоёр давхар барилгыг акталж нураах шийдвэр гаргасан аж. 2004 оны байдлаар Түлэнхийн төв эмнэлгийн барилга 16400 м.кв талбайтай байсан бол өнөөдөр тус газар 7339 м.кв болтлоо агшаад байна. Нийт 9500 м.кв талбай хувийн орон сууц, оффисын барилга болон хувьд шилжжээ.

Түүх сөхвөл, Түлэнхийн төв эмнэлэг эхний хоёр жил “Мөнгөн гүүр” эмнэлгийн байранд сарын 30 сая, жилд 360 сая төгрөг төлж түрээслэх болж. Хоёр жилийн турш 750 сая төгрөг түрээсэнд төлж, түрээсээ төлж дийлэхгүй болсон шалтгаанаар ГССҮТ-ийн нэг тасаг болж, арваад жил үйл ажиллагаагаа явуулжээ.

Нийт арван жил Түлэнхийн төв эмнэлэг байргүй боловч үйл ажиллагаагаа явуулсаар 21 аймаг, есөн дүүргийн осгосон, хөлдсөн, түлэнхийтэй холбоотой эмчилгээ хийж үйл ажиллагаа явуулсаар байна.

КУВЕЙТИЙН САНГААС ОРЖ ИРСЭН МӨНГӨӨР БАРИЛГЫГ БҮХЭЛД НЬ АШИГЛАЛТАД ОРУУЛАХ БОЛОМЖТОЙ БАЙСАН

Түлэнхийн төв эмнэлгийн барилга 2012 оноос хойш одоог хүртэл яагаад ашиглалтад орохгүй байгаа болон эмнэлгийн мэдлийн газар яагаад 60 хувь болтлоо багасчихсан талаар сурвалжиллаа.


ГССҮТ-өөс Түлэнхийн төв эмнэлгийг яагаад тусад нь гаргахгүй байгаа асуудал хоёр шалтгаантай. Нэгдүгээрт, Түлэнхийн төв эмнэлгийн газрын дээрэм. Хоёрдугаарт, хоёр тусдаа байгууллага нэгдэн нэг болсон нь төсөв санхүүг захиран зарцуулах ашиг сонирхлын зөрчил байна хэмээн хардах үндэслэлтэй. Яагаад гэвэл 2012 онд тус эмнэлгийн барилгыг нураасан цагаас хойш буюу 2013-2017 оны хооронд шинэ эмнэлэг барина хэмээн улсын төсвөөс 5.3 тэрбум төгрөгийг зураг төсөл барилгын ажилд зарцуулахаар гаргуулан авчээ. Анхны зураг төслөөр Түлэнхийн төв эмнэлгийн барилга “А”, “В”, “С” блок гэсэн үндсэн гурван барилгаас бүрдсэн. “А” блок амбульторийн барилга. “В” блок хэвтэн эмчлүүлэгчдийн зориулалтаар, “С” блок шарил хадгалах газрын зориулалттай хэмээх зураг төсөл анх гарчээ. Түүнээс хойш бүр Түлэнхийн төв эмнэлгийн барилгыг ашиглалтад оруулна гэсэн нэрийдлээр улсын төсвөөс мөнгө гарсаар байдаг. Энэ хооронд нийтдээ 10.3 тэрбум төгрөг улсын төсвөөс гарчээ. Түлэнхийн төв эмнэлгийн барилга Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг байх үед буюу 2017 онд Кувейтийн сангаас олгох буцалтгүй тусламжийн мөнгөөр баригдахаар төлөвлөгдсөн байжээ. Тухайн үед Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг хэлэхдээ /2017 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдөр/ "Кувейтийн сангаас олгож буй 8 сая ам.долларыг Түлэнхийн төвийн барилгын ажилд үр дүнтэй зарцуулахаар болж байна. Бид 6.8 сая ам.долларыг барилгадаа, 1,2 сая ам.долларыг тоног төхөөрөмжид зарцуулахаар гэрээ хийлээ. Ингэснээр гэрээний нийт үнийн дүнгээс 3.8 тэрбум төгрөгийг бууруулж, өөрөөр хэлбэл ийм хэмжээний хэмнэлтийг гаргалаа" хэмээн онцолсон байв. Энэ талаар түүнээс дахин тодруулахад “Анх Кувейтийн сангаас олгож буй тусламжийг дуусгаагүй эмнэлгийн барилгадаа зориулъя, эхлээгүй шинэ барилгуудыг одоохондоо мөнгө төгрөг нь байхгүй учраас азная гэсэн бодлого барьж Засгийн газрын хуралдаанаар оруулж шийдэж байсан. Тухайн үед Кувейтийн сангаас хүмүүс нь ирж бидэнтэй уулзсан. Тэгэхэд ГССҮТ-ийн Ерөнхий захирлаар Т.Мөнхсайхан ажиллаж байсан тул манай яамны ажлын хэсгийнхэнтэй хамтарч маш сайн ажиллаж гэрээнүүдээ гурван тал шинэчилж хийгээд барилгын ажил нь урагштай л явж байсан. Гүйцэтгэгч тал гэрээгээ шинэчлэн тухайн үед 1 м.кв-ыг нь 1 сая 200 мянгаар тохирсон санагдаж байна. Ингэсэн тохиолдолд Кувейтын сангийн мөнгө барилгаа барьж дуусаад “А” блокоо тавилга, тоног төхөөрөмжийн хамт ашиглалтад оруулах боломж бүрдсэн гэж үзэж байсан. Одоо юу болсон талаар сайн мэдэхгүй байна. Тэгэхэд гарсан ганц асуудал нь мооргийн барилга барих газар өөр хүний захирамжтай байсан учир шүүх дээр маргаан үүсээд бид тэр барилгыг бариулахгүй гэж тэмцэж, харуул хамгаалалт авч байсан. Тэгээд засаг солигдсон. Одоо ямар түвшинд явж байгааг сайн мэдэхгүй юм” хэмээв.

ОДОО ГССҮТ-ИЙН ТҮЛЭНХИЙН ТАСАГ ЯМАР БАЙДАЛТАЙ БАЙНА ВЭ

Энэ тухай ГССҮТ-д хандсан боловч мэдээлэл өгөх хүн олдоогүй учир өөр эх сурвалжаас тодруулахад “Түлэгдэлт нэмэгдсээр байгаа. Ачаалал ихтэй хоёр эмнэлэг нэг дор байна гэдэг хүнд. Өвчтөнүүдээ коридортоо авч байна. Ерөнхийдөө тасгийнхаа хэмжээнд бүрэн чадлаараа ажиллаж байна. Гэвч ирэх хүмүүсийн тоо их учраас ор хүрэлцэхгүй асуудалтай байнга тулгардаг. Манай тасаг жилдээ 4000-4500 орчим хүнд яаралтай тусламж үзүүлдгээс 2500-3500 нь 0-5 насныхан байдаг бөгөөд сард 70-80 мэс засал хийдэг. Нийслэл, 21 аймаг, бүх сумаас ирсэн бүх өвчтөнийг хүлээн авдаг” гэсэн юм.

Энэ талаар эрүүл мэндийн яамны хөрөнгө оруулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн г.бат-Эрдэнээс тодруулахад “Барилгын ажил албан ёсоор 2017 онд эхэлсэн. Төвийн “в” блокийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэж байгаа “Нутгийн зам” компанийн гэрээний хугацаа өнгөрсөн оны аравдугаар сарын 1-ний өдөр дууссан. Гэтэл гэрээний хугацаа дууссаны дараа буюу арваннэгдүгээр сард гүйцэтгэл дүгнэх хүсэлтээ нэг л удаа ирүүлсэн байдаг. Гэрээний хугацаа дууссан учир хугацааг нь сунгаж, гүйцэтгэлийг Сангийн яамнаас батлах ёстой. Хугацаа сунгах явцад “Нутгийн зам” ХХК гэрээний үнийн дүнд өөрчлөлт оруулах, санхүүжилтийг нэмэгдүүлэх санал тавьсан. Харин бидний зүгээс анх хийгдсэн гэрээний үнийн дүнгийн дагуу барилга угсралтын ажлыг хүлээж авах ёстой учир өөрчлөлт оруулах боломжгүй гэдгийг удаа дараа албан бичгээр, уулзалтаар ч сануулсан. Ингээд гүйцэтгэгч тал арванхоёрдугаар сарын 25-нд гарын үсэг зурснаар гэрээ сунгагдаж, нэхэмжилсэн санхүүжилтийг олгоход бэлэн болсон. Энэ компани санхүүжилтээ аваагүй байгаа нь өөрсдийнх нь хариуцлагагүй байдлаас болсон гэсэн үг. Эмяболон Сангийн яамны зүгээс тус төвийн барилгын санхүүжилтийг гацаасан, санхүүжилт олгохгүй ашиг сонирхлын зөрчил гаргасан асуудал байхгүй.

“Мөнгөн гүүр” эмнэлэг дээр үйл ажиллагаа явуулж байх үед 70 орчим ажилтантай байсан. Наашаа ирэхдээ бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөд орж гссүт-ийн түлэнхийн нөхөн сэргээх мэс заслын 80 ортой тасаг болсон. Тиймээс хүлээн авах болон мэс заслын тасаг руу эмч сувилагч нар шилжиж одоогоор 45 эмч сувилагчтай ажиллаж байна” хэмээн тус тасгийн эрхлэгч э.галбадрах “Зууны мэдээ” сонинд өгсөн ярилцгадаа дурджээ.

ГАЗРЫН ЛУЙВАР АНХ ЯАЖ ЭХЛЭВ

Тэгвэл алдагдсан 9500 м.кв газар хэн хэний нэр дээр очсон тухай мэдээллийг хүргэе. 2004 онд 1300 м.кв газар нь одоогийн ГССҮТ-ийн зөвлөх эмч Р.Шагдарсүрэн хувийн эмнэлгийн барилга барих зорилгоор өөртөө авсан. Үүний дараа иргэн н.Хандармаа 120м.кв газар авсан нь өдгөө баримтаар тогтоогдоод байна. Дараагийнх нь 2008 онд тухайн үеийн ГССҮТ-ийн дарга асан С.Отгонгэрэл тус эмнэлгийн барилгад засвар хийхээр ирсэн барилгын компанийн хүмүүстэй хуйвалдан барилгын компанийн захирал н.Аньсбаяр гэх этгээдтэй дөрвөн давхар үйлчилгээний төв барьж, дээр нь протезийн үйлдвэр байгуулбал газар нь байна гэх санал тавьсан байна. Тэд үүнтэй холбоотой нууцыг задруулахгүйн тулд дээрх газрыг 15 жилийн хугацаатай түр олгосон хэмээн төрд молиго үмхүүлсэн байдаг. Үүний дараа 2012 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн А/262 тоот захирамжаар Төрийн өмчийн хорооны тамгын газрын дарга асан Л.Ганбат “Саммид медикал” ХХК-д 930 м.кв газрыг зориулалтыг нь өөрчилж, төрсөн дүүдээ барилга барих газар болгон олгожээ. Л.Ганбат одоо Оюу толгой компанид ажилладаг юм байна. Эдгээр хуулийн этгээдүүдийг дээрх хавтаст хэргийн үндэслэлээр 2021 оны арванхоёрдугаар сарын 2-ны өдөр Сүхбаатар дүүргийн иргэний шүүхэд эмнэлгийн газар чөлөөлүүлэх “Энхрий үрс халуун сэтгэл” НҮТББ нэхэмжлэл гаргасан. Одоо тус хэргийн хэргийн хариуцагчаар дээрх этгээдүүдийг шүүхэд дууджээ. Тэдний хийсэн хэрэг үүгээр дуусахгүй. Төрийн өмчийн хорооны Тамгын газрын дарга байхдаа Л.Ганбат “Хамтын шийдэл” хэмээх ТББ байгуулжээ. Уг ТББ Төрийн өмчийн хорооны 54 ажилчдад хөнгөлөлттэй үнээр орон сууц барьж өгөх зорилготой байжээ. 2011 онд Л.Ганбат дарга Нийслэлийн газрын алба руу “4600 м.кв газрыг Төрийн өмчийн хорооны ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдүүлнэ” хэмээн “Алтайн тулга” ХХК-ийн нэр дээр 2011 онд 4026 м.кв талбайг эзэмшсэн байна. Тэрбээр тухайн үедээ 54 айлын орон сууц барих гэж байгаа болохоор иргэдээс есөн хүн сонгон Төлөөлөн удирдах зөвлөл байгуулсан юм. “Хамтын шийдэл” ТББ-ын ТУЗ-ийн гишүүдээс орон сууцны урьдчилгаа хэмээн 5 сая төгрөг цуглуулж нийт 26 сая төгрөгийг авсан байдаг. 12 давхар орон сууцаа бариулахын тулд “Шуурхай зар”, “Зар мэдээ” сонинуудаар хөрөнгө оруулагчаа хайн зарлуулж байсан нь хавтаст хэрэгт дурдагдсан байна. Тухайн хэргийг 2020 оны наймдугаар сарын 20-ны өдөр “Энхрий үрс халуун сэтгэл” НҮТББ тэргүүн О.Энхмаа АТГ-т гомдол гарган мөрдөн шалгуулж эхэлжээ. Тус НҮТББ-ын гомдлоор АТГ-ын мөрдөн шалгах ажиллагаа явагдаж комиссар н.Чинзориг, н.Жаргалбат нараар ахлуулсан ажлын хэсэг тус эмнэлгийн газартай холбоотой хэрэг нээн ажиллаж, хэрэгт холбогдох 12 хүнээс мэдүүлэг авахад бүгд хэргээ хүлээн зөвшөөрсөн байна. Уг НҮТББ-ыг гомдол гаргаж, хэрэг үүсээд эхлэнгүүт “Хамтын шийдэл” ТББ ТУЗ-өөс хураасан 26 сая төгрөгөө буцаан төлсөн гэдэг нэгдүгээр шалтгаанаар, хоёрдугаарт хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр Нийслэлийн прокуророос хэргийг хаасан тухай мэдэгдсэн. Тиймээс О.Энхмаа эмч 2021 оны арванхоёрдугаар сарын 2-ны өдөр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн эмнэлгийн газрыг чөлөөлүүлэх нэхэмжлэл гарган дээрх хуулийн этгээдүүдийг хариуцагчаар татжээ.

Хэргийн материалтай О.Энхмаа эмчийг танилцахад 2020 оны хоёдугаар сарын 11-ний өдөр Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 28 дугаар тогтоол, 320020016 шийдвэрийн дагуу Түлэнхийн төвийн “С” блок буюу мооргийн барилга барих газар дээр 12 давхар орон сууц барих зөвшөөрлийг хууль бусаар гаргажээ. Анхны зураг төсөл алга болж, анхнаасаа гурав биш, хоёр блок барилга байсан гэх яриаг Барилга хөрөнгө оруулалтын хэлтсийн мэргэжилтэн Мөнхтогтох ярив. Яагаад хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх шалтгаанаар хэргийг хаахаар улайран чичрэх болов? Энэ хэрэгт төрийн дээд албан тушаалтнууд, ГССҮТ-ийн үе үеийн удирдлагууд, зөвлөх эмч нар, шүүх байгууллага, Төрийн өмчийн хороо зэрэг бүгд оролцоотой гэж хардах үндэслэл бий.

ГАЗРЫН ЛУЙВАР НАЙМААНЫ ТАЛААР ГОМДОЛ ҮҮСГЭН ЯМАР АМЖИЛТАД ХҮРЭВ

“Энхрий үрс халуун сэтгэл” НҮТББ-ын гомдлоор шалгагдсан 200200446 дугаар хэрэгтэй тус ТББ-ын тэргүүн О.Энхмаа танилцаж, тухайн хэрэгтэй холбоотой хүмүүст хариуцлага үүрүүлэхийн тулд н.Чинзориг комиссар эмнэлгийн газрыг өөр зориулалтаар ашиглаж болохгүй гэсэн хууль байхгүй гэдгийг сануулсан. Энэхүү хуулийн цоорхойг ашиглан эрх мэдэлтнүүд өөрсдийн эрх мэдлээ урвуулан ашигласан байна. Тиймээс эмнэлгийн газраа чөлөөлүүлэхийн тулд “Энхрий үрс халуун сэтгэл” НҮТББ “Эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн газрыг хамгаалах тухай хууль”-ийг санаачлан УИХ-ын Тамгын газарт санал хүргүүлэн, УИХ-ын нийгмийн бодлогын хэлтсээс 20 гаруй хоногийн өмнө О.Энхмаа эмчийг хүлээн авч уулзан хэлэлцүүлгийг дэмжихээ мэдэгдсэн байна. Мөн АТГ, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Хүний эрхийн комисс, Хот байгуулалт хөгжлийн газар зэрэг байгууллагуудад гомдол гарган тэмцсэний эцэст “С” блокийн барилга баригдах ёстой байсан газар баригдсан 12 давхар барилгын үйл ажиллагаа эрхлэх, ашиглах зөвшөөрлийг гаргуулахгүй байх шийдвэрийг Улсын мэргэжлийн хяналтын газраас уг орон сууцны барилгын зөвшөөрлийг түдгэлзүүлэх болсноо мэдэгдсэн юм. Одоо тус эмнэлгийн барилгын газар дээр улсын болон хувийн хэвшлийн арав гаруй объект баригдсан байгаа. Үүнд 12 давхар орон сууц, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төв, оффисын хэд хэдэн барилга бий.

Түлэнхийн төв эмнэлгийн барилгыг барьж дуусгахгүй байгаа бас нэгэн шалтгаан нь ГССҮТ-ийн харьяанд байлгаж, улсын төсвөөс ордог орлогыг захиран зарцуулах эрхийг эдлэх ашиг сонирхлын зөрчил байгаа гэх үндэслэл бийг дээр дурдсан. Жишээ нь, Эрүүл мэндийн яамнаас “Энхрий үрс халуун сэтгэл” НҮТББ-т 2021 оны наймдугаар сард явуулсан албан бичигт 2013-2017 оны хооронд Түлэнхийн төв эмнэлэгт төсвөөс орсон санхүүжилт 5.7 тэрбум төгрөг. 2017-2020 оны хооронд гурван тэрбум төгрөг. 2021 онд 2.3 тэрбум төгрөг олгожээ. Нийт найман жилийн хугацаанд 10.3 тэрбум төгрөг улсаас олгосон байна. Гэтэл давхар Кувейтийн засгийн газраас 22.4 тэрбум төгрөг буюу 8 сая долларыг зарцуулжээ. Харин барилга угсралт хийсэн компанид 1.4 тэрбум 874 сая төгрөгийг шилжүүлсэн гүйлгээ хийгдсэн. Үлдсэн мөнгө нь хаашаа орсон бэ гэх асуулт гарч байна.

ОДОО ЭМНЭЛГИЙН БАРИЛГА ХЭР АХИЦТАЙ ЯВНА ВЭ

Барилгын ажлыг гүйцэтгэсэн “Нутгийн зам” ХХК болон “Цаст констракшн” ХХК-иуд мэдээлэл өгөхгүй өөрсдөөсөө бултуулсаар байна. 2013 онд зураг төслөө батлуулж, төсвөө гаргуулж байсан тус барилгыг 2018 оны есдүгээр сарын 30-нд ашиглалтад оруулна хэмээн тухайн үеийн Эрүүл мэндийн сайд асан Д.Сарангэрэл мэдэгдэж байв. Үүний дараа 2019 онд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бямбадорж барилгын явцтай танилцаад 2019 онд ашиглалтад оруулна хэмээн мөн мэдэгдэж байсан. 2020 оны аравдугаар сард тус барилга 95 хувьтай явж байгаа талаар Эрүүл мэндийн яамнаас мэдэгдсэн ч 2021 оны наймдугаар сард 97-98 хувьтай явж байгаа талаар мэдээлсэн байдаг. Ор сураггүй алга болсон “С” блокийн барилгыг шинэ зураг төслөөр “В” блок руу шилжүүлж, нэг давхарт нь моорг, хажууд нь эмч, ажилчдын цайны газар байхаар зураглажээ. Энэ нь хэр эрүүл ахуй, аюулгүй байдлын дүрэмд нийцэх вэ.


Сэтгэгдэл

Зочин [64.119.18.156] 2022-11-18 23:55:17

Иргэд өөрсдийнхөө төлөө Зөв зүйлийг дэмжих хэрэгтэй ш дээ

Зочин [66.181.161.26] 2021-12-14 06:01:43

Монголчууд бид луйвраа зогсоохгүй бол урагшаа явдаггүй ийм л нэг барилга арав,хорин жилийн нүүр үздэг эцэстээ тоногддог,газраа бусдад алддаг гээд есөн бусын нөгөө Авлига цэцэглэдэг нөгөө Авлигжсан,Шүүх,Прокурорууд нь авлигаа аваад нөгөө талдаа үйлчилээд Төр нь хүч хүрдэггүй мөнч хөөрхийлөлтэй еэ? Нөгөө 3,2 тэрбум шаварт төсөвлөсөн мөнгөө хүн ардынхаа эрүүл мэндэд зориулж энэ барилгад өгчих хэрэгтэйш дээ.Эрхэм УИХ-ын гишүүдээ,жаахан ч гэсэн жудагтай байцгаая л даа. Энэ чинь жинэхэнэ БУЯН болно шүү дээ.

Зочин [192.82.91.240] 2021-12-13 06:59:05

Улс хөнгжихгүй байгаа ганц шалтгаан, төрд байгаа хувалзуудыг буудвал эмх замбараатай болно

Иргэн [192.82.77.223] 2021-12-13 06:06:56

Монгол улсын иргэдийн эсрэг гэмт хэрэг үйлдээд байгаа этгээдүүдэд хуулийн арга хэмжээ авах хэрэгтэй. Шүүх , прокурор ажлаа хий.УИХ анхааралдаа ав.

хот [202.179.24.212] 2021-12-13 05:20:11

буруутай бүх хүмүүст хариуцлага тооц, орон сууцыг нь хэвтэн эмчлүүлэх больниц болгоод төв байртай нь коридороор холбоод өгчихвөл болно ш дээ

Зочин [103.80.210.183] 2021-12-13 04:41:05

барилга бариулаад байгаа эзнийг нь шоронд хэд хонуулж тарчлаагаад барилгыг нь буулгаад С блокоо барь төрийн төмөр нүүр энэнд гарах ёстой.


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.