Ц.Пярлай: Нүдэндээ итгэлийн “цог” тээсэн иргэдийн сэтгэлийг алдах эрхгүй гэж боддог

Aдмин / Технологи

Онцгой гавьяа байгуулсан алба хаагчдад мөнгөн урамшуулал болох 16 сая төгрөгийг дөрөв дэх жилдээ олголоо. Онцгой байдлын байгууллагад 17 дахь жилдээ ажиллаж байгаа Булган аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын бүлгийн дарга, дэслэгч Ц.Пярлай 2021 оны Онцгой гавьяатнуудын нэг. Улаанбаатар хотод усчин аврагчаар ажлын гараагаа эхлүүлсэн тэрбээр өдгөө төрж өссөн нутгийнхаа ард олныг аюул, ослоос урьдчилан сэргийлэх, авран хамгаалах үйлсэд зүтгэж, аврал эрсэн бүхэнд итгэл, сэтгэлийн гараа сунгаж, албаа бас алдар нэрээ дуурсгаж явна.

Дэслэгч Ц.Пярлай нь 2005-2011 онуудад Дорнод, Хэнтий, Төв, Сэлэнгэ аймгуудад гарсан ой, хээрийн түймэрт 85 хоног үүрэг гүйцэтгэж, 2700 орчим га талбайн түймрийг унтраах ажиллагаанд оролцсон. Туул гол дагуу завьт эргүүлээр 8 жил ажиллахдаа 186 удаа үүрэг гүйцэтгэж, 70 гаруй иргэнийг аварч, үерийн усанд автсан 268 айлыг нүүлгэн шилжүүлсэн.

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Сэлэнгэ голд осолдсон 7 буцалтгүй нэрвэгдэгч, 2021 оны 07 дугаар сард Булган аймгийн Хутаг-Өндөр, Тэшиг сумын нутаг Эгийн голд осолдсон 3 буцалтгүй нэрвэгдэгчийг гаргаж, холбогдох байгууллагад хүлээлгэн өгсөн.

Мөн 2021 оны 5, 6 дугаар сард Булган аймгийн Булган суманд сураггүй болсон хоёр иргэнийг эсэн мэнд олж, 07 дугаар сард Тэшиг сумын Эгийн гол олон жилийн дунджаас илүү үерлэж автомашин болон явганаар хөдөлгөөн үйлдэх боломжгүй болж гүүр гарц далан сэтэрсэн нөхцөлд ажиллаж, 462 иргэнийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлсэн юм.

-Амжилт гэдэг хичээхийн нэр гэж тодорхойлдог юм билээ. Шагнал гардах мөчид ямар бодол төрж байв?

-Төрүүлж өсгөсөн аав, ээжээрээ, мөр зэрэгцэн үүрэг гүйцэтгэж байгаа хамт олноороо, ард иргэдийнхээ талархсан сэтгэлээр, найдвартай ар тал байдаг ханиараа маш их бахархаж байлаа.

- Бүх зүйлд учир шалтгаан байдаг. Таны Онцгой байдлын албатай холбогдсон түүх сонин байна?

-2003 онд Цэргийн алба хааж ирээд, аав, ээждээ тусалж, малчин болсон. Гэхдээ хөдөө удаагүй. Залуу хүн байна ажил хөдөлмөр хийж, амьдралаа босгоно оо гээд 2004 онд Улаанбаатарт ирж байлаа. Тэр үед Аврах тусгай анги /одоогийн Үндэсний аврах бригад/-д ажилладаг ээжийн маань эгч Онцгой байдлын байгууллагад ажиллавал ямар вэ гэдэг саналыг тавьж байсан. Тэгээд л тус ангид 2005 онд усчин аврагчаар орсноор 10 гаруй жил ажилласан. 2016 онд “Улаанбаатар эрдэм судлал” дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсөөд 2018 оноос төрж өссөн нутаг Булган аймагтаа ажиллахаар ирсэн. Усчин аврагчаар томилогдож ирээд 2019 оноос офицер болж, бүлгийн дарга болсон түүхтэй. Энэ хугацаанд 1000 гаруй удаагийн гамшиг, ослын дуудлагаар ажиллаж, 415 хүний амь насыг авран хамгаалсан байна.

-Анхны дуудлага хүн бүрт л сургамж, дадлага төдийгүй томоохон сорилт болдог юм шиг санагддаг?

-2006 онд Говьсүмбэр аймгийн Шивээ-Овоогийн уурхайн нууранд хүүхэд осолдсон гэсэн дуудлага анхных байсан. Манай алба чинь залгамж халаагаа ажлынхаа талбарт бэлтгэдэг том сургууль. Мөн олон улсын болон дотоодын сургалт, дадлагад тогтмол оролцдог. ОХУ, БНСУ-д мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсан. ОХУ-ын хамтарсан сургалтаар 2010 онд тус улсын аврагчтай хамтран Хөвсгөл далайд 53 м-т шумбалт хийсэн нь хамгийн гүн нь. Аврах ажиллагааны хувьд хамгийн гүн нь 2009 онд Био комбинатын хайрганы карьерын 18 м гүнд шумбаж, хоёр иргэний цогцсыг гаргаж байсан юм байна.

-Удирдан зохион байгуулна гэдэг маш их чадвар шаардах ажил. Таны арга барил юу вэ?

-Аврагчдаа маш сайн ойлгодог, дэмждэг байхыг хичээдэг. Аврагчдад учрах хүндрэлийг өөрөө мэдэрч байсан учраас хэцүү зүйлийг урьдчилан төлөвлөнө. Дарга гэхээс илүү зөвлөн туслагч, сайн хамтрагч байхыг илүүд үздэг.

-Дуудлага ирэх, газар орон дээр очих, аврах ажиллагаа явуулах гээд тус бүртээ л аврагч хүнд өөр, өөр мэдрэмж төрүүлдэг юм шиг…?

-Тэгэлгүй яахав. Гэхдээ сэтгэлзүйн бэлтгэлтэй байх хэрэгтэй. Дуудлага бүр амаргүй. Эрсдэлгүй амь насыг нь авран хамгаалж, ар гэрийнхэнд нь болоод холбогдох байгууллагад хүлээлгэн өгөх тэр мөч хамгийн сайхан. Урам, зориг авч, албандаа зүтгэх итгэл маань илүү нэмэгддэг. Олон хоногоор ажиллаж, эрэл мухардах, тухайн хүн нь амь насаа алдсан гээд эсрэгээрээ ар гэрт нь хэлж чадахгүй сэтгэл эмзэглүүлсэн дуудлага ч байна. Манай аймгаар Орхон, Туул, Эг, Сэлэнгэ гэсэн дөрвөн том гол урсдаг учраас усны дуудлага ихтэй. Өдөрт дараалан дөрвөөс таван дуудлагаар ажиллах ч тохиолдол байна.

-Аврагч надад итгэж болно гэдгээ яаж илэрхийлдэг вэ?

-Олон жил ажилласан, мэргэжлийн түвшинд сурч дадлагажиж байгаа алба хаагч гэдгээ үгээрээ гэхээс илүү үйлдлээрээ, аврах ажиллагаа явуулж байгаа чадвараараа л илэрхийлэхийг хичээдэг. Намайг, миний эд хөрөнгийг аварч чадна гэдэг нүдэндээ итгэлийн “цог” тээсэн иргэдийн сэтгэлийг алдах эрхгүй гэж боддог.

-Аврагчийн ур чадвараас гадна техник, тоног төхөөрөмж гээд шалтгаалдаг зүйлс олон…?

-Онцгой байдлын байгууллагын техникийн чадавх жилээс жилд нэмэгдэж, олон төрлийн тоног төхөрөөмжөөр хангагдаж байна. Мөн эрэн хайх, аврах ажиллагаанд эрэлч нохдын хамтаар үүрэг гүйцэтгэж байгаа. Машин, тэрэг явах боломжгүй газарт гарсан ой, хээрийн түймэрт морь бас ашиглаж байна. Ингэснээр цаг, хугацаа хэмнэх, алба хаагчдын ажлыг хөнгөвчлөх давуу талууд байна.

-Хүмүүс мэргэжлийн өвчин гээд л ярьдаг даа. Амраад явж байсан ч ажлаа хийж л байдаг, бусдад тусалж байдаг. Танд ч тийм зүйл тохиолдож байсан байх?

-Албаны бас ажлын онцлог байна. Амарч, аялж явахдаа, хөдөө, гадаа хувийн ажлаар явахдаа мэргэжлийн чиглэлээрээ заавар зөвлөгөө урьдчилан сэргийлэх ажил хийнэ. Хөдөө явж байгаад гурван иргэний аюулгүй байдлыг хангаж, эрсдэлээс хамгаалж байсан тохиолдол бий.

2017 онд өвлийн идэшээ бэлдэхээр аймаг руу явж байтал цас их орж, үзэгдэх орчин хязгаарлагдмал болсон. Гэтэл нэг машин хөдлөхгүй удаан зогсоод байхаар нь очтол бензин нь дуусчихсан, өөрсдөө осгох шахсан байдалтай байсан. Тэгээд машиныг нь Дашинчилэн сум руу чирж оруулж өгч байлаа.

-Албандаа өөрийгөө бүрэн зориулж, ард түмний аюулгүй байдлыг ханган авран хамгаалж яваа таны найдвартай ар тал гэр бүлтэй нь танилцмаар байна?

-Эхнэр, хоёр охины хамт амьдардаг. Миний хань Өвөрхангай аймгийн уугуул. Одоогоос 17 жилийн өмнө оюутан байхдаа танилцсан. Нүд хөмсөг болсон хүн бий. Анх хараад нүдэнд нь татагдаад дурлаж захиа өгч байлаа. Хоёр охин маань ерөнхий боловсролын сургуулийн сурагчид. Миний хань ч гэсэн энэ шагналын эзэн гэж бодож байгаа. Ар гэртээ санаа зоволгүй үүрэг гүйцэтгэх бүхий л боломжоор хангаж байдаг ханьдаа хайртай шүү.

-Эцэг, эхийнхээ ачийг та хэр хариулсан гэж боддог вэ?

-Булган аймгийн Орхон суманд төрсөн. Хангай, говь хосолсон сайхан нутаг. Аав, ээж маань малчин хүмүүс. Мал маллаж, Орхон голд сэлж өссөн дөө. Манай аавыг Н.Цолмон, ээжийг Г.Гэрэлтуяа гэдэг. Аав, ээжээ бүтэн нойртой сэтгэл санааг нь амар амгалан байлгах нь жаахан ч гэсэн ачийг нь хариулж байгаа болов уу гэж боддог.

-Хүний амьдралын утга учир өөрөө жаргал, зовлон ээлжлэх. Энэ нугачаанд л бүдэрчихгүй юмсан гэж хичээдэг нь “тэмцэл” ч юм шиг. Та амьдралын мөн чанарыг юу гэж ойлгодог вэ?

-Амьдрал тэр чигтээ тэмцэл байдаг байх. Жаргал, зовлон аль нь ч тохиолдож болно. Эр хүн туг ч барина, тугал ч хариулна гэдэг шиг миний амьдрал ч алдаа оноотой. Амьдралдаа үзэж харах, мэдрэх гээд бүхий зүйлийг туулж, бусдын адил л амьдарч байна. Зорилготой, хөдөлмөрч, ханьдаа түшигтэй, үр хүүхдээ зөв хүн болгож хүмүүжүүлэх нь чухал гэж бодож, түүндээ хүрэхсэн гэж зүтгэдэг дээ. Чөлөөт цаг гарвал гэр бүлийнхэнтэйгээ хамт цагийг өнгөрөөх, хүүхдүүддээ гоё дурсамж үлдээх дуртай.

-Хийж бүтээж, үзэж туулсны хэрээр дурсан санах, бахархан ярих зүйл олон болдог. Таны тухайд…?

-Мөр цэрэгцэн ажиллаж байгаа анд найз, ах, эгч, дүү нараараа бахархан ярих дуртай. Цаг хугацааг нь санахгүй байна. Сэлэнгэ аймагт ой, хээрийн түймэр унтраах ажиллагаанд явж байтал хүнс дуусаад хоёр хоног болдог юм. Тухайн үед миний төрсөн өдөр болж таараад. Би 06 дугаар сарын 19-нд төрсөн. Гэтэл хамт үүрэг гүйцэтгэж байсан найз маань хэрэмний махтай шөл хийж өгч, баяр хүргэж байлаа. Тухайн үедээ давирхай амтагдсан ч хөлс гараад ядаргаа тайлагдаж билээ. Бас л өвөрмөц төрсөн өдрийн бэлэг байсан шүү.

-16 сая төгрөг бага мөнгө биш. Тэр дундаа амьдралын төлөө зүтгэж байгаа залуу гэр бүлийн хувьд. Нууц биш бол шагналын мөнгөө юунд зарцуулахаа төлөвлөсөн үү?

-Алба хаагчдаа урам өгөх, нийгмийн баталгааг хангах, дэмжих, шинээр албанд орж байгаа залуусыг зорилготой болгож байгаа томоохон шагнал гэж харж байгаа. Цалингийн зээлээ багасгана даа. /инээв/

-Сар шинийн баяр болох нь. Ээлжтэй таарах тохиолдол олон биз?

-Тэгэлгүй яахав. Ард түмэн минь амар амгалан, тайван байгаасай л гэж залбирна даа. Гэр, гэрээсээ бууз, салатаа авч ирээд л тэмдэглэнэ. Уламжлалаа дагаад ахмад настай хүнтэйгээ золгодог.

-Баярлалаа танд. Авран хамгаалах ариун үйлсэд нь амжилт хүсье?

-Монгол Улсынхаа өнцөг, булан бүрт үүрэг гүйцэтгэж байгаа тангараг нэгт алба хаагчдадаа болон гэр бүлийнхэнд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Ирж буй бар жил хүн бүхнийг ивээлдээ авч, аз жаргал, амжилт, бүтээлээр дүүрэн байлгана гэдэгт итгэл дүүрэн байна.

Эх сурвалж: “Онцгой мэдээ” сонин


Сэтгэгдэл

Зочин [202.179.27.178] 2022-02-10 06:59:56

сайн байна хүнд хэцүү нөхцөлд ажилладаг хүмүүст өгөх нь зөв

Хэхэ [80.43.75.188] 2022-02-10 06:58:27

Санал нэг байна.

зочин [192.82.86.97] 2022-02-10 03:36:40

Үндсэн үүрэг нь шүү дээ. Тусалчихаад хоол унд,бензин гээд даалгаад байдаг юм билээ. Татварын мөнгөөр өөрсдийн хүссэн мэргэжилээрээ үүргээ биелүүлэхээр томилогдсон тэсгай хангалттай албан хаагчид баймаар. Телевизээр буруу замаар орж цбсбэд суусан бол төлбөр авна гээд онцгойгийн хүн ярьж байгаа нь ээ чааваас гэж санагдсан шүү. Генернл минь тангараг өргөсөн цэргийн хүмүүс шүү.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.