Суудлын галт тэргэнд үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлье!

Aдмин / Хууль

Тээврийн цагдаагийн албаны Төмөр зам дахь цагдаагийн газар нь гэмт хэргийн илрүүлэлт, шийдвэрлэлт 2019 онд 69.4 хувь, 2020 онд 85.7 хувьтай байсан бол 2021 онд хүн, хуулийн этгээдээс ирүүлсэн гэмт хэрэг, зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хуулийн анхны хугацаанд бүрэн шийдвэрлэж дуусгаснаар гэмт хэргийн илрүүлэлт 100%, эрүүгийн хэргийн шийдвэрлэлт 100% үр дүнтэй ажилласан.

Мөн хүн, хуулийн этгээдэд учирсан 84.1 сая төгрөгийн хохирлын 83.4 сая төгрөгийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд нөхөн төлүүлж хохирол нөхөн төлүүлэлт 99.1 хувьтай байна.

Тээврийн цагдаагийн албаны Төмөр зам дахь цагдаагийн газар нь төмөр замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, осол, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр Монгол Улсын Их Хурал, Засгийн газар, Хууль зүй дотоод хэргийн яам, Цагдаагийн ерөнхий газар, Тээврийн цагдаагийн албанаас баримталж буй бодлого шийдвэр, стратеги төлөвлөгөөнд нийцүүлэн хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргийн хүрээнд ажиллаж байна. Нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараар Төмөр зам дахь цагдаагийн газрын үйл ажиллагаа, суудлын галт тэргэнд үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр багц мэдээллийг бэлтгэн хүргэж байна.

Төмөр зам дахь цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Гүнчин-иш:

Төмөр зам дахь цагдаагийн газар Монгол Улсын Засгийн Газрын тогтоолоор төмөр замыг улсын онц чухал объектод тооцсон байдаг. Төмөр зам дахь цагдаагийн газар нь төмөр замын бүс, бүсэд, төмөр замаар тээвэрлэгдэж буй ачаа бараа, иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна. Жилдээ давхардсан тоогоор хоёр сая гаруй иргэн ямар нэгэн байдлаар төмөр замаар үйлчлүүлдэг гэсэн тооцоо судалгаа байдаг. Өнөөдрийн байдлаар дотооддоо таван галт тэрэг орон нутагт аялж байна. Давхардсан тоогоор 6000 гаруй иргэн зорчиж байна. Галт тэрэг байнгын хөдөлгөөнд байдаг объект учраас иргэдийн хувьд санамсар болгоомжгүй байдлаас болж унаж бэртэх тохиолдол байдаг. Тийм учраас бид хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган, иргэдийг гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирохоос урьдчилан сэргийлэн ажилладаг.

Галт тэрэг зогсох, саатуулах гэмт хэрэг, зөрчлийг бууруулах зорилгоор төмөр зам дагуу үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллага иргэдэд Монгол Улсын гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Төмөр замын тээврийн тухай хууль, Төмөр замын аюултай бүсийн дэглэмийн талаар сурталчлан таниулах, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Аюултай бүс ба зогсолт” арга хэмжээг Толгойтоос Амгалан өртөө хүртэл /390 км-н Нэгдүгээр зуутаас 414-р км-н нэгдүгээр зуут хүртэл/ зохион байгуулж байна.

Төмөр зам дахь цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч П.Отгонсүрэн:

Галт тэрэг нь өөрийнхөө ачаа, чирэх чингэлгээс инерцээс шалтгаалан зогсох зогсолт нь өөр байдаг. Хэрэв галт тэрэг ачаа хүндтэй явж байгаа тохиолдолд зогсохдоо 1200-800 метрт зогсоно. Учир нь хүнд ачаатай транзистор галт тэрэг бол тоормосоо гишгээд 1500 метрт зогсоно. Тийм учраас иргэд гарц гарамтай газраар гарах, гарц гарамгүй газраар явж байхад салхины чиглэлд галт тэрэгний дуу чимээ, дохио сонсогдохгүй. Галт тэрэг нь тээврийн хэрэгсэл шиг шууд тоормосоо гишгээд зогсдоггүй.

Тус цагдаагийн газар нь Монгол Улсын хууль тогтоомж, үндэсний хөтөлбөрүүд, аж ахуйн нэгж дээр гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж буй ажлыг эрчимжүүлж төмөр замчдын хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, төмөр замын хэмжээнд гарсан гэмт хэрэг, зөрчлийг бууруулах урьдчилан сэргийлэх чиглэлээр Цагдаагийн байгууллагын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын төлөвлөгөөтэй уялдуулан хэрэгжилтийг ханган ажилладаг.

Улаанбаатар төмөр замын Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан замын орлогч дарга Ш.Нямсүрэн:

Төмөр замын хэмжээнд Сүхбаатар болон Замын-Үүд гэсэн хоёр том хилийн өртөөдөд байдаг учраас хил, гааль дээр гарч байгаа зөрчил дутагдлыг бууруулах, ажилчдыг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийх ажлуудаа төлөвлөсөн байна. Мөн тээврийн үйл ажиллагаа явуулж байхад хулгайлах гэмт хэрэг үйлдэгдэх, эд зүйлсээ алдах, алдаатай гүйлгээ зэргийг шалган урьдчилан сэргийлэн зохион байгуулж байна.

Улаанбаатар төмөр замын дамжин өнгөрч байгаа ачааны галт тэрэг болон тээшний галт тэргийг ирэх явах үед галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж хэв журмын хамгаалалт зохион байгуулан ачаа тээшний бүрэн бүтэн байдлаа шалгаж сонор сэрэмжтэй зорчих, суудлын галт тэргэнд эд зүйлсээ хулгайд алдахаас урьдчилан сэргийлэх чиглэлээр талаар яриа таниулга тогтмол хийдэг бөгөөд нөхцөл байдлын талаарх мэдээллийг хүргэж байна.

Төмөр зам дахь цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч А.Отгонбаатар:

Улаанбаатараас Сүхбаатарын чиглэлд аялах 271 дүгээр галт тэргэнд үүрэг гүйцэтгэж байна. Нийт 14 галт тэргэнд 730 зорчигчтой аялж байна. Урин дулаан цаг эхэлсэн учир иргэд хөдөө орон нутаг руу аялж байгаа учир иргэд та бүхэн өөрийн эд зүйлсээ хараа хяналттай авч явж хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Үргэлжлэн Төв аймгийн Батсүмбэр сумын Мандал өртөөн дээрээс мэдээллийг бэлтгэлээ.

Багахангай өртөө буюу төмөр замын 499 дүгээр км-ын гармаас Төв аймгийн Батсүмбэр сум Мандал өртөө буюу төмөр замын 314 дүгээр км-ын гарам хүртэл 21 чиглэлд 33 алба хаагч Улаанбаатар төмөр замын хоёрдугаар ангитай хамтран төмөр замын аюултай бүсийн ойр орчимд мал малладаг 230 айл өрхөөр орж аюултай бүсийн ойролцоо малаа хариулгагүй орхихгүй байх, хориотой бүсийн хашилт, хамгаалалт эвдэх, торон хашаа таслах, төмөр замын аюултай бүсэд нэвтэрч галт тэрэгний хөдөлгөөнд саад учруулахгүй байх талаар сэрэмжлүүлэг өгч, учирч болзошгүй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэн ажиллаж байна.

Төмөр зам дахь цагдаагийн газрын Мандал өртөөн дэх цагдаагийн хэсгийн байцаагч, цагдаагийн ахлах ахлагч Г.Үнэнбат:

Тээврийн цагдаагийн албаны Төмөр зам дахь цагдаагийн газрын Мандал өртөөн дэх цагдаагийн хэлтэс нь хоёр алба хаагчтай. Улаанбаатар хотоос Дархан, Эрдэнэт, Сэлэнгэ аймаг руу чиглэн дайран өнгөрөх дөрвөн галт тэрэг, буцах чиглэлийн гурав нийт долоон галт тэрэг дайран өнгөрөхөд зорчигчдын аюулгүй байдлыг хангаж хулгайд эд зүйлсээ алдах, галт тэрэгнээс зүүгдэж буух, дайрагдахаас урьдчилан сэргийлэн ажилладаг. Оросын холбооны улс болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас тээвэрлэгдэж буй чингэлэг, ачаа тээш Мандал өртөөнд ирж зогсолт хийх үед ачааны аюулгүй байдлыг ханган лац ломбыг шалган, хамгаалалт тавин ажиллаж байна.

Монгол Улсын Засгийн газар, Монгол Улсын онцгой комиссын шийдвэрээр зорчигчийн галт тэрэг аялах болсонтой холбогдуулан алба хаагчид 24-48 цагаар, төмөр замын 13 өртөө, зангилаанд цагийн менежментээр, Зорчигч тээврийн төв буудлын болон тасалбар худалдаалах төвийн жижүүрт , явган эргүүлийн чиглэлд, орон нутгийн тээшний галт тэрэг ирэх, явах үед , эрүүлжүүлэх байранд алба хаагчид 8-24 цагаар тус тус үүрэг гүйцэтгэж галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, төмөр замын бүсэд нийтийн хэв журам сахиулах, хориглосон ачаа бараа байгаа эсэхэд хяналт тавьж, эрүүлжүүлэгдсэн иргэдийн аюулгүй байдлыг хангах, галт тэргээр зорчиж байгаа иргэдийн амь, нас, эрүүл мэндэд хохирол учрахаас урьдчилан сэргийлэх, эд зүйл, ачаа тээш алга болох, хулгайд алдахаас урьдчилан сэргийлж байна.

Төмөр зам дахь цагдаагийн газрын Эмэгтэйчүүдийн эрүүлжүүлэх байрны эмч, цагдаагийн ахмад Ш.Мөнхжих:

Энэ оны 4 дүгээр сарын байдлаар 1776 иргэн эрүүлжүүлэгдсэн байна. 2020 онд 6600, 2021 онд 5400 иргэн эрүүлжүүлэгдсэн бөгөөд иргэдийн зөрчил гомдол нь 56.6 хувтай. Ар гэртээ архидан согтуурч агсам тавьсан дуудлага нь 68.6 хувьтай. 15-70 насны эмэгтэйчүүд эрүүлжүүлэгдэж байгаа бөгөөд үүнээс 16-25 насны эмэгтэйчүүд 50 хувийг нь эзэлж байна. Архи согтууруулах ундааны зүйлсийг хэтрүүлэн хэрэглэснээс болж гэмт хэрэг, зөрчилд холбогдож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэн, хүний амь нас хохирч байгаа учраас архи согтууруулах ундааны зүйлээс аль болох татгалзах, хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Иргэд, тээврийн хэрэгслийн жолооч та бүхэн галт тэрэгний хөдөлгөөнөөс болгоомжилж төмөр замын гармаар нэвтрэн гарахдаа анхаарал болгоомжтой зорчих, суудлын галт тэргэнд зорчиж байгаа тохиолдолд эд зүйлсээ хулгайд алдахаас урьдчилан сэргийлэх, галт тэрэг хөдлөх гэж байгаа тохиолдолд анхааруулах дохиог сонсож, аюулгүйн шар зурааснаас илүүтэй хэтрэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын сайд нарын Зөвлөлийн тогтоолоор цэргийн гарамгай 11 зүтгэлтэнд 1944 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр генерал хэмээх цэргийн дээд цол олгосон түүхтэй. Тухайн үеэс хойш буюу жил бүрийн энэ өдрийг “Генералуудын өдөр” болгон тэмдэглэж ирсний 78 жилийн ойн өдөр тун удахгүй тохиох гэж байна.

Цагдаагийн ерөнхий газрын бригадын генерал Т.Хүрэлбаатар:

Энэ ажлын хүрээнд “Монгол Генерал” ТББ-аас нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд эх орноо хайрлах, бахархах, эх оронч үзлээр хүмүүжүүлэхэд чиглэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна. Монгол Улсын хамгийн үнэт зүйл нь хүн өөрөө учраас хүмүүс эх орноо хайрлах, бахархах нь чухал учраас яриа ухуулга хийж байна.

“Генералуудын өдөр” болох гэж байгаатай холбогдуулан цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагад ажиллаж байгаа болон гавьяаныхаа амралтад гарсан эрхэм хүндэт генералууд нийслэл хотын ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад “Эх орноороо бахархъя” сэдэвт сургалтыг зохион байгуулж байна.

Нийслэлийн ерөнхий боловсролын 153 дугаар сургуулийн сургалтын менежер А.Цогтбаатар:

Манай сургууль нь 2100 гаруй сурагчтай бөгөөд Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны хүүхдүүд суралцдаг. Өнөөдөр бригадын генерал Т.Хүрэлбаатар хүрэлцэн ирж ахлах ангийн хүүхдүүдэд маань сургалт орж байна. Нийт хүүхдүүд маань хүндэтгэлтэйгээр хүлээн авсан.

Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч Б.Ариунтөгс:

Тус хэлтсээс хариуцсан дүүргийн ерөнхий боловсролын таван сургуулийн 100 сурагчид “Эх орноороо бахархъя” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Сургалтаар залуу үеийн хүүхдүүдэд эх орноо хайрлах, эх орон бидэнд ямар үнэ цэнээр үлдсэн гэх мэдлэг олгосон.

Тус сургалтыг зохион байгуулснаар өсвөр үеийнхэнд өдөр бүр эх орноороо бахархдаг, эх түүхээ хүндэлдэг мэддэг, ирээдүйн сайханд тэмүүлдэг иргэн болгох ач холбогдолтой юм.

Улсын хэмжээнд залилах гэмт хэрэг энэ оны эхний гуравдугаар сарын байдлаар 3768 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 2.8 дахин өссөн үзүүлэлттэй байна. Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсээс залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хэргийн илрүүлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр хэсэгчилсэн арга хэмжээг холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгуулж байна.

Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Ц.Хандсүрэн:

Арга хэмжээний хүрээнд барилгын материалаар бартер хийх болон гэрээний нөхцөлөөр халхавч хийж залилах гэмт хэрэг ихээр бүртгэгдэж байгаатай холбогдуулан Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсээс хариуцсан хороодын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг нотариат болон үйл хөдлөх хөрөнгө зуучлалын байгууллагуудтай хамтарсан зөвлөгөөнийг зохион байгууллаа. Иймд иргэд та бүхэн бараа материал болон гэрээний нөхцөлөөр халхавч хийх залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Арга хэмжээг сурталчлан ажиллах эдгээр өдрүүдэд тус дүүрэгт их хэмжээний хохиролтой үнэт эд зүйлс хулгайд алдагдсан бөгөөд Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн алба хаагчид хулгай хийсэн этгээдийг шуурхай илрүүллээ.

Холбогдогч:

Үзэсгэлэн худалдаа болж байхад шатрын морь хулгайлсан.

Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч С.Эрдэнэбаатар:

2022 оны дөрөвдүгээр сарын 17-нд “Мишээл экспо” төвд үнэт эдлэлийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдсан. Дөрөвдүгээр сарын 17-ны өдөр “Үзэсгэлэн худалдаан дээрээс эд зүйлс алдлаа” гэсэн дуудлага мэдээллийн дагуу Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн шуурхай ажиллаж 59 настай “Н” үйлдсэн болохыг олж тогтоон, хулгайлагдсан эд зүйлсийг эд мөрийн баримтаар хураан авч, хохирогчид хүлээлгэн өгч шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна. Иймд иргэд та бүхэн олон нийтийн газраар явахдаа өөрсдийн эд зүйлийг анхаарал болгоомжтой авч явж гэмт хэрэгт өртөх хохирохоос урьдчилан сэргийлээрэй.


Сэтгэгдэл

Зочин [148.60.92.227] 2022-04-26 10:13:38

engiin hybzastai chagdaagiin salgaltaa bainga hiij hotoos aimag symdiin bolon ereen hyatadiin zamiin dagyy hatyy hyanaltaan gargaj baih ni ylas ornii emne tylgamdsan hyyli erhiin ajil syy!!!


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.