Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар таван асуудал хэлэлцлээ

Aдмин / Хууль

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2022.04.26) хуралдаан 13 цаг 15 минутад 58., хувийн ирцтэй эхэлж, таван асуудал хэлэлцлээ.

Монгол Улсын 2022 оны төсвийн тодотголын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явууллаа

Хуралдааны эхэнд Монгол Улсын Засгийн газраас 2022 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв.

Хуулийн төслийн талаар Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа танилцууллаа.

Дэлхий нийтийг хамарсан халдварт цар тахлын эрсдэлийг даван туулахын тулд Монгол Улсын Засгийн газар санхүү, төсвийн бүхий л боломжит нөөцөө дайчилж иргэдийнхээ эрүүл мэнд, орлогыг хамгаалах, аж ахуйн нэгжүүдийг дэмжих, эдийн засгаа идэвхжүүлэх арга хэмжээг цогцоор нь авч хэрэгжүүлж ирлээ. Үүнээс гадна ОХУ болон Украин улсын хооронд үүсээд буй нөхцөл байдлаас шалтгаалан 2022 оны төсвийн орлого тасалдах, зайлшгүй шаардлагатай зардлыг дахин хуваарилах нөхцөл байдал үүсээд байна. Монгол Улсын Засгийн газарт уг асуудлыг нэн яаралтай шийдвэрлэн төсвийн хэмнэлтийн чиглэлээр тодорхой шийдлийг дотоод нөөц бололцоогоо дайчлан яаралтай боловсруулж, үе шаттай авч хэрэгжүүлэн ажиллах шаардлага үүссэн. Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас хүнсний хомстол, үнийн өсөлтөөс сэргийлэх, иргэдийн орлого, ажлын байрыг хамгаалах, нийгмийн баталгааг сайжруулах, цэцэрлэгийн хүртээмж зэрэг нийгмийн тулгамдсан асуудлуудыг үе шаттай шийдвэрлэхээр Төсвийн тодотголын төслийг боловсруулсан гэдгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд танилцуулгадаа дурдсан юм.

Хуулийн төсөлд,

- Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хувийн цэцэрлэгт олгох хувьсах зардлын хэмжээг 2 дахин нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлж, 2022-2023 оны хичээлийн жилд хүүхэд сугалаагаар цэцэрлэгт элсдэг явдлыг зогсоох;

- Нэг сая болон түүнээс доош хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлоготой даатгуулагчдад бодит дэмжлэг үзүүлэх үүднээс 2022 оны 5-12 дугаар сард Нийгмийн даатгалын шимтгэлээ өөрөө хариуцан төлсөн даатгуулагчийн шимтгэлийн 50 хувийг буцаан олгох эрх зүйн зохицуулалтыг бий болгох;

- Нийтлэг төрийн үйлчилгээний ажилтнуудын цалингийн шатлалыг нэмэгдүүлэх,

- Ирээдүй өв санд төвлөрсөн хүүхдийн хуримтлалыг хүүхдийн эцэг эх, хууль ёсны асран хамгаалагчийн хүсэлтийн дагуу 2022 оныг дуустал хүүхдийн 100 мянган төгрөгийг мөнгөн хэлбэрээр үргэлжлүүлэн олгох;

- Дотоодын хүнсний үйлдвэрлэлийг дэмжих хөнгөлөлттэй зээл олгож, импортын гол нэрийн хүнсний бүтээгдэхүүн цагаан будаа, элсэн чихэр, ургамлын тосыг 2022 он дуустал хугацаанд импортын гаалийн албан татвараас чөлөөлөх;

- Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн үр ашиг, засаглалыг сайжруулж, олон нийтийн шууд хяналтад оруулах төрийн өмчит компанийн бүтцийн өөрчлөлтийн шинэчлэлийг эхлүүлэх;

- Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай амьдарч, бизнес эрхлэх таатай нөхцөлийг үе шаттай бүрдүүлэх үүднээс 3 хувийн ипотекийн зээлийг урьдчилгаа төлбөрийн таатай нөхцөлөөр олгож, хөдөө орон нутагт бизнес эрхлэхэд эргэлтийн хөрөнгийн хөнгөлөлттэй зээл, татварын ялгавартай бодлогоор дэмжих зэрэг зохицуулалт тусгагдсан байна.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн П.Анужин, С.Чинзориг, Б.Жаргалмаа, Б.Саранчимэг, Д.Сарангэрэл, Ч.Ундрам, Ц.Идэрбат, Ц.Сандаг-Очир, М.Оюунчимэг нар асуулт асууж, үг хэлж, байр сууриа илэрхийлэв.

Гишүүдийн зүгээс төрийн үйлчилгээний 20 гаруй мянган хүмүүсийн цалин буурсан асуудлыг төсвийн тодотголын хүрээнд шийдвэрлэсэн эсэхийг тодруулсан. Мөн ажилгүй, орлогогүй иргэдийг хэрхэн дэмжих, нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг буцаан олголтыг хэрхэн олгох талаар асуув.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа хариултдаа, төрийн үйлчилгээний ажилчдын цалин, урамшууллын асуудлыг тодотголоор шийдвэрлэхээр тусгасан. Нийгмийн даатгалын буцаан олголтын хувьд нэг сая ба түүнээс доош төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл ногдуулах сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос албан журмаар болон сайн дураар даатгуулсан даатгуулагчид өөрийнх нь 2022 оны 5-12 дугаар сард хариуцан төлсөн тэтгэврийн, тэтгэмжийн, ажилгүйдлийн, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийн 50 хувийг сар бүр буцаан олгохоор тусгасан. Энэ бол эдийн засгийн хүндрэлтэй нөхцөлд бага орлоготой иргэдийг хамгаалах богино хугацаатай бодлогын арга хэмжээ юм. Нийгмийн даатгалын шимтгэлийн буцаан олголтыг улсын төсвөөс гаргах учраас даатгуулагчийн шимтгэлийн хөнгөлөх, чөлөөлөх, огт авахгүй байх боломжгүй. Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар хөдөлмөрийн насны 1.8 сая иргэн байна. Үүнээс нийгмийн даатгалд 1.2 сая иргэн хамрагддаг. Хөгжлийн бэрхшээлтэй 106 мянган иргэн, 305 мянган малчин, албан бус секторт ажилладаг 210 мянган иргэн, 150 мянга гаруй оюутан, ажилгүй 100 мянган иргэн бий. Ингээд тооцвол 650 орчим мянган иргэн нийгмийн даатгалд хамрагдаагүй хөдөлмөрийн насны хүн байна. Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд аж ахуйн нэгжүүдээ дэмжиж байгаа. Мөн салбарын яамнаас 18-34 насны залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих “Оролцоо” төслийг хэрэгжүүлдэг. Энэ төслийн хүрээнд залуучуудыг хоёр долоо хоногийн хугацаанд вакумжуулсан сургалтад хамруулж, үйлдвэрлэлийн дадлага хийсний дараагаар нээлттэй ажлын байранд зуучлан оруулдаг гэдгийг тодотгов.

Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг, Ч.Ундрам нар татварын бааз суурийг нэмэгдүүлэхэд анхаарах, ялангуяа электрон тамхинаас онцгой албан татвар авах шаардлагатай гэсэн саналыг хэлж байлаа. Мөн Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг, Б.Жаргалмаа, Д.Сарангэрэл, Ц.Сандаг-Очир нар төсвийн тодотголын төсөлд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажлын байрыг нэмэгдүүлэх, өрхийн эрүүл мэндийн төвүүдийн тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалтыг нэмэх, хүүхэд хамгаалал, эрүүл мэнд, боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг хасахгүй байх хэрэгтэйг сануулав.

2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 15.5 их наяд төгрөг буюу ДНБ-ий 33.3 хувь, нийт зарлагын хэмжээг 17.9 их наяд төгрөг буюу 38.4 хувь, төсвийн алдагдлыг 2.4 их наяд төгрөг буюу ДНБ-ий 5.1 хувь байхаар төлөвлөсөн. Бүх хөрөнгө оруулалтыг дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөр тасалбар болгож, гэрээ байгуулаагүй, үйл ажиллагаа эхлээгүй ажлуудын хөрөнгө оруулалтыг хассан. Энэ онд ашиглалтад орох төсөл, арга хэмжээний санхүүжилтийг хэвээр үлдээж, тэвчиж болох 91 төслийн санхүүжилтийг хасахаар төсөлд тусгасан. Харин эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбарын урсгал зардлаас хасаагүй гэдгийг Сангийн дэд сайд хэллээ.

Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа танилцуулахаар тогтов.

Төрийн хэмнэлтийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Үргэлжлүүлэн Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төрийн хэмнэлтийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т “Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэнэ.” гэж заасны дагуу Төрийн хэмнэлтийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан юм.

Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайхан, Ж.Чинбүрэн, Д.Сарангэрэл нар асуулт асууж, хариулт авсан.

Төрийн хэмнэлтийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулав.

Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг хуулийн төслийн 3 дугаар зүйлээс “3.1.5.Монголбанк /Төв/ банк;” гэж заасныг хасах, Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир төслийн 5 дугаар зүйлийн “5.1.Хуульд тусгайлан заагаагүй бол төрийн тусгай чиг үүрэг хэрэгжүүлдэг Засгийн газрын агентлаг,” гэсний дараа “эрүүл мэндийн байгууллага” гэж нэмэх, 6 дугаар зүйлийн “6.2.Аймаг, нийслэлийн” гэсний дараа “дүүргийн” гэж нэмэх, мөн зүйлийн “6.2.Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, аймгийн Засаг дарга сум, дүүргийн Засаг даргаас бусад этгээд албан тушаалын суудлын жижиг автомашин ашиглахыг хориглоно” гэснээс “жижиг” гэдгийг хасах, мөн Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг, Ц.Сандаг-Очир, М.Оюунчимэг нарын гаргасан хуулийн төслийн 13 дугаар зүйлийн “13.1.1.батлагдсан төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг жил бүрийн 3 дугаар сарын 31-ний өдрийн дотор бүрэн дуусгах;” гэснийг “5 дугаар сарын 31-ний өдрийн дотор” гэж өөрчлөх зарчмын зөрүүтэй саналуудыг хуралдаанд оролцсон гишүүд олонхын саналаар дэмжлээ.

Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд шилжүүлэхээр тогтлоо.

Нийгмийн даатгалын шимтгэлээ өөрөө хариуцан төлсөн зарим даатгуулагчийн шимтгэлийн 50 хувийг буцаан олгох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Дараа нь үргэлжлүүлэн Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын шимтгэлээ өөрөө хариуцан төлсөн зарим даатгуулагчийн шимтгэлийн 50 хувийг буцаан олгох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу хуулийн төслийг зүйл бүрээр нь хэлэлцсэн бөгөөд санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.

Нийгмийн даатгалын болон Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцлээ

Нийгмийн даатгалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн дарга, гишүүдийг талуудын санал болгосноор Улсын Их Хурал нэр дэвшигчийн сонсгол хийж, 6 жилийн хугацаагаар томилно гэж заасан.

Үүний дагуу Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнд Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос нэр дэвшүүлсэн МҮЭХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Х.Буянжаргал, Монголын Төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Баяраа, ажил олгогчийг төлөөлсөн гишүүнд Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооноос нэр дэвшүүлсэн “Траст трейд” ХХК-ийн гүйцэтгэх захирал Р.Сансармаа нарын нэр дэвшигчийн сонсголыг Нийгмийн бодлогын байнгын хорооноос Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 125 дугаар зүйл, Улсын Их Хурлын хяналт, шалгалтын тухай хуулийн 31 дүгээр зүйлд тус тус заасны дагуу 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр зохион байгуулсныг Байнгын хорооны дарга М.Оюунчимэг танилцууллаа.

Мөн Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонсголын тайлан болон хараат бус шинжээчийн дүгнэлтийг уншиж танилцуулсан юм.

Ингээд санал хураалт явуулахад Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнд Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос нэр дэвшүүлсэн МҮЭХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Х.Буянжаргалыг 56 хувийн саналаар, ажил олгогчийг төлөөлсөн гишүүнд Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооноос нэр дэвшүүлсэн “Траст трейд” ХХК-ийн гүйцэтгэх захирал Р.Сансармааг томилохыг хуралдаанд оролцсон гишүүдийн 56 хувийн саналаар тус тус дэмжлээ. Харин даатгуулагчийг төлөөлсөн гишүүнд Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос нэр дэвшүүлсэн Монголын Төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Баярааг томилохыг гишүүдийн олонх дэмжсэнгүй.

Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг томилохыг Байнгын хорооны гишүүдийн олонх дэмжсэн тул Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн ажил олгогчийг төлөөлсөн гишүүн Х.Ганбаатар, даатгуулагчийг төлөөлсөн гишүүн Т.Батзул нар чөлөөлөгдлөө.

“Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг танилцуулна.

Байнгын хорооны хуралдаанаар үргэлжлүүлэн Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцэв.

Тус зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнд Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга З.Цогтгэрэл, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны Ерөнхий зөвлөлийн тэргүүлэгч гишүүн Ч.Нарантуяа нарыг тус тус нэр дэвшүүлсэн.

Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонсголын тайланг Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат уншиж, танилцуулав.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 141.3 дахь хэсэгт Үндэсний зөвлөлийн дарга, дэд дарга, гишүүнийг талуудын санал болгосноор Улсын Их Хурал нэр дэвшигчийн сонсгол хийж таван жилийн хугацаагаар томилж, чөлөөлөх бөгөөд нэг удаа улируулан томилж болно гэж заасан.

Нийгмийн бодлогын байнгын хорооноос Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 125 дугаар зүйл, Улсын Их Хурлын хяналт, шалгалтын тухай хуулийн 31 дүгээр зүйлд тус тус заасны дагуу Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүний нэр дэвшигчийн сонсголыг 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр зохион байгуулсан юм.

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнд Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос нэр дэвшүүлсэн З.Цогтгэрэл, З.Нарантуяа нарыг томилохыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй.

Байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен танилцуулахаар тогтсоноор хуралдаан өндөрлөлөө хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.