СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зам тээврийн ослын улмаас энэ долоо хоногт 10 хүний амь хохирсон байна

Aдмин / Хууль

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төвд энэ сарын 25-29-ний өдрүүдэд нийт 1364 дуудлага мэдээлэл хүлээн авчээ. Үүнээс зам тээврийн ослын шинжтэй 1060 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 47 хүн гэмтэж бэртсэний 14 нийслэлд, 37 орон нутагт бүртгэгдсэн бол ослын улмаас 10 хүний амь хохирсон байна.

Энэ долоо хоногт хүүхэд өртсөн 7 осол бүртгэгдэж 7 хүүхэд гэмтсэн байна.

Дээрх осолд өртсөн хүүхдүүдийн 6 явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцсон бол 1 зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцсон байна. Насны хувьд 6-15 насныхан байна.

Эцэг эхчүүд хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах, явган зорчигч хэлбэрээр бие даан хөдөлгөөнд оролцох үедээ явган хүний гарцаар, тээврийн хэрэгслийг бүрэн гүйцэд зогссоны дараа аюулгүй байдлаа хангаж зам хөндлөн гарах, замын хөдөлгөөнд зөв оролцох дадлыг хэвшүүлэх шаардлагатай байна.

Тээврийн хэрэгслийн жолооч та бүхэн “Явган хүний гарцын өмнө тээврийн хэрэгсэл зогссон буюу хурдаа хасаж байвал зэрэгцээ эгнээнд араас нь ирсэн жолооч мөн хурдаа хасах буюу зогсож, Замын хөдөлгөөний дүрмийн 16.1, 16.2-т заасныг баримталж хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ” гэсэн заалтыг баримталж хөдөлгөөндөө соёлтой оролцоно уу.

Тээврийн цагдаагийн албанаас “Зөвийг хэвшүүлье” уриалгын хүрээнд мотоцикл, унадаг дугуй болон дугуйт тэшүүр, дугуйт хавтан болон түүнтэй ижил төстэй, биеийн тамир, спорт, тоглоомын зориулалттай хэрэгслээр хөдөлгөөнд оролцох зэргээс гарч байгаа осол зөрчлийг бууруулах, замын хөдөлгөөнд оролцох зөв дадал хэвшлийг суулгах, хамгаалах малгайн хэрэглээг нэмэгдүүлэх, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд зорилгоор “ХАМГААЛАХ МАЛГАЙ” арга хэмжээ зохион байгуулж байна.

Хамгаалах малгай арга хэмжээний гол зорилго нь мотоцикл, мопед, унадаг дугуйтай хөдөлгөөнд оролцогч нарт замын хөдөлгөөнд оролцох зөв дадал хэвшлийг суулгах, хамгаалах малгайн хэрэглээг нэмэгдүүлэх, зам тээврийн осолд өртөх, зам тээврийн гэмт хэргийг бууруулахад оршино.

Мотоциклтой зам тээврийн осол, хэргийн гол шалтгаан нь хурд хэтрүүлж онхолдох, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцох, бүрэн бус тээврийн хэрэгсэл унаж, ашиглах, үл хөдлөх зүйл мөргөх зэргээр үйлдэгдсэн бол хамгаалах малгай хэрэглээгүй улмаас толгойндоо гэмтэл авах, ууц нуруу, гар хөл нь хугарах зэргээр амь нас, эрүүл мэндээрээ хохирсон байна.

Гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 466 зөрчил бүртгэгдсэний нийслэлд 365 орон нутагт 101 зөрчлийг тус тус илрүүлжээ.

Архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн бол тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллагаа анхааруулж байна.

Орон нутгийн замд хөдөлгөөнд оролцох үедээ автомашины бүрэн бүтэн байдал, шатахуун, тослох материал, дулаан хувцас, хүнсээ хангаж, цаг агаар, зам орчныхоо нөхцөл байдалд хурдаа зөв тохируулж хөдөлгөөнд оролцохоос гадна архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.