Б.Янжинлхам: Ардчилал бидэнд чөлөөтэй амьдрах боломж нээсэн

Aдмин / Нүүр

БНМАУ-ын Улсын төлөвлөгөөний комисс, гадаад харилцааны хэлтэс, Москва дахь Эдийн засгийн харилцан туслалцах зөвлөлийн нарийн бичгийн дарга нарын нэгдсэн төлөвлөгөөний хэлтсийн эксперт, ЗХУ-ын ШСО-ны даргын туслах, Монголын Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийн холбооны анхны дэд тэргүүн, Бүгд Найрамдах намын Ерөнхий Зөвлөлийн анхны гишүүн, өдгөө 80 настай Б.Янжинлхам гуай түүхийн амьд сурвалж.

1990 оны ардчилсан хувьсгалд идэвхийлэн оролцож, төр нийгмийн нэрт зүтгэлтэн, Монголын Ардчилсан Холбооны Ерөнхий зохицуулагч, ДБХ-ийн сайд асан С. Зориг агсантай ойр шадарлан ажиллаж, цаг үеийнхээ түүчээ болсон хүн юм. Эдийн засаг, олон улсын харилцааны мэргэжилтэн тэрвээр социализмын он жилүүд, ардчилсан хувьсгалын түүх, улс орны нийгэм эдийн засгийн нөхцөл байдлыг огтхон ч ажралгүй тоочин ярих нь бахархмаар.

Жуковын музейн арын орон сууцны хороолол дунд сондгой ягаан байранд амьдрах эрхмийг ардчиллынхан үйл хэрэг, нэр алдар, хийсэн бүтээснээр нь андахгүй.

“Ардчиллын дурсамжийн сан” төсөлд өгсөн ярилцлагадаа:

1990 оны ардчилсан хувьсгал эхэлсэн түүхээс

...1980 оны сүүлчээр ЗХУд сургууль төгссөн сэхээтнүүд шинэчлэлийг сонор соргог хүлээж авсан. Би Зөвлөлтийн Шинжлэх ухаан соёлын ордны даргын туслах учраас хамт ажилладаг хүмүүсээс мэдээлэл авч байсан. 1989 залуу уран бүтээлчдийн чуулганд тэр үеийн шилдэг залуучууд цуглаж, монголд шинэчлэл хийх нь зүйтэй гэсэн санаагаар нэгдсэн. 1990 гарах үед тэдгээр залуучууд Монголын Ардчилсан Холбоог байгуулан, Ерөнхий зохицуулагчаар Санжаасүрэнгийн Зоригийг сонгосон. Энэ үеэр эдийн засаг, нийгмийн сэтгэлгээ гүнзгий өөрчлөгдөн МАХН-ын онц их хурал шинэчлэлийн талаар тодорхой шийдвэр гаргах болов уу? гэх хүлээлт нийт ард түмэн ялангуяа сэхээтнүүдийн дунд байсан ч талаар өнгөрсөн. 1990 оны 3р сарын 8, 9-нд МоАХ-ны залуучууд өлсгөлөн зарлав. Би тэгэхэд Баянгол дүүргийн 6-р хороонд амьдарч байлаа. Хорооны их эмч Шагдарын Нина үр хүүхдийнхээ сайн сайхан ирээдүйн төлөө өлсгөлөнд оролцсон. Улаанбаатар хотын прокурорын газар ажиллаж байсан Дорлигжав, хуульч Галсандорж нарын зэрэг хүмүүсээс ардчилсан хувьсгалын талаар тодорхой ойлголт авч Монголын Ардчилсан Холбоог дэмжин, Октябрийн районы салбар зөвлөлд элсэн түүнээс хойших бүх жагсаал цуглаан, хурал зөвөлгөөнд оролцсон. 1990 онд МАХН-ын гишүүнээс албан ёсоор татгалзсан.

Санжаасүрэнгийн Зориг агсантай ойр ажиллах болсон үе

1991 оны 6-р сард Монголын Ардчилсан Холбооны 2-р их хуралаар С.Зоригийг Ерөнхий зохицуулагчаар улираан сонгосон юм. 1991 оны 8-р сарын 15-нд МоАХны ээлжит бус Их Хурал болж, С.Зориг Бүгд Найрамдах Нам байгуулах мэдэгдэлдээ “...МАХН-ын өрсөлдөгч МоАН, МҮДН Засгийн газарт орсон нь зах зээл, чөлөөт эдийн засгийг хөгжүүлэх, нийгмийн ардчилалтай тууштай тэмцэх боломжийг багасгасан. Засгийн газрын бодлого нь Монголын хөрсөнд ардчилал буух нөхцөл бүрдээгүй байхад буруу ойлголт өгсөн нь зах зээл, ардчиллынхаа эзэн байхаас ард түмэн татгалзахад хүргэх аюултай” гэж хэлсэн билээ. Бүгд Найрамдах байгуулснаас хойш С. Зориг тунхаг бичиж,1992 онд БН, ЧХН, МоАХ-ны Иргэний жигүүртэй хамтран Нэгдсэн нам байгуулж мөн 10р сард ардчиллын төлөөх намууд нэгдэн Монголын Үндэсний Ардчилсан намыг үүсгэн миний бие Дүрмийн хорооны гишүүнээр сонгогдож байлаа.

Ардчиллыг хөгжүүлэх, олон намын тогтолцоог биежүүлэх энэ үеэс эхлээд С.Зоригтой намын үйл хэрэгт идэвхтэй хамтран ажилласан юм.

Санжаасүрэнгийн Зориг 1962 оны 4-р сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн. Арван жилийн дунд сургууль төгсөөд ЗХУ, Москвагийн Ломоносовын нэрэмжит Их Сургуулийн философийн ангийг шинжлэх ухааны коммунизмын мэргэжлээр төгсөж, 1985 оноос Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн Улаанбаатарын хороонд зааварлагч, МУИС-ийн багшаар ажиллаж байсан. С.Зориг хуучнаас шинийг олж хардаг авъяаслаг нэгэн гэдэг нь оюутнуудад номоор бус өөрийн төлөвшсөн мэдлэг оюун, үзэл бодлын дагуу хичээл зааж, өөрчлөлт шинэчлэлтийн тодорхой ойлголтууд өгдөг байсан. 1990 онд АИХ-ын депутат, 1992 1998 он хүртэл Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажилласан. 1996 онд “Ардчилсан холбоо эвсэл”-ээс сонгогдон УИХ-ын ТББХ, ГХАББХ-ны дарга, 1998 оны 5-р сараас Монгол Улсын Дэд бүтцийн яамны сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажиллах хугацаанд нь бид эдийн засгийн талаар санал солилцдог байв. Дэд бүтцийн яам гадаадын хөрөнгө оруулалт татдаг чухал салбар байсан учраас С.Зориг ихээхэн хүч хөдөлмөр гарган “Эгийн голын цахилгаан станцын төсөл”-ийг анхааралдаа авч Герман улсад албан айлчлал хийх замдаа Чехээр дайрч, уг төсөл дээр ажиллах Чехийн компани улсын бүртгэлд нь байхгүй гэдгийг мэдсэн. Энэхүү төсөл ашиг сонирхлын зөрчилтэй байх магадлалтай байдаг. 1998 оны намар Монгол Улсаас Япон Улсад суугаа элчин сайдтай утсаар ярьж, зүүн хойд Азийн цахилгаан эрчим хүчний сүлжээ байгуулан монголыг нэгтгэх асуудлыг хүчтэй тавьсан. Ийнхүү Монгол Улсын эдийн засгийн хамгийн чухал салбар дээр амжилттай ажилласан гэж би үздэг.
Иргэний нийгмийн шинэ төлөвшлийг МоАХ авч ирсэн

Иргэний нийгмийн шинэ төлөвшилд МоАХ үнэтэй хувь нэмэр оруулсан юм. Монголын Ардчилсан Холбоо нэг намын дарангуйллыг буруушааж, ард түмэн тэгш эрхтэй, амьдралынхаа төлөө тэмцэх ёстой гэдгийг ухамсарлуулж чадсан.
Монголын Ардчилсан Холбооны хөгжлийн үе шатыг харахад төрийн бус байгууллагуудаас хүний эрх, эрх чөлөөний төлөө тууштай тэмцдэг ганц байгууллага.

1990 оноос өмнө МАХН-ын бүгд хурлаас гарсан шийдвэрийг л ард түмэн биелүүлэх үүрэгтэй, үзэл бодол боогдмол, сэхээтнүүд улс орныг хөгжүүлэх тодорхой санал гаргах эрхгүй, МАХН-ын зүгээс дарамт үзүүлдэг ч хүн болгон өөрчлөлт хийхийг хүсдэг нь илт байв. МоАХ-ны үйл ажиллагааг дэмжээд ирэхээр ойр дотны хүмүүс маань их болгоомжилж, чи МАХН-ын хүчээр мэргэжил эзэмшиж, ирээдүйдтэй ажил эрхлэдэг байж яахаараа Ардчилсан Холбоог дэмжээд байдаг юм бэ? гэх хандлага гарч байсан ч бид өөрийн авъяас чадвараараа дуртай ажлаа хийх, чөлөөтэй сайхан амьдрах ёстой гэдгийг ухуулж ярина.
Чөлөөт зах зээлийн ойлголтгүй ард түмэнд хувьчлалын бичиг тараагаад, тэрийгээ яаж хэрэглэхийг ч заагаагүй. Эдийн засгийн шилжилтийн маш хүнд үеийг бид туулсан.

Ардчиллын үнэт зүйлс

Хүний эрх, эрх чөлөө, тэгш эрх, дуртай мэргэжлээ сонгох, чөлөөтэй байх, нүүдэлчдийн соёл уламжлал, урлаг, энхтайванч бодлого, экологийн аюулгүй байдал зэргийг ардчиллын үнэт зүйлс гэж би ойлгодог. Социализмын материал техникийн бааз байгуулах зарчим нь монголчуудад сайхан амьдрах боломж өгөхгүй гэдгийг ард түмэн ойлгосон байв. Горбачаевын шинэчлэлт эрүүл салхи сэвэлзүүлсэн. Хэрвээ ардчилсан хувьсгал өрнөөгүй бол Монгол Хойд Солонгос шиг л байх байсан. Нэгдүгээрт: Монгол хүн өөрийн мэдлэг, авъяас чадварт тулгуурлан сайхан амьдрах бололцоо нээгдсэн. Хоёрдугаарт: гадаад ертөнцтэй нээлттэй харилцдаг болсон.Гуравдугаарт: эдийн засгийн нээлттэй бодлого явуулж эхэлсэн. Миний хувьд бусадтайгаа гар нийлэн ардчиллын сайн сайхныг эдлэхсэн гэдэг эрмэлзлээр 2000 онд ИЗН-ыг байгуулалцан баримт бичиг боловсруулах, мөрийн хөтөлбөр сурталчлах, ялангуяа улс төрийн намуудын тухай хуульд өөрчлөлт оруулах тухайд ажиллан улс төрийн намаар дамжуулан төрд өөрийн дуу хоолойгоо мөн хүний эрх, эрх чөлөөний ойлголтыг хүмүүст хүргэсэн.
Монголын ардчиллын онцлог

Монголчууд ардчиллыг тайван замаар хүлээж авсан төдийгүй хүн амын насжилт харьцангуй залуу учраас ирээдүйтэй нийгмийн суурийг тавьсан. Бүх хүнд орон сууцанд амьдрах, чөлөөтэй ажил хөдөлмөр эрхлэх, хөгжиж цэнгэх хэрэгцээ бий. Залуучууд хүндэтгүүлэх, эрүүл мэнддээ анхаарах ч хүсэл эрмэлзэлтэй. Үзэл бодлоо илэрхийлэх, эрх үүргээ хэрэгжүүлэх, өөрийн авъяас чадвараа сорьсон боловсролыг эзэмших хэрэгтэй. Ингэснээр мэдлэг боловсролдоо эзэн болсон шинэ үеийн залуучууд төр засгийн бодлого шийдвэрт өөрийн хувь нэмрээ оруулах алтан боломж ардчиллаар бүрдсэн юм шүү гэж захимаар байна.
Ардчиллын алтан хараацай Санжаасүрэнгийн Зориг асан өдгөө 60 настай байх байж...

Та Зориг асныг хэзээнээс мэддэг болсон бэ?

1990 оны 3-р сарын 8-нд Ж. Батмөнх дарга өөрийн комиссар Бэгз гэж хүнд ... Санжаасүрэнгийн хүүг ол... гэж хэлээд Зоригийг өрөөнд авчруулж тэр хоёр нэлээд удаан ярьж суусны дараа цонхны хөшиг нээтэл гадаа өлсгөлөн зарласан байв. Тэр өлсгөлөнд миний танихаас Бошигт, Нина, Хадбаатар байсан. Би тэр үед Элбэгдоржийг таньдаггүй, хүмүүс л Элбэгдорж гэж яриад заагаад байв. Харин БатҮүлийг хараагүй. Саарал пальтой өмссөн Элбэгдорж түүгээр яваад л байв. Гэхдээ өлсгөлөнд суугаагүй юм даг. 1992 онд “Америкийн бүгд найрамдахчуудын хүрээлэн”-ээс Монголд ардчилсан хувьсгал хийсэн, манлайлсан хүмүүсийг аваачиж сургалт хийхэд Санжийн Баярын хадмууд дипломат ажилтай хүмүүс, Баяр хадмындаа амарч байсан учраас ардчиллынхныг хүлээж аваад л дайлж, цайлаад. Түүний дараахан Элбэгдорж Харвардын их сургуульд явж 1996 онд төгсч ирээд биднийг лекцээр булсан юм даа. Миний бодлоор 1990 оны ардчилсан хувьсгалыг сурвалжилж байсан францын сэтгүүлч эмэгтэй барууныханд зуучилснаар Элбэгдоржийг америкууд авч сургаад, өөрсдийн тавиул болгосон байх магадлал өндөр.
1996 оны сонгууль 12-р сард С.Эрдэнийг бид Баянгол дүүрэг дээр ялуулж, Засаг даргаар сонгосон юм. Би 6-р хороонд өрсөлдөж ялаад ажиллаж байтал намайг нэг их удалгүй С.Эрдэнэ өөрөө тушаал гаргаад халж, өгсөн байраа хурааж аваад гудманд гаргаж билээ.

Би “...Та төр эргүүлсэн хүн. Бие хамгаалагч авах хэрэгтэй шүү...” гэхэд Зориг мөнгөгүй гээд авдаггүй байсан.

1992 онд Бүгд Найрамдах Нам байгуулахаар бид хичээж ажилласан ч бүртгээгүй.

1992 оны 3 дугаар сарын 23-нд Нэгдсэн нам зохион байгуулах анхдугаар хурлаас намын Тэргүүнээр Санжаасүрэнгийн Зоригийг сонгон, намын удирдах дээд байгууллага Хуралдайг 103 хүний бүрэлдэхүүнтэй байгуулахаар тогтов.

Ардчилсан чиглэлийн намууд сонгуулийн үр дүнгээр зайлшгүй нэгдэх цаг ирсэн гэж үзээд МоАН, НН, МҮДН, МСМН (Монголын Сэргэн Мандлын нам) 1992 оны 10 дугаар сарын 25-ны өдөр намууд нэгдэх анхдугаар их хурал зохион байгуулж намаа Монголын Үндэсний Ардчилсан нам (МҮАН) хэмээн нэрлэв.

Намууд нэгдэх энэ үйл явцад миний бие эхнээсээ дургүйцэн

“...Ийм бүтэцтэй ийм хүмүүстэй нийлээд үр дүнд хүрэхгүй та залуу хүн, ирээдүй байгаа шүү дээ...” гэж Зоригт хэлсэн юм.

Зориг: Сонгууль хаяанд ирчээд хаалга тогшиж байхад та намайг ятгаж, хурал битгий үймүүлээд бай гэж билээ..
Тэгээд л хурал эхлэхэд улаан дээлтэй нэг сүрхий өвгөн гарч ирээд ардчиллын алтан хараацайнуудаа, нам нам дээрээ хуралдаад даргаа тодруулъя гээд хашгираад байсан хүн нь өнөөх Лоохууз гуай. Тэгээд хурал түр завсарлатал нэг хүүхэн араас:
Зориг төрийн ордны цонхоор шээсэн нь үнэн шүү дээ гээд л орилдог юм.

Гайхаад эргээд хартал одоо энэ Монголхүүгийн ээж Хандсүрэн байсан. Тэгээд би дараа нь энэ тухай Зоригоос өөрөөс нь асуухад, Хүн нээрээ нэгнээ алах болохоор үгээр цусгүй алж чадаж байгаа юм шүү... гэхээс өөр юм хэлээгүй дээ.
Үнэхээр С.Зориг ордны цонхоор бие засах тийм муу ёс суртахуунтай хүн биш гэдгийг бид бүгд мэддэг байв. Гэвч тэр хурлаар Хандсүрэн, Лоохууз болон МҮДН-ын хүмүүс хуйвалдан Зоригийг унагаж, Да. Ганболдыг МҮАН-ын дарга болгосон юм.

Та “Би Монгол саруул ухаанд итгэдэг” номыг яагаад бичсэн бэ?

Зориг асны 50 насны гэгээн дурсгал, түүнийг гэсэн монголчуудын сэтгэлийн шарх нь сэдрээсэй гэж бичсэн юм. 1998 онд Дэд бүтцийн сайд болоход нь би мэргэжлийн үүднээс зөвлөгөө, туслалцаа өгч ажилладаг байв. 1998 оны 10 сарын 2-нд найзындаа хоноод өглөө босоход өглөө миний нэрээр дуудаад, танай Зоригийг чинь алчихлаа шүү дээ гэхэд итгэж чадаагүй, юу яриад байгаа юм гээд зурагт асаасан чинь(…) тэгээд би тэр айлаас яаж гарсанаа санадаггүй, нэг мэдсэн л намайг хүн сэгсрээд байх шиг.

Тэгсэн манай хоёр хүү:

Ээж үхэх гээд байгаа юм уу? Зориг босоод ирэхгүй шүү дээ гээд л миний бие их муудсан даа.
...Өглөө 9 цагийн үед ажил дээрээсээ намын байраар ормоор санагдаад очтол Баянгол дүүргийн намын байрны гадаа дандаа залуучууд 5, 10 төгрөг барьчихсан ...ажил явдал нь хэзээ вэ? гэж асуугаад л. Хүүтэйгээ тэр олон хүний дундуур зүсч ороход Баянгол дүүргийн намын дарга С.Эрдэнэ, нарийн бичиг нь хилийн цэргийн дуучин Цэдэндамбын Цэцэгээ хоёр байлаа. Маш их хандивын мөнгө Цэцэгээ л нэг юманд хураагаад л.

Би: Наад хиртэй мөнгө чинь амьдад нь олдоогүй юм шүү. Цаасан хайрцаг цоолоод дээр нь “Санжаасүрэнгийн Зоригийн гэгээн дурсгалд” гэж бичээд ... хайрцаганд мөнгийг хийгээд, акттай задлаарай гэсэн юм. Яагаад гэвэл бид мөнгөгүй байсан. Тэгээд миний бие муудаад ойчих шахаад айлд очиж амарч байгаад гайгүй болохоор нь орой 7 цагийн үед дахиад намын байранд ирэхэд өнөөх Цэцгээ сууж л байна. Гаднаас Ш. Түвдэндорж орж ирээд:
Алив нөгөө хандивын мөнгө хаана байна? гэхэд Цэцгээ:
Май... гээд ганц цэцгийн баглаа өгөөд гаргасан. Тэр багц их мөнгө байсныг Эрдэнээ авсан. Тэгээд би Цэцгээгээс
Эрдэнээ хаачсан бэ? гэхэд
Чулуунд явсан шүү дээ л... гэсэн.
Одоо АН-ын төв байр Төв шуудангийн урд талын байшинд Цэцгээ ганцаараа ийм юм хийгээд сууж байсан даа. Тэнд манай дүүргийн нам байрладаг байв.
10-р сарын 3-ны орой Баянгол дүүргийн намын хороо хуралдахад Цэдэвдамбын Оюунгэрэл бид хоёр редакцын коммист сонгогдоод Оюунгэрэл:
Би Зоригийн ээж дээр очсон. Ганцаараа л сууж байна лээ шүү. Та очоорой гэхгүй юу. Тэр өдөртөө очих юм сан гэж бодсон ч ганцаардаад чадаагүй л дээ.
10-р сарын 5-нд гашуудлын цуглаанд миний бие муу байсан ч хүн дагуулаад талбайд очлоо. Ачааны машины хажуу хаалтыг унагаад дээр нь халзан Баттулга, МАХН-ын С.Баяр, Да.Ганболд нар, Э.Бат-Үүл машины доор яагаад машин дээр гардаггүй юм бол гэж бодоод зогсож байтал гэнэт БатҮүл ... МАХН алаагүй шүү дээ... гэж хашгирахаар нь би балмагдаж, цочихдоо нэг хүнээс тас зуураад автал МоАХ-ны Дашцэрмаа харагдсан. Тухайн үед гашуудал ямархуу уур амьсгалтай болсныг манай Дашцэрмаа сайн мэднэ. Тэгээд би цуг явсан хүмүүстээ хэлээд тэндээс бушуухан явсан даа.

Би цагаан номоо бичих гээд 200 хүнээс тодруулга авч, 10-р сарын 2-нд хаана байсан бэ? гэж асуусан. Хамгийн сүүлд Батцэнгэл гээд Дорнод аймгийн МоАХ-ны дарга, Зоригийн туслах байсан залуу орой ажил дээр нь өрөөнд нь хамт байсан юм билээ. 19 цагийн үед СнЗ-ийн ХЭГ-аас хоёр хүн орж ирээд Зоригтой уулзахдаа Пүрэвдорж шадар сайд нас барчлаа. Оршуулгын комиссын даргаар та байх нь ээ гэж хэлсэн байна. Батцэнгэлийг ингэж ярихаар нь би өөрийн танил, Пүрэвдоржийн хөршийнд очоод асуулаа. Пүрэвдоржийг нас барахад Зориг комиссын дарга байсан гэж байна шүү дээ? Яасан юм бэ? гэхэд
20 цагийн үед талийгч Пүрэвдоржийн гэр лүү Зориг очлоо гээд ярьсан байгаа юм. Оршуулгын комиссын дарга Зориг ирэх нь ээ гээд гэрээс хүмүүс гарсан. Тэгээд л өглөө болоход Зориг хүнд алуулсан байсан. Ажил тарах үеэр С.Зоригтой Улаанбаатар зочид буудлын үүдэнд Мөнхчулууны Зоригт таарсан гэсэн.

Хуучин НАХЯ-ны сайд сан Жамсранжав П. Очирбатын туслах, Ховдын их шударга залуу надтай уулзмаар байна гэж утсаар яриад байсан чинь бас л үхчихсэн дээ.

Би 10-р сарын 2-нд орой гэртээ ирээд арай гэж ухаан орохтой зурагтаа асаатал Элбэгдоржоос сэтгүүлчид асуулт асуугаад, микрофон тулгахад юм хэлэхгүй дүлэгнэж байснаа инээмсэглэж билээ. Тийм хүнд үед инээмсэглэж байсан ганцхан хүн нь

Элбэгдорж: Зоригийн дүү С.Оюун намайг талийгчийн бичиг баримтыг архивлах ажил даалгаад би тэднийд 2 жил сууж эмхэлсэн юм. Зоригийн ээж Г. Доржпалам гуай бид гурав Оюуны нөхөр Энхбаярыг орж ирэхээс өмнө их дотно, Доржпагма гуай хүүгээ алдсанаас хойш их хэцүү, хоол унднаас ч гарсан.

Нэг удаа тэрээр: Би хоёрдугаар эмнэлэгт ажилладаг шавьтайгаа уулзлаа, миний хүүг 32 удаа хутгалсан гэж байна. Яагаад тэгж байгаа юм бэ, Янжинлхам аа гээд уйлж байсан хөөрхий. Н. Багабанди гуайг Ерөнхийлөгч байхад нь өрөөнд орж уулзаад өмнө нь сөхрөхөд Багабанди босгож ширээнд суулгаад, Бид таныг анхааралдаа авсан... гэж хэлсэн гэж билээ. Зориг ээжтэйгээ их адилхан. Үг дуу цөөтэй хэрнээ их ухаантай хүн байж дээ. Энэ хэргийн араас явсан, ул мөр хайсан, нягталсан олон хүн зүй бусаар амиа алдсан.

Д.ЭНХБАТ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.