Ч.Энхболд: Нойр булчирхайн өвчлөлийг эмээр эдгээхгүй

Aдмин / Эрүүл мэнд

Буруу хооллолт, амьдралын хэв маяг, архи, тамхины хэрэглээнээс шалтгаалж нойр булчирхайн үрэвсэл, хавдар үүсэх шалтгаан болдог. Гэхдээ энэ нь эхэн үедээ мэдэгдэхүйц шинж тэмдэг илэрдэггүй нь хожим цочмог байдлаар илэрч амь насаа алдахад хүргэдэг. Тиймээс нойр булчирхайн өвчлөл, шалтгаан, урьдчилан сэргийлэх арга замын тухай Хавдар Судлалын Үндэсний Төвийн элэг, цөс, нойр булчирхайн мэс заслын эмч, Анагаах ухааны доктор Ч.Энхболдтой ярилцлаа.

-Ярилцлагынхаа эхэнд нойр булчирхай хүний биед яг ямар үүрэгтэй тухай хүмүүст тайлбарласан нь зүйтэй болов уу?

-Нойр булчирхай нь хоол боловсруулахад оролцдог бөгөөд уураг, өөх тос, нүүрс усыг задлах ферментүүдийг ялгаруулж, хоол боловсруулах үйл ажиллагаанд оролцдог чухал булчирхайлаг эрхтэн. Гадаад болон дотоод шүүрлийн гэсэн хоёр үйл ажиллагаатай.

Гадаад шүүрэл нь хоол боловсруулахад оролцдог уураг, нүүрс ус, өөх тос зэрэг ферментүүдийг ялгаруулж идэж байгаа хүнсний бүтээгдэхүүний уураг, өөх тосыг задалж нарийн гэдэсний ханаар цус руу шингэж шимэгдэх үйл ажиллагаа явагддаг.

Дотоод шүүрлийн үйл ажиллагаа нь хүний цусан дахь сахрын хэмжээг тохируулж өгдөг. Нойр булчирхайн сүүл хэсэгт байрладаг сахарыг зохицуулдаг эсүүдээс инсулин, глюкагон даавар ялгардаг юм.

-Нойр булчирхайн өвчлөл сүүлийн жилүүдэд манай улсад ямар байна вэ?

Манай улсын хувьд нойр булчирхайн хавдар зонхилон тохиолдох хавдарт эхний тавд ордоггүй ч сүүлийн үед эрс нэмэгдэж байна. Харин хоол боловсруулах замын эрхтнүүдийн хавдар эхний байрт орж байна. Энэ нь бидний амьдралын буруу хэвшил, буруу хооллолт, архи, тамхины хэрэглээтэй холбоотой.

-Хорт хавдраар өвчилж байгаа хүмүүсийг нас хүйсээр нь ангилбал, хэдий насны хүмүүст түгээмэл тохиолдож байгаа тухай?

Хавдар судлалын үндэсний төвд бүртгэгдсэн хавдрын тоо баримтаас дурдвал Монгол улсад 2010-2019 оны хооронд 38119 хүн хорт хавдрын шалтгаанаар нас барж нийт нас баралтын 22.8 хувийг эзэлж байна. 2019 онд хорт хавдрын нас баралтын 4801 тохиолдол бүртгэгдэж, сүүлийн 10 жилийн дунджаас 989 (25.9%)-өөр, өмнөх оноос 389 (8.8)-өөр тус тус нэмэгджээ.

Сүүлийн 10 жилийн дунджаар хорт хавдраар өвчлөгчдийн 77.2 хувь нь хожуу үедээ оношлогдож байна. Тэгвэл хорт хавдраар нас барсан хүмүүсийн оношлогдсоноос хойш амьдарсан хугацааг сүүлийн 10 жилийн дунджаар харвал 10 хүний 7 нь 1 хүртэл жил, 22.9 хувь нь 1-5 хүртэлх жил, 4.1 хувь нь 5 болон түүнээс жил амьдарсан байна.

Ихэвчлэн эрэгтэй хүмүүс, 45 наснаас дээш насныханд хавдрын өвчлөл зонхилон тохиолдож байна.

-Нойр булчирхайн үрэвсэл болоод хавдар үүсэх шалтгаан, хүмүүсийн амьдралын хэв маягтаа гаргадаг алдаа? Жишээ нь хооллолт ч юм уу?

Удаан хугацаанд буруу хооллолт, архи уух, таргалалт зэрэг шалтгаанаар нойр булчирхайн хэвийн үйл ажиллагаа алдагддаг. Улмаар хоол боловсрох, шимт бодисын шимэгдэх хэвийн явц алдагдаж архаг үрэвсэлд хүргэдэг. Энэ нь өөх тостой хоол их идэх, өлсгөлөн удаан явж байгаад огцом хэт их идэх, эмийн зохисгүй хэрэглээ болон архи согтууруулах ундааны хэрэглээнээс шалтгаалж нойр булчирхайн архаг үрэвсэл даамжирдаг. Цаашлаад чихрийн шижин үүсэх, хавдар үүсэх суурь болно. Цочмог нойр булчирхайн үрэвслийн үе нь аминд халтай учир амьдралын хэв маягтаа зайлшгүй анхаарах хэрэгтэй.

-Энэ төрлийн өвчлөлийн үед ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

Нойр булчирхайн булчирхайн өвчний эхэн үед мэдэгдэхүйц зовиур бага. Харин хожуу шатандаа:

хоолны шингэц муудах

аюулхайд өвдөх

турах, жин буурах шинж тэмдэг илэрнэ.

Өвдөлт нь тархмал ба бүслэх маягтай, зүүн мөр, дал, сүвээ, ар нуруу руу ороож дамжина. Өвдөлт заримдаа огцом хүчтэй хатгаа маягтай болох ба таарч тохирохгүй хоол идсэн, архи дарс хэрэглэсэн үед хурцаддаг. Өвчны хожуу үед нойр булчирхайн эсгэгийн дутагдлын улмаас их хэмжээтэй тосорхог гялалзсан наалданги шингэнээр суулгана. Өвчтөний тал хувьд нь арьс шарлах шинж илэрнэ. Нойр булчирхайн эсгэгийн дутагдалтай холбоотой нарийн гэдсэнд нян үржих хам шинж илэрнэ.

-Эмчилгээний тухайд, эмчлүүлэхгүй удсанаар ямар үр дагаварт хүрэх вэ? Урьдчилан сэргийлэх арга зам нь юу вэ?

Нойр булчирхайн өвчнийг эдгээдэг эм гэж байхгүй

Манай Монголчууд эм уух дуртай. Гэвч эм бол хор. Түүнээс нойр булчирхайн өвчнийг эдгээдэг эм гэж байхгүй зөвхөн гадаад шүүрлийн үйл ажиллагаанд оролцдог ферментийн бэлдмэл гэж бий. Жишээлбэл бидний сайн мэддэг мезимфорт, пантираза байна. Үүнийг нэмэлтээр шүүрэл болгож хоолыг задлах гэж ууж байгаа болохоос өвчнийг эмчилж ууж байгаа хэрэг биш юм.

Эмчилгээний хувьд зөв хооллолт хамгийн чухал. Өглөө бүр цайгаа уух, өөх тос махны хэрэглээг багасгах, хүнсэндээ ногоо түлхүү хэрэглэх хэрэгтэй. Хамгийн гол шалтгаан бол архи, тамхи бөгөөд хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй. Эдгээр шалтгаан нойр булчирхайг тогтмол гэмтээснээр яваандаа архаг үрэвсэл, хавдар үүсэх нөхцөл бүрдэж байгаа.

-Ярилцсанд баярлалаа.


Сэтгэгдэл

Зочин [66.181.183.60] 2022-06-13 06:11:39

Ой тэмдэглэх, шагнал одон авах, баяр наадам хийх, зугаалга энэ тэрд заавал архи уух, тамхи татах ёстой юм шиг хоцрогдсон зуршлаасаа бүх нийтээрээ салцгаа даа.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.