О.Алтангэрэл: Хуулиас давсан эрх мэдэлтэнгүй болохын тулд шинэ хууль санаачлах биш, байгаагаа мөрдүүлэх нь чухал

Aдмин / Улстөр

Хуульч О.Алтангэрэлтэй ярилцлаа.


-АН-ын хэрүүлийг шүүх шийдэж чадахгүй дэндүү сунжруулчихлаа. Шүүхийн шийдвэр яагаад хоёр талтай гараад байна вэ. Энэ нь АНын хагарал улам гүнзгийрэх шалтгаан мөн үү. Шүүхийн шийдвэрийн тухайд хуульч хүний хувьд ямар байр суурьтай байна вэ?

- Шүүх улс төрийн намын хувьд бүртгэлийн байгууллагын л чиг үүрэг гүйцэтгэдэг. Тэрнээс шүүн таслах ажиллагаа явуулдаггүй учиртай. Өнөөдрийн АН-д үүсээд байгаа асуудал бол шүүх бүртгэлийн чиг үүргээ гүйцэтгэхгүй, улс төрийн нөлөөлөлд хэт орсноос үүдэлтэй л асуудал. Засаг захиргааны бүх нэгжид төлөөлөлтэй, улс орон даяар үйл ажиллагаа явуулдаг 200 мянган гишүүнтэй намыг төлөөлөх эрхтэй нэг ч хүн байхгүй байгаа нь ганцхан АНын биш, манай тогтолцооны нэг гажуудал юм даа. УДШ улс төрийн намын бүртгэлд АН-ыг төлөөлөх эрх бүхий этгээд байхгүй байна гээд дүгнэчихсэн, тэгээд нам дотооддоо даргын асуудлаа шийдээд бүртгүүлье гэхээр татгалзчихаад суугаад байгаа үйлдлийг нь улстөржлөө гэж харахаас аргагүй болчихоод байгаа юм. Сүүлдээ гаргасан шийдвэр буюу бичигдсэн тогтоолууд нь хүртэл зөрчилдөөд эхэлсэн.

-МАН төрийн эрхийг авсан сүүлийн зургаан жилийн хугацаанд дарангуйллын систем рүү шуурхай орж байна гэсэн бухимдал нийгэмд байна. Шүүмжлэл сонсдоггүй, үзэл бодлоо илэрхийлж жагссан бүхнийг барьж хорьдог болсон нь олон үйл явдлаас харагдаж байгаа.Та Ардын намын засаглалыг яаж харж байна вэ?

-Дабель стандарт буюу алагчлах хандлага энэ намын үед хэвийн үзэгдэл болсон. Үзэл бодлоо илэрхийлсэн хүн жинхэнэ ардчилсан үзэл санаатай бол заавал шангаа хүртэж байна. Намыг нь шүүмжилсэн иргэнд хэрэг үүсгээд, яллаад, шүүхэд шилжүүлж байгаа явдал бол яагаад ч үгүйсгэж чадахааргүй факт. Төв талбай дээрээ үзэл бодлоо илэрхийлэхээр ирсэн АН-ын УИХ-ын гишүүдийн доороо дэвсэх гэсэн бүтээлгийг хуу татаад булаагаад гүйж яваа цагдаа бол энэ намын бодлого амьдрал дээр хэрхэн хэрэгжиж байгаагийн нотолгоо.

Төв аймгийн Аргалант сумын Засаг дарга Ардчилсан намын залууг наадмын үеэр хэрцгийгээр зодсон бичлэг цахим орчинд нэлээд тарсныг та харсан байлгүй. Гэтэл өнөөдөр эсрэгээрээ өнөөх зодуулсан залуу Засаг даргад гэмтэл учруулсан болоод явж байгаа. Энэ бол дээд, доод бүхий л түвшиндээ эрх баригч нам яаж засаглаж байгаагийн тод жишээ. Нөгөө талаар эрх баригчдын захиалгатай жагсаалууд хэрхэн болж, сошиал орчны троллууд нь эрүүл үзэлтэй хэсгээ яаж хэмлэж байгаа нь бүхний нүдэн дээр ил байна шүү дээ. Хамгийн аюултай нь энэ бүхэн орон нутаг, засаг захиргааны нэгжүүд рүү халдварлаж байна. Үзэл бодлоо илэрхийлсэн багш, эмч нар дарамт шахалтанд өртөх, тэр ч байтугай Ардчилсан намыг дэмжигч гээд айл өрхийг хүнсний талоноос хасах зэрэг дарамт энэ нийгмийн бүхий л шатанд байна.

-Шүүх, цагдаа гээд хууль хяналтын байгууллага төдийгүй ҮХЦ хүртэл эрх баригчдын гар хөл боллоо гэдэг. Хуулиас давсан эрх мэдлийг өөрчлөх ямар зам байгаа вэ? -Шүүх цагдааг олон жил ярьж байна. Хэсэг байж байгаад л шинэчлэх тухай ярьдаг. Гэхдээ ямар байгааг би энд нуршаад яах вэ. Дээр нь хөх тэнгэр байдаг гэдэг манай Цэц хүртэл улс төрийн аясаар өнгөө өөрчилдөг хамалеон институци болчихоор бусад нь ойлгомжтой биз. Одоо бол манай Цэц байж болох бүхий л чадлаараа час улаан өнгөнд хувилчихсан л үзэж байна хөөрхий. Сүүлийн хэдэн жил шударга ёс, тэгш байдлын талаар дуугарч, эргэцүүлж яваа хүний хувьд таны асуултад товчхон хариулахад хуулиас давсан эрх мэдэлтэнгүй болохын тулд бидэнд шинэ хууль санаачлах биш, байгаагаа мөрдүүлэх нь чухал байна гэж хэлнэ. Үүнд нөлөөлөх олон хүчин зүйлийн дундаас улс төрийн манлайлал чухал байр суурь эзэлнэ. Өөрөөр хэлбэл, амаараа хууль ёс ярьчихаад ар хударгаараа хувийн эрх ашгаа тордогчид үүнийг хэзээ ч хийж чадахгүй. Мөнгөний схем дээр суурилсан, эрх мэдэл хувийн ашгаар торлогдсон нам бүр ч чадахгүй.

-Стартегийн томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг зогсоож, үндэсний аюулгүй байдалд ноцтой хохирол учруулсан хүмүүст хариуцлага тооцно гэж Ерөнхий сайд мэдэгдсэн. Үүнийг зарим хүн хуучин коммунист намын харгис технологи гэж тайлбарлаж байна. Эсрэгээрээ алдагдсан боломжуудыг нөхөх асуудлыг хөндсөн анхны Ерөнхий сайд гэж сайшааж байгаа. Харин та юу гэж үзэж байна вэ?

-Санаа нь зөв ч яаж хэрэгжүүлэх гэж байгаа нь анхаарал татаж байгаа. Стратегийн томоохон бүтээн байгуулалт гэдэг үгнээс л эхэлье л дээ. Хэрэгжиж эхлээгүй төслийг манай улсад ашигтай эсэхийг яаж тогтоох,стратегийнх гэдгийг нь яаж үнэлэх вэ. Хувь хүний үзэл бодол, байгаль орчноо хамгаалах эрх чөлөөний орон зай хаана орших вэ. Ямар ч малчин нутгаа ухуулахыг хүсдэггүй, мөн байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон төрийн бус байгууллагууд бий, гэтэл эдгээрийн үйлдлүүдийн зөв бурууг хууль биш төрийн албан тушаалтнууд, хуулийн байгууллагынхан үнэлээд эхэлбэл юу болох вэ гэх мэт олон асуудал байна. Эрүүгийн хуулийн 19.6-д заасан хорлон сүйтгэх гэмт хэргийн бүрэлдэхүүнд нэмэлт өөрчлөлт оруулах гэж байгаа юм байна гэж ойлгосон. Миний бодлоор албан тушаалтнуудтай холбоотой шинэ гэмт хэрэг томьёолох нь зүйтэй байх. Өөрөөр хэлбэл, асуудлыг эрх мэдэл бүхий албан тушаалтнуудтай субьектийн хувьд уяж өгөхгүй бол таны хэлж байгаачлан хэн дуртайгаа намнадаг харгис технологи бий болно гэсэн үг. Иргэний нийгмийн дуу хоолой боомилогдож сэтгүүлч, нийгмийн идэвхтэн, байгаль хамгаалагч, малчид зэрэг хэнийг ч багтааж болдог хар уут үүсэх вий. Тэгээд ч Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт орууллаа гэхэд эрүүгийн эрх зүйн зарчмын хувьд өмнөх цаг хугацаанд хамаатуулан хэрэглэх боломжгүй учраас сайтар судалж энэхүү асуудлыг шийдвэрлэх нь зөв биз ээ.

-УИХ-аас баталж буй хуулиуд иргэдийн амьдралд дэмтэй байж чадаж байна уу?

- Иргэдийн амьдрал ахуйтай холбоотой хуулиуд олон л хэлэлцэгдэж байна. Жишээ нь, Б.Пүрэвдорж гишүүний санаачилсан “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хууль батлагдвал долоо биш таван жилээр тооцож тэтгэвэр тогтоох, Ц.Туваан гишүүний өргөн барьсан “Төрөөс олгох урамшууллаас нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутгах тухай” хууль батлагдвал ноос, сүү, арьс, улаанбуудайн урамшууллаас малчин тариаланчдын нийгмийн даатгал болоод эрүүл мэндийн даатгал төлөгдөх боломжтой болох гэх мэт. Харин энэ чиглэлийн мэдээлэл сурталчилгааны ажил тааруухан юм уу гэж бодогддог. Уг нь улстөржсөн, бие бие рүүгээ дайрсан зүйлээс иймэрхүү бодитой төсөл, хуулиуд иргэдийн амьдралд ойрхон шүү дээ.

- Манай нийгмийн болохгүй, бүтэхгүй бүх шалтгаан Үндсэн хуультай холбоотой гэж тайлбарладаг шүү дээ. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг энэ сардаа багтаан ээлжит бус чуулган зарлаж хэлэлцэхээр яригдаж байгаа. Харин одоо Үндсэн хуулийн өөрчлөлтөөс ямар дүн хүлээж болох вэ?

-Шуудхан хариулахад, Үндсэн хуулийн өөрчлөлтөөс юу ч хүлээгээд хэрэггүй. Их хялбархан хариулт мэт сонсогдох байх. Гэхдээ Үндсэн хуулийн Цэцэд цөөнгүй удаа хандсан, Үүндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг судлах Засгийн газрын ажлын хэсэгт ажиллаж байсан, өнгөрсөн удаагийн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд өөрийн олон саналыг бичгээр гарган шийдүүлж байсан, Үндсэн хуулиар зохицуулагддаг парламентын хяналтын чиг үүргийн талаар сүүлийн жилүүдэд судалгаа хийж буй хүний хувьд хэлж буй үг юм шүү. Мөн Үндсэн хууль батлалцсан олон эрхмүүд, ҮХЦ-ийн болон УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан олон хуульчдын баримталж буй байр суурь ч товчхондоо ийм. Ердөө гуравхан жилийн өмнө оруулсан нэмэлт, өөрчлөлтийн үед УИХын дарга Г.Занданшатар, гишүүдийн ярьж байсан зүйл сонин хэвлэлийн хуудсанд шарлаж амжаагүй байгаа. Засгийн газар болоод төсвийн тогтвортой байдал, хүчтэй Ерөнхий сайд, парламентын засаглалын төгөлдөршил гээд хичнээн сайхан зүйлүүд ярьж байлаа. Гэтэл өнөөдөр өнөөх л өчнөөн жил эргүүлж тойруулан элэгдтэл ярьж буй давхар дээлээ яриастай, Үндсэн хуулийн боломж нь нээгдсэн атал эдийн засаг нь элгээрээ хэвтэж ард түмэн туйлдчихсан байхад нэгч сайдад хариуцлага хүлээлгэхгүй байгаа зэрэг нь бүх асуудлын шийдэл Үндсэн хуулийг өөрчлөхөд байдаг мэтээр эндүүрэх хэрэггүйн нэг нотолгоо шүү дээ.

-Хөгжлийн банкны асуудалтай холбогдуулж УИХ-ын нэр бүхий гишүүдийг прокуророос эргүүлэн татах санал гаргасан. Хөгжлийн банк тойрсон үйл явдлын талаар та бодлоо хуваалцахгүй юу?

-Хөгжлийн банк тойрсон асуудал бол хуулийг ашиглан хулгай хийхийн асар том жишээ. Хуульд нь хэзээ, ямар өөрчлөлт оруулсан, мөнгөөр нь хэн юу хийснийг харахад л энэ том луйврын эзэд харагддаг. Хэд хэдэн хэрэг үүсээд, шалгаад явж байгаа гэж ойлгодог. Энэ нь ч сайн. Гэхдээ бид хэрэг үүсгэсэн, шалгагдаж байгаа гэх хэдхэн хүнээс илүүтэйгээр энэхүү системийг бүтээгчид, завшигчдыг илүү том зургаар нь харж, дахиж ийм үйлдэл гаргуулахгүйн төлөө хичээх хэрэгтэй. Жишээ нь, эрх барьж байгаа улс төрийн хүчин энэ асуудалтай хоблогдсон гишүүдтэйгээ хариуцлага тооцно гэж амлаад хичнээн удав, тооцсон хариуцлага нь хаана байна гээд л эхэлнэ. Олон банкны луйвар, нийгмийн даатгалын сан, ЖДҮ сан гээд л ийм төрлийн луйврууд улам өргөжөөд, ард иргэд улам ядуураад байгаа нь бодитой үнэн. Дараагийн яг ийм луйврын томоохон схем зурагдчихаад, яг одоо хэрэгжээд явж байх ч магадлалтай. Тийм болохоор том зургаараа авлигын бүхий л хэлбэрүүдтэй, тодорхой стратегитайгаар тэмцэх санаалага, бодлого, эр зориг нэн дутагдаж байгааг зориуд тэмдэглэн хэлье


Сэтгэгдэл

Зочин [192.82.89.240] 2022-08-12 12:57:33

Үзэл суртал

Зочин [188.162.254.27] 2022-08-12 12:42:59

УИХ гэж хулгайч худалчаар дуурсэн байгууллагыг тараая!

Зочин [103.229.122.141] 2022-08-12 05:43:00

Хуулийн ийм мэдлэгтэй хүн л төрд байх ёстой. Энэ залууг төрд гаргах нь нэн чухал болохыг ардууд дэмжих хэрэгтэй.

зочин [122.201.31.60] 2022-08-12 04:01:08

ҮНЭН ШҮҮ ШИНЭ ХУУЛЬ САНААЧЛАХ БИШ ХУУЧНАА МӨРДӨЖ СУРАХ НЬ ЗӨВ ШҮҮ


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.