Шагай нясалж, монгол гэрт хичээллэдэг хоёрдугаар ангийнхан

Aдмин / Энтертайнмент

“Өв соёл” буландаа өв уламжлалаа дээдэлж “Монгол ёс заншлын танхим”-ыг тохижуулсан нийслэлийн ерөнхий боловсролын 67 дугаар сургуулиас сурвалжлага бэлтгэлээ.

“Ардын хувьсгалаа дээдэлдэг, удамт монгол хүүхэд”

Нийслэл Улаанбаатар хотод шинэ өглөө иржээ. Ургах нартай зэрэгцэн ажил амьдрал эхлэх цагаар Сонгинохайрхан дүүргийн Нийслэлийн ерөнхий боловсролын 67 дугаар сургуулийг зорьсон юм. Сургууль руу ороход тойрон гүйлдэх хүүхдүүд, инээд хөөр цалгисан гэгээлэг орчин угтлаа. Монголчууд бид өөдлөх айл үүднээсээ гэдэг. Тус сургуулийн хонгил нь дулаан тохилог, цэвэрхэн гэж жигтэйхэн. Мөн сургуулийн булан бүрийг сурагчдын мэдлэг, суурь хүмүүжил, сурлагын үйл ажиллагаанд зориулан тохижуулсан ажээ. Ийнхүү сургуулийг ажиж, самбар дахь мэдээллийг уншиж явсаар эзэн Чингис хааны хөргийг хоймортоо залсан танхимын үүдэнд тулсан юм. Үүдэндээ босоо монгол бичгээр Монгол ёс заншлын танхим” гэж бичжээ.

Биднийг очиход тус ангид өглөөний ээлж буюу хоёрдугаар ангийн сурагчид хичээллэж таарсан юм. Хаалгаар ороход бяцхан сурагчид “Ардын хувьсгалаа дээдэлдэг, удамт монгол хүүхэд” хэмээн мэндлэх нь онцгой. Тус ангийн дотоод засал нь монгол гэрийг дүрсэлсэн тооно, унь, хана байх ба таван хошуу мал, морин хуур, эмээл, тулга, хөөрөг, араг савар, тэрэг гээд монголчуудын уламжилж ирсэн өв соёлын чухал эд хэрэглэлээр тохижуулсан нь содон. Яг л монгол гэрт, монгол айлд зочилж буй мэт дулаахан, дотно сэтгэгдэл төрж байлаа. Хүүхдэд ээлтэй, сурч төлөвшихөд нь хүндрэл, саад учруулахгүйн тулд эд хэрэгслийг эко орчныг бүрдүүлэгч модоор урласан байв.

“Хүүхдүүд утасны тоглоомоос илүү шагайн наадгайг сонирхдог болсон”

“Хүүхдүүд энэхүү ангидаа хичээллэхдээ дуртайгаас гадна монгол өв соёл, зан заншлынхаа талаар илүү ихийг мэдэж авч байгаа. Утасны тоглоом гэхээс илүү шагайгаар хэрхэн наадахыг сонирхдог болсон” гэдгийг тус ангийн багш Г.Ариунаа хэллээ. Тэрбээр "Би боловсролын байгууллагад 35 жил ажиллаж байна. Зургаан жилийн өмнө энэ танхимыг байгуулъя гэж анх санаачилсан. Ингээд “Цолмон” сангаас суурийг нь тавьж өгөөд эцэг эх, сургуулийн хамт олонтойгоо хамтран тохижуулсан. Монгол зан заншлын танхимыг байгуулснаар хүүхэд монгол ёс заншлаа дээдлэх, монгол хүн болж төрснийхөө утга учрыг ойлгох, ахуйн зан үйлд суралцах зэрэг олон давуу талтай" гэсэн юм.

2з ангийн сурагч Б.Мөнхсүлд:

-Би хадагны таван өнгийн бэлгэдлийг мэддэг болсон. Цагаан өнгийн хадаг сүүн цагаан сэтгэлийг, ногоон өнгийн хадаг газар дэлхийн үндсийг бэлгэддэг. Мөн улаан өнгийн хадаг бадран асах галын дөлийг, цэнхэр өнгийн хадаг цэлмэг тэнгэр, амар тайвныг, Шар өнгийн хадаг, бурхан шашнаа дээдлэхийг бэлгэддэг. Үүнийг би өв соёлын танхимтай болсноороо мэдсэн. Манай багш бидэнд монгол ёс заншил дээр шагай няслах, морь уралдах, алаг мэлхий хэрхэн өрөхийг зааж өгсөн.

2з ангийн сурагч О.Оюун-Эрдэнэ:


-Сургууль маань өв соёлын танхимтай болсонд баяртай байна. Би ийм гоё ангид хичээл хийж байгаадаа бахархдаг. Монгол гэрийн дотор хаана юу байрладгийг мэдэж авлаа. Мөн таван хошуу малын талаар илүү их мэдлэгтэй болсон. Шагай нясалж тоглох их сонирхолтой юм билээ. Үүнээс гадна багш маань бидэнд ахмад хүмүүстэй хэрхэн мэндлэх, эртнээс улбаалж ирсэн өв уламжлалаа хэрхэн түгээн дэлгэрүүлж, бахархах талаар байнга хэлж сургадаг.

Долоон жилийн хөдөлмөрийн үр дүн

Танхимд байх хүүхдүүд аливааг сониучирхаж, багшаасаа лавлаж асууна. Энэ үеэр тус сургуулийн сургалтын менежер Б.Түвшинчимэг "Энэхүү ангийг долоон жилийн өмнөөс жил бүр бага багаар баяжуулсаар өнөөдрийн танхим бий болсон. Энэ жил танхимдаа тулгуурлан хонгилоо ёс заншлын холбогдолтой болгож өөрчиллөө. Мэдээж сурагчдын сурах сонирхлыг дэмжихэд нөлөөлдөг хүчин зүйлийн нэг нь орчин байдаг. Энэхүү орчин нь хүүхдэд ээлтэй, аюулгүй байдгаас гадна аль болох суралцах үйл явцыг нь дэмжих хэрэглэгдэхүүн байх нь чухал. Хүүхдүүд харахаасаа илүү барьж, хүртэж, туршиж байж тухайн зүйл ой тоонд нь тодоор буудаг. Тиймээс бид танхимынхаа хэрэглэгдэхүүнээ бодит байдалд тулгуурлаж сонгохыг зорьсон.

Энэхүү ангийн тохижилтод сургуулийн багш ажилчид болоод эцэг эхчүүдийн гар бие, сэтгэл зүрх шингэсэн юм шүү" гэв. Техник технологийн хурдтай хөгжилд хувьсан өөрчлөгдөж буй энэ цаг үед эгэл монгол амьдрал, өв соёл биднээс алсран одож буй нь үнэн. Гэтэл тус сургууль мартагдаж буй соёл, түүхээ түгээн дэлгэрүүлж, өвлөн уламжлуулах зорилгоор ийнхүү “Монгол ёс заншлын танхим”-ыг байгуулсан нь бахархууштай санагдав. Бусад сургууль ч нийслэлийн ерөнхий боловсролын 67 дугаар дунд сургуулиас үлгэр жишээ аваасай гэсэн бодолтойгоор сургуулийн хаалгаар гарсан юм.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин


Сэтгэгдэл

Зочин [202.9.46.193] 2023-02-11 09:07:47

Үхээсэй


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.