“Би биш бид гэсэн сэтгэлээр хандахад амжилт ирдэг”

Aдмин / Спорт

Сэтгэл сэргээм аялгуутай хөгжмийн аянд сонирхол татам хөдөлгөөнөөр бүжиглэж, амжилтын богц дүүрэн яваа охид бол хөгжөөн дэмжигчдийн бүжгийн “Naran NGL-1 dance team” хамтлаг билээ. Тус хамтлагийн гишүүн Л.Наран, Ш.Ганболор нарыг урилаа.

-Танай хамтлаг анх 2018 онд хөгжөөн дэмжигчдийн УАШТ-д оролцож байсан. Таван жилийн хугацаанд гурван удаа түрүүлсэн билүү?

Л.Наран: Манай улсад хөгжөөн дэмжигчдийн бүжгийн тэмцээн анх 2018 онд болж эхэлсэн. Тус тэмцээнд манай хамтлаг түрүүлж, Азийн аваргын тэмцээнд оролцох эрхээ авч байлаа. Япон улсад очиж оролцохдоо хоёр төрлөөр оролцсон. Ингээд “Hip Hop” төрөлд нь түрүүлсэн. Харин “Freestyle Tiin Pop” төрөлд гуравдугаар байр эзэлж байлаа. Үүний дараа 2019 онд улсын аваргад дэд байр эзэлсэн. Мөн 2020 онд цар тахлаас шалтгаалаад тэмцээн болоогүй. Харин 2021 онд улсын аварга шалгаруулах тэмцээндээ ороод хоёрдугаар байрт шалгарсан. Мөн өнгөрсөн онд түрүүлж, Америкт болох ДАШТ-ний эрхээ авсан.

-Жилээс жилд амжилтаа ахиулж яваа юм байна. Энэ олон тэмцээнээс арвин туршлага хуримтлуулав уу?

Ш.Ганболор: -Бидний оролцдог төрөл өрсөлдөөн ихтэй. Энэ удаагийн тэмцээнд нийт 13 баг оролцоход манай хамтлаг наймдугаар байрт орж үндэсний дээд амжилт тогтоосон юм. Тухайн үед шүүгчид биднийг хүчтэй баг гарч ирж байна хэмээн урамшуулж байсан. Бүжиглээд буухад багш маань “Бүх нөөц, бололцоогоо ашиглаж бүжиглэсэн, та нар минь чадлаа” гэж хэлэхэд өөрийн эрхгүй догдолсон. Цаашдаа бид гаргасан амжилтаа ахиулахын төлөө улам хичээнэ. Бүжиг нь хөдөлмөр, тэвчээр, мэдрэмж шаарддаг. Тууштай байвал амжилт гаргах бүрэн боломжтой. Мөн бэлтгэлийн цагаа зөв ашиглах нь их чухал. Амжилт нь ур чадвараас гадна сэтгэл зүй, анхаарал төвлөрөлтөөс шалтгаалдаг юм билээ.Үүнээс гадна би биш бид гэсэн сэтгэлээр хандахад амжилт ирдэг. Бид хамтлаг гэхээсээ илүү нэг гэр бүл шиг эелдэг уур амьсгалтай. Нэгнийгээ ойлгож дэмжинэ. Мөн уулзаагүй удахаар биесээ их санадаг.

-Амжилт гаргах нь тухайн тамирчны хичээл зүтгэлээс гадна багш чухал үүрэгтэй санагддаг?

Л.Наран: Бидний багшийг Г.Алтанзаяа гэдэг. Багш маань 13 жил бүжгээр хичээллэсэн. Оюутан байхдаа “Галт шувуу” бүжгийн хамлагийн гишүүн байсан. Анх багшилж эхлэхдээ латин америк болон баллет заадаг байлаа. Харин хөгжөөн дэмжигчдийн бүжиг зааж эхэлснээсээ хойш бидний бүжгийг дэглэж, хувцасны загварыг гаргаж, бүх зүйлд чин сэтгэлээсээ ханддаг. Манай охидын атгасан гар шиг нэг зорилгод нэгдэж, амжилт гаргаж яваа нь багшийн минь л ач.

-Та бүхний үргэлжлэл “NGL-2” хамтлаг бий гэсэн. Залгамж болсон дүү нартаа хэр зааж, сургаж байна?

Ш.Ганболор: Багш маань сургууль дээрээ хоёр хамтлаг хичээллүүлдэг. Манай хамтлаг 14 гишүүнтэй, 8-11 ангийн сурагчид. Өдөрт гурван цагийн бэлтгэл хийдэг. Харин тэмцээн дөхсөн үед эрчимжүүлсэн бэлтгэлээр явах жишээтэй. Бие халаалт хийгээд техникүүдээ давтасны дараа бүжгээ бэлдэх байдлаар бэлтгэл маань үргэлжилдэг. Харин “NGL-2” хамтлаг нь хоёроос зургадугаар ангийхан. Тус хамтлаг нь 2022 онд Азийн аваргаас хүрэл медаль хүртсэн. Их хүчтэй баг бий. Бид ч дүү нартайгаа их сайхан харилцаатай. Өөрсдийн мэддэг бүхий л зүйлээ зааж, сургахыг хүсдэг.

-Та хоёрыг багаасаа бүжгээр хичээллэсэн гэж сонссон. Хөгжөөн дэмжигчдийн бүжгийн спорттой холбогдсон түүхээсээ хуваалцаач?

Ш.Ганболор: Би таван наснаасаа эхэлж бүжиглэсэн. Харин хөгжөөн дэмжигчдийн бүжгээр хичээлллээд найман жил болсон байна. Бүжгийн спортыг сонгож хичээллэснээр өөрийгөө бусдад илэрхийлэх чадвар нэмэгдсэн гэж боддог.

Л.Наран: Би гуравдугаар ангид байхдаа бүжгийн төрлөөр урлагийн үзлэгт оролцож байсан. Тухайн үеэс эхэлж бүжгийн спортыг сонирхох болсон. Харин 2018 оноос хөгжөөн дэмжигчдийн бүжгээр дагнаж хичээллэж эхэлсэн.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.