ЛХАГВАДОРЖИЙН БАЛХЖАВ: ХҮНИЙ МЭДРЭМЖҮҮДИЙГ ДАВСАН ГОЁ МЭДРЭМЖ УРЛАГТ БАЙДАГ

Aдмин / Энтертайнмент

Л.Балхжав захиралтай уулзахаар UBS телевизийг зорьж явна. Бид бие биенээ мэддэг болсоор гучаад жил өнгөрчээ. Бас л том цаг хугацаа юм аа... Ийнхүү зочныхоо тухай бодож явав. Монголын хөгжмийн урлагт хөл тавиад хагас зуун жил болж буй энэ эрхэм ингэхэд хэн юм бэ. “Амин нутаг”-аас “Зүрхний тал” хүртэл аялгуу дуурсгаж яваа түүний талаар бид юу мэдэх юм. Ингээд зүрхнээс нь ундран гардаг эгшиг аялгуугаар зүрхээ хөглөн алхах дуртай, тансаг яруу хөгжмийн зохиолч, Монгол Улсын урлагийн гавьяат Зүтгэлтэн Л.Балхжавтай та бүхнийг уулзуулъя. Ярилцагч эрхэм маань яг энэ мөчид төрдөө үнэлүүлж, түмэндээ үнсүүлж Монгол Улсын Төрийн соёрхол хүртэж буйг сонсох юутай сайхан.


-Та бид хоёр ярилцах болзоо тавьсаар олон жил өнгөрчээ. Өнөөдөр таны амьдралын нэг хэсэг болох UBS телевиз дээр уулзаж байгаа маань надад дотно сайхан санагдаж байна. Хоёулаа ярилцлагаа таны аав Лхагвадорж гэж ямар хүн байсан тухай яриагаар эхэлье.

-Үнэхээр уулзаагүй уджээ. Амьдралын хурд үнэхээр гүйцэгдэхээ байж. Тантай уулзах сайхан байна. Миний аав, ээж хоёрыг анх танилцахад ээж 17-хон настай байсан гэдэг юм. Дөнгөж Багшийн сургуульд орж байж л дээ. Энэ үед манай аав Сонгинын цэргийн ангид байлдагч, цэрэг залуу ээжийг эргүүлээд л их романтик үе байсан юм шиг байгаа юм. Нэг нь цэрэг, нөгөө нь сургуульдаа ч ороогүй дөнгөж оюутан болж байсан үе. Ингээд би гэдэг хүн цэргийн хүү, малчин айлын охин хоёрын ууган хүү болон ирж. Тийм нялхаараа шахам хоёр амьтан яаж намайг өсгөх билээ. Ингээд би эмээ, өвөөгийн хүүхэд болон шилжив ээ. Манай ээж насаараа цэцэрлэгийн багш, аав анх цэрэгт жолооч болж бэлтгэгдсэн хүмүүсийн нэг байсан юм. Тавдугаар баазын Юндэн даргын жолооч, дараа нь баазад үйлдвэрийн тээврийн жолооч хийж, Эрдэнэт, Дархан хотын бүтээн байгуулалтад зүтгэж байсан хүн. Тэр үед их нэр хүндтэй, бас хамгийн их мөнгө олдог улс тээврийн жолооч нар байсан л даа.

-Айлын том хүү юм байна. Аль талынхаа эмээ, өвөө дээр өссөн бэ?

-Аавынхаа ээж, аавтай амьдарч байгаад тэд маань өөд болсон юм. Тэгээд ээжийнхээ талын өвөө, эмээ дээр очсон. Өвөөгөө би багахан санадаг юм. Харин эмээ дээрээ бол жинхэнэ гарынх нь хүүхэд болж өссөн. Урлагийн мэдрэмжийг ааваасаа л авсан байх гэж боддог юм. Манай аав өөрийгөө хөгжүүлээгүй л болохоос хөгжмийн асар их мэдрэмжтэй хүн байсан. Аавын юмнуудыг үзэж байхад өөрийнх нь цэргийн ангид байхдаа ноотлож байсан ноотыг нь олсон юм.

Тэндээс харахад асар мэдрэмжтэй, авьяастай хүн байжээ. Би одоо харамсдаг юм. Надад ноот үзүүлэхэд нь би ерөөсөө тоодоггүй байлаа. Нүд нь харахаа байж, сахрын өвчин нь хүндэрсэн, хэвтэрт байхдаа “Надад ийм ноот байгаа, миний хүү үз” гэхэд нь тоолгүй л өнгөрдөг байж. Нас барсных нь дараа тэр ноотыг нь гаргаж ирээд тоглож үзэхэд үнэхээр гоё аялгуутай байсан. 1999 онд Соёлын төв өргөөнд “Сэтгэлийн хөг” гээд хамгийн анхны тоглолтоо хийж байхад миний аав шугамын радиогоор сонсоод “Миний хүү ямар ч байсан хөгжим зохиогоод, найруулагчийнхаа ажлыг хийдэг болсон байна” гэж тайвшраад бурханы орондоо одсон доо.

-Таны өсвөр нас хаана өнгөрсөн юм бэ?

-Хоёрдугаар дөчин мянгатад. Өвөл нь хотод, хавар болохоор хөдөө явдаг байлаа. Тэгж хот, хөдөөгийн хоёр талын аж амьдралын хэмнэлийг авч, тэрийг мэдэрч өссөндөө би их баярладаг. Надад их хэрэг болсон. Гуравдугаар ангиа төгсөх үед манай сургууль дээр баахан хүмүүс ирж, Хөгжим бүжгийн сургуульд хүүхдүүд сонгож элсүүлэх үеэр би шалгаруулалтад орж тэнцсэн юм. Аавтайгаа зөвлөж байгаад морин хуурын ангид орж байлаа. Хэрвээ би тавин мянгатын “хулигаанууд”-тай нийлээд явчихсан бол зөвхөн хотын хөгжмийг л мэдрэх байсан болов уу (инээв). Хот, хөдөө хоёрыг адилхан мэдэрч өссөн орчин маань миний хөгжмийн амьдралыг илүү баян болгосон.

-Морин хуур тоглож сурахад хэцүү байсан уу. Чулуун гуайн хүү Чинбаттай ярилцаж байхад “Гадаа хүүхдүүд тоглоод л би гэртээ хийлээ бариад л, нулимстай зогсож байдаг байлаа” гэж бага насаа дурсаж байж билээ.

-Манай Г.Жамъян багш их ширүүн хүн шүү дээ. (инээв)

-Алдарт Г.Жамъян хуурч?

-Тэгэлгүй яахав. Манай багш хичээлээ ширүүн заадаг. Манай морин хуурын ангийнхан бүгдээрээ хусуулдаг байсан (инээв). Хамгийн гол нь бид багш зодлоо гэж хэнд ч хэлдэггүй. Тэгээд Г.Жамъян багш хичээлээ зааж дууссаныхаа дараа өөрөө 30 минут хуураа бидэнд зориулж тоглож өгнө. Ёстой гайхуулж, автуулж, дурлуулж тоглодогсон. Багшийн тоглохыг сонсоод бид зүгээр л хуураа хөрөөдөөд байдгаа ойлгодог байсан. Г.Жамъян багшийн хичээлд ороход дөрвөн улирал шиг санагддаг. Зарим үед айгаад "дахиж энэ өрөөнд орохгүй дээ" гэсэн бодол ч төрнө. Энэ хил хязгаарыг давж чадалгүй дундаасаа мэргэжлээ сольсон ч хүн байгаа. Үнэхээр үнэн сэтгэлээсээ хичээлээ заадаг багш байсан.

-Зан чанарын хувьд яаж нөлөөлсөн бэ. Жишээлбэл, та мэргэжлээ сольё. Ерөөсөө энгийн сургуульд оръё гэж бодож байсан уу?

-Би ерөөсөө тэгж бодож байгаагүй. Хувь заяагаар би Г.Жамъян багшийн шавь болсон. Энэ тавиландаа залбирч, багшийнхаа ачийг жаахан ч гэсэн хариулах гэсэн зүтгэлээрээ “Говийн домог” гэж морин хуурын тухай уран сайхны кино хийсэн. Монгол Улсын консерваторийн гадуур явах надад үнэхээр гоё байдаг. Сэтгэл доторх дурсамжууд амилж, багш нараа дурсан санаж өнгөрдөг. Манай сургууль бол үнэхээр домогтой сургууль шүү дээ. Хөгжим бүжгийн охидыг атаманууд найрах гээд эргэлдчихнэ. Бидний степендийг, малгайг дээрэмдэнэ. Хөлд нь бид үрэгдчих шахна (инээв). Тэр үеийн бидний хүүхэд нас маш баялаг амьдралтай байсан.

Урлагийн сургууль болохоор концертууд их болно. Тэр үед З.Хангал багш яагаад ч юм намайг бөмбөр тоглуулахаар сонгосон юм. Бөмбөрийн ангийн тэр олон хүүхэд байхад чиний хэмнэл, хөл даацтай байна, чи тогло гээд бөмбөрчнөөр суулгачихсан. Тэр нь миний хүсэл сонирхол, сэтгэлгээг эстрад руу хөтөлсөн л дөө. З.Хангал багш ингэж нэг цул юманд анхаарч явсан үеийг маань таллаж, өөр том зам нээж өгсөн. Тэр үед “Соёл Эрдэнэ” хамтлаг Драмын театрт тоглоход бид очиж тоглолтыг нь нууцаар үзсэн. Г.Жамъян багшийн хүү Ж.Батсайхан “Соёл Эрдэнэ” хамтлагийн хамгийн анхны гишүүн юм. Тэгээд аавыгаа тоглолтод урьсан байж л дээ. Бид бүгдээрээ тэр тоглолтод оччихсон нууцаар үзээд сууж байдаг юм байгаа биз дээ. Г.Жамъян багштай халз таараад загнуулж байлаа. Эсгий хийх газарт нохой хэрэггүй гэгчээр та нар энд юу хийж яваа юм гэсэн байртай сүрхий харсан. Багшаас айгаад гармаар байсан ч үзэж дуусгаж билээ.

-Таны намтарт Польш улсын Лодс гэх хоттой холбоотой үе бий. Энэ сэдвээр яриагаа үргэлжлүүлбэл?

-Үүнийг би хувь тавилан гэж боддог. Би тийм муу морин хуурч байгаагүй. Морин хуурчдын дунд уралдаан зарлахад түрүүлж, Бүгд найрамдах Куба улсад зохиогдсон олон улсын фестивальд оролцохоор шалгарч байсан юм. Кубын фестивальд уртын дуучин Б.Сарантуяа “Уяхан замбуу тивийн наран” дуулж, би морин хуур тоглож байлаа. Хүүхэд ч биш, том хүн ч биш насан дээрээ л явсан. Тэр фестивальд амжилттай оролцлоо гээд биднийг Кубын Варадеро хотод 14 хоног амрах эрхээр шагнасан юм. Үнэхээр сайхан газар шүү. Сургуулиа төгсөөд хуваарилагдахад манай ангийнхан Дарханы театрт хуваарилагдсан. Би тэр үеийн Ардын дуу бүжгийн чуулгад морин хуурчаар хуваарилагдлаа. Надад их уйтгартай санагддаг байлаа. Ганц танил найзлах хүн нь дээд үеийн төгсөлтийн Ж.Батсайхан байсан. Дарханд очсон манай ангийнханд бүгдэд нь байр өгсөн байсан. Би тэр үед Дарханд очиж дөрөв хоночихоод буцаад хот руу явж байхдаа ерөөсөө Дархан руу шилжих тухай ч бодож амжлаа. Намайг шинэ төгсөгч гээд 60 хоног бригадаар хөдөө явуулдаг юм. Шинэхэн төгсөгч юм чинь хэцүү шүү дээ. П.Адарсүрэн ах л “Ахын дүү томилолтынхоо мөнгийг хэмнээд ээждээ өгөөрэй, хоёулаа өлсөхгүй ээ” л гэж байна. Тоглолтын дараа П.Адарсүрэн ахыг сум болгонд айлууд дайлна. Сүүлдээ бүр тэрнээс нь залхаж байгаа юм чинь. Үнэхээр алдартай хүн байсан. Тэгж томилолтын 60 хоногоо дуусгаж ирээд, наадмын тоглолтын бэлтгэлд гарсан юм.

Улсын ардын дуу бүжгийн чуулгын ард МОНЦАМЭ байдаг байлаа. Тэнд хөгжмийн зохиолч Р.Энхбазар, Т.Чимэддорж гуай нар ажиллана. Тэр хоёр дээр Польшийн Кино урлагийн дээд сургуульд дууны найруулагчийн ангийн хуваарь ирсэн байж. Тэгсэн чамайг Монцамэдээр ороод ир гэсэн шүү л гэж байна. Би яваад очлоо. Нот мэддэг хүн авах юм байна, чи шалгуулаад үз гээд юу юугүй оруулчихлаа. Юу ч бэлдээгүй, юугаа ч мэдээгүй шалгуулахаар орлоо. Арав гаруй хүн сууж байна. Өгсөн материалыг нь харсан, юм ноотлох байсан, би хамгийн түрүүнд ноотлочихоод л гарсан. Тэгсэн чинь тэнцчихсэн байсан. Дараа нь найруулагчийн шалгалт авлаа. Хаврыг дүрсээр харуулбал юу байх вэ гэсэн утгатай асуулт ирсэн. Би “Тунгалаг Тамир” киноноос үзсэн зүйлээ нүдэнд харагдтал ярьчихлаа. Тэнцсэн байна л гэсэн. Тэгээд дараа нь Багшийн дээд сургууль дээр гурван өөр мэргэжлийн шалгалт өгсөн. Билет сугалахад “Тунгалаг Тамир” романы тухай асуулт ирэв. Тэр олон мэдэхгүй билетүүдээс киног нь үзсэн роман ирж аз таарлаа. Би ч бүгдийг нь ярьсан. Дараагийн нэг шалгалтад нь “Учиртай гурван толгой” ирсэн. “Учиртай гурван толгой”-г хичээл дээр хүчээр үзсээр байгаад бүгдийг нь нэг нэгэнгүй мэддэг. Тэгээд би ганцаараа тэнцсэн юм.

- Хэдэн онд болж байгаа үйл явдал вэ?

-1980 он байсан. Тэгсэн чинь гурван жил улсад ажиллаагүй байна, энэ хүүхдийг явуулахгүй. Улсын мөнгөөр Хөгжим бүжгийн сургуульд 12 жил сурсан. Одоо тогтвортой ажиллуулна гэлээ. Тэгээд наадмын тоглолтын бэлтгэлд гарсан. Гадаад явахаа больсон гээд явж байтал С.Лувсаншарав гуай нэг өдөр өрөөндөө дуудсан. Чи үнэхээр явах дуртай байна уу гэж асууж байна. Би ч явж суралцах сонирхолтой байна л гэлээ. С.Лувсаншарав гуай миний хариултыг сонсоод “За, чи явж сур даа” гэсэн. Тэр үед миний аав, ээж ч намайг ямар сургуульд явж байгааг мэдэхгүй байсан. Ерөөсөө миний асуудалд оролцдоггүй хүмүүс байж билээ. Ингээд би эмээгийн хүүхэд байж байгаад л гадагшаа явсан даа. Биднийг очингуут бүгдийг маань эмнэлэгт хэвтүүлсэн. Дараа нь хэлний бэлтгэлд Лодс хотод очсон. Тэнд нэг жил сураад, буцаад үндсэн сургуульдаа сурсан. Шинэ жилийн амралт болох үеэр элчингээс хүн ирлээ. Бүх монголчуудыг цуглуулаад “Польш охинтой үерхсэн хүн байвал гараа өргө” гэж байна. Үерхсэн ч хэлэхгүй шүү дээ. За, тэгвэл энэ гадаа болж байгаа бослогыг зөв гэж бодож байгаа нь гараа өргө гэсэн. Хэн ч гараа өргөсөнгүй. Буруу гэж бодож байгаа нь гараа өргө гэж байна. Алинд ч гараа өргөөгүй. Миний гайхсан юм нь Л.И.Бережневийг зурагтаар гарахаар хүмүүс нь уурлаад ширээ өшиглөөд, орос цэргийн хөшөө рүү улаан будаг цацаад байх юм. Нөгөө Ю.Цэдэнбал даргатай үнсэлцдэг, Оросын удирдагч хүн шүү дээ гэж бодно. Гэтэл тэнд үзэн ядаад байдаг. Тийм юм өрнөж байсан болохоор элчингээс ирж биднийг тэр үзэл сурталд автагдсан байна уу, үгүй юу гэж шалгаж байгаа юм. Тэгээд “За, та нар Монголд очоод эргээд ирнэ. Хувцсаа өрөөндөө орхиод явчих” гэсэн. Бид ч итгээд Улаанбаатар руугаа явсан. Монголдоо ирээд амарч байтал ер нь нэг л буцаахгүй шинжтэй болоод явчихлаа. Тэгээд биднийг Эрхүүгийн бэлтгэл рүү явуулчихлаа. Ингээд Эрхүүгийн оюутан болсон юм. Би гэдэг хүн тэр үед Польшоос ирсэн, арай гоё хувцастай, ганган оюутан байсан шүү. Эрхүүгийн бөмбөрчид ч намайг хамтлагтаа авлаа. Ингээд би орос хамтлагийн бөмбөрчин болсон. Бүсгүйчүүд надад жигтэйхэн сайн (инээв). Шинэ жилийн оройг би гурван оюутны байранд очиж тэмдэглэдэг байлаа. Тэгээд хавар ч боллоо. Яг миний мэргэжлийн хуваарь байгаагүй. Ингээд би ЗХУ-ын Ленинградын кино, телевиз, театрын дээд сургуульд орсон. Ленинградад эдийн засгийн ангийн хөөрхөн охин, гэргий Ё.Ариунаатайгаа танилцсан. Зургаан жил суралцсан Ленинградад байсан залуу насны сайхан он жилүүддээ зориулж “Цагаан шөнө” дуугаа бичсэн. Манай Сараа гайхалтай сайхан дуулсан. Сургуулиа төгсөж ирээд Үндэсний телевизэд хуваарилагдсан. Тэр үед Ю.Эрдэнэтуяа, С.Жаргал нар телевизийн удирдлага байлаа.

-Та Үндэсний телевизэд хэр удаан ажилласан бэ?

-Би С.Жаргал даргатай гар нийлж ажилладаг байсан. Ю.Эрдэнэтуяа дарга бол уран бүтээлчдийг их чөлөөтэй юмыг нь хийлгэдэг дарга байсан. Би телевизэд нэг даргатай нь огт таардаггүй байсан юм. Тийм байдалтай хоёр гурван жил ажилласан. Тэгээд Кино үйлдвэрт ажиллах санал ирээд, явсан.

-Тэр үед манайд өөрчлөлт шинэчлэлийн давлагаа хүчтэй өрнөж байсан байх.

-Тийм. Би ч UBS телевизээ байгуулах гээд маш завгүй ажиллаж байсан. Уран бүтээлээ хийж, мэргэжлээрээ ажиллана гэх ганцхан зорилготой. Өөр зүйлд сатаараагүй. Кино үйлдвэрт байхад ардчиллын залуучуудтай зөндөө уулзалддаг байлаа. Тэр үед жагсаал цуглаануудаар баримтат кино хийх бололцоог олгож, сэтгэлээрээ дэмжиж явсан. Одоо ч нөхөрлөж яваа олон хүмүүс бий. Д.Сосорбарам бид хоёр олон жил ойр дотно нөхөрлөж явна. Гэхдээ би хэзээ ч найздаа “Чи яагаад өдий насандаа гудамжинд сагсуу залуусаар гурилаар цацуулаад яваа юм бэ. Чи яах гээд ингээд улс төрд оролцоод байдаг юм. Зүгээр урлагтаа л зүтгэ, зөвхөн уран бүтээлээ хий” гэж хэлдэггүй. Бидний нөхөрлөлийн үнэ цэнэ энэ хүндэтгэл дээр тогтдог гэж би боддог. Уран бүтээл гэх нандин зүйлээр холбогддог нэгэн шижим бидний дунд байдаг учраас тэрийгээ бид хайрладаг. Д.Сосорбарам ч надад “Чи яагаад..." гэх зүйл ярьдаггүй. Жишээ нь, манай телевизийн “To be or not to be” шоунд олон үзэл бодолтой шүүгчид ажилладаг. Яруу найрагч Ц.Хулан гэхэд Ардын нам талдаа, Д.Сосорбарам гэхэд л Ардчилсан нам талдаа...Гэвч улс төр ярихгүй, яг л хийж байгаа ажлаа хийдэг. Гараад бие биедээ үзэл бодлоо янз янзаар илэрхийлж байх шиг л байдаг юм. Биднийг нэгтгэдэг зүйл нь урлаг.

-Та кино үйлдвэрт ажиллаж байхдаа хийе гэж бодож байсан зүйлсээ хийж чадсан уу?

-Хийж чадсан. Тэр үед телекино үйлдвэр оросоос ирдэг хор нь ирэхээ больж, үйл ажиллагаа зогссон байсан. Видео хийх хэрэгтэй, өөр технологи руу орох цаг болжээ гээд бид зүтгэсэн. Техник технологийн шинэчлэл дээр нь ажилласан. Дуучин С.Цэрэнчимэд, Ш.Чимэдцэеэгийн кино концертуудыг анх хийж байлаа. Тэрийгээ хувилж зараад цалингаа тавьж байсан үе ч бий. Телекино үйлдвэр нэрээ өөрчлөөд дүрс дуу бичлэгийн Өлзий пүүс болж байлаа. Дараа нь нийслэлийн телевизийн Өлзий компани болсон.

-Та Орост оюутан байхдаа наймаа хийж байсан уу. Хамгийн анх суралцахаар очиж байсан Польш орондоо ахин очсон уу. Очсон бол сонин байсан байх даа?

-Наймаа хийлгүй яахав. Хүүхэдтэй боллоо. Хичээлийнхээ хажуугаар ажиллахаас өөр аргагүй болж таарсан. Польшид эргэж очсоон. Польшийн телевизэд ажилласан шүү дээ. Надтай хамт сурч байсан, оюутан ахуйн нэг найз маань Польшийн телевизийн дарга болсон юм. Тэгээд намайг урьж хоёр жил ажиллуулсан. Мэдээж танил дотно орон болохоор сайхан байсан. Харин Ленинградад би сургуулиа төгссөнөөсөө хойш очоогүй байгаа. Очно гэж боддог.

-Та анхны дуугаа хэзээ зохиож байв?

-Миний анхны дуу бол “Амин нутаг” юм шүү дээ. Хөгжим бүжигт байхдаа зохиосон. Дэндэвийн Пүрэвдорж гуайн шүлэг, тэр агуу хүн намайг танихгүй шүү дээ. Би эмнэлэгт хэвтэж байхдаа сониноос анх үгийг нь олж уншсан юм.

-Хэдэн онд хэдэн настайдаа гэсэн үг вэ? Одоо ч дуулагдаж байгаа шүү дээ?

- Би Хөгжим бүжгийг 1979 онд төгссөн. Тэгэхээр 1977 онд зохиосон юм байна. 46 жилийн өмнө зохиогдсон дуу.

-Оюутан байхдаа та дуу хийж байсан уу?

-Би “Амин нутаг”, “Дөрвөн цагийн зурлага” дуугаа Хөгжим бүжигт байхдаа зохиосон. Миний нэр их хөгшин сонсогддог юм шиг байгаа юм. Л.Балхжав гэхээр... Тэгээд тэр үед болсон нэг уралдаанд оролцтол нэгдүгээр байрт Ж.Чулуун гуай гарч ирээд шагналаа авсан, хоёрдугаар байрт “Амин нутаг” шалгарч авторуудыг дуудтал Дэндэвийн Пүрэвдорж гуай намайг дээрээс доош сүрхий харсан (инээв). Ингэж бид хоёр хоёрдугаар байрт ороод шагнал авч байсан түүхтэй. Юун жаахан хүүхэд гараад ирэв гэж бодсон байх.

-Сургуулиа төгсөөд хамгийн анх юу хийнэ гэж мөрөөддөг байсан бэ?

-Эхлээд мюзикл хийнэ гэж боддог байсан. Тухайн үед Польшид мюзикл их хөгжиж байсан юм. Хөгжимтэй холбоотой кино хийнэ гэсэн мөрөөдөлтэй ирсэн. Тэгээд л янз бүрийн юм хийж эхэлсэн. Жишээ нь, “Хөгжмийн шуудан” гэдэг нэвтрүүлгийг хийж эхэлсэн. Тухайн үед үзэгчид маш их сонирхон үздэг нэвтрүүлэг болсон. Дараа нь “Танилцъя” гээд нэвтрүүлэг хийж байсан. Дугаар болгоноо сонин содон хийх гэж ажиллана. Олон сонирхолтой контентууд хийж байсан. Тэгж эрэл хайгуул хийж ажиллаж байгааг С.Жаргал дарга, Ю.Эрдэнэтуяа дарга нар ойлгож, намайг их дэмждэг байсан. Долоо хоног болгоны нэвтрүүлгийг зүгээр нэг урсгаж биш, өөрийгөө зовоож хийнэ. Тэгж их ажилладаг байж дээ. Сүүлдээ Ариунааг гэрийнхэн нь “энэ ер нь хэнтэй суучихав аа” гэж гайхсан. Амьдралаа үрчихэж байгаа юм биш үү, энэ нөхөр чинь гэрийн бараа хардаг хүн үү гэж байсан гэдэг. Телекино үйлдвэрт очоод ч би яг л тэр хэмнэлээрээ ажилласан. Зарим уран бүтээлчид нь дургүйцнэ. Хойноос ирээд хот манайх, хотонд ирээд хонь манайх гэгчээр энэ Л.Балхжав телевизээс ирээд биднийг хөлдөө чирч байна. Ганцаараа юм хийгээд, биднийг чирээд байна гээд надад дургүй болсон. Зарим нь бүр сайн болсон. Тэгээд энэ хүндрэлийг даваад телевизийн видео кино хийж эхлэхэд зарим хүмүүс киног устгаж, хөнгөн жанрын урлаг болголоо гээд дургүйцсэн. Би тэр үед амлаж байсан. Кино урлагийг устгахгүй ээ, давхар авч явна гэсэн миний амлалт байдаг. Шинэ юм бүхэн эсэргүүцэлтэй тулдаг. Тэрийг давж чадахгүй бол уран бүтээлчийн амьдрал зогсдог. Одоо бид 11 дэх киногоо хийж байна.

-Таны хийж байгаа сүүлийн үеийн кинонууд туульсын, домгийн шинжийг агуулж байна. Энэ сэдвээр заавал тэдэн кино хийнэ гэсэн хувийн зорилго байгаа юу. Эсвэл таны хэлэх гэсэн санаа, зорилго биелээгүй болохоор энэ тойргоосоо гарахгүй байна уу?

-Одоо манай киноны ертөнцийг харахад дандаа цэл залуухан хүүхдүүд кино хийж байгаа. Тэд яг үндэсний өв соёл, ёс заншлаа нэгдүгээрт тавьж чадах уу, үгүй юу гэдэг асуулт гарч ирж байна. Би насыг буруутгаж байгаа юм биш шүү. Би тийм зүйлд дургүй. Манай кино группт 18 настай хүүхдүүд ч ажиллаж байна. 70 настай ч хүн байна. Харин бодлого дээр нь бол 50-аас дээш насны хүмүүс ажиллаж байгаа. Бид үндэстнийхээ өв соёлын өмнө хүлээсэн үүргээ одоо л биелүүлэхгүй юм бол хэзээ хийх юм бэ. Бидний өмнөх үе бол үүргээ гүйцэтгэсэн. Алтан үеийн кинонууд ямар гоё билээ. Тэр “Цогт тайж” киног задлаад хар. Зөвхөн энэ киноны задаргаан

дээр ажиллахад хичнээн ихийг сурч мэдэж байна вэ. Жаахан хэтрүүлээд хэлэхэд чанаргүй дээд сургуульд яваад ч хэрэг байхгүй. Тэр дотор хайр дурлал, үндэстний үзэл, хийсэн алдаа, эв нэгдэлгүйгээс болж тарж бутарсан түүх, шашин бүх зүйл байгаа. Тэрийг судлах хэрэгтэй. Бид тэрийг үзэж, хийсэн хүмүүстэй нь ярьж, харж, хамт ажиллаж байсан хүмүүс. Өнөөдөр гар утасны тухай кино хийе гэвэл тэрэн шиг амархан юм байхгүй. Үндэсний өв соёлоо дараагийн үедээ дамжуулахын тулд илүү суурьтай ажиллах шаардлага бидэнд байна. Энэ ажил дундаа их тасалдсан байна. Хэн нэг нь хийж үлдээх ёстой. Дэлхийн хүмүүст үзүүлэх ёстой. Бид ядаж суурийг нь тавиад өгөх юмсан. Ийм л зовнил зовлонг би тээж яваа юм. Үүнийг маань ч энэ кинонуудад тоглож байгаа жүжигчид, урилгаар ажиллаж байгаа хүмүүс мэдэрдэг байх. Хамгийн гол нь үзэгчид. Тэдэнд жаахан л сэдэл өгөхөд эх орноо бүр цаанаасаа, ёстой нөгөө амин хайраар хайрладаг юм. Бид үүнийг бүтээл болгоныхоо ард мэдэрч үлддэг.

-“Нарны садан” кино гэхэд өнгөн талдаа сарлаг гэдэг амьтны тоо цөөрч, хорогдож байгаа шүү гэдгийг өгүүлэх мэт. “Содура” киноны хэлсэн санаа цус цэвэр байх тухай ойлголт, хүний үр удам тасрах гашуун зовлон дээр суурилж цаатнуудын зүг анхаарал хандуулахыг шивнэх мэт. “Говийн домог”-ийн тухайд та санаагаа түрүүн ярьсан. Гэтэл үндэстний гэсэн том санаа явна.

- Эхлээд бид цаатнуудыг олж харсан. Дөнгөж 80-хан цаатан өрх айл байгаа юм. Энэ чинь монгол түмний нэг өвөрмөц тасархай байхгүй юу даа. Хэрвээ бид энэ сэдэв дээр ажиллаж, дуу хоолойгоо гаргаж ирж амжаагүй байсан бол хэдэн жилийн дараа байх үгүйг мэдэхгүй шүү дээ. Бид дэлхий нийтийн анхааралд аваачиж чадсан. Араас нь олон ажил өрнөж байна. Гадаадаас цаа авчирч нийлүүлэхээс эхлээд тухайн бүс нутаг дахь аялал жуулчлал хөгжсөн гэх зэрэг яривал маш олон зүйл байгаа. Үүний дараагийн барьж авах зүйл бол морин хуур байсан. Морин хуурыг Өвөр Монголоос гаралтай юм аа, тэд өөрийн нэр дээр Юнеско-д бүртгүүлнэ гэх зэрэг олон янзын мэдээллүүд явж байсан. Гэтэл морин хуур нь говиос гаралтай. Тэр дундаа Монголын их говиос. Энийг бид урлагаараа дамжуулж хэлэх ёстой. Бид хэлж чадсан. Дараагийн киногоо бодож явж байгаад хайж байсан зүйлтэйгээ учирсан. Тэрэлжид эртээ өглөө явж байсан чинь машины өмнөөс улаан тоос манараад, навсайсан юм ороод ирлээ. Юу вэ гээд гайхаад хартал том том сарлагийн бухнууд, ямар ч сүрлэг амьтан юм. Сарлагаас сүрдмээр шүү дээ. Тэгээд энэ сонин амьтныг гадныханд үзүүлэх юмсан. Ямар мэдрэмж авах бол гэж бодсон. Анх тэгж тогтож харсан мөч, тэр үеийн орчин ахуй их гоё байсан. Тэгээд сарлагаар кино хийе гэж шийдсэн. Анх манайд Төвдөөс сарлаг орж ирсэн гэж яриад байдаг. Яагаад манайхаас Төвд рүү явсан байж болохгүй гэж вэ. Энийг хэн ч мэдэхгүй шүү дээ. Сарлаг хаана үүсч хөгжсөнийг тайлбарлах аргагүй. Тэгээд бид киногоороо үүнийгээ хэлсэн. Баянхонгорын наадам дээр нэг сарлаг туйлаад балласан даа. Чи санаж байна уу.

-Санаж байна.

-Тэр бас надад их нөлөөлсөн. Монголд олон ястнууд амьдарч байна. Монголын нутаг дэвсгэр дээр амьдарч байгаа бол бид эвтэй найртай, өв соёлоо эрхэмлэдэг, эх болсон Монгол орноо хайрладаг тэр үзэл санааг баринтаглаж явах ёстой. Тиймээс эд нарынхаа түүх соёл, уламжлалыг бид кино урлагаар дамжуулж хэлж өгөхгүй бол болохгүй. Буриадуудыг гэхэд зөвхөн хэлмэгдэж зовсноор нь л бид үзүүлдэг. Энэ бол гэвч нэг л өнцөг. Гэтэл буриад зон олны аж амьдрал, ахуй соёл өөрөө ямар гайхамшигтай баялаг билээ. Ингээд л шатаад, хайрлаад, бишрээд үүнийгээ урлагаараа дархлаад байвал сэдэв зогсошгүй. Өнөөдөр бидний зүтгээд л байгаа шалтгаан энэ.

-Та “Мартагдашгүй намар 2” киног хийхдээ өмнөх хувилбараас дээрдүүлж хийсэн гэж боддог уу?

-Хэзээ ч давуулж хийж чадахгүй гэдгээ мэдэж хийсэн. “Universe best songs” төслийн үргэлжлэл, залуучуудыг дэмжсэн шиг дэмжих хамгийн сүүлийн шат нь кинонд тоглох байдаг. Ч.Очгэрэл, Б.Замилан нар “Universe best songs”-д дуулж оролцсон залуучууд л даа. Яг уралдаан дээрээ дуулахдаа сайн амжилт үзүүлээгүй ч гэсэн жүжиглэх талаасаа нүдэнд өртсөн. “Мартагдашгүй намар”-ыг яагаад хийсэн бэ гэхээр Х.Дамдин найруулагч бидэнтэй их холбоотой ажилладаг юм. Телекино үйлдвэрт ажиллаж байх үеэсээ бид холбоотой явсан. Охин нь манай UBS телевизийн ерөнхий найруулагч Д.Отгонзаяа шүү дээ. Тэгээд аавынхаа киног “Universe best songs”-д оролцсон хүүхдүүдээр тоглуулан ахин шинээр хийе гэдэг санаачилгыг гаргасан. Тэгээд бид энэ киног хийсэн юм.

-Одоо танай баг буриадуудын тухай кино хийж байгаа юм байна. Буриадуудын тухай манай хийсэн кинонууд тэр чигээрээ хэлмэгдлийн үеийг үзүүлсэн. Танай киноны шинэ зүйл нь юу вэ, найруулагчаар нь та өөрөө ажиллаж байгаа юу?

-Би бүх киноныхоо зөвлөх найруулагч, ерөнхий продюсероор ажилладаг. Ерөнхий найруулагчаар Б.Жаргалсайхан, О.Эрдэнэ, Б.Чингүүн нар ажиллаж байна. Одоо энэ хийгдэж байгаа кинон дээр Б.Чингүүн ажиллаж байгаа.

-Таны том хүү хаана сургууль төгссөн бэ. Таны мэргэжлийг өвлөж авсан уу?

-Америкт бага сургуулиа төгсөөд, Бээжинд кино урлагийн дээд сургуулийг төгссөн. Хүүтэйгээ нэг төсөл дээр ажиллах нэг талаас дэмий ч юм шиг санагддаг.

-Яагаад вэ?

-Зөрөлдөнө. Муудаж, сайдна. Үзэж тарна шүү дээ.

-Та рок, поп урлагт амьдралынхаа маш том хэсгийг зориулж байгаа хүн. Энэ 30 жилд өөрөөсөө гаргая гэсэн зүйлээ гүйцэд гаргаж, бас авъя гэсэн зүйлээ бүрэн авч чадсан уу?

-Би өнгөрсөн 30 жилийн амьдралдаа ерөөсөө харамсахгүй. Яагаад гэвэл би өөрийн хамгийн дуртай зүйлээ хийж амьдарсан. Би мэргэжлийн ажлаа хийсэн. Гоё хамт олныг ч бүрдүүлж чадсан. Бид бүгдээрээ уран бүтээлч сэтгэлгээтэй хүмүүс болсон. Эхлээд би хөгжмийн зохиолч гэж хэлэгдэхээс ичдэг байлаа. З.Хангал багшаас, Н.Жанцанноров гуай, Б.Шарав гуайгаас ичдэг. Мэргэжлийн хөгжим яаж зохиох вэ, яаж дуу зохиох вэ гэдгийг дагнаж заалгасан энэ хүмүүсийн хажууд тэр онолоор заалгаагүй мөртлөө хөгжмийн зохиолч гэж хэлүүлэхээсээ ичдэг байлаа. 2004 онд шиг санаж байна. “Өглөө шиг эх орон”-ыг зохиосны дараа Хөгжмийн зохиолчдын холбооноос дуудаад надад Хөгжмийн зохиолчдын холбооны гишүүн гэсэн үнэмлэх олгоод, та хөгжмийн зохиолч мөн гэж хэлсэн юм. Тэгээд Хөгжмийн зохиолчдын холбооноос олгодог Л.Мөрдорж гуайн нэрэмжит шагналыг надад олгосон л доо. Миний хамгийн хүндэтгэдэг шагнал энэ байлаа. Ингээд өөрийгөө хөгжмийн зохиолч гэж хэлэхийг өөртөө зөвшөөрдөг болсон. Тэр үүдээр алхаад ороход алдартай хөгжмийн зохиолчид бүгдээрээ сууж байсан юм. “Өглөө шиг эх орон” чинь гоё шүү гээд намайг тэвэрч үнссэн, би энэ шагналыг хүртсэндээ их баярлаж явдаг юм.

-Поп хөгжмийг залуу насны урлаг гэдэг. Залуу нас бол өөрөө баригдашгүй, гал халуун үе. Сэтгэлдээ хөгжимтэй үе юм шиг. Яруу найрагчдыг ч гэсэн зүрхэндээ дурлалтай явдаг үедээ илүү бичдэг байсан юм болов уу гэж хармаар. Тэгээд тэр үеэ дуусахаар хайрын тухай шүлэг бичихээ больдог ч юм шиг ажиглагддаг. Гэтэл та одоо ч хайрын дуу зохиосоор л байгаа. Энэ талаар юу хэлэх тань сонин байна?

-Миний залуу байхдаа зохиосон хайрын дуунуудаас хүмүүст хүрсэн нь зөндөө. Өнөөдөр би 60 хүрч байгаа. Б.Лхагвасүрэн ах 70 хүрсэн байхдаа хайрын тухай “Үзэсгэлэнт минь” гэдэг тэр тансаг дууны үгийг зохиосон. Энэ дуу үзэгч сонсогч хандалтын үзүүлэлтээрээ Монголын рекордыг эвдсэн. Зөвхөн youtube сувгаар гэхэд 23 сая хүн үзсэн байх жишээтэй. Тэгэхээр уран бүтээлд биологийн нас хамаагүй байгаа биз. Энэ дуу бүтэх үеийн Б.Лхагвасүрэн ах бид хоёрын хайр дурлал гэж өдий насан дээр юу байх билээ дээ.

-Сэтгэл дотор байгаа ертөнц тань яагаад одоо хүртэл тийм цэл залуугаараа байдаг юм бэ. Энэ нь урлагийн хүн гэдэгтэй холбоотой юу. Эсвэл ямар ч зааггүй сэтгүүл зүйн салбарт ажиллаж байгаатай холбоотой юу. Та сэтгэл санаан дотроо болж байгаа зүйлээ уран бүтээлдээ шингээж байсан уу гээд зөндөө юм асууна даа гэж боддог байлаа. Та энэ хариултаараа ингээд л хаачих юм уу?

-Жишээ нь, би сая эмнэлэгт хэд хоног хэвтлээ л дээ. Өглөө босоод эм ууна, өдөр хоол идчихээд эм ууна. Тариа хийлгэнэ. Яг тийм байдлаар амьдрах мөхөл юм шиг надад санагдсан. Хамт олныхоо дунд стресстэй байсан ч, баяртай, бас гунигтай...эд бүгд сүлэлдэн байгаа минь ямар их аз жаргал вэ. Хаашаа л харна уран бүтээл яриад л... Хүн дуртай юмаа хийнэ гэдэг нь өөрөө эмчилгээ юм байна гэж би бодсон. Тэгэхээр миний амьдралаа зориулж яваа энэ ертөнц дандаа залуучуудын сэтгэлгээ, энерги шингэсэн орчинд буцалж бургилж өнгөрч байна. Чин сэтгэл, хүсэл тэмүүлэл, мөрөөдлөө шингээн байж, ард түмнээ баярлуулах гэж хийсэн бүтээлээс муу энерги авна гэж байдаггүй.

-Таны гэр бүлийн амьдрал их тогтвортой байж чадсан юм билээ. Үүний нууц нь юу вэ. Л.Балхжав гэдэг хөгжмийн зохиолчийг ганцхан эмэгтэйд залбираад амьдарсан гэхэд бурхан ч итгэхгүй байх. Салхи шуурга шиг сандаасан учралууд хүний амьдралд тохиолдож л байдаг. Ийм зүйлүүдээс биеэ яаж авч гарсан бэ. Бас нөгөө талаас нийгмийн шилжилтийн үед олон уран бүтээлчид ганхсан, зарим нь бүр сүйрч ч байсан.

-Би юу асууж байгааг тань сайн мэдэрч байна. Тэр бүх зүйлс... Жишээ нь, архинд орох, түүнээсээ болоод амьдралаа алдах эсвэл хар тамхи, ямар нэгэн зүйлд мансуурах донд автах зэрэг олон зүйлс хүмүүст тохиолддог. Гэхдээ тэр зүйлсийн хүнд өгдөг мэдрэмжүүдийг давсан гоё мэдрэмж урлагт байдаг. Урлагаас авч байгаа кайфыг хамгийн том аз жаргал гэж итгээд, уран бүтээлээ илүүд тавьж чадсанаар тэр бүх даваа гүвээг давж явсан байх гэж бодож байна.

-Та үе үеийн маш олон уран бүтээлчтэй ажиллаж байсан. Удирдагчийн хувьд багаас тань, өөрөөс тань хүмүүс явахыг та яаж хүлээж авдаг вэ?

- Хамгийн анхны цохилт л хэцүү байдаг. Магадгүй бүх юман дээр болов уу. Ерөөсөө явчихна гэж бодоогүй байсан хүн маань анх явахад л их хүнд хүлээж авсан. Манай үйлчлэгч Н.Ганчимэг гэж эмэгтэйг явахад би уйлсан. UBS телевиз анх байгуулагдахад л анх өрөөг маань цэвэрлэж эхэлсэн хүн. Түүнийг явахад надад хэцүү байсан. Гэхдээ эргээд ирсэн л дээ. Одоо эндээ ажиллаж байгаа. Дараа нь М.Баярдэлгэр гэж манай гадаад харилцааны залуу явахад надад бас хэцүү байсан. Тэрнээс хойш би эмзэг хүлээж авахаа больсон. Тэр хүмүүсийг мөр зэрэгцээд телевизийн салбартаа ажиллаж явахад би юунд нь гуниглаад байгаа юм гэж өөртөө хэлдэг болсон.

-Та хүн загнадаг уу?

-Загнана аа (инээв).

-Сонгуулийн үед улс төрийн контентууд их гардаг. Харин танай телевизийн хувьд улс төрд оролцдоггүй гэж хэлж болно. Яаж үүнээс бараг ангид байдаг юм бэ?

-Хотын нийт 10 гаруй даргатай би хамтарч ажиллаж байна. Л.Энэбиш даргаас эхлээд одоо Д.Сумъяабазар дарга хүртэл хамтарч ажиллаж байна. Улс төр биднийг оролддоггүй гэж би хэлж чадахгүй. Ардчилсан нам, Ардын намын дарга нартай бүгдтэй нь харилцаж байсан. 1992 онд байгуулагдаж байсан телевиз 2004 онд хууль гарахад бид хэдийнэ туршлагатай баг болсон байсан. Тэр үед Л.Балхжав, Ж.Баяр, Сайн уу Сайнаа гээд манай брэнд болсон хүмүүс бүгдээрээ байсан. Тэр үед хөгжмийн хөтөлбөрүүдээр 10 дуу өрсөлдөхөд есөн дуу нь миний дуунууд л байдаг байсан. Ардчилсан нам, Ардын нам аль аль нь л манай намаас нэр дэвшээч гэдэг санал тавьдаг байлаа. Үндэсний олон нийтийн телевизийг удирдаач гэсэн санал ч ирж байсан. Би их хурлын гишүүн ч болоогүй, өөр телевиз ч удирдаагүй. Би зөвхөн UBS телевиздээ л үлдсэн. Энэ бол миний амьдрал юм. Миний аз жаргал юм.

-Таньдаг улстөрчид хэл аманд оролцоод, тусламж гуйхад та яаж ханддаг вэ?

-Улс төрд миний сайхан харилцаатай явдаг хүмүүс их бий. Бид нэг зүйл дээр их санал нэгддэг. Бид гэдэг маань манай хамт олон шүү дээ. Бид улстөрчдийн намыг нь харахаа болиод хүнийг нь хардаг болсон. Энэ магадгүй хамгийн зөв зарчим байж мэднэ шүү.

Монголын телевизийн түүхэнд хамгийн урт удаан хугацааны турш нэг телевиз удирдсан хүн би л болж таарч байх шиг байна. Яг үнэнийг хэлэхэд улстөрчдийн заримыг би үзэн яддаг. Сонгогдохоосоо өмнө энэ хаалгаар орж ирэхдээ инээд алдаад л бөхөлзөөд орж ирдэг. Сонгогдсоныхоо дараа тэр гаргаж байгаа зан чанарыг нь харахаар миний ой гутдаг. Яагаад ч юм манай телевизийн сэтгүүлчдэд, манайханд муухай хандсан л бол би тэр хүмүүст дургүй болчихдог. Хүн нэг л зангаараа байх хэрэгтэй. Байнга хүндэлдэг хүн бас байдаг. Ямар ч албан тушаал дээр очсон хувирдаггүй хүмүүс байдаг. Тийм хүмүүсийг би хүндэтгэдэг. Өдөр шөнө шиг хувирдаг хүмүүс бас байдаг. Тэр хүмүүсийн хаалга тэгсхийгээд л хаагддаг юм байна лээ.

-UBS телевизийн дараагийн шинэ хөгжил хэрхэн яаж төлөвлөгдөж байгаа вэ. Өрсөлдөөн бол ширүүссэн шүү дээ.

-Саяхан болтол уран сайхны кино, телевизийн сериал, интертаймент контентууд нилээн хийж ирсэн. Маш их цагаа зориулж ирлээ л дээ. Одоо буцаад сэтгүүл зүй рүү илүү анхаарал хандуулж байгаа. 1992 онд Улаанбаатар хотоор овоглосон телевиз Монголд байгаагүй. Бид Улаанбаатар гэж телевиз байгуулаад анх ажиллахдаа хотынхоо тулгамдсан асуудлыг ярьдаг иргэний сэтгүүл зүйг хөгжүүлэх тал дээр илүү хүч хаяж байсан бол одоо их хотын телевиз гэдгээрээ илүү бодлого боловсруулж байгаа. Жишээ нь, “Миний хот” гэсэн том төслийг хэрэгжүүлэх гээд ажиллаж байна. Улаанбаатар гэдэг сэдэв бол ерөөсөө эднийх юм байна гэж ойлготол нь хотынхоо СӨХ-ны ажилтнаас Хотын даргаа хүртэл, үйлчилгээний ажилтнаас Иргэдийн хурлын дарга хүртэл нь хамтарч ажиллая. Үүгээрээ хотынхоо хөгжилд хувь нэмэр оруулъя гэсэн зорилготой ажилладаг.

-Хоёулаа эргээд уран бүтээлийн тухай сэдэв рүүгээ оръё. Ингэхэд энгийн дуун дээр ажиллах, жүжиг, киноны дуун дээр ажиллахын ялгаа их байх уу?

-Найруулагч хүн учраас жүжиг киноны дуун дээр ажиллах дуртай. Жишээ нь, “Шөнө дундын бүжиг” гэдэг жүжгээр яг юуг илэрхийлэх гээд байгааг зохиолыг нь уншиж мэдэрч байж ажиллана. Тэгж байж агуулгыг нь хөгжимдөө шингээж хийнэ л дээ.

-Танд жүжгийн орлогоос хувь өгдөг үү?

-Социализмын үед уран бүтээлээ эхэлсэн болохоор зах зээлийн үеийн эдийн засгийн том мэдрэмж надад байхгүй.

-Та заавал яруу найрагчтай ажиллана гэж цензур тавьдаггүй юу. Шүлгийг нь уншаад өөрөө татагддаг уу, эсвэл хөгжмөө эхлээд бичдэг үү?

-Шүлэгт нь татагдах ч олон. Хөгжмөө зохиосны дараа шүлгийг нь бичүүлсэн дуу ч олон доо. Аль нэгийг нь дагнаж арга барил болговол хайрцагт орно. Рок, поп хөгжмийн нэг онцлог бол янз янзаар хувирдаг. Шууд шүлгэнд нь дурлаад, тухайн шүлэг дээр нь ая зохиосон дуунууд ч их байгаа. Бүтээл бий болох өөрөө нажидтай ажил шүү дээ. Жишээ нь, ганцхан “Харийн нутаг давчдаад байна, харсан зүгтээ гүймээр байна” гэдэг мөрүүд буугаад яг бүтнээр нь авах гэхээр бүтэн шүлэг нь авах юм байхгүй. Шүлэг нь бүтнээрээ тийм гоё биш байх нь олон.

-Та дуугаа яг зохиосон тэр үедээ өөрөө хэр түүндээ автдаг вэ. Ер нь танд өөрийнхөө уран бүтээлээс ойр ойрхон гаргаж ирж сонсдог дуу байдаг уу?

-Байгаа шүү. Өөрийнхөө дууг сонсоод байхаар хөндлөнгөөс хүн гайхаж магадгүй гээд нууцаар сонсдог (инээв). Яагаад гэвэл өмнөх уран бүтээлтэйгээ адилхан хийхгүйн тулд сонсдог. “Тэнгэрээс буусан од” киноны дууг Г.Ариунбаатар, Д.Отгонжаргал хоёр дуулсан. Тэр дууг би үе үе сонсдог. Бас Б.Маралжингоо, У.Уранцэцэг, Э.Агиймаа нарын дуулсан “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” киноны дуу байна. Эдгээр дуунуудаа би эргэж судалдаг. Яаж дуурийн дуучинтай поп дуучин эвсэж дуулсан байна гэж ашигласан техникүүдээ хардаг.

-Өөр хөгжмийн зохиолчдын дууг сонсдог уу?

-Би “Ахмадын золбоо” хамтлагийн дуунуудыг сонсдог. “Улаанбаатарын үдэш”, “Хүлээлт”, “Зүүд”, “Хослон дуулъя” зэрэг дуунуудыг сонсдог.

-Танд том хөгжмийн бүтээл хийх мөрөөдөл байдаг уу. Зохиолчид нас тогтохоороо роман бичих ёстой юм шиг сонин сонин зүйл ярьцгааж харагддаг. Жишээ нь, дууны уран бүтээлд нас нөлөөтэй юу?

-Дууны уран бүтээлд нас хамаагүй. Би хөгжмийн бүтээлүүд дээрээ ч ажилладаг л даа. Хөгжмийн бүтээлүүд бол хүний нүдэнд харагддаггүй. “Говийн домог” киноны хөгжмийг хийлч Дээгий хийлийн гоцлолоор тоглосон нь надад таалагдсан. "Нарны садан” киноны хөгжмийг Шинэцог-Гени морин хуурын гоцлол болгож тоглосон нь үзэгчдэд их хүрсэн юм шиг. Хөгжмийн бүтээлүүд дуу шиг хүмүүст хүрэх нь бага л даа.

-Та улс төрийн намуудын захиалгаар сонгуулийн хэд хэдэн дуу хийсэн байх?

-Би Монгол Ардын намын захиалгаар хамгийн анх “Өглөө шиг эх орон” дууг зохиож, дараа нь “Амин хайрын эх орон” гэх дууг хийсэн. Ардчилсан намаас мөн хүсэлт тавьж “Өнө мөнх эх орон” дууг зохиож л байсан. Ер нь бол эх орны төлөө ажиллах гэж байгаа болохоор эх орны сэдэвтэй дуу зохиохыг зөвшөөрдөг. Би ганцхан шаардлага тавьдаг. Миний дуунд нам гэдэг үг орохгүй шүү гэж. Цаг хугацааны уртад Л.Балхжавын хөгжим, Ш.Гүрбазарын үг гээд тэр дуунууд л үлдэнэ.

-Таны том хүү таны мэргэжлийг өвлөсөн. Та зөвлөсөн үү?

-Би хүүхдийнхээ хүмүүжил, ямар мэргэжил сонгох, яаж сурч хүмүүжиж байна, битгий хэл яаж өссөнийг ч мэдэхгүй шахам амьдарч ирсэн хүн байна билээ. Үүнийхээ төлөө дотроо жаахан гэмшдэг. Миний тэдэнд үзүүлсэн нэг нөлөө “хамгийн энгийн явах ёстой” гэдэг нэг юм л байсан. Тэр шаардлага маань ч дэмий санагддаг болсон. Хүнийг дугаарлахгүй байх, хүний төлөө бодолтой байх хэрэгтэй л гэж би хүүхдүүддээ хэлдэг. Нэг нь урлагийн мэргэжилтэй, нөгөө нь дипломат албыг сонгосон. Өөр өөрсдийнхөөрөө ажиллаж амьдарцгааж явна даа.

-Урлагийн гэр бүл болохоор тэр үү, жүжигчин бэрүүдтэй болсон. Та яагаад хийж байгаа кинонуудынхаа гол дүрд бэрүүдээ тоглуулдаггүй вэ?

-Бэрээ гол дүрд нь тоглуулах гэж зүтгэж болохгүй. Энэ бол урлаг. Өөрийн хуультай. Өөрсдөө шалгуулаад сонгогдоод явбал тэр. Үгүй бол хүчээр тоглуулах нь зохисгүй явдал. Одоо хийж байгаа кинон дээр нэг бэр маань дүр авсан, ажиллаж байна.

-Гэргий тань урлагийнхантай их ойр харилцаатай харагддаг. Таны амьдралын сайн ханиас гадна, маркетинг, менежментийн тал дээр нь анхаарал тавьж ажилладаг уу?

-Ёстой урлаг болон миний ажилд оролцдоггүй. Гэртээ эрт ирээч ээ л гэдэг.

-Тийм үү. Надад цаг гаргаж ярилцсанд баярлалаа. Таны уран бүтээлд амжилт хүсье.

-Баярлалаа.

Л.Балхжав гэх энэ эрхэм миний төсөөлж явснаас илүү нээлттэй, илүү үнэн хүн байлаа. Амьдралын нугачаан дундуур санаа сэтгэлийн олон өнгө тээн алхахдаа аяны богцондоо хийж явдаг олон дууны минь эзэн энэ дулаахан хүний ертөнцөөр аялах надад сайхан байлаа...

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

Hh [73.172.24.164] 2023-07-10 08:58:45

Balhjav hyatad garaltai gehed avarga zeerdiig zohiosond n talarhuushtai.Mgl tal daa umuu daa

Oeko [202.126.88.215] 2023-07-10 01:42:00

Balhjajiin duunuudiig bishirch sonsdog uneheer gaihaltai daruuhan goe hun haragddag amjilt hisii

irgen [202.9.41.10] 2023-07-09 09:36:14

Deer ued MAN gj mash hatuu sahilgatai.aldaa dutagdal.ger buliin bdliig hurtel harj shagnah.ajild tomilodog bsan.Odoo bol Hudelmeriin baatar Chinbat n hun alahiig zavdsan.hamag san hulgailsan.Balhjav gj hun bolovsroliin zeel avsan.Hentiinhen bol hytadiin hiisen heden tumeriig arai iluu avcj bh haragdah uom.Deer n ymarch medleg.bolovsrolgui humuus.unjner.ediin zasag.teknih tehnolgi medehgui humuus iim uom hiine.Zugeer fitness hiideg huuhen.Undarmaa 2 t gaviyat egch bhaar odoo yaltai bilee.Shagnaj bga humuusee buh talaas n shalgaj bj olgodog bsan.Odoo nutag nuga.UIH gishuudiin ehner nuher.hamaatanguud avah uom.

Зочин [31.32.212.183] 2023-07-08 21:49:04

ene Balhzab gedeg hegjmiin zohiolch bol hiisen yumtai yarih yariatai neher suu,sayhan Teriin sagnal egsend ni mani metiin hegsin gehyy dee tiim hymyys ikhe bayarlasan suu.argaigyi l yu hiiseniig ni yzsen harsan bolood ter suu dee....asar olon dyynii hegjim bichsen sig baigaam!!!!!gaihaltai zohiolch doo;zarim negen ataarhagchid balairlalaa balairsan l bna lee,gehdee hynii ynen ni yamagt yaldag ni ynen syy.......hyniig hynteggej syrah heregtei yum daa....

зочин [192.82.73.73] 2023-07-08 15:32:12

Биеэ хэт их тоосон, хэт өргөмжилсөн хүн үү?

Зочин [192.82.90.93] 2023-07-08 13:30:35

Таарсан 2 Бие биедэ худлаа тал засаад л.кк


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.