WOO SEUNG LEE: НҮДЭНД ХАРАГДАЖ БАЙГАА ЗҮЙЛ БОДИТ БИШ ЭЭ, ТҮҮНИЙ ЦААНА БАЙГАА МӨН ЧАНАРЫГ ХАРАХ ХЭРЭГТЭЙ

Aдмин / Энтертайнмент

Аялал жуулчлалын энэ л оргил үед газар газрын хүмүүс манай улсыг зорин ирж байна.

Тэдний нэг нь БНСУ-ын зураач Woo seung Lee. Дөчин жил зураг зурж буй тэрбээр өдгөө Солонгосын Бундан хотод амьдардаг. “Crebiz” хэмээх уран зураг, дизайн судлалын хүрээлэнгийн захирал тэрбээр бас Хун Иг их сургуулийн боловсролын хүрээлэнд алба хашдаг ажээ. “Doowan Technical” их сургуулийн профессор тэрбээр уран бүтээлийн бие даасан үзэсгэлэнгээ долдугаар сарын нэгэнд Монголын Уран зургийн галерейд дэлгэн толилууллаа. Үзэсгэлэнгийнх нь нэр 0=0. Нэрнээсээ эхлээд нэн сонирхолтой энэ үзэсгэлэнгийн нээлтэд БНСУ-аас Монголд суугаа Элчин зөвлөх Ким Чоль Сан, Монголын Урчуудын эвлэлийн ерөнхийлөгч П.Ганбат, монголын Галерейн Холбооны тэргүүн С.Шоовдор тэргүүтэй олон хүн оролцлоо.

Дөрвөн жилийн өмнө Монголд анх ирээд тэрбээр Баян-Өлгий аймгаар аялжээ. Ингэж аялахдаа тэр манай орныг төдийгүй өөрийгөө цоо шинээр нээжээ. Тэр үеийн сэтгэгдлээ уран бүтээлдээ тусган энэхүү үзэсгэлэнгээ гаргасан аж. Ингээд түүнтэй ярилцлаа.


-Монголд анх ирээд төрсөн сэтгэгдлээ хуваалцана уу?

-Байгалийн гайхамшиг шууд нөлөөлсөн гэж болно. Монголын байгаль тэр тусмаа Монгол нутгийн салхи надад огт өөр мэдрэмжийг өгсөн. Энэ салхи, тэр салхины чимээ миний далд мэдрэмжүүдийг сэрээж, асааж өгөх шиг санагдсан. Би Монголд анх ирээд Баян-Өлгий аймагт очсон юм. Тэндхийн уул усаар аялж бас хадны зурагтай танилцсан. Алтай таван богдоор аялсан тэр зуны майхантай аялал миний нүд, сэтгэлийг шинээр нээх шиг болж билээ.

-“Шинээр нээх шиг болсон” гэдэг үгээ жаахан задалж тайлбарлаж хэлэхгүй юу?

-Энд би байгаль ертөнцийн аугааг мэдэрсэн юм. Улмаар нүдэнд бус сэтгэлд л харагддаг дэлхий ертөнц бас байдаг юм байна гэдгийг ойлгосон. Далд гоо сайхан, далд чанадын хүчнийг нээсэн гэж болно. Ингээд хүн болоод байгалийн далд чанадын сэтгэл, тэдний уялдаа холбоо, нүдэнд үл харагдах дэлхий ертөнцийн талаар зурахыг эрмэлзсэн юм.

-Монгол орон таны сэтгэл зүрхийг хөдөлгөн хөгжимдөөд зогссонгүй бодол, сэтгэлгээнд тань бас өөрчлөлт оруулжээ дээ?

-Тийм ээ. Монгол бол аугаа гайхамшгийн орон. Хүн төрөлхтөн болон байгальд эрх чөлөө гэж байдаг юм бол тэрийг энд л бүрэн мэдэрч бас хүртэж болно. Нар мандахаас жаргах хүртэлх бүхий л зүйлийг алган дээрээ тавьсан мэт бэлэг болгон өгдөг. Тэр нь үгээр илэрхийлэхийн аргагүй мэдрэмжийг өгдөг. Энэхүү үзэсгэлэнгээрээ би тэр мэдрэмжээ бусадтай хуваалцахыг зорьсон. Монголд ирээд би нүдээрээ харж чадахгүй холын өнгийг ч харж чадлаа.

-Таны үзэсгэлэнгийн нэр сонин санагдлаа. Үзэсгэлэнгээ яагаад 0=0 нэрлэв?

-Амьдрал эхлэл бас төгсгөлтэй. Үхэл амьдрал, эхлэл төгсгөл ав адилхан мөн чанартай юм шиг санагддаг. Уул гэж харахад тал мэт. Тал гэж харахаар уул мэт. Тэгэхдээ эцсийн эцэст уул бол уул л юм. Ус бол ус л юм. Хүүхдийн нүдээр харахад бүх зүйл энгийн биш, ер бусын байдаг байх. Тэгтэл тэдгээр нь энгийн ч байж мэднэ. Энгийн бус ч байж мэднэ. Амьдрал болоод үхлийн тухай ойлголтоо үзэсгэлэнгийнхээ нэрэнд багцлан хураасан юм.

-Та мэргэжлийн зураач болоод хэдэн жил болж байна вэ. Энэ хооронд олон үзэсгэлэн гаргаж байв уу?

-Зураачийн мэргэжил эзэмшээд 40 жил болж байна.Чонь жү ахлах сургуулийг төгссөн. Улмаар Хун Иг сургуульд өрнийн уран зургийн чиглэлээр суралцаж, бакалавр, магистрын зэрэг хамгаалсан. Америк, Япон, Хятад зэрэг улс оронд 80 гаруй хамтарсан үзэсгэлэнд оролцсоон. Арав гаруй удаа өөрийн бие даасан уран бүтээлийн үзэсгэлэнгээ гаргасан.

-Арван үзэсгэлэн гаргана гэдэг асар их хүч хөдөлмөр, хичээл зүтгэл шүү. Та олон сайхан шагнал хүртэж байв уу?

-Би Солонгосын Уран бүтээлчдийн “Тэргүүн дээд” шагналыг хүртсэн. Бас “Жун Ан” сонины газрын шагнал хүртэж байсан.

-Та бол байгалийн өнгө гэрлээр дамжуулаад хүн байгалийн хүйн холбоо, тэдгээрийн сэтгэл зүрхний эгшиг аялгууг гаргахыг зорьдог зураач юм байна. Таны энэ үзэсгэлэнгээс тийм нэг далд, нууцлаг эгшиг аялгуу дуурьсаад байх шиг санагдлаа?

-Уран зураг бол аугаа гайхамшгийг илэрхийлсэн хэл юм. Монголын байгаль бол аугаа гайхамшигт түрлэг юм. Тэр л сүрлэг гайхамшигтай түрлэг дотор тийм нэг жижигхээн салхи байсан. Тэр салхийг би алдахыг хүсээгүй. Тэр л жижигхэн атлаа ер бусын салхийг сэтгэлдээ тээн хадгалж, уран бүтээлээрээ дамжуулан үзүүлэхийг би зорьсон юм.

-Та салхийг онцгой мэдэрдэг зураач юм байна. Өөрийнхөө уран бүтээлийг та юутай холбон зүйрлэх дуртай вэ?

-Салхи гэдэг онцгой, сонин сайхан зүйл. Салхи бол байгалийг ч тэр, хүн зоныг ч тэр сэргээж, алив сайханд уриалан дуудаж байдаг эрчимт урсгал. Салхи үгүй бол өвс ургамал ч, хүн амьтан ч тэр амьсгалж чадахгүй. Салхи байхгүй бол цэцэг навч, ургамал ногоо ч доройтон муудаж, өнгө зүсээ алдана. Би өөрийнхөө уран зургийг, уран бүтээлийг салхитай адилтган зүйрлэнэ. Өөрөө би уран зургаар амьсгалж, хүмүүн олон миний уран зургаар амьсгалж буй юм. Тийм болохоор миний бүтээл бас салхи юм.

-Та мэдээж олон улс орон, олон газраар аялсан байх. Монголын говь тал нутгаар аялав уу. Алтай таван богд, Монголын их хээр хоёр бас огт өөр эгшиг аялгуутай байгаа даа?

-Одоохондоо би говь тал нутгаар аялж амжаагүй байна. Би олон газраар аялсан болов чиг Монгол шиг харагдаж байгаа өнгө төрхөөс нь дээр үеийн, бүр эртний зүйлс тодрон гийх мэт сэтгэгдлийг төрүүлсэн газар очиж байсангүй. Тэгтэл Монголд ирээд тийм өнө эртний аялгуу, өнө эртний өнгө төрх, эрт урьдын үүх түүхийг эх байгалиас нь сонсож, үзэж харсан маань гайхамшигтай байлаа.

-Энд ирээд таны оюун санаа тийм алс холд зорчихын амтанд умбасан хэрэг үү?

-Тийм ээ. Оюун санаа, ой ухаан маань эрт цагт оччих мэт санагдаж, өнө эртний дурсамж дурдатгалууд сэргэж, тийм нэг далд эгшиг аялгуунд умбах шиг болдог нь сонин. Монголд ирээд дээр үеийн бодлууд маань дахин сэргэж, далд сэрэхүй минь эгшиг уянгаар цалгих шиг болсон. “Нүдэнд харагдаж байгаа зүйл бол бодит зүйл биш ээ, түүний цаана байгаа гэрэл сүүдрийг харах хэрэгтэй” гэж хаа нэгтэйгээс шивнээд байх шиг санагдсан.

-Монголд ирснээр та өөрийгөө нээж бас шинээр олж, уран бүтээлчийн олз омогтой яваа юм байна. Энэ үзэсгэлэнд тавигдсан бүтээл бүхэн өөрийн хэлтэй, эгшиг аялгуутай бас нууц кодтой юм шиг санагдлаа?

-Танай сайхан оронд ирснээр би өнө холын бодол, дурсамжуудаа өнгөөр илэрхийлж гаргаад зогсоогүй дуу чимээг хүртэл өнгөөр гаргаж чадлаа. Дуу чимээг хүртэл өнгөөр илэрхийлж гаргаж болно гэж өмнө нь би бодож төсөөлж байгаагүй. “Тийм дуу, ийм эгшиг аялгууг ийм өнгөөр ингээд гаргаад ирж болно шүү дээ” гэж толгойд тон хийтэл хэлэх шиг болсон. Харагддаг мөртлөө харагддаггүй, мэддэг мөртлөө мэддэггүй зүйлээ олж авсан минь хамгийн том олз байлаа.

-Та Монголын их говь руу очвол илүү их зүйлийг олж авах байх аа. Тэндээс бүр эртний эгшиг аялгууг сонсож болох байх аа.

-Тэгнэ байх. Монгол нутагт ирээд би далай үнэртэхийг мэдэрсэн шүү. Газраас нь далай үнэртэж байсан. Дэлхийн гүний их түлхэлтээр Гималайн уулс бий болсон шиг Монголын их говь, энэ тал нутаг далайн их уснаас үүдэлтэй юм шиг санагдсан.

-Танд яагаад тийм мэдрэмж төрсөн юм бол?

-Энийг мөн л Монгол нутгийн салхинаас мэдэрсэн юм. Их далай, их тал нутаг хоёр яг адилхан санагдсан. Би хэдийгээр Монголын их говь талаар аялаагүй байгаа ч тийм мэдрэмжийг олж аваад байгаа. Баян-Өлгийн цавчим уул хад руу авирлаа. Тэндээс урсаж байгаа гол горхи маш гоё мэдрэмжийг өгсөн. Тэдгээр мэдрэмжээ уран бүтээл болгосон доо.

-Та одоо ямар хотод амьдарч байна вэ. Өөрийнхөө гэр бүлийг танилцуулна уу?

-Одоо би Солнгосын Бундан хотод амьдарч байна. Сөүлийн дагуул хот л доо. Гэргий маань арьс, гоо сайхны эмч хүн. Бид нэг хүүтэй. Хүү маань Америкийн Бостон хотноо Дизайн бизнесийн чиглэлээр суралцаж байна. Би одоо Хун Игийн боловсролын хүрээлэнд уран зургийн чиглэлээр багшилж, хажуугаар нь уран бүтээлээ хийж байна.

-Монголд та гурван ч удаа ирчихлээ. Монгол хүний ямар зан чанар танд онцгой сайхан санагдав. Бас засч залруулаасай гэмээр дутагдалтай талыг ч гэсэн олж харсан байх даа?

-Бие биедээ тусална гэдэг монгол хүмүүст жирийн, энгийн, өдөр тутмынх нь зүйл юм байна. Энэ нь нүүдэлчдийн амьдралын хэв маяг, бараг зан заншил нь юм байна гэж ойлгосон. Ямар ч айлд орсон гайхалтай сайхан зочлох юм. Огт танихгүй хүнийг дайлж цайлаад зочилж хүндэлж байгаа нь онцгой сайхан санагдсан. Хөдөө замд явж байгаад машины маань бензин дуусахад замд таарсан машин зогсоод жолооч нь бензин хийж өгсөн. Бүр амаараа сорж байгаад өөр саванд юүлж өгсөнийг солонгос хүмүүст хэлбэл үнэмшихгүй байх. Бас хөдөө явж байгаад замаа мэдэхгүй асуухад захын хүн бүр хэрэг болгоод зааж зурж өгч байгаа нь үнэхээр онцгой сэтгэгдэл төрүүлсэн. “Монгол хүн + Нөхөрсөг найрсаг” гэсэн тодотгол үгээр тэмдэглэвэл зохилтой санагдсан. Одоогоор би монгол хүний дутагдал, буруу зөрүү зүйлийг олж хараагүй л явна.

Тэрбээр Монголд, Монголын байгальд чин сэтгэлээсээ дурлажээ. Тэр тусмаа Монголын салхинд. Дугуй дугуй дүрсээр өөр бас өнгө гэрэл, дүрс...янз бүрээр илэрхийлэн гаргасан ажээ. Байгаль эх гэдэг бол энергийн хамгийн хүчтэй шавхагдашгүй эх булаг. Энэхүү гайхалтай эх булагтай бид зэрэгцэн оршиж хэдэн мянганыг үдсэн гэхэв. “Энэ зураачийн бүтээл зөн совингийн шинжтэй юм. Борооны усаар тэжээгдэн мэлмэрэх нүдэн нууруудыг дүрсэлсэн нь сүнслэг, нэн сонирхолтой санагдлаа” гэж урлаг судлалын ухааны доктор С.Бадрал хэлж байв. Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр УГЗ, зураач С.Дагвадоржтой уулзахад “Маш гоё уянгалаг бүтээлүүд хийжээ. Нэр нь гэхэд 0=0. Бөөн философи байгаа биз дээ. Дэлхий ертөнцийн уур амьсгал, газар дэлхийн шивнээн, зүрхний цохилтыг зурахын ялдамд тэндээ хүнийг дүрс бичиг мэт “тэмдэглэсэн” байгаа нь нэн сонирхолтой. Монголын зураачид сурах юм ихтэй, гайхалтай бүтээлүүдтэй үзэсгэлэн болжээ” гэж ярилаа.

Агаар салхи, уул ус, ургамал ногооны хэлийг мэднэ гэдэг гайхалтай. Байгалийн хэл болоод сэтгэлийг таньж, тэдэнтэй ойлголцож чадна гэдэг жинхэнэ уран бүтээлчийн чадал чансаа юм даа гэж бодлоо. Уулсын хэлийг мэдэж, талын салхитай хүүрнэж, далайн давлагааг элсний ширхэгээс анирдаж чадна гэдэг гайхамшиг биш гэж үү... Монголын байгаль түүнд сэтгэлгээний эрх чөлөөг бүрэн дүүрэн бэлэглэсэн бололтой.

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

Зочин [79.237.243.149] 2023-07-22 13:46:49

Онгод нь орж дээ.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.