О.СОЛОНГО: МАНАЙ ТАМИРЧИД ОЛНЫ ЯРИАД БАЙГАА ШИГ ӨРСӨЛДӨГЧӨӨ ҮЛ ХҮНДЭТГЭСЭН ҮЙЛДЭЛ ГАРГААГҮЙ

Aдмин / Спорт

Волейболын спортын дасгалжуулагч, спортын мастер О.Солонготой ярилцлаа.

-Өнгөрсөн өдрүүдэд Зүүн Азийн залуучуудын наадам боллоо. Волейболын багийн тамирчид мөнгөн медаль зүүлээ. Дасгалжуулагчийн хувьд сэтгэл хангалуун байна уу?

-Манай тамирчид ганцхан сарын хугацаанд нэгдсэн бэлтгэлд хамрагдаад л тэмцээнд оролцсон эмэгтэй шигшээ баг мөнгө, эрэгтэй нь хүрэл медаль зүүлээ. Манайхан өөрийн талбайдаа байгаа боломжоо дүүрэн ашиглаж тоглолоо. Цаашид Азийн хэмжээнд гарч өрсөлдөх боломжтой нь энэ тэмцээнээс харагдлаа. Илүү түвшин ахихад өөр зэрэглэлийн дасгалжуулагчид хэрэгтэй болов уу гэж харлаа. Яг энэ тэмцээний тухайд шигшээ багийн дасгалжуулагч байгаа нөөц боломжоо тултал ашиглаж сайн амжилт үзүүллээ.

-Волейболын спорт арай өөр түвшинд гарч ирэв үү?

-Монголын зарим тамирчид гадаадын лигүүдэд легионероор тоглодог боллоо. Б.Батсуурь, Г.Баярсайхан гээд залуус тоглож байна. Энэ бол хөгжиж байгаагийн нэг баталгаа мөн. Гэхдээ Азийн түвшинд очиж өрсөлдөхөд багадаа 2-6 жилийн хугацаа хэрэгтэй. Волейбол өөрөө багийн спорт. Дээд зэргийн ойлголцол шаардлагатай. Бүр багаас нь хамтад нь бэлтгэж байж л амжилт гаргаж болно. 8-9 настайгаас нь хэдэн хүүхдийг хамт бэлтгэсэн хүүхдүүд баг болж тоглох нь амжилт гаргах илүү магадлалтай. Илүү ойлголцоно гэсэн үг л дээ. Олон улсад ч сайн багийн суурийг ингэж л бэлддэг.

Манайд бол энд тэнд бэлтгэгдсэн хүүхдүүд баг болохоороо хэн нэг нь тодрох гээд байдаг талтай. Хоорондоо сайн ойлголцдоггүй.

-Шинэ түвшинд гарахад системтэй бэлтгэл хэрэгтэй гэж хэлж байна уу, та?

Тийм. Бүр багаас нь бэлтгэх хэрэгтэй. Өнөөдөр манайд тийм боломж алга. Ажлынхаа хажуугаар бэлтгэлээ хийгээд явж байгаа тамирчид л олон улсын тэмцээнд оролцож байна. БНСУ болон БНХАУ-д зөвхөн волейбол тоглож, бэлтгэлээ базаагаад явдаг. Бүх зүйлээ зөвхөн волейболд зориулдаг. Зөвхөн бэлтгэлээ хийгээд явах боломж өнөөдөр манайд байхгүй байна. Цогцоор нь харж бодлогоор хөгжүүлэх нь хэрэгтэй гэж хардаг юм. Өнөөдөр манайд яг мэргэжлийн тамирчин болохоор зорьж волейболын бэлтгэлд очдог хүүхэд хэд болдоо. Тун цөөхөн байх. Төлөвшил олж авах, цагийг боловсон өнгөрүүлэх гээд олон төрлийн л зорилготой. Яг мэргэжлийн тамирчин болж, олон улсад гарна гэх зорилготой хүүхэд бараг байхгүй. Жишээ нь жүдо бөхийн бэлтгэлд орж буй тамирчин олимпын аварга болно гэж хэлдэг. Волейболд орж буй хүүхэд тийм биш.

-Сая эмэгтэй шигшээ баг алтан медалийн төлөөх тоглолтын өмнөхөн БНХАУ-ын багийн эсрэг гаргасан үйлдэл шүүмжлэл дагууллаа. Олны шуугиад байгаа шиг тийм ёс зүйгүй үйлдэл үү?

-Хэвийн л үзэгдэл. Үүнд ач холбогдол өгч зохион байгуулалттайгаар дайрч байгаа үйлдлийг би ойлгохгүй байгаа. Бие халаалтын үеэр л давуулалт гүйцэтгэсэн төдий шүү дээ. Олны яриад байгаа шиг өрсөлдөгчөө үл хүндэтгэсэн асуудал огт биш. Угаасаа л торны хоёр талд зогсож байгаад л бие халаалтаа хийдэг спорт. Энд ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн асуудал огт байхгүй. Ёс зүй гэдэг өөрөө волейболын спортоос үүдэлтэй. Манай багийн охидоос тийм зүйл гарахгүй. Үүнд эргэлзэж шүлсээ үсчүүлээд хэрэггүй ээ. Ядаж зааланд очоод нэг өдрийн бэлтгэлийг нь анзаарвал таны амнаас тийм үг гарахгүй л болов уу.

-Ёс зүй волейболын спортоос үүдэлтэй гэв үү, та?

-Тийм. Япончууд ёс зүй, хариуцлагаараа гайхагддаг улс. Энэ нь волейболын спорттой холбоотой гэж хэлж болно. Учир нь Японы волейбол үндэсний спортын хэмжээнд хөгжсөн байдаг. Манайхан хоорондоо бөх барилддаг шиг Японд волейбол тоглодог. Тэдний дундаж наслалт өндөр байдаг нь ч үүнтэй холбоотой.

-Манайд волейболын спортоор дагнаж хичээллэдэг хүүхэд хэд байна вэ?

-Нэг үеэ бодоход түгээмэл болсон. Волейболын лигийн тэмцээний үеэр зааланд хөл гишгэх зайгүй олуулаа цуглаж үзэж байна. Ур чадвар нь ч тодорхой хэмжээнд ахисан талаар би онцолсон. Үүнийг дагаад хичээллэх хүүхдийн тоо нэмэгдсэн. Энэ бол сайн мэдээ.

-Волейболын бэлтгэлд тодорхой хугацаанд хамрагдсан хүүхэд нийгэмд ямар иргэн болж төлөвших вэ?

-Хамгийн чухал нь эрүүл мэнд. Системтэй бэлтгэлд хамрагдсан хүүхэд эрүүл чийрэг бие бялдартай болно. Хөдөлгөөний дутагдлаас сэргийлнэ гэсэн үг. Хоёрдугаарт ёс зүй. Би бус, бид гэсэн сэтгэхүй волейболоор хичээллэсэн хүүхдэд тодорхой хэмжээнд сууж өгдөг. Хамгийн чухал нь бусдын өмнө хариуцлага хүлээх, алдаагаа ухамсарлаад явах чанарт суралцдаг. Өнөөдөр ийм хандлага их ховор болсон шүү дээ. Алдаа дутагдлыг бусдаас л хайгаад, бусад руу буруу чихээд байдаг. Багийн спортоор хичээллэсэн хүүхдээс ийм зан бараг харагддаггүй. Волейболын заалаар алхсан хүүхэд бүр шигшээ багт хамрагдаж, олон улсын тэмцээнд оролцох алба байхгүй. Тийм боломж ч байхгүй. Ажил дээр гараад багаар ажиллахад гологдоод, ад үзэгдээд байхааргүй тийм ёс зүйг волейболын заалаас авна. Одоо үед бол хамгийн чухал үнэлэмж нь болсон гэж хувьдаа хадаг юм. Энэ спортын өөр нэг гоё чанар нь хамт олныг нэгтгэдэг. Албан байгууллагаараа заал аваад волейбол тоглоход ямар сайхан уур амьсгал бүрддэг гэж санана. Ийм соёлыг албан байгууллагуудад нэвтрүүлэх хэрэгтэй санагддаг

О.Дашням

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

Зочин [59.153.114.127] 2023-09-02 11:45:59

Ингэж спорт хөгжихгүйээ. Бүдүүлэг зангаа бас зөв гэчихжээ. Олон улсын тэмцээн монголын тамирчдыг гутаасан шүү.

Зочин [202.126.88.237] 2023-09-01 22:07:28

Зөв шүү дээ хэргээр тэгж хийсэн юм байхгүй зүгээр л халаалтаа хийсэн төдий

зочин [103.212.119.135] 2023-09-01 05:22:17

байдаг л зүйл хужаа троллууд хуцалдах аа болино уу

Зочин [103.57.95.104] 2023-08-30 15:48:48

Та нарын тэр бүдүүлэг үйлдлийг чинь гол нь олон улс харж байсанд байгаа юм ямар сумын зааланд хоорондоо тоглож байгаа бишдээ , уучлалт ч гуйж чадахгүй….

Зочин [103.57.95.104] 2023-08-30 15:13:25

Энэ хэн гэлээ О.Солонго гэнүү Яасан ч ухаан муутай юм дээ?? Дэлхий ертөнц өөрчлөгдөөд байхад!!!Ёс зүй!!!

Р [202.126.88.237] 2023-09-01 22:06:33

Орчин үеээ мэдэхгүй чи л ухаан муутай байна даа


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.