Хоолзүйч А.Уянга: Насанд хүрсэн хүн өдөрт 90 грамм л мах хэрэглэх нь тохиромжтой

Aдмин / Эрүүл мэнд

Нийгмийн эрүүл мэндийн ШУ-ны магистр, хоолзүйч А.Уянгатай ярилцлаа.


-40-өөс дээш насны эрэгтэй хүмүүсийн хоол боловсруулах эрхтэн нь доголдсон байх юм. Үүний тодорхой хувь нь буруу хооллолттой холбоотой байгааг эмч нар хэлж байна. Манай нөхцөлд эрэгтэй хүн ямар төрлийн хүнс хэрэглэх нь тохиромжтой байдаг юм бэ?

-2022 оны байдлаар монгол эрчүүдийн дундаж наслалт 67.3 байхад эмэгтэйчүүдийнх 76.7 буюу хоорондоо 9.3 жилийн зөрүүтэй байгаа юм. Эрчүүдийн хувьд дундаж наслалт бага байгаа шалтгаан нь сэргийлж болох өвчлөл буюу зүрх судас, хоол боловсруулах замын өвчин, хавдар, чихрийн шижин, осол гэмтэл байна. Халдварын бус өвчлөлд хүргээд байгаа гол шалтгаан нь зохисгүй хооллолт, хорт зуршил, хөдөлгөөний идэвхгүй байдал зэрэг амьдралын буруу хэв маяг юм. Монгол эрчүүдийн хувьд өглөөний цай уудаггүй, удаан өлсгөлөн явж байгаад гэнэт хэтрүүлэн иддэг хандлага түгээмэл байдаг. Энэ буруу дадал нь урт хугацаандаа цөс, нойр булчирхайг өвчлөлд хүргэж, улмаар таргалалт, хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин гэх мэт өвчлөлд хүргэх шалтгаан болж байна.

Мөн зүрх судасны өвчлөлд хүргэх гол шалтгаанууд нь тамхи татдаг, ханасан өөх тос буюу амьтны гаралтай өөх тосны хэрэглээ өндөр болон давсны хэрэглээ өндөр хэрнээ жимс хүнсний ногооны хэрэглээ болон эслэгийн хэрэглээ хангалтгүй байгаатай холбоотой.

-Махан хоолыг өдөрт ямар хэмжээгээр хэдэн удаа хэрэглэх нь зохимжтой байдаг вэ. Хэтрүүлж хэрэглэх нь хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлээд байна уу?

-Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас насанд хүрсэн хүн өдөрт 90грамм улаан мах идэх нь тохиромжтой гэж зөвлөдөг. Монголчуудын хувьд мал аж ахуй хөгжсөн, дээр нь эрс тэс уур амьсгалтай учир өдөрт хэрэглэх махны хэрэглээ харьцангуй өндөр байдаг. Хэдийгээр монголчууд шим тэжээлийн агууламж өндөртэй бэлчээрийн малын мах иддэг боловч улаан махны хэрэглээ ихэдвэл бүдүүн гэдэсний хорт хавдар зэрэг олон өвчний шалтгаан болдог. Тиймээс махны хэрэглээ өндөр манай улсын хувьд махан хоолтойгоо хамт хүнсний ногоо, жимс жимсгэнэ идэх, хальстай үр тариа буюу эслэг агуулсан үр тариаг заавал хооллолтдоо оруулж өгөх нь зохимжтой байдаг.

Хүнсний ногоо, жимс жимсгэнэ гэхээр заавал үнэтэй гаднын хүнс байх албагүй. Байцаа, лууван, өргөст хэмх зэрэг өргөн хэрэглээний ногоо, аньс, чацаргана зэрэг Монголд элбэг ургадаг биологийн үнэт чанар өндөртэй жимсгэнийг зөв боловсруулж идэх нь чухал. Түүнчлэн өвлийн улиралд улаан идээ буюу мах их хэрэглэсэн учир зундаа цагаан идээгээ түлхүү хэрэглэж гэдсээ цайлгадаг уламжлал нь эрүүл мэндийн хувьд өндөр ач холбогдолтой.

-Хоолзүйчдийн зүгээс өглөө, өдөр, орой өөр өөр төрлийн зүйлсийг хүнсэндээ хэрэглэхийг зөвлөдөг. Энэ тухайд та юу зөвлөх вэ?

– Бид өдөр тутамдаа мах махан бүтээгдэхүүн, сүү цагаан идээ, жимс, хүнсний ногоо, өөх тос болон үр тариа зэрэг зургаан бүлэг хүнснээс зөвлөмж хэмжээнд заасны дагуу зохистой хэмжээгээр хэрэглэж байх нь тэнцвэртэй хооллолтын үндэс болдог. Гэхдээ монголчууд тэр тусмаа эрчүүдийн хувьд мах, үр тариа буюу гурил будаа, өөх тосны бүлгээс голчлон хэрэглэж, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээ хангалтгүй байдаг. Тиймээс өглөө, өдөр, оройн хоолондоо нэг төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг дагнаж хэрэглэхээс зайлсхийж өдөр тутамдаа дээрх зургаан бүлэг хүнснээс зохимжит хэмжээгээр хэрэглэж тэнцвэртэй хооллох нь зөв.

-Тогтмол цагт хооллох нь зөв үү?

-Тогтмол цагуудад хооллох нь эрүүл тэнцвэртэй хооллохын суурь гэж хэлж болно. Монголчуудын хувьд өглөөний цайг тогтмол цагт уудаггүй, өдрийн хоолоо тогтмол, цагт иддэггүй, оройн цагаар шингэц удаан бидний хэлдгээр хүнд хоолыг хэтрүүлэн идэх зэрэг тогтмол цагт зохистой хооллодоггүйгээс олон өвчний үндэс тавигдаж байна.

-Насжилтаас шалтгаалаад хэрэглэх хүнс нь өөрчлөгддөг үү?

-Нас нэмэгдэх тусам хүний биед өөрчлөлтүүд явагддаг. Тухайлбал илч зарцуулалт багасч, бодисын солилцоо удааширснаар өдөрт авах илчлэгийн хэмжээ буурна. Амны хөндий, шүдний асуудлаас болоод хоол боловсруулалт удааширна, мөн хоолны дуршил буурдаг. Иймээс нас ахих тусам зажлахад хялбар, шингэц сайтай боловч амин дэмтэй шим тэжээллэг хоол хүнсийг зөв сонгож хэрэглэх нь чухал. Мөн насжилттай холбоотойгоор гэдэсний бичил биетийн тоо, толгой буурдаг. Иймээс гэдэсний бичил биетийн хэвийн орчныг дэмжих хүнс хэрэглэх нь тохиромжтой байдаг. Жишээлбэл пробиотикоор баялаг тараг, эслэгээр баялаг шар будаа гэх мэт.

-Залуус хоолондоо ямар хүнс хэрэглэх нь тохиромжтой вэ. Ахимаг насны эрэгтэйчүүд хүнсэндээ ямар бүтээгдэхүүн хэрэглэж хэвших нь зохимжтой байдаг юм бэ?

-Аль ч насны бүлгийн хувьд хамгийн чухал нь өглөөний цайг тогтмол ууж хэвших нь чухал байна. Залуусын хувьд дэлгүүрийн болгосон хоол, амтлагч ихтэй түргэн хоол, хэт боловсруулсан хоол хүнсийг хэтрүүлэн идэх хандлага түгээмэл байх юм. Мөн гадуур хооллох хандлага их байгаагаас хелико бактерийн халдвар авах, улмаар ходоодны өвчлөл, ходоодны хорт хавдраар өвчлөх эрсдэл нэмэгдэж байна. Иймээс хэт боловсруулсан хоол хүнснээс аль болох татгалзаж хооллолтдоо хүнсний ногоо, жимс, хальстай үр тариаг түлхүү оруулж өгөх, мөн чихрийн агууламж өндөртэй уух шингэнээс татгалзаж бүлээн ус, цай, хярам уух нь зохимжтой.

Ахмадуудын хувьд юуны түрүүнд давс болон өөх тосны хэрэглээндээ анхаарах нь даралт ихсэх, зүрх судасны өвчлөлөөс сэргийлэх ач холбогдолтой. Жишээлбэл настай хүмүүс ихэвчлэн давстай цай уух мөн дэлгүүрийн боов боорцог идэх нь түгээмэл байдаг. Дэлгүүрийн гурилан бүтээгдэхүүн сонгож хэрэглэхдээ давс болон тосны хэмжээг сайтар анхаарах нь чухал. Учир нь өдөрт авах натри буюу давсны хэмжээ ихэдсэнээр даралт нэмэгдэх шалтгаан болдог. Мөн өргөн хэрэглэдэг хоол хүнсээ аль болох баяжуулж хэрэглэхийг зөвлөж байна. Жишээлбэл бантанг луувангаар баяжуулах, буузыг байцаагаар баяжуулах, гурилдаа эслэг буюу бүхэл үрийн гурилыг хольж хэрэглэх гэх мэт хэрэглэж дадсан хоол хүнсээ илүү эрүүл аргаар боловсруулж хэрэглэх нь ахмадуудын хувьд тохиромжтой байдаг.

О.ДАШНЯМ

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

Зочин [203.98.76.249] 2023-11-28 13:59:53

тэнэгтээд бай. малны сургуульд хахуулиар орж хэдэн цаас эрээчээд донгосоод байх юм аа. энэ мэт баян хулгайчуудын хүүхдүүд дэмийрээд хорвоогоосхөндлөн яриад байж байхаар тонилбол таарна. энэ ний эцэг эх гэж буур ухна байгаа даа

Mongol hun [118.79.106.121] 2023-11-28 08:19:38

Delkhiin eruul mendiin baiguullagiin gargasan sudalgaa Mongol hunii biyeiin ontslog bolon tsag agaart tohirohgui. Mah bol Mongolchuudad ovol tohirtoh hamgiin zov hool. Gol n hodolgoonii dutagdal, eldev gadaadiin sav baglaa boodoltoi ereen myaraan huns, gadnaas orj bgaa jims nogoo Mongol humuusiig eruul bish bolgoj bgaa. Mongoliin horsond urgaj bgaa jims, nogoo, mal amitanii mah bol jinhene Mongol hund tohiroh hamgiin zov huns shuu. Iim yum sain tiim ch yum sain geed gadnaas orj bgaa yumnuud bol bugd business Mongol humuusiin biyeiin ontslogt ogthon ch tohirohgui ednuud shuu.

Зочин [202.70.34.27] 2023-11-27 15:32:51

худлаа хуцаачээ. Өөрөө нэг 3 хүүхэд өөрөөрөө төрүүлээд мөөмөөрөө өсгөөсэй. тэгэхдээ бүр Монголд шүү? цаг агаар, газар зүйн онцлогоо ч мэдэж л бурж байгаа даа???

Зочин [118.79.106.121] 2023-11-28 08:10:28

unen.

Зочин [203.23.199.221] 2023-11-27 10:32:51

Мах сайтай хоол хийж шөлийг уухад болох юм байна. Баярлалаа амжилт хүсье.


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.