НД-ын шимтгэл төлөгч нас барвал түүний олон жил хамт амьдарсан эхнэр, нөхрийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлнэ

Aдмин / Улстөр

Өнөөдөр Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа 2024 оноос хэрэгжин эхэлж буй "Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэл"-ийн гол агуулгын талаар мэдээлэл өглөө.

Энэ үеэр ХНХ-ын сайд Х.Булгантуяа хэлсэн үгэндээ "Бид иргэдийн хөдөлмөрлөх болон түүнтэй холбоотой нийгмийн хамгааллын эрхийн баталгааг хангах үүднээс 1995 оноос хойш даатгуулагч бүр хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос тодорхой хувь хэмжээгээр шимтгэл төлж, сан бүрдүүлж, түүнээсээ тэтгэвэр авах нийгмийн даатгалын тогтолцоог бүрдүүлсэн.

2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дараагийн том тогтолцоонд шилжээд байна.

Тэтгэврийн дундаж хэмжээ 2016 онд 310,7 мянган төгрөг байсан бол 2023 оны 10 дугаар сарын байдлаар тэтгэврийн дундаж хэмжээ 687,000 төгрөг болж нэмэгдээд байна. 2024 онд дунджаар 10 орчим хувиар нэмэгдүүлнэ.

Тэтгэврийн зөрүүг ойртуулна гэхээр хүмүүс их бага тэтгэвэр авдаг хүмүүсийн тэтгэврийг хооронд нь нэмээд дундуур нь тэтгэвэр олгоно гэж ойлгоод байдаг. Хүн болгоны цалин ялгаатай байдагтай адил хүн болгоны тэтгэвэр ялгаатай. Тухайн хүн тухайн цаг үед ямар цалинтай, хичнээн жил, ямар нөхцөлд ажилласнаас тэтгэврийг тооцдог. НД-ын багц хуулинд 30 гаруй удаагийн нэмэлт өөрчлөлт оруулсан байдаг.

Иргэдийн зүгээс олон давхаргат тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлэх, төлсөн шимтгэлтэйгээ уялдуулан тэтгэвэр авах, тэтгэврийг өвлүүлэх зэрэг олон саналыг дэвшүүлдэг байсан. Тиймээс манай яаманд 2005 оноос хойш ажлын хэсэг гарч байсан бөгөөд үүнээс хойш ажилласаар байгаад 2023 оны 07 дугаар сарын 01-нээс нийгмийн даатгалын багц хуулийг шинэчилж чадсан.

Шимтгэл төлж байгаа би өөрийнхөө нэрийн дансан дээр хэр их хуримтлал үүсгэсэн байна түүнийгээ тухайн үед Монгол хүн хэдэн нас наслахаар байна түүнд нь тооцож олгохоор болсон.

Өнөөдөр хуулиндаа нийгмийн даатгалыг 10 жил төлж байж хувь тэнцүүлсэн тэтгэвэр, 20 жил төлж байж бүрэн тэтгэвэр авдаг. Харин хугацаа нь хүрэхгүй бол халамжийн тэтгэвэр буюу 325,000 төгрөгийг авдаг.

Бид тэтгэврийн даатгалын хийсвэр бичилтийг мөнгөжүүлж эхэлж байна. Тэтгэврийн даатгалд хуримтлагдаж буй 17 хувиас 2 хувийг нь мөнгөжүүлж эхэлж байна. Яваандаа эдийн засаг сайжрахаас мөнгөжүүлэх хэмжээ нэмэгдэнэ. Шимтгэл төлж байгаад нас барах тохиолдолд өвлүүлэх тогтолцоог бий болгож байна. Мөн олон давхаргат тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлэх томоохон өөрчлөлтийг хийсэн. Хувийн тэтгэврийн сангийн хууль яг одоо УИХ дээр хэлэлцэгдээд хувийн тэтгэврийн сангаасаа давхар бас улсын тэтгэврийн сангаас тэтгэвэр авах бололцоо нээгдэж байна.

Мөн нийгмийн даатгалын шимтгэл төлөгч нас барвал түүний олон жил хамт амьдарсан эхнэр, нөхрийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлдэг байна. Тэтгэврийг жил болгон нэмж, итгэлцүүрийг жил бүр тогтоох, НД-ийн шимтгэлийн нөхөн төлөлтийг хорих зэрэг олон асуудлыг энэ хуулиар зохицуулсан" гэдгийг онцоллоо.


Сэтгэгдэл

Зочин [202.9.40.48] 2024-01-09 14:54:24

Энэ өвлөх гэж нэрлээд байгаа заалтаа сайн тайлбарлаачээ. 40 гаруй жил хамт амьдарсан 2 хөгшний нэг нь 11 жилийн өмнө өөд болсон, одоо амьд байгаа хөгшинд нь энэ заалт үйлчлэх үү. Хэрэв үйлчлэхгүй гэвэл юуны учир вэ?

Зочин [66.181.161.97] 2024-01-08 13:58:05

Хамтран амьдрагчаа нухах сэдэл өгөх юм биш байгаа?

хүннү [202.55.188.113] 2024-01-08 13:53:09

МАН-ны ээлжит хулихдалт гэсэн үг. Эхнэр нөхөр хоёр хоёулаа ажил хийж байгаад нөхөр нь нас барчхаар эхнэрийг нь тэтгэвэрт гархаар нөхрийх нь шимтгэл төлөлтөөс нь тодорхой хэмжээний мөнгө эхнэрт нь өгөх юм байна. Эхнэр нь 10 жилийн дараа тэтгэвэрт гарах бол яах вэ? Энэ хуулиар одоо тэтгэвэр авч байгаа хүмүүс огт хамаагүй, ирээдүйд тэтгэвэрт гарах хүмүүст хамаатай юм байна. АН-ын (С.Эрдэнэ нарын) анх санаачилсан хуулиар бол одоо тэтгэвэрт гарсан хөгшчүүлд хамаатай байсан юм. Түүнийг нь МАН унагасан. Одоо өөрснийх нь санаачилсан хууль энэ. АН-ыхаар бол тэтгэвэрт гарсан хоёр нэгийгээ үхэхээр тэтгэврийг нь өвлөх тухай бодох бол, МАН-ыхаар бол ажлаа хийж байгаа нэгнийгээ үхчхээр ирээдүйд миний “орлого” нэмэгдэнэ гэж хүлээх юм байна. “Шимтгэл төлөгч” гэдэг нь тийм биз дээ.

Зочин [67.173.173.99] 2024-01-09 09:45:23

Хүнүгийн зөв.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.