Ц.Туваан: Монголын хөгжил, эрх ашгийг бодвол 21 тусдаа бодлого бус, бүсчилсэн бодлого нь зөв

Aдмин / Улстөр

Цаг үеийн асуудлаар УИХ-ын гишүүн Ц.Туваантай ярилцлаа.


-Сонгуулийн тойргийн ямар бүтэц гараад ирэв ээ. Тэр том тойргийн, тэр том газар нутагт ид шидгүй бол сонгогч бүрт хүрч уулзах, шинэ залуу улстөрч сонгогдох боломжгүй байна гэхчилэн шүүмжлэл их байна?

-УИХ-ын сонгуулийн тухай хуулийг өнгөрөгч хаврын чуулганаар баталсан. Үүнээс шийдээгүй үлдсэн нь 2024 оны хоёрдугаар сарын 1-ний дотор сонгуулийн тойргийг УИХ-ын тогтоолоор батлах заалт.

Тиймээс энэхүү тогтоолыг оны өмнөхөн баталлаа. Ингэхдээ томсгосон тойргийг бүсчилж баталсан. Аливаа асуудал сайн, муу хоёр талтай. Иргэд дэмжиж ч байгаа, шүүмжилж ч байгаа асуудлууд бий.

Энэ тогтоолын талаар өөрийн байр сууриа илэрхийлэхэд, нэгдүгээрт АН-ын Улс төрийн зөвлөлийн шийдвэр гарсан. Хоёрдугаарт, улс орныхоо эрх ашиг, Монголын хөгжлийг бодвол 21 аймаг 21 тусдаа бодлого бус, долоон бүс болгосон. Ерөнхийдөө гурван аймаг нэг бүс болж байгаа. Жишээлбэл, миний нэр дэвшсэн Төв аймаг дээр Дархан, Сэлэнгэ нэмэгдсэн. Төвийн бүсийг би хамгийн сайн дэд бүтэц хөгжсөн, хамгийн сайн хөгжлийг бий болгох бүс болно гэдэгт эргэлзэхгүй байгаа.

Ер нь АН бүсчилсэн хөгжлийн бодлогыг урьд нь хөндөж л байсан. Хуучны Сэцэн хан, Түшээт хан, Сайн ноён хан гэдэг шиг, хойноос нь урагш нь байдалтай Монгол Улсаа дөрөв хувааж бүсчлэх бодлогыг ярьж байсан. Үүний учир нь том газар нутагт хөгжлийн бодлогын загварчлалыг ярихад их дөхөмтэй байдаг. Тиймээс энэ бодлогыг гаргаж ирж, ярьж байсан. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар бүсчилсэн хөгжлийн бодлогыг одоо л боловсруулж байна. Хэрвээ шифи хэрэг болбол энэ чиглэлээр АН-д бодлого, судалгаа хангалттай бий.

Өнөөдөр Монголд БЭТ (Бүрэн эрхт төлөөлөгч) их томилогдож байна. Үүн шиг УИХ-ын гишүүн бол иргэдийн БЭТ. Эрх баригчдын гаргаж байгаа шийдвэр, Засгийн газрын хэрэгжүүлж байгаа бодлогуудад хяналтаа тавь. Шүүмжлэх зүйл байвал шүүмжил. Болж бүтэхгүйг нь олон нийтэд гаргаж, мэдээл гэж УИХ-ын гишүүнийг иргэд сонгож төлөөллөө болгож явуулдаг.

Монголчууд нүүдэлчин ард түмэн. Даавуу байсан ч имэрч, гурил байсан ч нулимж үзэж цавуулгийг нь шалгачихдаг. Нүүдэлчин ард түмэн сонссондоо итгэдэггүй. “Арваараа” барьж, “алагаараа” харж байж итгэдэг ард түмний хувьд төлөөлүүлэх гэж байгаа гишүүнтэйгээ уулзаж, гарыг нь барьж, нүд рүү нь харж, яриаг нь нэг сонсоод шийдвэр гаргана. Ийм соёлтой хүмүүст энэ тогтолцоо учир дутагдалтай болчихож байгаа юм. Өөрөөр хэлбэл Төвийн бүсийн тухайд, Дархан-Уул аймгийн 18 багийг нэмбэл хүн ам төвлөрсөн нийт 72 суурин бий. 14 хоногийн дотор 72 газарт очихын тулд нисдэг тэргээр нисээд ч амжихгүй. Магадгүй эрх баригчид нисдэг тэргээр нисч магадгүй. Манай намынханд тийм боломж байхгүй.

Очиж уулзаж чадахгүй болохоор төрд төлөөлүүлж байгаа хүнээ таньж мэдэх сонгогчийн эрхэд халдсан асуудал болж байна уу гэж харж байгаа. Энэ талаар би хууль батлагдах үед олон хэлсэн. Сая бас их л ярилаа. Оны өмнө тойргийн асуудал орж ирэхэд Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж, хоногийг ядаж 25 хоног болгочих болов уу гэж харж байсан. Гэтэл эрх баригчид өөрсдийнхөөрөө шийдчихлээ. Тиймээс үүн дээр хардаж байгаа зүйлүүд бий.

-Томсгосон тойрогтой болсноор улстөрчид улс төрийн хариуцлагаас зугтах цоорхой гарчихлаа гэж дүгнэх хэсэг ч байна шүү дээ?

-Хэвлэлийнхэн “Та өөрийгөө хэр ажилласан гэж бодож байна. Таны санаачилсан хууль…” гэж асуудаг. Улстөрчдөд дүнг нь ард түмэн тавьдаг. Дөрвөн жилийн дараа тэр улстөрч дахин сонгогдож байвал иргэдэд үнэлэгдэх хэмжээнд ажлаа хийж гэсэн үг.

Нөгөө талаас тантай санал нэг байна. Олон удаа сонгогдож тухайн газар нутагтаа нэр хүнд нь уначихсан улстөрчдийг өөр аймгуудад албан тушаалаар нь шинэ хүн болгож, богино хугацааны танилцуулгатай үед олон нийтэд нэр нь цээжлэгдсэн, танигдсан гэдэг утгаар нь давуу тал болгох гэсэн байхыг үгүйсгэхгүй. Би бол үүнийг хардах эрхийнхээ хүрээнд хардаж байгаа. Очиж амжихааргүй маш богино хугацаанд тэр сайд, тэр гишүүн, тийм дарга гэж олон жил яригдаж иргэдийн чихэнд хүрсэн нэрээр нь сонголт хийнэ гэж бодож байвал эндүүрэл. Монголын ард түмэн тэр дайны хэрсүү ухаан, сонгогчийн боловсрол байгаа гэж бодож байна.

-Том газар нутаг, богино хугацаанаас гадна сонгогчид өөрсдийгөө таниулах сурталчилгааны материалын хэмжээг багасгасан. Энэ нь мөн л шинэ залуу улстөрчдийг чөдөрлөсөн бодлого уу?

-Би үүн дээр СЕХ-ны даргаас “Үүнд ямар бодлого барьсан бэ. Энэ хугацаанд нэр дэвшигчид өөрсдийгөө таниулах, сурталчлах ажлыг юу гэж харж байна” гэж асуухад “Цахим” гэж хариулж байна лээ. Өөрөөр хэлбэл, гаргалгаа төдийлэн байхгүй байна гэж харсан.

Нэг өдөрт ядаж хоёр сумаар орох хэмжээний хугацаатай байсан бол үдийн өмнө нэг, хойно нэг сумаар очиж сонгогчидтойгоо уулзаж, мөрийн хөтөлбөрөө биеэрээ танилцуулж, асуултад нь хариулаад захиа даалгаврыг нь аваад гарах боломжтой байсан. Дээрээс нь маш олон зүйлийг Сонгуулийн хуулийн заалтуудаар хумилаа. Тухайлбал, самбар хийх, телевизээр гарах зэрэг зүйлүүд өмнөх сонгуулиудаас илүү хязгаарлагдмал болсон. Ер нь шинэ залуучууддаа хатуурхсан, шинэ үеийнхнийг сонгогдох боломжийг хязгаарласан хууль болсон гэж харж байна.

-“Царцааны нүүдэл” гэсэн хэллэг улс төрд бий. Үүнийг хязгаарлах чиглэлд танай намын бүлэг санаачилга гаргах шиг боллоо. Ер нь сонгуулийн дэвшилттэй заалтыг та юу гэж харж байна вэ?

-Сонгуулийн хуульд дэвшилттэй талууд бий. Жишээлбэл, сонгуулийн нэрсийн жагсаалтыг сонгогчдын нэгдсэн системээс шууд онлайнаар авна гэсэн заалт бий. Энэ нь “царцаа нисгэх” боломжийг тодорхой хүрээнд хязгаарлана гэж үзэж байна. Өмнө нь нэг сонгогч нэг газарт санал өгчихөөд дараагийн газарт очиход “Та тэр газарт санал өгсөн байна” гэж гарч ирэх зохицуулалтыг АН-ын бүлгийнхэн санаачилж оруулсан. Мөн бүх сонгогчдод бэхэн тэмдэглэгээ хийх, бүх саналыг 100 хувь гараар тоолох зэрэг заалтууд орсон. Гэхдээ олон нэр дэвшигчтэй урт саналын хуудсыг түүнд тэдэн санал гэж нэг бүрчлэн тоолоход маш хүнд болчихож байгаа юм.

-Тантай ярилцаж байх энэ цаг үед хөрөнгө оруулалтын тухай хууль ид яригдаж байна. Та энэ хуулийг хэрхэн дүгнэж байна?

-Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль бол чухал хууль. Энэхүү хууль анх батлагдсанаас хойш нэлээд хугацаа өнгөрсөн. Шинэчлэх ёстой. Хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, хөрөнгө оруулалтыг татахад заавал хуулиар бүгдийг шийднэ гэдэг өрөөсгөл ойлголт. Хөрөнгө оруулалтын хуульд хоёр үндсэн, нэг дагалдах өөрчлөлтийг оруулчихаад түүнийгээ нэг болгож яриад, батлах гээд байгаа нь энэ хуулийн гацаа болчихоод байна.

Нэгдүгээрт, хөрөнгө оруулах гэдэг утгаар оруулж ирэх зүйлийг ярихгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулна гэдэг бол Монголд бизнес эрхэлж түүнээсээ татвар төлөх байдлаар улсын эдийн засагт нэмэр болох гэдэг ойлголт. Хөрөнгө оруулах гэж байгаа компанийг компани байгуулах гэдэгтэй хүмүүс хольж ойлгоод байгаа юм.

Хэн ч байсан компани байгуулах татварыг төлж компани байгуулж болдог байх ёстой. Үүн дээр хүндрэл үүсгэх ёсгүй. Дараа нь бодитоор хөрөнгө оруулалт оруулах үед шалгуурууд тавигддагийн дотор тэдээс доошгүй хэмжээний хөрөнгө гэсэн зүйл заалт бий. Өнөөдөр 100 мянган ам.доллар гээд ярьж байна. Энэ асуудал бол хөрөнгө оруулалтын үндсэн асуудал.

Би 100 мянган ам.долларын босго байх ёстой гэж бодож байгаа. Монгол Улс шиг хоёрхон хөрштэй орны хувьд 100 мянган ам.доллар байх хэрэгтэй. Энэ хуульд 100 мянган ам.долларыг 50 мянган ам.доллар юм уу, зарим салбарын хөрөнгө оруулалт дээр байхгүй болгох зохицуулалт орж ирчихээд маргаан дагуулаад байна.

Үүн дээр үндсэн хөрөнгө оруулалттай юм уу, гадаадын хөрөнгө оруулалттай компани үүсгэх гэдэг бол тусдаа асуудал. Хоёр том асуудлын нөгөөх нь газрын асуудал. Газрыг олон жилээр ашиглуулахаар оруулж ирсэн нь маргаан дагуулаад байна. Энэ бол мөн л тусдаа асуудал. Гэхдээ мэдээж хөрөнгө оруулалтын тухай хуульд орж ирэх ёстой.

Тиймээс маш сайн хэлэлцүүлж, долоо хэмжиж нэг огтолж байж шийдэх хэрэгтэй. Монголчууд Их эзэн Чингис хааны үеэс л сөөм газрын төлөө л тэмцэж ирсэн ард түмэн. Газар нутгийн төлөө үе удмаараа хайрлаж хамгаалж ирсэн. Тэгээд ч тайруулж тайруулж үлдсэн нутаг дээр нь бид өнөөдөр амьдарч байна. Монголчуудын хувьд газартай, газрын харилцаатай холбоотой асуудал бол үнэхээр чухал. Үүнийг их сайн судалгаатай, нэлээд сайн ярьж байж хэрэгжүүлэх ёстой. Би 60+40 жил гэсэн урт хугацаатай зүйлийг нь дэмжихгүй байгаа. Энэ бол буруу гэж бодож байна.

-Гадаадын хөрөнгө оруулалтыг хамгийн их үргээж байгаа зүйл нь хөрөнгө оруулалтыг дээрэмдэж байгаа үйлдэл шүү дээ. Энэ асуудлыг шийдвэрлэх чиглэлд энэхүү хуулиар хэр ахиц гарна гэж та харж байна вэ?

-Яг энэ асуудлыг үнэхээр ярих ёстой. Монгол Улс руу орж ирсэн, болон орж ирэх гэж байгаа хүмүүсийн ярьж байгаа асуудал нь “Танай хуулиас айхгүй байна. Хууль тогтоох байгууллагад ажиллаж, хууль хэрэгжүүлж байгаа хүмүүсээс чинь айж байна” гэж байгаа юм.

Энэ хүмүүс хуулийг хэрэгжүүлэх гэж байгаа юм уу, хуулийг ашиглаж ямар нэгэн шалгалт хийх замаар гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээдэг асуудал байгаа юм. Үүнийг зохицуулсан харилцаан дээр олон зүйл заалт орж ирсэн байна лээ. Үүнийг би дэмжиж байгаа.

Ер нь гадаадын хөрөнгө оруулагч орж ирээд Монгол Улсын хуулийн дагуу, арилжаа наймаа бизнесээ эрхлээд ашиг орлогоо олоод Монгол Улсад татвараа төлөөд явах нь зөв. Энэ бол дэлхийн чиг хандлага. Үүний дундаас гадаадын хөрөнгө оруулагчдыг дарамтлах, эрх ашигт нь халдах, үргээж цочоох нь байж болохгүй зүйл. Тиймээс энэ хуульд энэхүү асуудлаар зөв зүйтэй заалтууд орж ирсэн байна лээ.

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

Зочин [202.9.46.111] 2024-01-19 19:43:43

Улс дотор улс үүсгэх анхны алхам энэ хууль нэг үндэстнээ ялгаварлан нэг тойрог болгов

Зочин [203.98.76.249] 2024-01-17 10:45:02

1996 оноос хойших бүх ИХн 76 гишүүдээ цаазалж төрөөс холдуул


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.