С.Мөнхдуулдах: Бөх болохын тулд эхлээд хүн байх нь чухал

Aдмин / Спорт

Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч С.Мөнхдуулдахыг урилаа.

-Чөлөөт бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж өндөрлөсөн. Таны шавь нар санасан хэмжээнд хүрч барилдав уу?

-Манай эмэгтэй тамирчид тэмцээнүүдэд ажилттай оролцдог шүү. Энэ жил ДАШТ-ээс гурав нь мөнгөн медаль хүртсэн. Мөн багийн дүнгээр гуравдугаар байр эзэллээ. Харин саяхан болсон УАШТ-ээс шавь нар маань алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн. Тодруулбал, Б.Бямбадорж алт, Б.Хонгорзул мөнгө, Буман-Аюуш хүрэл медаль авлаа. Мөн найман тамирчин хүрэл медалийн төлөө барилдсан ч ялагдсан. Зарим нь бэртэл гэмтлээс шалтгаалаад барилдалгүй өнжлөө.Тамирчин хүний хамгийн том дайсан бол бэртэл. Тамирчид асар их золиос гаргаж байж амжилт гаргадаг. Манай шавь нар сүүлийн үед амжилт нь цалгардаад байгаа нь бэртэлтэй холбоотой. Бэртэл авсан бол бүрэн эдгээх нь зөв. Би үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаад хоёр жил болж байна. Тухайн үед шигшээ багийн сонгон шалгаруулалт болоход шалгалт өгөөд ажиллахаар болсон. Эмэгтэй тамирчидтай ажиллахдаа бэлтгэлээс гадна сэтгэл зүйд нь анхаардаг.

-Энэ он бол олимпын жил. Шигшээ багийн хувьд олимпын эрх олгох тэмцээнүүдэд төвлөрч байна уу?

-Тамирчдын хувьд бэлтгэлдээ шамдсаар байна. Удахгүй шигшээ багийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орно. Тиймээс тамирчин бүхэн хичээж байгаа нь лавтай. Албан ёсны эрх олгох тэмцээнүүд дөрөвдүгээр сараас эхлэх хуваарьтай. Одоогоор Монголоос хоёр эмэгтэй тамирчин эрхээ авсан. Тиймээс эмэгтэй 53, 57, 62, 76 кг-ийн жингийн тамирчид эрхийн тэмцээндээ өрсөлдөнө.

сонин mn

-Шигшээ багийн дасгалжуу­лагчдын нэрс тодорсон уу?

-Эмэгтэй шигшээ багийн дасгалжуулагчаар гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатар, гавьяат тамирчин Ц.Цогтбаяр болон миний бие ажиллана. Бидний гол зорилго Парисын олимпод эмэгтэй багаа амжилттай оролцуулж, медаль хүртэх. Миний зарим шавь нар үндэсний бөхөөр барилддаг. Тиймээс энэ жил наадмын дэвжээнд шавь нарынхаа цолыг ахиулж, шинэ цолтон төрүүлэхийн төлөө хичээнэ.

-Багш, дасгалжуулагчийн хувьд тамирчдынхаа сэтгэл зүйг хэр сайн мэдэрдэг болсон бэ?

-Нүдийг нь хараад л бүх зүйлийг нь мэдэрдэг болсон шүү. Нойроо сайн авч чадсан эсэх, сэтгэл зүй нь ямар байгааг. Ингээд тухайн нөхцөлд нь тохирсон арга барилаар ажиллана даа.

-Та шавь нартаа бэлтгэлээс гадна юуг зааж, зөвлөж байна?

-Юун түрүүнд сайн хүн байх нь чухал. Тиймээс хүнтэй найрсаг харилцаж, биеэ зөв авч явах хэрэгтэй. Ер нь бөх болохоосоо өмнө бие хүн болж төлөвших нь зөв. Ах, эгчээ хүндэлж суралцах нь тамирчин хүнд байх чанар. Миний шавь нар ихэнх нь Баянхонгор аймгийнх. Анх 10 настай нэг үеийн хүүхдүүдийг бэлтгэлд авч байлаа. Манай клубыг анх гавьяат тамирчин Б.Нацагдорж багш үүсгэн байгуулсан. Бид аймгийн төвийн ягаан зааланд бэлтгэлээ хийдэг байлаа. Харин одоо үндэсний шигшээ багийн бэлтгэлийнхээ хажуугаар тэднийхээ бэлтгэлийг “Шандас” клубт базааж байна.

-Бөх сонирхогчид таныг шавь нараар тань таньдаг юм билээ. Та нэгэн цагт өөрөө тамирчин байсан байх аа?

-Би Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын харьяат. Сурагч байхдаа н.Ганбат багшийн удирдлага дор бөхийн бэлтгэлд хамрагддаг байлаа. Оюутан болохдоо “Шонхор олимп” дээд сургуулийг сонгож дасгалжуулагч багшаар төгссөн. Ингээд 2012 оноос Баянхонгор аймагт “Байдрагийн хүчтэн дэвжээ” клубт ажилласан юм. Энэ хугацаанд шавь нар минь өсвөр залуучуудын УАШТ-д тогтмол амжилт гаргасан. Мөн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс ч медаль хүртсэн удаатай. Үүнээс гадна Токиогийн олимпоос Б.Хонгорзул шавь минь тавдугаар байр эзэлсэн. Багш хүний хувьд шавь нараа амжилт гаргахыг харах сайхан мэдрэмж шүү.

-Баянхонгорын чөлөөтийн бөхийн тамирчдын зарим нь үндэсний бөхөөр амжилттай барилдаж байгаа харагддаг?

-Шавь нараас зарим нь үндэсний бөхөөр давхар хичээллэж амжилт гаргасаар байна. Улсын начин, аймгийн арслан, начин, сумын цолтой бөхчүүд “төрсөн”. Их спорт суурьтай тамирчид үндэсний бөхөөр хичээллэх нь давуу талтай. Хурд, мэхний гүйцэтгэл, ажиллах чадвар сайтай байдаг. Чөлөөт бөх техник ур чадвар шаарддаг спорт. Тиймдээ ч үндэсний бөхийн дэвжээнд чөлөөтийн тамирчид амжилт гаргах нь цөөнгүй. Хүмүүсийн дунд том биетэй бөх л амжилт гаргана гэсэн ойлголт байдаг. Харин манай чөлөөтийн тамирчид үндэсний бөхөөр амжилт гаргаж болдгийг үлгэрлэж байна.

-Тэд наадмын зүлэг ногоон дэвжээнд зодоглоход та хажууд хамт байдаг уу?

-Ихэвчлэн хамт явж барилдахад хажууд нь байдаг. 2021 онд Улсын начин Э.Батмагнай Хүй долоо худагт болсон 512 бөхийн барилдаанд дөрвийн даваанд улсын арслан Э.Оюунболдод тахим буулгасан. Энэ үед нь би “Чамд боломж байна. Бэлтгэлдээ шамдаарай” гэж зөвлөсөн. Ингээд наадмын дараагаас бэлтгэлдээ орсон. Дараа жил нь Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойд шавь минь аймгийн заан цолоо ахиулах зорилго тээсэн. Энэ үед аймгийн баяр наадамд түрүүлэх бодолтой барилдсан ч тавын даваанд өвдөг шороодсон. Тэр үед би шавьдаа “Хүнд нэг хаалга хаагдахад нөгөө хаалга нээгддэг” гэж сэтгэл зүйг нь дэмжиж урам өгсөн. Ингээд маргааш нь улсын баяр наадмын дэвжээнд зодоглож тавын даваанд тунаж начин цолны болзол хангаж, нутгийн зон олноо баярлуулсан. Барилдах үед нь их спортын давуу талаа гаргаж барилдахыг зөвлөж билээ.

сонин mn

-Бөхийн замналыг сонгоход удам, хөдөлмөр хоёрын аль нь чухал бол?

-Мэдээж удмын ген тодорхой хэмжээгээр нөлөөлнө. Гэхдээ хүн хөдөлмөрөөр өөрийгөө бүтээдэг. Өөрийн хүсэл эрмэлзэл, хичээл зүтгэл чухал. Аварга арслангийн хүүхдүүд тэр бүр сайн барилдах нь ховор. Тиймээс хувь хүний тууштай байдал, сахилга бат нөлөөлдөг гэж ойлгож болно.

-Чөлөөтийн нэг өдрийн бэлтгэл хэр хугацаатай байдаг бол. Бэлтгэлийнхээ үйл явцаас сонирхуулахгүй юу?

-Өдөрт хоёр удаа бэлтгэл хийдэг. Нэг удаа орохдоо хоёр цаг болно. Асар их хөдөлмөрлөж байж тэмцээнд оролцоно. Миний хувьд тамирчдаа ялагдахад нь гаргасан алдаан дээрээ ажиллахыг зөвлөдөг. Мэдээж алдаа гаргаад хожигдож байгаа шүү дээ. Алдаагаа засаад явахад дараагийн тэмцээнд амжилт гарах боломж бүрдэнэ.

-Спорт залуу насных гэдэг. Чөлөөтийн тамирчид ер нь хэд хүртлээ барилдах нь зохистой байдаг бол?

-Бүх зүйл өөрийн цаг хугацаатай. Ер нь тамирчин 30 нас хүртлээ барилддаг. Спортоос хүн олон зүйлийг сурдаг. Сурсан бүхэн нь цаашдын амьдралд нь нөлөөлнө. Тиймээс шавь нартаа үлгэр дуурайлал үзүүлж, амьдралд нь хэрэгтэй зүйл хийж, сургахыг хичээж явна.

-Дасгалжуулагчийн ажил хүмүүст хялбар харагддаг байж мэднэ. Гэхдээ олон хүний бэлтгэл сургуулилтыг тааруулах амаргүй байх даа?

-Тамирчныг бэлтгэлээс гадна сэтгэл зүй, хоол, амралтыг нь зөв тохируулж байж амжилт гаргана. Би шавь нартаа бүх зүйлд санаа тавьж, зааж, зөвлөж аав шиг нь байдаг даа. Үүнээс гадна тамирчин хүний амжилтад санхүү, дэмжлэг чухал. 2016-2020 онд Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргал сайн дэмждэг байлаа. Бид тэмцээн уралдаанд тогтмол оролцоно. Үүний нөлөөгөөр тамирчдын амжилт ч нэмэгдэж байсан. Миний хувьд гэртээ байх цаг хугацаа ховор. Бэлтгэл, тэмцээний хооронд завгүй явдаг. Хань минь хүүхдүүдээ өсгөж, гэрийн ажлаа амжуулдаг. Энэ дашрамд тусалж дэмдэг бүх хүмүүстээ баярлаж явдгаа илэрхийлье.

Баатарын НЯМСҮРЭН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл

зочин [66.181.176.27] 2024-01-30 16:07:12

Ер нь бөх бол хүн биш л дээ, бөх болсоноос хүнээрээ байх нь илүү чухал, хүнээрээ байгаад бөх байх боломж байхгүй

Зочин [202.131.225.53] 2024-01-30 12:58:06

ер нь юу ч болох байлаагэсэн хүн байх хамгийн чухал

зочин [103.57.95.17] 2024-01-30 12:48:31

Хүн биш бөх гэж байх нээ. Сармагчин барилддаг юм уу. Сайн муу хүн гэдэг харьцангуй ойлголт.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.