Олон улс судлаач О.Бүрэнтөгс: Монгол Улсын гадаад бодлого, олон талт хамтын ажиллагаа хоёр талын харилцааны сүүдэрт орохгүйгээр урагшилж чадлаа

Aдмин / Улстөр

Олон улс судлаач О.Бүрэнтөгстэй өнгөрсөн туулай жилийн онцлох айчлалын үр дүнгийн талаар ярилцлаа.


-Луу жилээ монголчууд билэг ерөөлтэйгөөр угтан авлаа. Өнгөрсөн туулай жилийн хувьд манай улсад хийгдсэн томоохон айлчлалуудыг дүгнэвэл?

-Монгол Улсын гадаад бодлого маш амжилттай яваа салбар гэдгийг ярилцлагынхаа эхэнд онцлон хэлмээр санагдлаа. Тэр утгаараа гадаад бодлогын ихэнх чиглэлд тэнцвэрийг маш оновчтой хадгалж барьж чадсан олон айлчлал өнгөрсөн туулай жил боллоо. Монгол Улсын хувьд гадаад бодлогодоо тэнцвэр хадгална гэдгийг онцгой анхаарах хэрэгтэй. Бидний гол бодлого бол тэнцвэртэй харилцаа. Тиймээс өнгөрсөн туулай жил хоёр хөрш болон гуравдагч хөршийн харилцаагаа тэнцвэртэй явуулж чадлаа. Хамгийн чухал нь Монгол Улсын гадаад бодлого, олон талт хамтын ажиллагаа хоёр талын харилцааны сүүдэрт орчихоогүй урагшилсаар байгаа нь бидэнд их ашигтай байлаа.

Судлаач хүний хувьд өнгөрсөн 2023 онд ямар ямар айлчлал болсон талаар товчхон тоочин хэлэхгүй юу. Эргээд нэг сануулахад…?

-Улиран одсон 2023 он яахын аргагүй гадаад харилцааны жил байлаа гэдгийг дахин хэлье. Тоочоод хэлбэл олон айлчлалыг дурдаж болно. Би хэдэн айлчлалыг хэлье. Өнгөрсөн жил Монгол Улсын дипломат харилцаа өргөжсөн он цаг боллоо. Он гарахын өмнө Монгол болон Боствани дипломат харилцаа тогтоосноор Монгол НҮБ-ын 195 гишүүн орнуудтай дипломат харилцаа тогтоох зорилтоо биелүүлсэн. Түүнээс гадна мөн онд гуравдагч хөрш орнуудтай дипломат харилцаагаа ахиулсан, бодит шийдвэр гарснаараа онцлог байлаа. Гуравдагч хөршийн харилцаа нэг шат ахилаа. Монгол болон Их Британи дипломат харилцаа тогтоосны 60 жил, Канадтай дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тус тус тохиосон. Ойн хүрээнд Их Британийн Монголд суух шинэ элчин сайд боловсролын салбарт түлхүү ажиллахаа илэрхийлсэн бол Канадтай дипломат харилцаагаа ахиулж иж бүрэн түншлэлийн түвшинд хүргэсэн Өнгөрсөн оны зургаадугаар сард 10 гаруй дээд хэмжээний айлчлал тохиосон байна.

-Түүнээс онцлох айлчлал юу байв…?

-Онцлох айлчлал гэвэл мэдээж Францын Ерөнхийлөгчийн айлчлал байлаа. Тэрээр анх удаа Монголд айлчилж хоёр орны түншлэлийн харилцааг стратегийн түвшинд хүргэлээ. Тус айлчлалын ачаар хоёр орон уран олборлох 1.7 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан гэдгийг санаж байгаа байх. Түүнээс гадна Монгол Улсын гадаад бодлогод хийгдсэн онцлох шийдвэрүүд байна. Тухайлбал, Ерөнхий сайдын өнгөрсөн наймдугаар сард АНУ-д хийсэн айлчлалаар Америк Монгол хооронд шууд нислэгтэй болж Google (GOOG)-тэй хамтран ажиллах суурь тавигдсан. Цаашлаад Америк Монголтой газрын ховор металлын хайгуулын чиглэлд хамтран ажиллахаар болсон нь өнгөрсөн туулай жилийн онцлох шийдвэр болов уу гэж бодож байна.

-Том гүрнүүдийн төрийн тэргүүнүүд ирсэн. Түүнээс гадна шашины том төлөөлөл манай улсад ирсэн шүү дээ…?

-Мэдээж католик шашны тэргүүн Ромын пап ламын айлчлал ч энэ жилийн хамгийн онцгой айлчлал байсан. Ромын пап Францис буюу Хорхе Марио Берголиогийн энэ удаагийн айлчлал Монголд төдийгүй олон улсад нэгэн түүхийг бүтээсэн гэж хэлж болно. Өнгөрсөн хугацаанд энэ хүн авлига, байгаль орчны доройтлын эсрэг хүчтэй тайлбар хийсээр ирсэн. Монгол Улсын өмнө тулгамдаж буй сорилт, Орос, Хятадын газарзүйн байрлал зэргийг харгалзан пап ламын айлчлал стратегийн хувьд маш зоригтой айлчлал болсон гэж хэлж болно. Үүгээрээ Монгол Улс дэлхийд нэгэн шинэ түүхийг үлдээж чадлаа. Олон улсын хэвлэлүүдэд Ромын пап лам 1500 хүрэхгүй католик шашинтантай Монголд зочилж байгаа нь олон улсын анхаарлыг ихэд татаж байгааг онцолж бичиж байсан. Мөн олон улсад Монголыг сурталчлах том боломж болж чадлаа. Учир нь папын айлчлалыг дэлхийн 20 гаруй орны 150 орчим томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд шууд дамжууллаа. Үүнийг хэвлэлийн та бүхэн надаар хэлүүлтгүй сайн мэдэж байгаа байх. Тэр ч утгаараа шашин судлаачид, жуулчид Монголыг ихээр зорин ирсэн байх. Аялал жуучлалын сэргэлт ч үүнтэй холбоотой болов уу.

-Мэдээж гуравдагч хөршийн айлчлал цөөнгүй хийгдсэн. Монгол Улсын хувьд тэнцвэртэй гадаад бодлого явуулах нь чухал гэж та хэлсэн. Тэр утгаараа хоёр хөршийн хувьд Монголын гадаад харилцаа ямархуу болж өнгөрсөн бэ?

-Бид хоёр хөршөө яаж мартах вэ дээ. Өнгөрсөн онд Оросоос Монгол Улсад 10 жил суусан элчин сайд Искандер Азизовыг эргүүлэн татаж шинэ элчин сайд томилогдсон нь томоохон онцлог үйл явдал болсон. Өнгөрсөн аравдугаар сард зохион байгуулагдсан “Бүс ба Зам” форумын үеэр Ерөнхийлөгч Орос болон Хятадын Ерөнхийлөгч нартай уулзсан. Уг уулзалтаар эдийн засгийн олон боломжуудыг Монголд ашигтайгаар нээж өгсөн гэж харж байгаа. Үүнийг эдийн засагч нараас тодруулбал илүү тодорхой ярих байх. Хамгийн чухал нь өнгөрсөн жил Монгол Улсын хувьд сар болгон гадаад зочидтой байх болсон нь гадаад харилцаа мэдэгдэхүйц эрчимжиж, сайжирсан нь шууд харагдаж байна.

-БНХАУ-ын дарга Ши Жиньпин энэ онд Монголд айлчлах сураг сонсогдож байна. Судлаач хүний хувьд энэхүү мэдээллийг бодитой гэж үзэж байна уу?

-Мэдээж бодит бус мэдээлэл. Албан бус таамаг л даа. Гэхдээ судлаач хүнийхээ хувьд хариулахад урд хөршийн төрийн тэргүүн энэ онд манай улсад айлчлал хийх тал бүрийн нөхцөл нь бүрдсэн гэж ойлгож байгаа. Энэ онд Монгол Хятадын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой, мөн Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээг шинэчлэн байгуулсаны 30 жилийн ой, Ши Жиньпин даргын анх манай улсад айлчилсны 10 жилийн ой тохиож байгаа. Тиймээс түүнийг 10 жилийн ойгоор нь дахин айлчлахыг Монгол Улс ихээхэн ач холбогдол өгч төрөл бүрийн сувгаар урьж байгаа гэсэн мэдээ байна.

Хэдийгээр Хятад, Оросын харилцааны өнөөгийн байдал нь хоёр хөршийнхөө аюулгүй байдлын бодлогод Улаанбаатарын буфер жийргэвчийн үүргийг мэдэгдэхүйц бууруулсан ч Хятад улс Монголыг геополитикийн чухал орон гэж үзсээр байна.

Монгол Улстай хиллэх хил нь Хятадын хамгийн урт хуурай газрын хил юм. Иймд Монгол, Хятадын харилцааг сайн найрсаг хэвээр хадгалах нь Хятадын хойд хэсэг, тэр дундаа Шиньжян-Уйгарын Өмнөд Монгол, зүүн хойд мужуудын аюулгүй, тогтвортой байдалтай холбоотой томоохон асуудал гэж үздэг. Монгол Улсын хүсэл найдлагаас үл хамааран Ши Жиньпин “Ковид-19” цар тахлын дэгдэлт гарснаас хойш гадаад айлчлалаа эрс багасгасан нь үнэн. Түүний хувьд 2022 оны есдүгээр сараас гадаад айлчлалаа сэргээсэн боловч 2023 оны байдлаар ердөө дөрөвхөн удаа гадаад айлчлал хийсэн нь цар тахлын өмнөх түвшнээс хамаагүй доогуур байгаа юм.

-Тэгвэл хойд хөрштэйгөө бид өнгөрсөн туулай жил ямар байдлаар харилцсан байна вэ. Айлчлалын хувьд ОХУ-ын Төрийн думын дарга нарын томоохон хүмүүс ирсэн байх?

-ОХУ-ын Төрийн Думын дарга В.Володин манай улсад өнгөрсөн оны есдүгээр сард албан ёсны айлчлал хийсэн. Хойд хөршийн хувьд олон улстай ойлгомжгүй харилцаатай байгаа энэ цаг үед Төрийн думын дарга манай улсад айлчлах болсоныг олон улс анхааралтай ажигласан. Айлчлалын үеэр Монгол, Оросын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэхэд чиглэсэн парламент хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, хоёр орны худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар дэлгэрэнгүй санал солилцсон.

Хоёр улсын парламентын хамтын ажиллагааны Комиссын анхдугаар хуралдааныг зохион байгуулсан. Үүнд манай зарим судлаачид эгдүүцэж байгаагаа тухайн үед илэрхийлж байсан. Мэдээж хэрэг төрийн ямар ч институт гадаад харилцаатай байдаг. Тэр утгаараа ойлговол ОХУ-ын парламенттай бид парламентын түвшинд харилцана гэдэг нь тийм ч сөрөг ойлголт биш.

Гадаад харилцаа гэдэг бол нээлттэй, ил тод байж гэмээн хоёр талдаа харилцан ашигтай хамтран ажиллах боломжоо гаргаж ирдэг. Тиймээс бидний хувьд ямар ч түвшинд ямар ч харилцааг нээлттэй болгох нь л чухал. Монгол Улсын хувьд түлш, шатахуун, эрчим хүч гээд хөгжлийн гол хэрэглээгээ хойд хөршөөс авч байна. Цаашид ч авна. Тиймээс аль болох харилцаанд сөрөг нөлөөлөх, нийтээрээ аль нэг улсыг хэт үзэн ядах сэтгэлгээнээсээ бид салах хэрэгтэй. Гэхдээ хүлцэнгүй номхон, үг, үйлдлийг нь дагаад бай гэсэн үг биш үү дээ. Ойлгомжгүй зүйлээ тэр хэвээр нь хэлчихдэг, алдаа оноогоо дүгнэчихдэг тийм дипломат харилцааг л чухалчлах ёстой байх.

-Сүүлд нь асуухад манай улсын төрийн тэргүүн өнгөрсөн жил ямар улсад айлчлав. Үр дүн нь юу байв гэдгийг та товчхон хэлэхгүй юу?

-Юуны өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хувьд Азийн бүс нутгийн чиглэлд томхон алхам хийж Вьетнам, Лаост Төрийн айлчлал хийснийг онцлон хэлье. Монгол бол одоогоор хөгжиж буй орон, хөгжиж буй орнуудтай найрсгаар хамтран ажилладаг, тэгэхийн төлөө байна гэдгээ ч өнгөрсөн онд хийсэн айлчлал бүрээрээ олон талт хамтын ажиллагааны зарим алхмуудаараа илэрхийллээ. Ерөнхийлөгчийн хувьд 77-гийн бүлгийн төр, засгийн тэргүүн нарын дээд түвшний уулзалт, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалт буюу “COP28”, Дубай, АНЭУ, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганд оролцсон. “COP28” уулзалтын тухайд дэлхий нийтийн өмнө тулгарсан нийтлэг асуудал шийдэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн. Энэ төрлийн уулзалтад өндөр ач холбогдол өгч байгаагаа нотлосон нь тэр хэрээрээ олон улсын хамтын нийгэмлэгт манай улсын байр суурь бэхжсэн гэж ойлгож болно.

Э.ТҮВШИН

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.