Apple компани цахилгаан автомашин бүтээх төслөө зогсоолоо

Aдмин / Технологи

Технологийн салбарын тэргүүлэгч Apple компани сүүлийн арав орчим жил хэрэгжүүлсэн цахилгаан хөдөлгүүрт автомашин бүтээх төслөө зогсоох шийдвэр гаргасныг олон эх сурвалж мэдээлжээ. Шийдвэрийг өчигдөр буюу Мягмар гарагт энэ төсөл дээр ажиллаж буй 2,000 орчим хүнтэй багт танилцуулсныг эх сурвалжууд баталж байна. SPG (Special Project Group) нэртэй энэ төслийн олон ажилтан одоо “generative AI” төрлийн хиймэл оюуны хөгжүүлэлтийн багт шилжих ажээ. Төслийн бусад мэргэжилтнүүд Apple-ийн өөр өөр салбар нэгжүүдэд хуваарилагдах бололтой. Мөн цомхотгол явагдаж болзошгүйг эх сурвалжууд мэдээлжээ. Энэ мэдээ хөрөнгө оруулагчдын санааг амрааж, өчигдрийн арилжааны үеэр Apple-ийн хувьцааны ханшийг өсгөсөн байна.

Цоо шинэ салбарт нэвтэрч, үүндээ их хэмжээний мөнгө зарцуулах нь эрсдэлтэй алхам тул хөрөнгө оруулагчид үүнээс болгоомжилж байсан юм. Тесла компанийн гүйцэтгэх захирал Илон Маск ч бас энэ мэдээг дуулаад баярлаж байгаагаа X сошиал хуудсандаа илэрхийлсэн байна. Apple цахилгаан хөдөлгүүртэй автомашин бүтээхээр ажиллаж эхэлсэн тухай 2014 оноос яригдаж эхэлсэн юм. Гэхдээ өнгөрсөн хугацаанд энэ төсөл олон бэрхшээлтэй тулгарч байсан нь төслийн ахлагч болон бодлого стратеги олон удаа солигдсоноос харж болно.

Сүүлийн саруудад цахилгаан автомашины зах зээл хумигдаж, борлуулалт буурсан нь Apple-ийн шийдвэрт бас нөлөөлсөн байх магадлалтай. General Motors, Ford зэрэг томоохон компаниуд зах зээлийн энэ хандлагын дагуу цахилгаан автомашин борлуулалтын болон үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө бууруулах арга хэмжээ авч эхэлсэн юм. Энэ үзэгдэл цахилгаан автомашины үнэ өртөг өндөр хэвээр, цэнэглэгчийн дэд бүтэц хангалтгүй байгаатай холбоотой. Салбарын анхдагч Тесла компани хүртэл энэ онд бүтээгдэхүүнийх нь эрэлт бага байхыг хөрөнгө оруулагчдад анхааруулаад байгаа. Гэхдээ Apple компанийн хувьд бусад технологийн судалгаа хөгжүүлэлтэд асар их мөнгө зарцуулсан хэвээр байна. Сүүлийн таван жилийн хугацаанд тус компани судалгаа хөгжүүлэлтэд зориулсан зардлаа жил бүр дунджаар 16 хувиар өсгөж, нийтдээ $113 тэрбумыг зарцуулжээ.

Одоогоор Apple компанийн автомашины зах зээлд нэвтрүүлсэн хамгийн том бүтээгдэхүүн нь CarPlay программ хангамж юм. Уг программ нь iPhone гар утсыг автомашинтай нэгдсэн систем болгон ажиллуулах үүрэгтэй. Олон үйлдвэрлэгчид Apple-ийн энэ бүтээгдэхүүнийг автомашиндаа нэвтрүүлэх болсон. Компанийн шийдвэрийг зах зээл судлаачид ч нааштай үнэлцгээж байна.

“Урт хугацааны боломжит үр ашгийг харвал цахилгаан автомашины төслөөсөө татгалзаж, үүнд зориулж байсан хүч нөөцөө хиймэл оюуны хөгжүүлэлтэд шилжүүлсэн Apple-ийн шийдвэрийг стратегийн зөв алхам гэж бид үзэж байна” гэж Bloomberg Intelligence байгууллагын шинжээч Анураг Рана, Эндрью Жирард нар дүгнэжээ.

Эх сурвалж: Reuters


Сэтгэгдэл

Зочин [203.98.76.249] 2024-02-29 11:33:03

би сансарын технлоги бодож байгаа. хэнтэй хамтарч хийх үү?

Зочин [66.181.187.68] 2024-02-29 07:36:50

Цахилгаан машин ирээдүй биш нь тодорхүйшт. Цаг зуурын завсарын вариант. Тэр олон батериа цахилгааныг дэлхий гаргаж чадаххгүй


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.