ХӨНДӨХ СЭДЭВ: Хүүхдийн шүдний цоорол бүх өвчний шалтгаан болж байна

Aдмин / Эрүүл мэнд

Хүүхдүүдийн дунд шүд цоорох өвчний тархалт сүүлийн 40 жилийн хугацаанд 85 хувиас буураагүй байна. Учир нь эцэг эх, асран хамгаалагчдын амны хөндийн эрүүл мэнд болон эрүүл ахуйн мэдлэг хангалтгүй, хүүхдэд шүдээ зөв арчлах дадал төлөвшүүлээгүй, эрүүл зан үйлийг дэмжих орчин нь бүрдээгүй, чихэрлэг хүнсний бүтээгдэхүүний хэрэглээ өндөр, урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагддаггүй зэрэг нь шүд цоорох өвчний гол шалтгаан болж байна.

НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САНГИЙН МОНГОЛ ДАХЬ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧ ЭВАРИСТЕ КОУАССИ-КОМЛАН “ОЛОН УЛСЫН ХҮҮХДҮҮДТЭЙ ХАРЬЦУУЛАХАД МОНГОЛ ХҮҮХДҮҮДИЙН АМНЫ ХӨНДИЙН ЭРҮҮЛ АХУЙН АСУУДАЛ ЯАРАЛТАЙ АРГА ХЭМЖЭЭ АВАХААР НӨХЦӨЛ БАЙДАЛ ҮҮСЧИХСЭН БАЙНА” ХЭМЭЭЖ БАЙВ.

ХАРИН ДЭМБ-ЫН МОНГОЛ ДАХЬ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧ ДР СОКОРРО ЭСКАЛАНТЕ “АМНЫ ХӨНДИЙН ЭРҮҮЛ МЭНД МУУ БАЙХ НЬ ЦААШЛААД ОЛОН ӨВЧНИЙ СУУРЬ ШАЛТГААН БОЛДОГ” ГЭЖ ХЭЛЖ БАЙСАН ЮМ.

Мөн сургууль, цэцэрлэгийн орчинд зарагдаж байгаа хямд, эрүүл бус хүнснээс хүүхдүүд өдөр бүр худалдан авдаг, 2 хүүхдийн 1 нь чихэрлэг ундааг, 5 хүүхдийн 4 нь чихэрлэг хүнсийг өдөр бүр хэрэглэдэг болохыг судалгаагаар тогтоожээ. 2022 оны тавдугаар сарын 1-нээс улсын хэмжээнд эхлүүлсэн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамрагдсан 0-17 насны 3 хүүхэд тутмын 2-т нь 1-ээс дээш шүд цоорсон байжээ.

Сүхбаатар дүүргийн 51-р цэцэрлэгийн эмч Н.Цэцэг “Намрын эрт илрүүлгийг өрхтэйгөө хамтраад хийчихдэг. Жилийн эцсийн тайлангаар, хүүхдийн 68-аас дээш хувь нь амны хөндийн эрүүл мэндийн өвчлөлтэй байдаг. Хүүхдүүдийн 1-12 шүд өвчтэй байдаг. Үүнийг эцэг эхчүүдтэй хамтраад эрүүлжүүлэх гэхээр эцэг, эхийн зав зай хомс байдаг. Эмнэлэг дээр цаг авах гэхээр олдох үе, олдохгүй үе бас байна.
Дунджаар 5 шүд өвдлөө гэхэд ганц, хоёр удаа ээж аавууд аваад оччихно. Тэгээд бусад шүдийг нь эмчлүүлж чаддаггүй. Ингэхээр л шүд эрүүлжүүлэх ажиллагааны чанар нь муудаад байгаа юм. Тиймээс төрөөс хэрэгжүүлж байгаа бодлогын хүрээнд маш сайн зохицуулахгүй бол бас л дутуу дулимаг юм болох вий гэж бодож байна.
Манайх 306 хүүхэдтэй, 10 бүлэгтэй. Бүлгийн багш нар хүүхдийн шүдийг сайтар угаах тал дээр анхаардаг. Гэхдээ учир дутагдалтай. Яагаад гэхээр тэр олон хүүхдийг бүгдийг нь гүйцэд угааж уу, үгүй юу гэдгийг шалгаад байж чадахгүй шүү дээ. Тэгэхээр эцэг эхчүүд үүн дээр маш сайн анхаарах хэрэгтэй. Өглөө зарим үед бараг нүүрийг нь ч угаалгахгүй аваад ирж байгаа шүү дээ. Тэгэхээр шүд ямар байх вэ гэдэг нь ойлгомжтой” гэв.

Төрөөс авч хэрэгжүүлж буй бодлого

ЭМЯ-наас шүд, амны хөндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, шүд цоорох өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд 0-18 насны хүүхэд амны хөндийн эмгэгээс урьдчилан сэргийлэх үзлэгт жилд нэг удаа орох эрх зүйн орчин бүрдүүлжээ.

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2023 оны зургаадугаар сарын 28-ны өдрийн 08 дугаар тогтоолоор хүүхдийн шүд, амны хөндийн урьдчилан сэргийлэх тусламж үйлчилгээг 25,000 төгрөгөөр тооцон эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэхээр, шүд, амны хөндийн амбулаторийн тусламж үйлчилгээний тарифыг нэмэгдүүлж, нийслэлд 60,000 төгрөг, орон нутагт үүнээс 1.5 дахин их буюу 90,000 төгрөг болгосон. Энэ нь орон нутгийн иргэдэд амны хөндийн тусламж үйлчилгээг чанартай, аюулгүй, хүртээмжтэй авахад дэмжлэг үзүүлнэ гэдгийг дэд сайд С.Энхболд хэлсэн юм.

Иймд Монгол Улсын Засгийн газрын хүн амын амны хөндийн эрүүл мэндийн нөхцөл байдлыг хэлэлцэж “Эрүүл шүд арга хэмжээг хэрэгжүүлэх тухай” 322 дугаар тогтоол баталж, Эрүүл мэндийн болон Боловсрол, шинжлэх ухааны сайд нарт “Эрүүл шүд” арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулж батлуулахыг үүрэг болгосны дагуу сайд нарын 2024 оны нэгдүгээр сарын 19-ний хамтарсан тушаалаар 2024-2027 онд хэрэгжих “Эрүүл шүд” арга хэмжээний төлөвлөгөөг батлан, хэрэгжилтийг ханган ажиллаж байгаа юм.

Ингэснээр хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийг дэмжих, урьдчилан сэргийлэлт, эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, цэцэрлэг, сургуулийн орчинд хүүхдэд шүдээ зөв арчлах дадал, хэвшлийг төлөвшүүлснээр шүд цоорох өвчинд өртөх эрсдэлийг бууруулж, түүний хүндрэлээс сэргийлэх боломжтой.

Төрөөс бодлогын хувьд дэмжиж байгаа энэ үед хүүхдийнхээ амны хөндийн ариун цэвэр дээр анхаарах эсэх нь эцэстээ эцэг эхчүүдийн хариуцлагын асуудал билээ.

Н.УЯНГА


Сэтгэгдэл

зочин [202.9.46.6] 2024-04-21 10:04:33

хүүхдэд сүү их дутагдаж байна аа бид дэлхийн бусад орноос хоцролгүй хүүхдүүд ээ сүү өгье

Зочин [203.98.76.249] 2024-04-22 15:40:45

малчид нь залхуураад малаа саахгүй байнаа.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.