Ж.Энхбаяр: УИХ-ын даргын санаачилгаар унасан гурил, улаанбуудайн импортын татвартай холбоотой хуульд Ерөнхийлөгч хориг тавина гэдэгт итгэж байна

Aдмин / Улстөр

Өнгөрсөн долоо хоногийн УИХ-ын чуулганаар Гаалийн албан татварыг чөлөөлөх хууль хүчингүй болсонд тооцох тухай буюу импортын гурилд ногдуулах 15 хувийн татварын зохицуулалтыг сэргээх асуудлыг хэлэлцсэн. Дээрх хуулийн зохицуулалтыг хүчингүй болгох саналыг гишүүдийн олонх дэмжсэнгүй. Ингэснээр импортын гурил, улаанбуудай татваргүй орж ирэх асуудал хэвээр үлдсэн юм. Уг асуудлаар УИХ-ын гишүүн, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяртай ярилцлаа.


-Монгол Улсын Засгийн газар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг хүчингүй болгосонд тооцох тухай хуулийн төслийг өргөн барьсан ч УИХ дэмжсэнгүй. Угтаа энэхүү хуулийн төсөл батлагдсан бол ямар өөрчлөлт гарах байсан бэ?

-Хуулийн төсөл батлагдсанаар импортоор орж ирж буй гурил, улаанбуудай, малын тэжээлд 15 хувийн татвар ногдуулдаг эрх зүйн орчин эргэн сэргэнэ. Энэ нь дотоодын улаанбуудайн тариалалт болон гурилын үйлдвэрлэлийг дэмжих эрх зүйн өөрчлөлт байсан. Гол ач холбогдол нь ерөөсөө энэ.

-15 хувийн татварыг сэргээчихвэл гурилын үнэ өмнөх шигээ өсөх юм биш үү гэдгийг гишүүд хэлэлцүүлгийн үеэр лавлаж байсан. Үнийн өсөлт дээр салбар яам ямар бодлого барьж байсан юм бэ?

-Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүдийн зүгээс гурил, улаанбуудай, малын тэжээлд гаалийн албан татвар тогтоосноор дотоодын зах зээлд үнэ өсөх магадлалтай талаар байр сууриа илэрхийлж байсан нь үнэн.

Хүнсний тухай хуулийн дагуу Засгийн газар, Хүнсний аюулгүй байдлын зөвлөл дээр гаалийн татварт хурдан хугацаанд тохируулга хийгээд явах боломжтой байлаа. Мөн дотоодын үйлдвэрүүдэд түүхий эд, гурилын нөөц хангалттай байгаа тул 2025 оны ургац хураалт хүртэл үнэ тогтвортой байх боломж бодитой байсан. Цаашдаа жил бүр 100 мянган тонн улаанбуудай нөөцлөх асуудлыг УИХ-аар шийдвэрлүүлээд явбал үнийн өсөлт, гурилын чанарыг дотоодын нөөц боломжоороо зохицуулах боломж бүрэн бий. Харамсалтай нь УИХ дотоодынхоо үйлдвэрлэгчдэд, тэр дундаа газар тариалан эрхлэгчдэд энэ боломжийг нь гаргаж өгсөнгүй. Нөгөөтэйгүүр гурилыг гаалийн татваргүй болгосноор Монгол Улс дотоодын зах зээлийнхээ 40 хувийг импортын бүтээгдэхүүнд алдсан. Үүнийг дагаад гол түүхий эд болох улаанбуудайн тариалалт 30 хувиар буурсан. Тухайн үед тариаланчдын хувьд УИХ-аас гурил, улаанбуудайн гаалийн татварыг тэглэсэн гэнэтийн шийдвэр хүнд цохилт болсон. Тиймээс энэ хаврын тариалалтаа эхлүүлэхийн тулд Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл батлагдахыг хүлээсэн тариаланчид олон байлаа.

-УИХ-ын гаргасан шийдвэртэй салбарын сайдын хувьд санал нийлэхгүй гэдгээ илэрхийлсэн…?

-Тийм ээ. Үнэхээр хөдөө аж ахуйн салбарын тулгуур газар тариалангийн үйлдвэрлэлийн түүхэнд хараар бичигдэх хуулийг УИХ баталсан. Үүнээс харвал энэ парламент Монгол Улс үр тариа, улаанбуудайн үйлдвэрлэл явуулах шаардлагагүй гэдэг бодлогоо илэрхийллээ гэж харж байна. Энэ нь үндэсний аюулгүй байдалд ноцтой нөлөөлөх шийдвэр болсон. Тэр дундаа парламентын дарга нь УИХ-ыг ийм шийдвэр гаргахад санаачилга гарган гар бие оролцож унагаасанд туйлын харамсаж байна. Хаврын тариалалт ид явагдаж байна. Яг энэ цаг үед тариаланчдын урмыг мохоосон шийдвэрийг энэ парламент гаргалаа. Дахин хэлэхэд, Монгол Улс дотооддоо гурил үйлдвэрлэх шаардлагагүй, гурилаа гаднаас бүрэн хангана гэдэг бодлого барьж байгаад нь харамсаж байна.

-Угтаа бид бүх бүтээгдэхүүнээ аль болох дотооддоо үйлдвэрлэж байж л эдийн засгийн болон тусгаар тогтнолын хараат бус байдлаа бэхжүүлэх ёстой биз дээ…?

-Тэгэлгүй яах вэ. Бидэнд маш том сургамж бий. Тэр бол ковид буюу дэлхий нийтийг хамарсан цар тахал. Энэ үед улс бүр хилээ хааж, амь амьжиргаагаа дотооддоо зохицуулсан. Хил хаагдсан хэдхэн жилийн хугацаанд Монголын эдийн засаг яаж уналаа. Энэ бол хэрэглэгч орны зовлон. Тиймээс энэ сургамжаас бид үйлдвэрлэгч орон болох ёстой гэсэн зорилгыг Үндэсний аюулгүй байдлын түвшиндээ ч тэр, төрийн бодлого, шийдвэр гаргах хэмжээндээ ч тэр бүрэн ойлгосон. Харамсалтай нь бид энэхүү үйл явдлаа таг мартаж. Дэлхий дахинд эдийн засгийн болоод зөрчилдөөн, мөргөлдөөн ширүүсч байна. Хоол хүнсний дутагдал улс бүрийн анхаарах ёстой асуудал болчихоод байна. Хэн хөдөлмөрлөж, үйлдвэрлэж чадаж байна тэр улс, нийгэм хөгждөг ийм хатуу зарчим дэлхийд үйлчилж байхад бид бусдаас бараа бүтээгдэхүүнээ худалдаад авсан нь дээр гэдэг бодлогыг барьж байгаа нь туйлын харамсалтай. Тэр дундаа хүнсний гол түүхий идээ бид гаднаас авах бодлогыг дэмжиж, дотоодын үйлдвэрлэгчдээ хуулиар боомилж байгаад салбарын сайдын хувьд харамсаад баршгүй. УИХ-ын гаргасан энэхүү шийдвэр нь Монгол Улсын эрх ашгаас урвасан үйлдэл боллоо.

-Цар тахлын дараа гаргасан энэхүү шийдвэрээс болоод дотоодын гурилын үйлдвэрлэл уналтад орсон. Энэ шийдвэр нь дахиад ч үргэлжлэхээр боллоо. Үүнтэй холбоотойгоор газар тариалангийн салбарт гарах эрсдэлүүд нь юу байна вэ?

-Эрсдэлтэй үед эрсдэлтэй шийдвэр гаргавал тухайн салбарын хөгжил улам л ёроол руугаа явна гэсэн үг. Энэ ойлгомжтой. Ийм шийдвэр нэг бус удаа гарч байсныг би дахин сануулъя. Тухайлбал, 1990-ээд оны дундуур бүгдийг импортоор хангана гэдэг шийдвэр гарч байсан. Үр дүнд нь Монгол Улсын газар тариалангийн салбар бүхэлдээ уналтад орсон. Газар тариалангийн талбай атаршсан, зэрлэгэндээ баригдсан, ажиллаж байсан бүх нэгдэл, сангийн аж ахуй тарсан.

Энэ салбарын мэргэжилтэй боловсон хүчин өөр салбар руу шилжиж, хот суурин газрыг бараадсан. Улмаар энэ гутамшигтай байдлаас салахын тулд Монголын төр 2008 онд Атарын III аяныг зарласан, эхлүүлсэн. Газар тариалангийн салбар гэдэг нэг өдөр хөрөнгө оруулалт хийгдээд сэргэчихдэг зүйл огт биш. Урт хугацаанд асар их хөрөнгө оруулалт, хөдөлмөр хүч шаардаж байж сэргэдэг онцлогтой салбар. Гэсэн хэдий ч бид газар тариалангийнхаа салбарыг сэргээж улаанбуудай, гурил үйлдвэрлэлийнхээ хэрэглээг дотоодоосоо бүрэн хангадаг болсон, чадсан. Гэтэл энэ салбарыг нураах, сөнөөх бодлогыг Монголын төр өөрөө санаачлан гаргасан. Үр дүнд нь Монгол Улс дотоодын зах зээлийнхээ 40 хувийг импортын бүтээгдэхүүнд алдсан. Үүнийг дагаад гол түүхий эд болох улаанбуудайн тариалалт 30 хувиар буурсан. Цаашид ч буурна. Одоо ирэх жилээс 40 биш 60, цаашлаад 100 хувь дотоодын зах зээлээ алдах эрсдэл бий боллоо. Улаанбуудайн тариалалт 30 хувиар буурч байсан бол цаашдаа бүрэн зогсох аюулд орлоо. Энэ салбарт хөдөлмөрлөж байгаа хүмүүс яаж амьдрах вэ. Банкнаас зээл аваад үнэтэй тоног төхөөрөмж худалдаад авчихсан хүмүүс улаанбуудай тариалах шаардлагагүй гэхээр эргээд зээлээ яаж төлөх вэ. Үнэхээр харамсалтай.

-Уг асуудлыг буюу 15 хувийн татварыг эргэн сэргээх хуулийн төслөө өмнө нь УИХ-д өргөн мэдүүлж байсан санагдана…Яагаад хэлэлцүүлэхгүй хойшлуулчихаад энэ хаврын чуулганаар хэлэлцэхэд нь дэмжигдсэнгүй вэ?

-Өнгөрсөн намрын чуулганаар уг асуудлыг өргөн барьсан. Хэлэлцүүлээгүй. Дахиад энэ хаврын чуулганы эхэнд өргөн барьсан ч бас л хойшлууллаа. Үндсэндээ УИХ-ын даргын эрх ашигт нийцэхгүй хууль учраас л уг асуудлыг эрх мэдлийнхээ хүрээнд чадахаараа эсэргүүцэж, эцэст нь УИХ-ын гишүүдийг манлайлан санаачилж уг хуулийн төслийг бүхэлд нь унагалаа. УИХ-ын дарга хүн аливаа хуулийн төслөөр санал хураалт явуулахаас өмнө эсэргүүцэхгүй гэдгээ ил тод зарлаж байгаад санал хураалт явуулдаггүй. Энэ нь хуулиараа хориотой. Гэвч манай УИХ-ын дарга “Би энэ хуулийг дэмжихгүй шүү” гэж хэлж байгаад санал хураалгаж байна. Үүнийг би юу гэж ойлгох вэ. Энэ хүн яагаад стратегийн энэ чухал хүнсийг гаднаас хангуулах гээд байгаа юм. Яагаад гадны зах зээлд найр тавьж өгөөд байна вэ. Монголчууд бид мах, гурилтайгаа байхад болно гэж ярьдаг. Гэтэл гурилаа бид яагаад заавал гаднаас авах ёстой юм.

-УИХ-аас ийм шийдвэр гарсан нь Монголын гурилын салбарт монополь эрх мэдэл тогтчихсонтой холбоотой юм биш үү. Та салбарын сайдын хувьд уг асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?

-Би салбарын сайдын хувьд хариуцлагатай хэлье. Монголын гурилын салбарт монополь байхгүй. Тариаланчид хуйвалддаггүй. Үнэндээ олон мянган тариаланч, үйлдвэрлэгчид Монголын гурилын салбарт зах зээлийнхээ зарчмаар өрсөлдөж байна.

-Тэгвэл цаашид яах ёстой вэ. Мэдээж УИХ-аас гаргасан шийдвэрт Ерөнхийлөгч хориг тавих эрхтэй байдаг. Тэгвэл Ерөнхийлөгчид уг асуудлаар хандах уу. Нөгөөтэйгүүр Ерөнхийлөгчийн хувьд “Цагаан алт”, “Хүнсний хувьсгал” зэрэг үндэсний хөдөлгөөнийг санаачилсан хүн шүү дээ…?

-Мэдээж тэгнэ. Монгол Улс төрийн тэргүүнтэй. Төрийн тэргүүн УИХ-аар батлагдсан хуульд хориг тавих Үндсэн хуулиар олгогдсон эрхтэй. Таны хэлдгээр энэ салбарт томоохон хөдөлгөөнүүдийг санаачилж яваа хүн. Энэ утгаараа УИХ-ын гаргасан энэхүү шийдвэрт хориг тавина гэдэгт итгэлтэй байна.

Э.МӨНХТҮВШИН


Сэтгэгдэл

зочин [103.57.92.24] 2025-05-20 19:51:22

Ерөнхийлөгч өө, энэ хуульд хориг тавьж өгнө үү. Иргэд бид Монголын гурил идмээр, хэрэглэмээр байна. Монголын гурил цавуулаг ихтэй, амттай, чанартай, элдэв хольцгүй шүү дээ. оросын гурил ус даахгүй, цавуулаг муутай, амтгүй, чанаргүй, олон жил хадгалагдсан нөөцийн гурил биш үү? орос гурил Монголд битгий оруулж ирээсэй.

Зочин [103.57.95.114] 2025-05-20 19:50:56

Амарбаясгалан 2023 онд хэвлэл, зурагтаар зарлаж, импортын гурлыг татваргүй болгосон.Энэ хүнийг тагнуулын байгууллага эх орноосоо урвасан зүйл ангиар заавал шалгах ёстой.

Зочин [66.181.178.20] 2025-05-20 19:32:43

Хориг тавих нь зөв шүү

Х [202.9.46.1] 2025-05-20 18:55:28

Ард түмэн чанартай хямд гурил идэх нь чухал түүнээс биш тэр орос гурил байнуу монгол байнуу чухал биш.ер нь үндэсний үйлдвэрлэгчид чинь хамгийн их үнэ хөөрөгддөг шүү дээ.бүгд л мэднэ.жаахан ховордоод ирэхээр үнээ хэд дахин нэмнэ дээ.

Зочин [202.55.188.115] 2025-05-20 18:17:22

Манай ЕӨК та 2 буруу юманд ганзага гайгүй нийлдэг шүү

Нэргүй [202.179.18.151] 2025-05-20 15:42:14

Хуулийн төсөл бэлтгэхдээ гаргасан гол алдаа нь баруун 3 аймгийн асуудлыг тусад нь томьёолоод л оруулчих байсан шүү дээ.Явж нөхцөл байдлаа танилцаагүй амьдралын гүнд чухам юу болоод байгааг мэддэггүй агаарт байгаагийн илэрхийлэл.Үнэхээр баруун аймгуудад амьдрал мах, гурил 2 шдээ.Дээрээс нь тэнд ажиллаж амьдарч байгаа иргэдийн буруу огт биш.


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000