The MongolZ баг дэд байрт шалгарч, түүх бүтээлээ

The MongolZ баг АНУ-д болсон “Countre strike-2” (CS2) энэ оны эхний дэлхийн аварга шалгаруулах тэмцээн буюу “BLAST.tv Austin Major 2025”-ын аваргын төлөө тоглож, дэд байрт шалгарлаа.
Остин хотод болсон тус тэмцээний аваргын төлөө The MongolZ болон Францын “Team Vitality” багууд шалгаран үлдсэн.
The MongolZ баг Playoffs шатанд шалгарсан найман багийн нэг болж, улмаар хасагдах шатны тоглолтод Европын “FaZe Clan”8, Бразилын “paiN Gaming” багуудыг дараалан хожиж, аваргын төлөө тоглохоор шалгарсан билээ.
The MongolZ баг CS2 тоглоомын финалд Ази тивээс шалгарсан анхны баг болж, шинэ түүхийг Остин хотод бичсэн. Уг тоглолтыг Д.Сүхбаатарын талбай, Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу хүүхдийн паркт шууд дамжуулан үзүүлсэн юм.
Остин хотод зургадугаар сарын 3-д эхэлсэн тэмцээнд дэлхийн хамгийн шилдэг 32 баг гараанаас гарсан. Тодруулбал, Европ тивээс хамгийн олон буюу 16 баг шалгарсан бол Америк тивээс 11, Азиас таван баг өрсөлдлөө. Монгол Улсаас энэ тэмцээнд анх удаа хоёр баг оролцох эрхийг авсан билээ.
Монголын хоёр дахь баг болох “Chinggis Warriors” багийн залуус Хятадын багт ялагдан тэмцээнээ эхний шатнаас дуусгасан. Тэд энэ удаагийн тэмцээнийг 25-27-р байрт эзэлсэн амжилтаар зургаадугаар сарын 6-д өндөрлүүлсэн юм.
Харин The MongolZ багийн залуус хасагдах шатны шилдэг найман багийн нэгээр тодорсон. Тодруулбал, Ази тивийн багуудаас Монголын The MongolZ баг ганцаараа хасагдах шатанд тоглох эрхийг авсан юм.
Спортын сэтгүүлч Ч.Болорчулууны мэдээлснээр, Playoffs буюу хасагдах шатны тоглолт зургадугаар сарын 19-ний өдөр эхэлж, The MongolZ баг Европын “FaZe Clan”, Бразилын “paiN Gaming” багуудыг дараалан хожиж аваргын төлөө тоглохоор шалгарсан. Манай залуус өрсөлдөгч багуудаа 2:0-оор хожиж, аваргын төлөө Францын “Team Vitality” багтай тоглолоо.
“BLAST.tv Austin Major 2025”-ын аварга цолыг Францын “Team Vitality” баг авсан бол Монголын The MongolZ баг дэд аварга боллоо.
1/8 - The MongolZ - “FaZe Clan” 2:0 /13-9, 13-11/
1/4 - The MongolZ - “paiN Gaming” 2:0 /13-5, 13-5/
Финал: The MongolZ - “Team Vitality” /Франц/ 1:2
1 сая 250 мянган ам.долларын шагналын сантай тус тэмцээний аварга болсон баг 500 мянган ам.доллар, дэд байранд орсон баг 170 мянган ам.долларын шагналыг авлаа. Харин 3-4-р байр эзэлсэн багууд 80 мянган ам.долларын мөнгөн шагнал хүртсэн байна.
“BLAST.tv Austin Major 2025” тэмцээнд дэлхийн шилдэг 32 баг өрсөлдсөнөөс 9-16-р байрт шалгарсан багууд 20 мянган ам.долларын мөнгөн шагнал авлаа.
The MongolZ баг энэ удаагийн ДАШТ-д оролцохдоо онцгой амжилтуудыг бичлээ. Тэд дэлхийн чансааны тавд бичигдэж эхэлсэн. Мөн дараах үзүүлэлтээр тэргүүлжээ.
-Аваргын төлөө тоглож байсан багуудаас хамгийн залуу бүрэлдэхүүнтэй баг: 20.8 нас
-Ази тивээс энэ шатанд шалгарсан анхны баг
-Нэг тоглолтод эсрэг багийн тоглогчийг гэмтээсэн үзүүлэлтээр 36 удаа рекорд тогтоов
-Нэг тоглолтод хамгийн олон үе гарсан тоглолт: 53 үе (“The MongolZ” vs G2 Esports G2)
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Зочин [202.179.15.43] 2025-06-23 11:07:59
Mongol humuusiig zov udirdval ch alna l daa, uugiig medsen gadnii gar hol turshuul tagnuuluud horlood baih yum aa, Mongolchuudiig negtgej 5 say hurgej bolohgui gej yaria garsan ni hooson bish gej boddog.