Монголын триатлоны холбооноос 20 дахь удаагийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 1-нээс 3-ны өдрүүдэд Архангай аймгийн Өгий нуур суманд зохион байгуулагдав.

“Ард санхүүгийн нэгдэл”-ийн нэрэмжит болсон энэ жилийн тэмцээнд өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн нийт 100 гаруй тамирчид оролцож, тэсвэр тэвчээр, ур чадвараа сорилоо. Тэмцээний элит ангилалд 37 настай С.Бат-Отгон түрүүлж, улсын аварга болж, олон улсын тэмцээнд оролцох эрх авчээ.

Тэрбээр сүүлийн 10 жил сонирхогчийн ангилалд өрсөлдөж, 2014 онд элит ангилалд мөнгөн медаль хүртэж байсан бол энэ жил аваргын алтан медалийг авлаа. Мөн элит эмэгтэйчүүдийн ангилалд С.Содончимэг Монгол Улсын аварга болсон байна.

20 дахь удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг байгалийн усанд зохион байгуулснаараа онцлог болсон ба тамирчид усанд 500 метр сэлж, дугуйгаар 15 км замыг туулж, 5 км-т гүйж шилдгүүдээ тодруулжээ.

Монголын триатлоны холбооноос энэ онд эх орондоо олон улсын тэмцээнийг зохион байгуулах бэлтгэл ажлыг хийж буй юм байна.

Б.ЖАРГАЛ