Монгол Улсад дуатлоны Азийн цомын тэмцээн болно

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот, "Хүй долоон худагт" дуатлоны 2025 оны Азийн цомын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 5, 6-ны өдрүүдэд болно.
Тус тэмцээнд эрэгтэй элит, эмэгтэй элит төрөлд Сингапур, Япон, БНХАУ, Индонез, Монгол зэрэг орны тамирчид оролцох төдийгүй сонирхогчдын “Ulaanbaatar Duathlon 2025 Age Group” тэмцээнд 80 гаруй тамирчин өрсөлдөх юм байна.
Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээлснээр, тэмцээний зай нь элит тамирчид 5 км гүйж, 30 км дугуйгаар уралдаад, 5 км гүйж барианд орох ажээ. Харин сонирхогч тамирчдын хувьд энэ зай нь 2 км гүйж, 10 км дугуйгаар уралдаад, сүүлчийн гүйлт 2 км байх юм байна.
Тэмцээний өмнө энэ сарын 2-ноос 4-нд Улаанбаатар хотноо Дэлхийн триатлоны холбооны Level 1 шүүгчдийн сургалтыг зохион явуулж, Монгол Улс, БНХАУ-ын 24 шүүгч хамрагдахаар болжээ.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл