Ч.Ганхуяг: Монголд тогтвортой байдал хэрэгтэй

Улс төрийн бужигнаантай энэ цаг үед макро эдийн засгийн төлөв байдлын талаар мэргэжилтнүүдийн, салбарын экспертүүдийн үзэл бодол, шинэ санал санаачилга улс орны хэтийн төлөвт чухал ач холбогдолтой байдаг. Тиймээс бид энэ удаа Ард группын ТУЗ-ийн дарга, санхүүгийн салбарын магнат Ч.Ганхуягтай ярилцлаа.
-Оны эхэнд уруудаж байсан эдийн засгийн өсөлт төгсгөл хэсэг рүү гээ овоо тогтворжиж 5.7 хувьтай гарлаа. Та үүнийг цааш үргэлжилнэ гэж харж байна уу?
-Бодлого тодорхойлогчид маань 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл дээрээ эдийн засгийн бодит өсөлт 2026 онд 5.7 хувь, 2027 онд 6.3 хувь, 2028 онд 6.5 хувь гэж тооцоолсон байна. Эдийн засгийн өсөлт нь зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал, бодлого тодорхойлогчдын оновчтой шийдвэрийн үндсэн дээр гардаг үр дүн. Гэтэл энэ оны эхний хагаст нүүрсний үнэ уналттай байж байгаад, оны хоёрдугаар хагасаас эхлээд манай улсын экспорт сэргэж байна.
Нэг талаасаа эерэг дүр зураг харагдаж эхэлсэн юм шиг боловч нөгөө талаасаа улстөрчид хуваагдсан байдалтай байгаа нь цаашдын үйл явдлыг тодорхой биш болгож байна. Улс төр нь иймэрхүү тогтворгүй, нийгэм үймээд эхэлбэл эдийн засгийн өсөлтийг яаж ч сайхнаар төсөөлөөд нэмэргүй.
-Энэ оны төсөв хувийн хэвшлийн орон зайг хэр дэмжсэн гэж та харж байгаа вэ. Ер нь төсвийн бодлого дээр хамгийн түрүүнд юун дээр төвлөрч анхаарах ёстой вэ?
-Манай улс 1990 оноос хойш хувийн хэвшил манлайлсан, зах зээлийн эдийн засагтай ардчилсан нийгэм байна гэж тодорхойлж ирсэн. Өнөөдрийн манай эдийн засгийн бүтцийг харвал улс төрөөс хэт хамааралтай, стратегийн гэж тодорхойлсон ордуудаас хамаатай болчихсон байна. Энэ үед эдийн засгийн өсөлт нь өөрөө улстөрөөс ихээхэн хамааралтай болсон.
Төрийн өмчийн компаниуд эдийн засагт давамгай үүрэг гүйцэтгэж байна. Тэр нь өөрөө хувийн хэвшил гаднаас хөрөнгө оруулалт татаж, инновац хийх боломжийг хааж, төрөлжилтийг хумьчихсан. Төрийн өмч хуучин социализмын үе шиг давамгай болчихсон байна. Ингэснээр над шиг хувийн хэвшилд ажиллаж буй хүмүүс эдийн засгийн өсөлтийг бий болгох орон зай багасаж байгаа.
Бид эхлээд үндсэн суурь философио эргэж харах хэрэгтэй гэж харж байна. Төр бодлого гаргах үүрэгтэй байх уу, бизнесдээ шууд орооцолдоод, хувийн хэвшлээ шахаад явах уу гэдгээ тодорхойлмоор байна. Уг нь бол төр тоглоомын дүрмээ тогтоогоод хувийн хэвшлүүд зах зээлд өрсөлдөх тийм чөлөөт, зах зээлийн эдийн засгийн нийгмийг сонгочихоод байдаг.
-Сүүлийн 4 жил Монгол Улсын төсөв улам тэлсээр байна. Нүүрсний орлогоос гадна бизнес эрхлэгч нараас авах татварын дүн өссөөр байгаа. Өнөөгийн татварын бодлого зөв хэрэгжиж чадаж байна уу?
-Эрх барьж буй МАН-ын сүүлд болдог бага хурлын үеэр нэг агуулга анзаарагдаагүй өнгөрчихсөн. Ер нь бизнес, эдийн засгаа чөлөөт зах зээлийн зарчмаар авч явах бодлогыг намын үзэл баримтлалдаа тусгаж өгье гэдэг санаа гарсан. Хоёр нэр дэвшигч үүн дээр санал нэгдсэн.
Зүүн төв гэж байсан үзэл баримтлалдаа тодотгол оруулж хувийн хэвшлийн бизнесийг дэмжиж, төрийн өмчийн хувьчлалыг явуулах, засаглалыг хараат бус болгох тал руу явуулах зүйл яригдсан.
Хоёр нэр дэвшигч мөрийн хөтөлбөрөө танилцуулах явцад энэ сэдвээр саналаа гаргасан байсан. Бизнес, эдийн засаг, хувийн хэвшлээ дэмжье, гадаадын хөрөнгө оруулалт оруулж ирье гэдэг зүйлийг ярьсан.
Энэ Засгийн газраас өргөн барьсан төсөл дээр ч гэсэн төрийн албан хаагчдын тоог бууруулах, үндэсний хороодыг татан буулгах, төсвийг хумих, алдагдалгүй авч явах үндсэн чиглэл байна.
Тэгэхээр энэ философи руугаа явна гэж байгаа бол Монгол Улс татварынхаа хувьд олон улсад өрсөлдөх чадвартай болж, гадаадаас хөрөнгө оруулалт татаж нийт эдийн засгийнхаа өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх хэрэгтэй. Бид өнөөг хүртэл аман дээрээ л бага, нам доогуур татвартай гэж ярьсаар ирснийг бодит ажил болгох хэрэгтэй.
-Татвар, хураамж, шимтгэл өндөр учраас үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломж хумигдаж байгаа талаар бизнес эрхлэгчид санал нэгдээд байна. Та энэ асуудалд ямар байр суурь илэрхийлэх вэ?
-Монгол Улс татвар хураахдаа нэг талдаа маш чанга ханддаг. Авч чаддаг хүмүүсээсээ буюу хувийн хэвшлийн компаниудын дансыг хааж байгаад татвар аваад байдаг. Гэтэл авдаггүй хэсгээсээ бүр огт авдаггүй. Авдаггүй хэсгээ жигд хамруулахын төлөө бодлогоо чангалах хэрэгтэй.
Хөдөлмөрийн насны 2 сая хүн байлаа гэхэд нийгмийн даатгалын шимтгэл төлдөг нь ердөө тал нь хүрэхгүй. Нийгмийн даатгал төлсөн төлөөгүйгээс үл хамаараад бүгд тэтгэвэр аваад байдаг. Татвараас зугтаадаг аж ахуйн нэгжүүд олон. Саарал эдийн засаг өнөөдөр хэр хэмжээнд байгаа билээ дээ.
2000 оны эхээр саарал эдийн засгаа судалж үнэлгээ дүгнэлт хийж байсан. Тухайн үед ихэнх нь албан бус наймаачид байсан. Гэтэл одоо ийм байдлаар цааш явахгүй ээ гэдгээ дээр дооргүй хүлээн зөвшөөрмөөр байна. Татварын тогтолцоог шинэчлэхдээ анхаарах маш олон асуудал бий. Жишээлбэл, хувь хүний нэр дээр татвар төлөх нь ашигтай байдгийг хэзээ жигдлэх вэ.
Гаалийн мэдээг харвал хамгийн том импортлогчид хувь хүмүүс байна. Яагаад гэхээр аж ахуйн нэгжээс бага татвар төлдөг хуулийн зохицуулалттай юм билээ. Татварын маргааныг бид шударгаар шийддэг механизмыг бүрдүүлмээр байна.
Алтны үнэ өсөхөөр тушааж буй алтны хэмжээ буурч байгаа нь олборлодог хэмжээ буурсантай холбоотой биш. Хүмүүс нууж гаргаад албан бусаар цэцэглүүлж байгаатай холбоотой гэж хардаж байна. Тиймээс энэ бүхнийг албан ёсны хуулиар зохицуулаад явахгүй бол шударга бус өрсөлдөөн оршсоор л байна.
Бас нэг жишээ хэлэхэд, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын шатлалаас болж компаниуд 10 хувийн татвар төлөхийн тулд олон компани үүсгэж байна. Тэгэхээр нийгмийн даатгалын шинэчлэлийг явуулж, ажил олгогч дээр ирдэг дарамтыг бууруулж, бүс нутагтаа, эдийн засгийг төрөлжүүлэх бодлогын хүрээнд тэргүүлэх салбартаа татварын ачаалалгүй орон болмоор байна.
-Засгийн газар татвартай холбоотой жижиг жижиг тохируулгын шинж чанартай ажлуудыг хийх гэж зорьж байна. Энэ ажлууд үр дүнгээ хэр өгөх бол?
-Төрөөс иргэддээ 6 хувийн хөнгөлөлттэй зээл өгч утаанаас салгана гээд 20 жил явлаа. Төр оролцсон бодлогын арга хэмжээний цаана дандаа бүтэлгүйтэл байдаг. Өнгөрсөн хугацаанд утаа буурсан уу, түгжрэл арилсан уу, гэр хороолол байхгүй болсон уу. Эсрэгээрээ бид бүгд улсынхаа нийслэлд хэт төвлөрөл үүсгэж бие биенээ түгжиж, хордуулсаар л ирлээ.
Улс төрчид оновчтой бодлого гаргадаг байсан бол гэр хороолол буурах л байсан. Хэрэв татвараар асуудлыг зохицуулна гэж байгаа бол орон нутагт суурьших хүмүүсийн нийгмийн даатгалыг чөлөөлөх, ажлын байр бий болгосон аж ахуйн нэгжийн татварыг тэглэж, татаастай санхүүжилт олгож, орон сууцны зээл олгох бодлого хэрэгжүүлэх ёстой.
Алс холын 1,000 км-ийн цаана очсон бол татвараас хөнгөлнө гэсэн мангар зүйл заачихсан, үүнийгээ янзалдаггүй. Харин саяхан 20 жил хөдлөөгүй бүсчилсэн хөгжлийн бодлогоо хөдөлгөлөө. Эдийн засгийн бодлогоо удирдаж буй хүмүүс зоригтойгоор Улаанбаатар л биш бол хаана ч хамаагүй татварыг 0 болгочих хэрэгтэй. Гаднаас хөрөнгө оруулалт татах гэж байгаа бол тэдэндээ визийг нь саадгүй олгочихдог болох хэрэгтэй.
-Бодлого тодорхойлогчид маань энэ жил төгрөгийн ханшаа тавиад туучих шахлаа. Ер нь мөнгөний бодлого тал дээр бид ямар алдаа гаргаад байна вэ?
-Монгол улс мөнгөө ажиллуулж чадахгүй байна. Баялгийн сангаа байгуулсан ч яаж удирдах вэ гэдгээ тодорхойлж чадахгүй байна. Баялгийн санд бол тэтгэврийн сан нэг хэсэг нь байх ёстой. Төрийн өмчийн компаниудын хуримтлагдсан ашгийг улс төрөөс ангид удирдаж, өсгөж байх нь чухал.
Бид өнөөдөр гадаад валютын нөөцөө барууны аль нэгэнд банкинд жилийн хоёр хувийн хүүтэй хадгалуулдаг. Тэгсэн хирнээ Сангийн яам нь очингуутаа жилийн 7-9 хувийн хүүтэй бонд тэднээсээ буцаагаад авчихдаг гажиг байдлыг өөрчлөх хэрэгтэй. Өөрийнхөө байршуулсан мөнгөнөөс буцаагаад өндөр хүүтэй зээл аваад байна.
Монгол Улсын гадаад өр 51 их наяд төгрөг болчихсон байна. Энэ бол ядуу улсын зовлон. Мөнгө нь ихсэх тусам хэрүүл нь нэмэгдээд байгаа. Үүнийг бол байгалийн баялгийн хараал гэж томъёолдог. Энэ эрх мэдлийн төлөө улстөрчид нь хоорондоо алалцаад байдаг.
Ер нь манайх шиг ардчилсан нийгэмд бид өөрсдөө л удирдагчдаа сонгож байгаа. Зөв хүмүүсээ сонгож гаргаж ирэхийн тулд мөнгөнөөс үл хамаараад сонгуульд санал өгөх хэрэгтэй. Монголчууд бид өөрсдөө сонгуулийн саналаа худалдахаа болих ёстой.
-Есдүгээр сард инфляц 9 хувьд хүрч бараа үйлчилгээний үнэ өндөр хэвээр байна. Хүмүүсийн өдөр тутмын худалдан авдаг барааны үнийг хэрхэн тогтвортой барих вэ?
-Жишээ авч яръя. Манай улсын эдийн засаг 100 төгрөгний бараа бүтээгдэхүүн эргэлдэж байх үед Монголбанк, Засгийн газар нэмж 100 төгрөг хэвлээд нийт 200 төгрөг болгоод байна. Ингээд инфляцдаа идүүлээд байна. Миний авдаг бараа өөрчлөгдөөгүй ч худалдаж авах мөнгө нь хоёр дахин нэмэгдчихсэн гэсэн үг.
Бид 20 тэрбум долларын худалдааны эргэлттэй орон. Энэ нь эерэг харагдаж байгаа ч гарч байгаа мөнгө, орж ирж байгаа мөнгөнийхөө тэнцвэрийг хадгалах хэрэгтэй. Төгрөг хэвлээд, төсөв нь мөнгөө хязгааргүй зараад байвал, төрийн албан хаагчдын цалинг жагсаал хийх бүрд нэмээд байвал инфляцад идэгдээд л дуусна.
Инфляц өндөртэй улсад хэн ч хөрөнгө оруулалт хийхгүй. Гадаад хөрөнгийн урсгал байхгүй бол мөнгө нь улам л унаад байдаг. Ийм чөтгөрийн гэмээр тойрог л байдаг.
Тэнцвэрийг олохын тулд Монголбанк мөнгө хэвлэхээ зогсоож болно. Эсвэл банкнуудаас гарч буй зээлийн хэмжээг бодлогын хүүгээр хязгаарлаж болох юм. Төсвөө ч танаж болно. Хэн яаж хийхээс шалтгаалж үр дүн гарна.
Бид гадаадын хөрөнгө оруулалтаар валют оруулж ирэх боломжтой. Гадаад банкийг манайд оруулж ирэх ёстой гэж харж байгаа. Заавал хоёр хөршөөсөө төрийн өмчийн банк гэлгүй гадны томчуулаас нэгнийг нь бодлогоор оруулж ирэх цаг нь болсон. Түүнийг дагаад том хөрөнгө оруулалт орж ирнэ.
Гадаадын хөрөнгө оруулалтыг дагаад мэдлэг чадвартай боловсон хүчин орж ирдэг. Хөрөнгө оруулалт нэмэгдээд ирэх үед буюу 2011 онд би Сангийн дэд сайд байсан. Тэр үед Монгол төгрөгийн чангаралтын эсрэг ажлын хэсэг байгуулж байлаа. Ханш чангарах нэг талдаа буруу гэж харсан. Учир нь манайхаас гарч буй бүтээгдэхүүн гадаадад үнэтэй болчихдог.
-Ерөнхий сайд орон сууцны банк байгуулах тухай ярьж байна. Та үүнийг юу гэж бодож байна вэ?
-Чулуунбат ерөнхийлөгчтэй хамтраад бид МИК буюу Монголын Ипотекийн Корпорацийг анх байгуулж байсан. 11 банк хамтраад орон сууцны зээлийн багцыг худалдаж авах зарчмаар дараагийн зээлийг санхүүжүүлэх схемийг гаргаж байлаа. МИК өнөөг хүртэл маш сайн явж байгаа. Өөрөөр хэлбэл төр дангаараа биш, хувийн хэвшилтэйгээ хамтарч байж л үр дүнд хүрэх ёстой гэж бодож байна.
-Та Хөрөнгө оруулагч үндэстэн хөдөлгөөнийг анх санаачилж байсан. Хөрөнгийн зах зээлд монголчууд идэвхитэй оролцох боломжтой гэж та боддог уу?
-Амны билгээс ашдын билэг гэж үг байдаг. Бид дандаа ядуу гэж өөрсдийгөө тодорхойлдог. Гэтэл өнөөдөр айл бүр автомашинтай байна. Зөвхөн Мобикомын идэвхтэй дугаар 1.8 сая гэж захирлаас нь дуулсан. Үүгээрээ би юу хэлэх гээд байна гэхээр бид ядуу хөгжиж буй орны иргэд байхаа больчихсон.
Аль хэдийнээ дунд орлоготой улс орон болчихсон. Тиймээс орлогоо зөв хуваарилж, ирээдүйдээ хөрөнгө оруулагч болох нь хамгийн зөв зам гэдэгт итгэдэг. Би 2017 оноос хойш блокчэйн технологи, крипто нь бидний хувьд ямар ашиг, боломж өгөх тухай ярьсаар ирсэн.
Банк санхүүгийн тогтолцооны үр ашгийг энэхүү технологи нь яаж өөрчлөх тухай манайхан нухацтай судлаад хөдлөх зөндөө боломж байсан. Гэсэн ч өнөөг хүртэл дэлхийн хөгжлөөс хоцорсон алхам тутамдаа өндөр хүү, шимтгэл хураамжаар иргэдээ дарамталсан банкны тогтолцоогоо өөрчилж чадахгүй л яваад харамсаж байна.
-Өнөөгийн улс төрийн нөхцөл байдал маш тогтворгүй байна. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Г.Занданшатар гэсэн хоёр хүн хоорондоо хүчээ үзээд байх шиг. Энэ үйл явцыг та хэрхэн дүгнэж байгаа вэ?
-Хамгийн түрүүнд Монголын эрх ашиг эрэмбэлэгдэх ёстой байх. Монголд тогтвортой байдал хэрэгтэй. Бид асуудлаа эв зүйтэй шийдээд гарч ирэх ёстой. Гэмт хэрэгт холбогдоогүй, авилгал аваагүй, янз бүрийн хулгай хийгээгүй хүмүүс энэ улсыг удирдах ёстой.
Гагцхүү шүүх, хууль цаазтай улсын хувьд хэн нэгэн хүнийг тэгсэн байж магадгүй гээд хэлмэгдүүлж болохгүй. Хэвлэлээр олон нийтийг хагаралдуулж байгаа нь буруу гэж харж байгаа. Хуулийнхаа дагуу асуудлаа дэвшүүлээд олонхийнхоо саналааар асуудлаа шийддэг зарчмынхаа дагуу явах ёстой гэж бодож байна.
-Саяхан Go Mongolia төсөл нэлээд асуудал дагууллаа. Төсвийн мөнгийг гадаад руу сурталчилгаанд зарцуулах шаардлага байна уу?
-Өнөөдөр бүх улсууд өөрийгөө сурталчилдаг, хамгийн баян улс гэх Америк хүртэл өөрийгөө сурталчилж байгаа. Турк, БНХАУ, Япон гээд бүх улс орон өөрийн улс орноо сурталчлах бодлоготой. Саяхан би Ерөнхий сайд Г.Занданшатартай ОХУ-д Алс дорнодын эдийн засгийн форумд оролцсон.
ОХУ-аас ирэх зочдын зардлыг гаргаад урьж байна. Энэ сурталчилгааг дагаж зөвхөн аялал жуулчлал биш хөрөнгө оруулалт ирдэг юм шүү дээ. Дэлхийн 200 гаруй улсаас Монголыг л хүмүүс гуйж, гувшиж ирээд зэсээ алтаа нүүрсээ өгөөч гээд гуйгаад байгаа юм шиг гэнэн бодлоосоо бид салах хэрэгтэй.
Зөвхөн Монголд л хөрөнгө оруулалт хийе гээд мөрөөдөөд байдаг гэж бодох хэрэггүй. Тиймээс бид өөрсдийгөө сурталчлах хэрэгтэй гэж боддог. Бүр илүү ихээр хөрөнгө хаяж сурталчлаасай гэж би хүсдэг.
Би жил бүр Монголын Эдийн Засгийн Форумыг зохион байгуулж, гадаадын хөрөнгө оруулагчдыг авчирахын тулд бүтэн жилийн турш олон хурал цуглаанд очиж үгээ хэлж, Монголоо танилцуулдаг. Одоо ч гэсэн захидал харилцаагаар харьцаж урилга явуулж байна.
Заримдаа өөрийн биеэр томоохон уулзалт, чуулганаар явж урилга хүргэж байна. Яагаад би, хувь хүн ингэж явах ёстой гэж… Энэ чинь Монгол улсын хийх ёстой ажил биз дээ? Миний бодлоор Go Mongolia төсөл зөв ажил байсан. Үүнийг үргэлжлүүлээсэй гэж хүсэж байгаа.
-Ярилцсанд баярлалаа
Эх сурвалж: IKON.MN
Сэтгэгдэл