Зэрлэг амьтдад зориулж хоёр цэгт нийт 15 боодол өвс тавьжээ
Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Алтан багийн нутаг Шавартын эх, Их, Бага Бэрх нэртэй газруудад зэрлэг амьтдыг дэмжих, өвөлжилт, хаваржилтыг хүндрэлгүй даван туулах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор хоёр цэгт 15 боодол өвс, 800 кг хужир байршуулжээ.
Нэгдүгээр сарын зудын эрсдэлийн урьдчилсан төлөвөөр Эрдэнэхайрхан сум дунд эрсдэлтэй үнэлэгдсэн байна. Өнөөдрийн байдлаар тус сумын нийт нутгаар 7 см зузаан цасан бүрхүүлтэй байна. Байгаль цаг уурын хүндрэл тохиох эрсдэлээс урьдчилан сэргийлж энэ үед зэрлэг амьтдад авах арга хэмжээний төлөвлөгөөний дагуу биотехникийн арга хэмжээг хэрэгжүүлсэн аж.
Амьтны тухай хуулийн хэрэгжилтийг хангах, ховор амьтдын тархац нутгийг хамгаалах, тоо толгойг нэмэгдүүлэх зорилгоор 2017 оноос эхлэн аймгийн Байгаль орчны газраас сумдын ЗДТГ-тай хамтран жил бүр зэрлэг амьтдад идэш тэжээл, хужир мараа тавих ажлыг зохион байгуулдаг.
Ялангуяа өвөлжилт хүндрэх төлөвтэй үед, хаврын тарчиг цагт халиун буга, бор гөрөөс, янгир ямаа зэрэг туруутан амьтдад тарга хүч авах нөхцөлийг бүрдүүлэх зорилготой энэ ажил нь амьтдын өсөлт, тоо толгойг нэмэгдүүлэхэд давхар ач холбогдолтой юм гэж аймгийн Байгаль орчны газраас мэдээлэв.


































































Сэтгэгдэл