Н.Учрал: Төр, хувийн сан аль алинаас нь тэтгэвэр авдаг тогтолцоо руу алхам алхмаар орно

Aдмин / Улстөр

Монгол Ардын намын дарга, УИХ-ын дарга Н.Учрал анхны томоохон хэмжээний уулзалтаа нийслэлийн төвийн бүсийн зургаан дүүргийн Социал Демократ Ахмадын Холбооны гишүүд, дэмжигчид, удирдлагуудтай намын төв байр Тусгаар тогтнолын ордонд хийж байв.

Тэрбээр өнөөдөр /2026.01.21/ намын дэргэдэх СДАХ болон Монголын Ахмадын холбооны нийслэл, дүүргийн удирдах ажилтнуудын өргөтгөсөн уулзалтад оролцлоо.

Монгол Ардын намын дарга Н.Учралын хувьд ажил, амьдралын туршлагатай ахмадуудаа сонсож, дунд үе нь ачаа үүрч, залуусаа дайчлан ажиллах учиртай гэсэн байр суурьтай тул ахмадуудтай дахин санал бодлоо хуваалцаж буйгаа онцлов.

Энэхүү уулзалтад нийслэлийн есөн дүүргийн 204 хорооны ахмадын холбооны удирдах албаны 1349 хүнээс 850 гаруй нь оролцов. Мөн уулзалтад намын Нарийн бичгийн дарга С.Мөнгөнчимэг, УИХ-ын гишүүн Д.Рэгдэл, Социал Демократ Ахмадын Холбооны тэргүүн Б.Гомбо, тус холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Гантөмөр нар оролцлоо.

Монгол Ардын намын дарга, УИХ-ын дарга Н.Учрал иргэдийг ажилтай, орлоготой, аз жаргалтай амьдрахын тулд чөдөр тушаа болдог зарим дүрэм журмыг төрөөс чөлөөлөх санаачилга өрнүүлж буйгаа ахмадуудад танилцуулав.

Тэрбээр парламентын төвшинд хийж эхэлсэн болон цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөсөн зарим зүйлийнхээ талаар “Тэтгэврийг жил бүр хэдэн хувиар нэмсэн ч үнийн өсөлттэй зэрэгцээд ямар ч үр дүнгүй болж байна.

Иймд өмнө нь өөрийн санаачилсан тэтгэврийн шинэчлэлийг дуусгахын төлөө ажиллана. Тодруулбал, хувийн тэтгэврийн сан, төрийн тэтгэврийн сан аль алинаас нь тэтгэвэр авдаг тогтолцоо руу алхам алхмаар явах учиртай. Мөн татварын багц хуулийг гаргана. Төрийн хүнд сурталтай тэмцэнэ. Орон нутагт эрх мэдлийг төвлөрүүлнэ.

Банкны салбарт хийж буй ажлуудаа үргэлжлүүлнэ. Уул уурхайн ордын үр өгөөжүүдийг тодорхой болгоно. Олон жил болж буй Уул уурхайн салбарын ил тод байдлын тухай хуулийг гаргана.

Хүнд суртал, дүрэм журмын өөрчлөлтийг хийнэ. Хүний эрхийг хангах, нийгэмд хурцадмал асуудал болоод буй хүүхдийн хүчирхийллийн асуудалд онцгой анхаарч ажиллаж байна. Эрчим хүчний асуудлыг сэргээгдэх эрчим хүчээр шийднэ” хэмээв.

Ахмадуудын төлөөлөл Монгол Ардын намын дарга, УИХ-ын дарга Н.Учралаас асуулт асууж, мөн санал хүсэлтээ биечлэн болон бичгээр уламжилсан юм.

Тэд төр засгийн боловсон хүчний бодлого дордсон, иргэдийн 1072 хувьцааг цаашид хэрхэх вэ, ахмадуудын тэтгэврийн зээлийн хугацааг сунгах, тэтгэвэр өвлөгдөх эсэх, ахмадуудад олгох хөнгөлөлттэй үнэтэй орон сууцны хөтөлбөр,

УИХ-ын гишүүдийн сахилга, хариуцлага, ёс зүй, эгүүлэн татах, хариуцлага тооцох механизм, төрийн албаны хүнд суртал, орон тооны давхардал, намын нэр хүндийг тогтвортой хадгалах зэрэг зүйлийг хөндөж байв.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.