Гурван олимп дараалан уралдах анхны монгол цаначин Б.Ачбадрах

Aдмин / Спорт

Италийн Милан, Кортина хотод маргааш хөшгөө нээх өвлийн XXV наадамд уралдах тамирчдаа цувралаар танилцуулж байна.
Монголын баг тамирчид 1964 оны Инcбрукийн өвлийн олимпод анх оролцсон түүхтэй. Түүнээс хойш 1976 оны өвлийн олимпыг эс тооцвол бусдад нь тамирчнаа илгээжээ. Манайхан биатлон, тэшүүр, гүйлтийн цана, шорт-трекийн төрөлд оролцож ирсэн юм. 2002 оноос хойш дөрвөн олимпод гүйлтийн цанын төрлөөс өөр төрөлд тамирчин оролцуулж чадаагүй байсан юм. Тэгвэл энэ удаа уулын цанын төрөлд тамирчнаа илгээнэ. Гэхдээ 1994 оноос тамирчид заавал эрх авч оролцох болсноос хойш 2002 оны Солт Лэйкийн олимпод хамгийн олон буюу дөрвөн тамирчин эх орноо төлөөлөв. Түүнээс хойш таван олимп дараалан хоёр тамирчинтай хүч үзсэн бол энэ жил хоёр төрөлд гурвуулаа оролцох юм.

Олон улсын хэмжээний мастер Б.Ачбадрах эрх авдаг болсноос хойш өвлийн олимпод Монголын багаас хамгийн олон удаа буюу гурав дахиа оролцож байна. Анх 2018 онд 20 хүрээгүй насандаа олимпод хурд сорьсон амжилтаараа Монголоос өвлийн олимпод оролцсон хамгийн залуу тамирчин болсон юм. 2018 онд 15 км-ийн цанын уралдаанд 93 дугаар байр эзэлсэн. Харин 2022 оны Бээжингийн олимпод богино зайд 77, 15 км-ийн уралдаанд 65 дугаарт бариалав.

Өдгөө 31 настай түүний хувьд 2017 онд Финландын Лахти хотод болсон ДАШТ-ий В зэрэглэлд хүрэл медаль авсан бөгөөд ДАШТ-ээс медаль авснаараа мөн л анхдагч. Энэ нь түүний үзүүлсэн дээд амжилт юм. Түүнчлэн Солонгосын үндэстний аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн анхны монгол тамирчин. Мөн насанд хүрэгчдийн УАШТ-ээс 2016, 2018 онд нийт дөрвөн алтан медаль хүртжээ. Тэрбээр 2024 оны хоёрдугаар сард болсон ДАШТ-д А зэрэглэлийн тамирчнаар уралдаж олимпын эрхээ авсан юм.

Б.Ачбадрах Италийн Тесеро хотод ирж, цанын бааз дээр бэлтгэлээ базааж байна. Түүний хувьд энэ сарын 8, 10, 13-нд уралдана. Тодруулбал, 8-нд скиатлон (10 км чөлөөт+10 км сонгодог), 10-нд спринт ( сонгодог тэшилт), 13-нд чөлөөт тэшилтийн 10 км зайд уралдах юм.

Эх сурвалж: "Монцамэ агентлаг"


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.