Норвеги медалийн чансааг дөрөв дэх удаагаа дараалан тэргүүллээ
Норвеги Улс Милан болон Кортина-д’Ампеццо хотуудад болсон 25 дахь удаагийн өвлийн Олимпын наадамд 18 алт, 12 мөнгө, 11 хүрэл, нийт 41 медаль хүртэж, медалийн чансааг дөрөв дэх удаагаа дараалан тэргүүллээ. Энэ нь алтан медалийн тоо болон нийт медалийн тоогоор тогтоосон шинэ дээд амжилт юм.
Хоёрдугаар байрт АНУ (12 алт, 12 мөнгө, 9 хүрэл), гуравдугаар байрт Нидерланд (10 алт, 7 мөнгө, 3 хүрэл) орсон байна. Олимпын наадмыг зохион байгуулагч Итали Улс 10 алт, 6 мөнгө, 14 хүрэл медальтайгаар дөрөвдүгээр байр эзэлжээ.
Сүүлийн медалийг хоккейн шигшээ тоглолтоор шийдэв
Сүүлийн медалийн багцыг хоёрдугаар сарын 22-ны ням гарагт болсон АНУ болон Канадын хоккейн шигшээ тоглолтоор шийдсэн байна. Тоглолт нэмэлт цагаар үргэлжилж, АНУ 2:1-ийн харьцаатайгаар ялалт байгуулжээ.
АНУ-ын шигшээ багийн тоглогч Жек Хьюз шийдвэрлэх, түүхэн алтан медалийн гоолыг оруулж, багтаа 1980 оны Олимпоос хойш 46 жилийн дараа дахин олимпын аваргын алтыг авчирсан байна.
Эх сурвалж: DW
Б.ЖАРГАЛ
































































Сэтгэгдэл