Өвөлжилт хүндэрсэн аймгуудад улсын нөөцөөс дэмжлэг үзүүлжээ
Өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдалтай холбогдуулан 21 аймгийн Засаг дарга болон аймгуудын Онцгой комисст тодорхой үүрэг, чиглэл өгсөн талаар мэдээллээ.
Энэ үеэр Шадар сайд Х.Ганхуяг үүссэн нөхцөл байдалд нийцүүлэн орон нутгийн удирдлагуудад холбогдох арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэхийг үүрэг болгосон байна. Тэрбээр, “Засгийн газар болон Улсын онцгой комиссоос малчид, иргэдэд эрүүл мэндийн болон төрийн бусад үйлчилгээг тасралтгүй, шуурхай хүргэхэд онцгой анхаарах шаардлагатай. Өвөлжилт, хаваржилтын хүндрэлээс үүсэж болзошгүй эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, хүндрэл багатай даван туулахад чиглэсэн ажлыг орон нутагт эрчимжүүлэхийг хүсье” гэв. Мөн хаврын улирал эхэлсэнтэй холбогдуулан малын сэг зэмийг яаралтай устгаж, гоц халдварт өвчин гарахаас урьдчилан сэргийлэхийг даалгалаа.
Засгийн газар болон Улсын онцгой комиссын шийдвэрээр аймаг, сумдын Эрүүл мэндийн төв, Засаг даргын Тамгын газар, Онцгой байдлын байгууллагын салбар нэгжүүдэд улсын нөөцөөс тодорхой хэмжээний техник, хэрэгсэл, малын тэжээл олгосон байна. Тухайлбал, туулах чадвар сайтай 20 автомашин, цас ихээр орж зам, даваа хаагдсан аймаг, сумдад зориулсан 2 автогрейдер, 5 ковшоос гадна 796 тонн өвс, 8154 тонн тэжээл, 50 тонн шатахууны дэмжлэгийг аймаг бүрд улсын нөөцөөс олгожээ. Эдгээр нь өвөлжилт, хаваржилтын хүндрэлтэй бүс нутагт зам давааг нээх, малчдад тусламж үйлчилгээ хүргэх, тээвэр ложистикийн саад бэрхшээлийг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэх юм.
Өнгөрсөн зун баруун болон төвийн зарим аймагт ган гачиг тохиосон бол зарим бүс нутагт зуншлага харьцангуй сайн байсан. Харин өвлийн улиралд зарим газарт их хэмжээний цас орсны улмаас нийт нутаг дэвсгэрийн ойролцоогоор 50 орчим хувьд зудын эрсдэл өндөр түвшинд үнэлэгдсэн байна. Гэсэн хэдий ч Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс, аймаг сумдын Онцгой комиссууд болон малчид, иргэд хамтран авч хэрэгжүүлсэн урьдчилан сэргийлсний үр дүнд зудын эрсдэлийг тодорхой хэмжээгээр бууруулж чадсан талаар албаныхан мэдээллээ.































































Сэтгэгдэл