Жүдочид Тбилисийн “Их дуулга”-д барилдахаар Гүржийг зорилоо
Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг “Их дуулга” ангиллын тэмцээн энэ сарын 20-22-нд Гүржийн Тбилиси хотод болно. Дэлхийн чансааны оноо олгох энэхүү тэмцээнд шигшээ багийн ахлах дасгалжуулагч У.Эрдэнэбаатарын удирдлагуд эрэгтэй тав, эмэгтэй дөрвөн тамирчин зодоглохоор өнөөдөр өглөө Тбилисийн зүг хүлгийн жолоо заллаа.
Энэ удаагийн тэмцээний 60 кг-д олон улсын хэмжээний мастер Б.Сүхбат, Н.Мэндсайхан, 66 кг-д ДАШТ-ий хүрэл медальт К.Ёолк, олон улсын хэмжээний мастер Ө.Жанцандорж, 73 кг-д олимп хүрэл медальт, дэлхийн аварга, гавьяат тамирчин Ц.Цогтбаатар, эмэгтэйчүүдийн 48 кг-д залуу мастер А.Мишээл, 57 кг-д өсвөрийн дэлхийн аварга М.Цэндбазар, 63 кг-д ДАШТ-ий хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Л.Энхрийлэн, -78 кг-д олон улсын хэмжээний мастер Ж.Урангоо нар зодоглоно. Манай тамирчдын өрсөлдөх 60 кг-д 36, 66 кг-д 43, 73 кг-д 44, 48 кг-д 25, 57 кг-д 23, 63 кг-д 26, -78 кг-д 21 жүдоч барилдахаар бүртгүүлсэн байна. Тэмцээний сугалааны үйл ажиллагаа энэ сарын 19-нд болно.































































Сэтгэгдэл