С.Амарсайхан: Иргэнийхээ төрд итгэх итгэлцлийг сэргээж чадвал шударга нийгмийн хамгийн том үйл хэрэг болно
Шинэ долоо хоногийн эхний өдөр Жанжин Сүхбаатарын талбайд Хууль зүй, дотоод хэргийн салбарын үйл ажиллагааг иргэд, олон нийтэд сурталчлан, таниулах “Нээлттэй хаалганы өдөр” эхлэв. Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа хууль, хүчний 16 байгууллага 21 аймаг, есөн дүүрэгт иргэдэд үйл ажиллагаагаа танилцуулж, эрх зүйн зөвлөн туслах үйлчилгээг нэг дороос хүргэх юм.
“Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг нээж Хууль зүй, дотоод сайд С.Амарсайхан хэлсэн үгэндээ “Эрх зүйт төр, шударга ёс, хууль дээдлэх, хуулиа сахиулах, хуулиа хэрэгжүүлэхэд иргэд олон түмнийг оролцуулж, тэдний санаа бодлыг сонсож, хууль эрх зүйн тусалцаа үзүүлэх нээлттэй нар мандсан өдрүүд энэ арга хэмжээгээр эхэлж байгааг тодотгоё. Гэхдээ нээлттэй өдөр гурван өдрөөр биш 365 хоног байх хэрэгтэй. Энэ өдрүүдэд иргэдэд хууль эрх зүйн мэдлэгийн суурийг тавихад тулж ажиллах эхлэл байх ёстой. Хууль сахиулах, эрх зүйн туслалцааг зөвхөн Өмгөөлөгчдийн Холбоо, Хуульчдын холбоо, хохирсон иргэд, хохироосон иргэд хийж, хийлгэдэг биш. Үүнийг бүх холбогдох харьяа байгууллагынхан гардаж хийх ёстой. Хууль зүйн салбарын үйл ажиллагаа цаашид өдөр бүхэн иргэдтэйгээ нээлттэй байж тэдэнд тулгамдсан асуудал, сорилтыг нь шийдвэрлэхэд салбарын бүх шатны албан хаагчид нэгж бүрд хүрч ажиллах тогтолцооны зохион байгуулалтыг өнөөдрөөр эхэлж байна. Тухайлбал, энэ долроо хоногоос эхэлж Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газрын 326 албан хаагчид Хуучин тээврийн товцооны нэг газарт бүгд сууж иргэд тэр байранд нь чихцэлдэн үйлчлүүлдэг байдлыг халж есөн дүүрэгтээ очиж ажиллах шийдвэрийг гаргаж байна.
Энэ өдрүүдэд гашуун үнэн, бодит байдлыг нууж болохгүй. Хууль хүн бүрд тэгш үйлчилж байна уу,шүүх шударга байна уу, төр ил тод ажиллаж чадаж байна уу гэдэг асуулт сүүлийн жилүүдэд улам ихсэж байна. үүний хариуд үгээр биш, уриа лоозонгоор биш үйлдлээрээ харуулах ёстой. Хэдийгээр үүнд анхаарлаа хандуулж эхнээсээ зарим ажлыг эхлүүлсэн ч байгууллагуудын уялдаа холбоо сул байна. Хууль тогтоомжийн өөрчлөлт, шинэчлэлтийг хийж буй ч хуулийн хэрэглээ хангалтгүй, үр нөлөө, дүн шинжилгээ, хяналт, шүүлтүүр сул байна. Энэ ч үүднээс энэ бүгдийг нэгтгэхийн тулд өнөөдрийн энэ өдөрлөгийг зохион байгуулж байна. Тиймээс төр иргэнээ хамгаалдаг, төр иргэнтэйгээ хамт байдаг гэдэг итгэлцлийг сэргээж чадах юм бол Монгол хүний эрхийг хамгаалах, шударга нийгмийг цогцлооход хамгийн том үйл хэрэг болно. Бидний ажилд тодорхой ахиц дэвшил гарч байгаа ч бодит амьдрал дээр тулгарч буй асуудал, бэрхшээл, иргэдийн санал шүүмжлэл нь ажлын чанар, хүртээмжийг сайжруулах чухал үндэс, суурь болдог тул иргэд олон нийт энэ арга хэмжээнд идэвхтэй оролцож, санал бодлоо чөлөөтэй илэрхийлэхийг уриалж байна” гэсэн юм.
ХХЕГ: Хил хамгаалахад ашигладаг 13 төрлийн машин, техникийг олон нийтэд сонирхуулав
Талбайн зүүн хэсгээр Хил хамгаалах ерөнхий газрын хилийн зөрчил хил хамгаалахад ашигладаг автомашин, техник хэрэгслийг танилцуулсан нь олон нийт, иргэдийн сонирхлыг татаж байв. Хил хамгаалах ерөнхий газрын Авто тоо бүртгэл, ашиглалтын инженер Г.Базардарь тайлбарлахдаа “ Энд нийтдээ 13 нэр төрлийн хил хамгаалахад ашиглагддаг авто машин, техник хэрэгсэл байна. Тухайлбал, хилийн манаа, уналгад ашиглагддаг азимут, UF, UTB гэсэн гурван мотоцикл буюу квадрат циклүүд байна. Эдгээр нь газар, уснаа явагч буюу дөрвөн улиралд ашиглагддаг унаа. Хилийн манааны уналгууд хил зөрчигчийг түргэн, шуурхай илрүүлэх зориулалттай. Тодруулбал,орчин үеийн өндөр технологи бүхий тоон бичлэгтэй эдгээрээр янз бүрийн азимут болон зайнаас тархан ирж буй долгионыг бүртгэх, тус долгионыг үүсгэж буй голомтын байрлал зэргийг илрүүлэх зэргээр төхөөрөмж суурилагдсан. Цаана нь цахилгаан гурван машин нь Хил хамгаалах газрын үйлчилгээнд ашиглагддаг. Мөн Оросын хил хамгаалалтын тусгай томилгоот бүлгүүдэд ашиглагддаг “Brangler” хоёр загварын мөн “Ландкрузор78”, “Ниссан Navara”холбооны хөдөлгөөнт зориулалтын машинууд байна. Улаан өнгөтэй “Tregats 430” усан тээврийн хэрэгсэл буюу моторт завь байна. Моторт завийг авч явах зориулалтаар суурь хийж түүнийгээ ачаад явах боломжтой. Мөн команд штабын машин байна. Энэ машинаар хээрийн гаралтад үүрэг гүйцэтгэхээр явах бүх хүмүүсээ аваад явдаг. Цаад талд нь манай холбооны суурин зангилааны машин зогсож байна. Үүрэг гүйцэтгэхээр хээр гарахад бүх холбооны техник, хэрэгсэл, камер, интернэт зэргийг суурилуулсан байгаа” гэв.
Эднийх машины парк шинэчлэлийг 2000 оноос өнөөдрийг хүртэл хийсээр ирсэн байна. Шинэчлэл хийх тусам туулах чадвар сайтай сүүлийн үед бусад оронд ашиглагдаг шинэ техникүүдийн ашиглалт сайжирдаг байна. Хил зөрчигчийг хурдан эрэн хайх олоход эдгээр машинууд голлон үүрэг гүйцэтгэдэг аж.
Энэ үеэр хилийн цэрэгт алба хааж байгаа хугацаат цэргийн албан хаагчийг ар гэрийнхэнтэй нь утсаар дүрсээ харж яриулах боломжийг Хилийн цэргийн болон Дотоодын цэргийн дугаар ангийн штабынхан олгож байсан юм. Өнөөдөр хилийн болон дотоодын цэрэгт алба хааж байгаа цэргүүд өдөрт дөрвөн удаа хооллодог байна. Нэг цэргийн хоолны илчлэг 2400-3500 калори аж.
Нээлттэй хаалганы өдөрлөг гурван өдөр үргэлжлэх бөгөөд иргэд олон нийтэд хууль зүй, дотоод хэргийн салбарын бодлого, чиглэл, мэдээлэл, зөвлөгөөг шуурхай өгөхөөс гадна иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэх боломжтой зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэх, төрийн зарим үйлчилгээ, лавлагаа мэдээллээр ханган ажиллана.
Тухайлбал, Хууль зүй, дотоод хэргийн яам нь хууль тогтоомж, бодлого, шийдвэрийн төслийг боловсруулах үе шат, үйл явцыг иргэд, олон нийтэд танилцуулж, захиргааны хэм хэмжээний акт (журам, дүрэм)-ын хяналт, бүртгэл, мөн хуульд заасан тусгай болон энгийн зөвшөөрөл олголттой холбоотой мэдээлэл, зөвлөгөөг газар дээр нь өгч ажиллана.
Цагдаагийн ерөнхий газар “Танд тусалъя” зөвлөх цэгийн үйл ажиллагааг сурталчлан залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх болон цахим халдлагад өртөхөөс сэргийлж, TWO-FACTOR үйлчилгээг үзүүлнэ. Мөн Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг иргэд, олон нийтэд ойртуулах, гэмт хэрэг, зөрчлийн талаар мэдээлэх “102 police” аппликейшны талаар мэдээлэл авах боломжтой.
Улсын хил хамгаалал, цагдаа, прокурор, нийгмийн дэг журам сахиулах, гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, гадаадын иргэн, иргэний харьяалал, цагаачлалын асуудал, иргэний болон эрүүгийн, захиргааны бусад хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл, архивын газрын албан хаагчид нээлттэй мэдээллийг өгч байна. Мөн Цэргийн төв эмнэлэг болон Төрийн тусгай албан хаагчийн эмнэлэг иргэдэд үнэ төлбөргүй зарим үзлэг эхо оношилгоо үзүүлж байна. Ингэснээр иргэд төрийн байгууллагуудаас нэг дор хүссэн мэдээлэл авах боломжийг нээж өгч байна.
"Нээлттэй хаалганы өдөрлөг" нээлтээ хийлээ
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
























.jpg)




.jpg)


































.jpeg)



Сэтгэгдэл