Ж.Батжаргал: Газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн станц, Сэлбэ дэд төвтэй холбоотой нэг удаагийн хууль батална
МАН-ын бүлгийн хурал өчигдөр болж гурван асуудал хэлэлцсэн талаар бүлгийн дарга Ж.Батжаргал мэдээлэл хийлээ. Түүний байр суурийг хүргэе.
-Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг дээшлүүлэх тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэн батлах нь зүйтэй гэж үзжээ. Нэг удаа үйлчлэх хууль юм уу?
-Энэ хууль нэг удаагийн үйлчлэлтэй, гурван төсөл дээр үйлчлэх юм. Нэгдүгээрт, Газрын тос боловсруулах үйлдвэр, хоёр дахь нь Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалт, гурав дахь нь Сэлбэ дэд төв төсөл. Эхний хоёр том төсөлд Энэтхэг, Хятадын Засгийн газартай Монгол Улсын Засгийн газар гэрээ хэлэлцээр хийгээд зээл авахаа соёрхон батлаад, үйл ажиллагаа нь аль хэдийн эхэлсэн. Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Төсвийн хуулийнхаа зарим зохицуулалтаар хүнээс авах зээлээ богино хугацаанд бүрэн ашиглах гэхээр төсвийн тусгай хязгаарлалтад ороод бүрэн ашиглаж чадахгүй байгаа. Анх энэ зээлийг нэн хөнгөлөлттэй, хямд өртгөөр авсан. Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Төсвийн тухай хуулийнхаа хязгаралалтаас хамаараад зээл авч ашиглах хугацаа уртсах тусам авч ашигласан зээлдээ төлдөг хүү, хугацаандаа авч ашиглаж чадаагүй зээлийнхээ үлдэгдэл эх үүсвэрт төлөх хураамждаа нэлээд их мөнгө өгөөд байна. Энэ нь эргээд зээлийн маань өртгийг өсгөөд болж өгөхгүй байна. Өнөөдрийн хязгаарлалтаар явах юм бол дор хаяж, 10-аад жил үргэлжлэх болоод байна.
-Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай зохицуулалт орсон хуулийн төсөл дээр яагаад ажлын хэсэг байгуулахгүй байна вэ. УИХ-ын дарга намаас түдгэлздэг байх хуулийн төсөл мөн УИХ-аар хэлэлцэгдэх асуудлын дараалалд ороогүй байна. Хаврын чуулганаар эдгээр төслүүд батлагдах юм уу.
-Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг УИХ-аар дэмжсэн. Х.Тэмүүжин нарын санаачилсан УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг мөн УИХ-аар хэлэлцэх эсэхийг дэмжсэн. УИХ -ын Тамгын газраас УИХ-ын дэгийн тухай хууль, УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуулийн төслийг боловсруулж байна. УИХ-ын гишүүдээс саналыг нь авсан. Ойрын хугацаанд энэ төслийг даргын зөвлөл дээрээ яриад УИХ-аар хэлэлцэх эсэхийг дэмжээд эдгээр хуулийг нэгтгээд явна. Яарах шаардлагагүй.
-“Сэлбэ” дэд төвтэй холбоотой санхүүжилтийн асуудлыг та бүхэн дэмжжээ. Хуулийн байгууллага энэ асуудлыг шалгаж байхад бүлгээр төслийг дэмжсэн нь зөв юм уу?
-Хууль хяналтын байгууллага “Сэлбэ дэд төв”-тэй холбоотойгоор асуудлыг шалгаж байхад бүлэг дэмждэг нь зөв юм уу гэлээ. Энэ асуудлыг бүлэг дээр яриагүй. Бид тэрийг хөндөж яриагүй. Энэ бол хууль хяналтын байгууллагын хэрэгжүүлдэг чиг үүрэг.
- Н.Номтойбаярын санаачилсан “Бодь”-ийн оффтейк гэрээг шалгах санаачлагыг танай бүлэг хэлэлцэв үү, дэмжих үү. Одоогоор түүний санаачлагыг 10 гаруй гишүүн дэмжээд байна?
-Н.Номтойбаярын түр хороо байгуулахтай холбоотой асуудал явж байгааг би мэдээгүй. Манай бүлэг дээр танилцуулаагүй байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
























.jpg)




.jpg)


































.jpeg)



Сэтгэгдэл