Шатрын бодлого бодолтын төрлөөр Монгол Улсаас анхны их мастер цолтон төрлөө
Македоны Скопье хотноо өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгуулсан шатрын бодлого бодолтын Европын аварга шалгаруулах тэмцээнд их мастер С.Билгүүн амжилттай оролцож, их мастер цолны сүүлийн буюу гурав дахь нормоо биелүүллээ. Тодруулбал, тэрбээр гурав дахь нормоо биелүүлэхээс гадна чансаагаа 2550 хүргэснээр Монгол Улсын түүхэн дэх анхны шатрын бодлого бодолтын их мастер боллоо. Ингэснээр тэр шатрын спортын болон бодлого бодолтын төрлөөр их мастер цолтон болсон дэлхийн цөөн шатарчдын тоонд багтав.
Дэлхийн шилдэг бодлого бодогчид оролцсон өндөр зэрэглэлийн энэхүү нээлттэй тэмцээнд нийт 90 боломжит онооноос 84 оноо цуглуулан 2724 чанарын үзүүлэлтээр шагналт VI байрт шалгарсан бахдам амжилтыг үзүүлэв. Их мастер С.Билгүүн ирэх наймдугаар сард шатрын бодлого бодолтын ДАШТ-д аваргын төлөө өрсөлдөхөөр бэлтгэлээ базааж байгаа аж. Ташрамд дурдахад, их мастер С.Билгүүн 2022, 2025 оны шатрын бодлого бодолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд шагналт дөрөвдүгээр байрт шалгарч байсан юм.

































































Сэтгэгдэл