МАЛЧИД: Мал, махны үнэ нэмэгдэж л байвал бидэнд тустай

Aдмин / Орон нутаг

Энэ хавар улсын хэмжээнд малын үнэ ханш нэмэгдсэн. Үүнтэй холбогдуулан малчдын байр суурийг тодрууллаа.


Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын малчин С.Болд: Энэ жил малын үнэ нэлээд өндөр ханштай байна. Амьд хонь 500-850 мянган төгрөгийн хооронд байна. Төлөг өнгөрсөн жил 150 мянга байсан бол энэ жил 250-300 мянга болсон. Хуучнаа бодоход малчид малаа нэлээд борлуулдаг боллоо. Зах зээл дээр байгаа бараа бүтээгдэхүүний үнэ дийлдэхээ больсон учраас малаа борлуулахаас өөр аргагүй болсон. Мөн байгалийн бэрхшээл, цаг зуднаас айгаад нэг хэсэг нь борлуулж байна. Төр засгаас үнэ хямдруулж, махны үнэ барих бодлогод оролцож ямар нэгэн зохицуулалт хийхгүй гэж байна лээ. Тэр нь ч зөв гэж бодож байгаа. Ер нь ямар ч зүйл зах зээлийнхээ зарчмаар л явах ёстой. Гэхдээ энэ тал дээр иргэдийн хувьд хуваагдал байгаа. Мал, махны үнэ нэмэгдэж буй нь бидэнд таатай ч төв суурингийнхаа хүмүүст бэрхшээлтэй. Үүнд малчдыг буруутгаад ч байгаа юм шиг ярьж байна. Гэхдээ үнэ ханшийг ченж нар л тогтоож байгаа шүү дээ.

Хөвсгөл аймгийн малчин Г.Энхтайван: Манай аймагт эр хонь 300-400 мянга, төлөг 150-200 мянган төгрөгийн ханштай байна. Ноднин жил эр хонь 200-250 мянган төгрөгийн хооронд байсан бол энэ хавар малын үнэ харьцангуй өслөө. Үүнд малчид ам сайтай байгаа. Бидний гол хүнс бол мах шүү дээ. Тэр махыг малчид бид л бэлтгэж байна. Үүнээс гадна өргөн хэрэглээний барааны үнэ ямар болсон билээ. Үүнийг бодолцох хэрэгтэй. Бид чинь мах, гурилнаас бусдыг нь гаднаас оруулж ирдэг шүү дээ. Тийм учраас хэдэн малчдынхаа хөдөлмөрийг үнэлэх хэрэгтэй гэж боддог. Манайх гэхэд ирэх намраас хотноосоо хэдэн хонь борлуулж байгаад хүүхдүүдээ тусад нь гаргах бодолтой байгаа. Малын үнэ нэмэгдэж байвал малчид бидэнд л тустай шүү дээ.

Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын малчин Г.Батболд: Энэ хавар малчид махны үнэ нэмэгдсэнд нэлээд таатай хандаж байна. Одоо бол эр хонь 450-500 мянган төгрөгийн үнэтэй. Яалт ч үгүй мах үнэтэй болохоор малаа зарж байна.

Дорнод аймгийн малчин: Одоогийн байдлаар эр хонь 400-500 мянган төгрөгийн үнэтэй. Намар, өвлийн хүндрэлийг давж гарсан малчдын хувьд энэ хаврын үнэ бага ч гэсэн дэм болж байгаа. Малын үнэ өссөн нь сайн ч хот суурин газрын иргэдэд дарамт болж буйг ойлгож байна. Гэхдээ малчдын хөдөлмөрийг бодолцох хэрэгтэй.

Дорнод аймгийн Баян-Уул сумын малчин Н.Нарантуяа: Хонь 300-350 мянгын хооронд, бяруу 800 мянга, тугалтай үнээ хоёр сая гаруй төгрөгийн үнэтэй байна. Ноднин жил бяруу 500-600 мянга, хонь 250 мянгатай байсан. Энэ жил хонь 100 мянгаар нэмэгдсэн. Мах урагшаа гарснаас болоод үнэ нэмэгдээд байгаа юм болов уу гэж бодоод байна. Манайх мал авдаг нэгдсэн цэг дээр аваачаад өгчихдөг. Заримдаа хувь хүмүүс ирж авдаг. Малчид өөрсдөө зогсоод борлуулъя гэхээр бид ямар ч завгүй болохоор “Хэдэн төгрөг олохоо бодъё” гээд өгдөг. Ихэнх малчид хол бэлчээрт малаа хариулж байгаа, дээрээс нь бүл муутай учраас худалдааны төв, дэлгүүр лангуун дээр очиж борлуулж чадахгүй. Чадахаараа малаа хариулаад, тарган сайхан байлгах гэж хичээгээд завгүй явж байгаа хүмүүс шүү дээ. Бидний борлуулж байгаа үнэ бол боломжийн л гэж боддог. Харин дамлаж зарахдаа нэмээд байна л гэж харж байна.

Өмнөговь аймгийн малчин: Эр хонь 400-500 мянган төгрөгийн үнэтэй байна. Өмнөх жилүүдтэй харьцуулахад малын үнэ мэдэгдэхүйц өссөн. Ер нь малын тэжээл, өвс, шатахуун гээд бүх зардал давхар өссөн. Тийм болохоор махны үнэ өссөнд мэдээж таатай хандаж байна.

ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН

Г.БАЛГАРМАА


Сэтгэгдэл

Д.Гантөмөр [122.201.31.46] 2026-05-16 12:32:13

Нийгмийн даатгалыг төр даадгаа болих хэрэгтэй


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.