Хошууч С.Баярбилэг: Тухайн иргэнд оногдуулсан хорих ялын хугацааг харгалзан 1-3 жил хяналт тавьдаг
Монгол Улсад хүнд ноцтой хүн амины хэрэг болон бага насны хүүхэд хүчирхийлсэн хүмүүс хорих ялаар шийтгэгдсэний дараа Өршөөлийн хуулиар болон бусад тохиолдолд суллагдахад Цагдаагийн байгууллагаас тухайн иргэнд ямар хяналт тавьдгийг тодруулсан юм. Ингээд ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх албаны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч С.Баярбилэгийн яриаг хүргэе.
-Цагдаагийн албаны тухай хуулийн 13, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 41 дүгээр зүйл, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны “Хорих ял эдлээд суллагдсан зарим хүнд захиргааны хяналт тогтоох” журам. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, Цагдаагийн ерөнхий газрын даргын хамтарсан 2017 оны А/269, А/242 дугаар тушаалаар баталсан “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, цагдаагийн байгууллагын хамтран ажиллах журам”-ын дагуу хорих ял эдлээд суллагдсан иргэдэд хяналт тавих ажлыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж, хоёроос дээш жилийн хорих ял эдэлж суллагдсан болон хоёроос дээш жилийн хугацаагаар хорих ял эдэлж, Эрүүгийн хуулийн 6.12, 6.13, 6.14 дүгээр зүйлд заасны дагуу хорих ялаас хугацааны өмнө суллагдсан. Түүнчлэн чөлөөлөгдсөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хяналтын хугацаа нь дууссан хүнд гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор хяналт тогтоохоор хуульчилсан байдаг.
Энэ хуульд заасан хяналтыг нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага, түүний алба хаагч гүйцэтгэдэг. Шаардлагатай тохиолдолд байгууллагын шийдвэрээр үйлдсэн гэмт хэргийн төрлөөс хамааран тухайн төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргийг дагнан хэрэгжүүлж байгаа цагдаагийн анги, байгууллагуудаас хэрэгжүүлдэг гэж ойлгож болно. Мөн хуулийн 42 дугаар зүйлд зааснаар хяналт тавих хугацаа нь тухайн хүнд оногдуулсан хорих ялын хугацаатай уялдуулан нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын удирдлагын шийдвэрээр нэгээс гурван жил хүртэл байхаар тогтоосон байдаг.
-Гадны улс оронд цахим гав ч юм уу, эсвэл хурууны хээ уншуулах төхөөрөмжид мэдээлэл байдаг гэж ярьдаг. Сүүлийн үед хяналтад буй иргэдийн биометрих мэдээллийг бүртгэх зориулалт бүхий хурууны хээ уншигч төхөөрөмжийг цагдаагийн алба, нэгжүүдэд албан хэрэгцээнд нэвтрүүлсэн гэж дуулсан?
-Тийм ээ. Хорих ял эдлээд суллагдсан хүнд цагдаагийн байгууллагаас хяналт тогтоох үйл ажиллагаа нь тухайн хүнийг засарч хүмүүжихэд нөлөө үзүүлж, дахин гэмт хэрэг үйлдэх, нийтийн хэв журам зөрчихөөс урьдчилан сэргийлэхэд чиглэгдэнэ. Үүнд, тухайн иргэнтэй тодорхой хугацаанд уулзалт ярилцлага хийх, ажил хөдөлмөрт зуучлах, хууль сурталчилж таниулах зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлдэг. Хяналтад байгаа хүн хуульд заасан үүргээ зохих ёсоор биелүүлсэн, ажил хөдөлмөр эрхлэлт, зан төлөвийн хувьд засарч нийгэмд бүрэн дасан зохицсон, цаашид гэмт хэрэг үйлдэхгүй гэх хангалттай үндэслэл тогтоогдсон, эсхүл гадаад улсад удаан хугацаанд зорчих бол цагдаагийн байгууллагын эрхлэх чиг үүрэг хэрэгжүүлэх албан тушаалтны шийдвэрээр хугацаанаас өмнө хяналтыг дуусгавар болгож болно.
Цагдаагийн байгууллагаас хяналт тавих ажлыг цахимжуулах, сайжруулах зорилгоор 2024 оноос эхлэн хяналтад буй иргэдийн биометрих мэдээллийг бүртгэх зориулалт бүхий хурууны хээ уншигч төхөөрөмжийг цагдаагийн алба, нэгжүүдэд албан хэрэгцээнд нэвтрүүлсэн. Ингэснээр хяналт явуулах алба хаагчаас хяналтад байгаа хүнтэй сард нэгээс доошгүй удаа уулзаж ярилцах, зөвлөгөө өгч, хурууны хээний биометрик мэдээллийг цагдаагийн байгууллагын цахим санд оруулж бүртгэл хийх ажлыг хэрэгжүүлж байна. Энэ нь олон талын ач холбогдолтой. Тухайлбал, хяналтад байгаа иргэн хүндэтгэн үзэх шалтгаанаар өөр аймаг, орон нутагт зорчих тохиолдол гардаг. Тиймээс өөр газарт очсон бол тэр газрынхаа цагдаагийн байгууллагад очоод төхөөрөмжид тэмдэглэгээ хийж, бүртгүүлж болох юм.
Нөгөөтэйгүүр хяналтад байгаа иргэний үүргийг бас хуульчилж өгсөн байдаг. Үүнд: Хяналтад байгаа хүн өөрийн оршин суух газрын цагдаагийн байгууллагад сар бүр очиж цахим бүртгэлээр хамрагдах, хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хяналтад байгаа хүн өөрийн оршин суух нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагад бүртгэл хийлгэх боломжгүй алслагдсан аймаг, дүүрэгт байгаа тохиолдолд хяналт тавьж буй албан тушаалтанд урьдчилан мэдэгдэх ёстой. Тухайн байгаа газрынхаа цагдаагийн байгууллагад сар бүр бүртгүүлэх, 14 хоногоос дээш хугацаагаар оршин суугаа газраасаа явах бол энэ тухай хүсэлтээ цагдаагийн байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэгтэй. Эрх бүхий этгээдээс хүлээлгэсэн үүрэг, тогтоосон хориглолт, хязгаарлалттай холбоотой асуудлаар амаар, бичгээр, эсвэл цахим хэлбэрээр тайлбар гаргах, зарим тохиолдолд цагдаагийн байгууллагаас үзүүлж буй хууль, эрх зүйн мэдээлэл, идэвхтэй ажил хөдөлмөрт зуучлах санал асуулга, цагдаагийн байгууллагын ажил үйлчилгээний хүртээмж болон бусад судалгааг “линк” холбоосоор мэдээлэл авч болдог болсон. Энэ бүх нөхцөл байдал нь хяналтад байгаа иргэд рүү чиглэсэн, тэднийг аливаа учирч болох эрсдэлээс сэргийлсэн үйл ажиллагаа юм. Хяналт тавих үйл ажиллагаанд төрийн чиг үүрэг бүхий байгууллагаас мөн хяналт тавьж ажиллах зохицуулалт байгаа.
Б.ТҮШИГ
Эх сурвалж: Өдрийн сонин


































































Сэтгэгдэл