С.Болд: Эрчим хүчний дутагдалд орсон энэ үед нарны эрчим хүчийг ашиглах нь хамгийн зөв шийдэл

Aдмин / Технологи

Монгол Улсын зөвлөх инженер С.Болдтой нарны эрчим хүчний талаар ярилцлаа.


-Сэргээгдэх эрчим хүчийг дэлхий нийтээрээ чухалчилж байгаа энэ үед манай улсад нарны эх үүсвэрийг ашиглан эрчим хүчний хэрэглээгээ нөхөх боломж нь ямар байдаг вэ?

-Сэргээгдэх эрчим хүчийг дэлхий нийтээрээ дэмжиж байна. Үүний шалтгаан нь нэгдүгээрт, хүлэмжийн хийг бууруулна. Хоёрдугаарт, нөхөн сэргээгддэг эх үүсвэртэй учраас байгаль дэлхийд ээлтэй. Тиймээс нарны эрчим хүч рүү орж байна. Монгол Улсын хувьд үүнтэй хөл зэрэгцээд сэргээгдэх эрчим хүчийг дэмжих бодлогууд явагдаж байна. Манай орны хувьд сэргээгдэх эрчим хүчийг өргөжүүлэх бүрэн боломжтой. Учир нь Монголд нэг жилийн 300 гаруй хоног нь нартай байдаг. Өнөөдрийн байдлаар эрчим хүчний дутагдалд орсон энэ үед манай улсад нарны эрчим хүчийг ашиглах нь хамгийн зөв шийдэл болж эхлээд байна. Өвөл төдийгүй зуны улиралд хүртэл тогны хязгаарлалтад орох хэмжээний эх үүсвэрийн дутагдалтай байгаа. Энэ үед айл өрх бүр нарны эрчим хүчээр цахилгаан эрчим хүчээ хангах нь зөв шийдэл гэж харж байна.

Өвлийн улиралд нар гарах хугацаа бага байдаг. Энэ үед нарны эрчим хүчээ хуримтуулсан ч хэрэглээгээ бүрэн хангах уу?

-Өвлийн улиралд нар идэвхтэй эрчим хүчээ үйлдвэрлэдэг хугацаа нь 10:00-15:00 цагийн хооронд байдаг. Эрчим хүчний боломжит хугацаа нь гэсэн үг. Эрчим хүчний идэвхтэй үйлдвэрлэлийн хэмжээг нийтдээ таван цаг гэж тооцоод, үлдсэн 19 цагтаа даахаар хэмжээний батерейгаа тооцож, тоног төхөөрөмжөө сонгох хэрэгтэй. Үүндээ тохируулаад хэрэглээгээ ч зохицуулах ёстой.

Тухайлбал, 10 КВт-ын нарны үүсгүүр суурилуулбал 15:00 цагаас хойш буурсаар, 17:00 цаг гэхэд эрчим хүч маань үйлдвэрлэхээ болиод эхэлдэг. Тийм учраас өвлийн улиралд 18:00 цагаас хойш батерей хуримтлуураа ашиглавал тохиромжтой. Ингэхдээ гэрийнхээ халаалтын систем, эрчим хүчний менежментээ зөв зохион байгуулаад явах хэрэгтэй. Мөн 10 мянгаас дээш хүн амтай төв суурин газар өвөл арваннэгдүгээр сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 1 хүртэл цахилгаан эрчим хүчний шөнийн тарифыг тэглэсэн байдаг. Үүнийг нарны эрчим хүчтэй хослуулбал тухайн айл өрхийн цахилгаан эрчим хүчний хэрэглээ 70-80 хувиар буурах боломжтой. Жишээ нь, өнгөрсөн өвөл гэхэд Хэнтий аймагт 11 КВт-ын нарны үүсгүүр суурилуулсан. 80 м.кв хэмжээтэй талбайг халаахад сардаа халаалтын системдээ хамгийн ихдээ тогны мөнгө 70-80 мянган төгрөг гарч байна лээ. Тийм учраас өөрийнхөө суурилуулсан нарны үүсгүүрийн хүчин чадлаас хоёр дахин илүү хүчин чадалтай батерей хуримтлуур суурилуулах хэрэгтэй. 12 КВт-тайг тавьбал 24 КВт хүчин чадалтай батерей суурилуулах хэрэгтэй. Жишээ нь, тухайн айл 3.5 КВт-ын хүчин чадалтай халаагууртай байвал зургаан цаг орчим халаалтаа барина гэсэн үг. Тэгэхээр манай монголчуудад юу шаардлагатай вэ гэвэл, сүүлийн үед дэвшилтэт технологиудыг сайн судлах хэрэгтэй. Мөн дулаан баригчтай халаагууруудыг төвийн эрчим хүчтэйгээ хослуулан ашиглавал зүгээр. Ер нь нарны станц тавих гэж байгаа бол аль болох олон жил ажилласан туршлагатай, мэргэжлийн компанийг сонгож хийлгэх нь зөв. Одоогийн байдлаар Монголд маш олон нарны станцууд орж ирж байна. Мөн БНХАУ-д өмнөх технологиуд нь хоцрогдоод, борлуулагдахаа болиод эхлэнгүүт хямд үнээр Монгол руу маш их оруулж ирж байгаа. Тэгэхээр үйлдвэрийн баталгаат хугацааг маш сайн хянах хэрэгтэй.

-Сум бүр нарны эх үүсгүүртэй болох боломж бий юу?

-Сум бүр өөрийн нарны эх үүсгүүртэй болох нь хүндрэлтэй. Эрчим хүчний систем эргээд ямар сөрөг нөлөө үзүүлэх вэ гэдэг асуудал үүснэ. 330 сум тус бүр нэг нарны станц тавилаа гэхэд төвийн эрчим хүчний систем маань зундаа илүүдэлд орох, тогтворгүй байдал үүсэх зэрэг сөрөг нөлөөтэй. Тийм учраас маш нарийн тооцож байж, аль суманд хэдэн КВт-ын чадалтай нарны үүсгүүр тавихыг төрийн бодлогоор гаргаад хэрэгжүүлбэл зүйтэй. Түүнээс сум бүр бие даасан бодлого бариад явбал эрчим хүчний системийн нэгдсэн бодлого алдагдана. Тийм учраас маш нарийн тооцоотой хандах хэрэгтэй.

Г.БАЛГАРМАА

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.