ДАШТ-ий эхний тоглолт анх удаа гурван улаан хуудастай дуусжээ
Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний (ДАШТ) нээлтийн тоглолтод шүүгч анх удаа гурван улаан хуудас үзүүллээ. Мехико хотын "Ацтека" цэнгэлдэх хүрээлэнд болсон Мексик, ӨАБНУ-ын шигшээ багуудын тоглолт 2:0 харьцаагаар талбайн эзэн багийн хожлоор дууссан байна.
Тоглолтын 49 дэх минутад гоол оруулах илэрхий боломжийг дүрэм бусаар тасалсан шалтгаанаар Өмнөд Африкийн Сфифело Ситхоул талбайгаас хөөгджээ. Харин 84 дэх минутад Бразилын ерөнхий шүүгч Вильтон Сампайо бүдүүлэг алдаа гаргасан Темба Званед VAR-ын шийдвэрийг харгалзан улаан хуудас үзүүлжээ. Харин шүүгчийн сунгасан цагийн хоёр дахь минутад бөмбөг оруулах боломжийг дүрэм бусаар тасалсан хэмээн Мексикийн хамгаалагч Сесар Монтес улаан хуудсаар торгуулсан байна.
Үүнээс өмнө 1990 оны ДАШТ-ий Аргентин, Камеруны шигшээ багуудын хоорондох нээлтийн тоглолтод хоёр тоглогч улаан хуудсаар торгуулж байсан бөгөөд тухайн үед Африкийн багийн хоёр тоглогч талбайгаас хөөгдөж байжээ. Харин ДАШТ-ий нэг тоглолтод хамгийн олон улаан хуудас үзүүлсэн дээд амжилтыг Оросын шүүгч Валентин Иванов эзэмшдэг. Тэрбээр 2006 оны ДАШТ-ий 1/8 шигшээгийн Португал, Нидерландын багуудын тоглолтын үеэр багууд тус бүрээс хоёр тоглогч, нийт дөрвөн хөлбөмбөгчнийг талбайгаас хөөж байжээ.
Д.ЖАРГАЛ

































































Сэтгэгдэл