Бүдүүлэг үг хэлж, ёс зүйгүй авирласных нь төлөө Р.Пүрэвдагвын эрхийг хассан МҮБХ-ны шийдвэр зөв
Монголын үндэсний бөхийн холбоо(МҮБХ)-ны Ёс зүйн зөвлөлөөс Архангай аймгийн харьяат улсын арслан Р.Пүрэвдагвын барилдах эрхийг таван сараар хасах шийдвэрийг гаргасан. Мөн Говь-Алтайн харьяат аймгийн арслан Я.Бумбаярын барилдах эрхийг нэг сараар хасах шийдвэр гаргаснаа албан ёсоор танилцуулсан. Уг шийдвэртэй холбогдуулж МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав мэдэгдэл хийсэн. Тэрээр “Р.Пүрэвдагва нь 2025, 2026 онд барилдаад өвдөг шороодсон бөх болон засуул, хөлийн цэцүүдэд нийт найман удаа ёс бус үг хэлж, хараалын үгээр доромжилсон тул улсын арслан цолтой бөх, дасгалжуулагч хүнд байж боломгүй ёс зүйгүй үйлдлүүд гэж үзэн хариуцлага ногдуулсан” болохыг хэлсэн. Мөн Пүрэвдагва нь 2024 оны зургадугаар сард зургаан удаагийн ёс зүйн зөрчил гаргасан үндэслэлээр Ёс зүйн зөвлөлөөр орж уучлал гуйж сануулга авч байсан гэдгийг тодотгосон юм.
“Бөхбилэгт” дэвжээний дасгалжуулагч Р.Пүрэвдагва арслангийн хувьд сайн бөх. Бэлтгэл сургуулилтаа тогтмол хийж, заал танхимын барилдааныг бараг өнжилгүй барилдаж байгаа. Наадам дөхсөн энэ үед түүний барилдах эрхийг таван сараар хасна гэдэг, үндсэндээ төрийн наадмаар барилдуулахгүй байх шийдвэр гаргана гэдэг маш харамсалтай. Гэвч Үндэсний бөхийн холбооны шийдвэрийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Учир нь ёс зүйн асуудал хамгийн чухал зүйл мөн. Монголчууд бид хаа хаанаа ёс зүйг баримталж, хууль дүрмээ ягштал биелүүлэх учиртай. МҮБХ өөрийн гэсэн хууль дүрэмтэй, бөхчүүдийн ёс зүй, сахилга хариуцлагыг хууль дүрмийнхээ дагуу шийдвэрлэх Ёс зүй сахилгын зөвлөлтэй учир түүнээс гарсан шийдвэрийг бид хүндэтгэх ёстой.
Бөх хүн дэвжээн дээрээ, олон нийтийн өмнө хараалын үг хэлж, барилдаад унасан бөхөө, мөн засуул, хөлийн цэц тэргүүт хүмүүсийг бүдүүлэг үг хэлээр доромжилно гэдэг ёс зүйгүй үйлдэл мөн. Үүнийг хүлээн зөвшөөрч хэрхэвч болохгүй. Бөх бол мэдээж тулааны спорт нэгнээ цохих, тохойлдох, нүд ам руу нь гараа хийх,мөргөх, дээрээс нь хүчтэй унах зэрэг үйлдэл тулааны спорт гэдэг утгаараа байдаг. Мөн барилдаандаа хэт автаад, шаралхаад бүдүүлэг үг хэллэг санаатай хийгээд санамсаргүй гарах тохиолдол бий. Гэхдээ ёс зүй, хэм хэмжээ гэдгийг баримтлах учиртай.
Яг одоо Монголын нийгэм, цахим сүлжээ Р.Пүрэвдагва арслангийн наадмаар барилдах эрхийг нь хассан шийдвэрийг нийтээрээ эсэргүүцэж байна. Улсын начин Сосорбарам гэдэг бөхтэй сүүлийн нэг барилдаанд хүч үзээд унахдаа түүнийг цохьсон гэх асуудал таван сараар эрхийг нь хасах гол шийдвэр болчихлоо гэж ард олон эсэргүүцээд байна. Тэгвэл Пүрэвдагва арслан хоёр жилийн өмнө нь яг ийм асуудлаар Ёс зүйн зөвлөлөөр орж уучлал гуйгаад наадмаар барилдах эрхээ авчээ. Гэтэл тэрхүү үйлдэлдээ үнэлэлт дүгнэлт хийгээгүй болох нь 2025, 2026 онуудад найман удаагийн бүдүүлэг үйлдэл үзүүлснээр батлагдаж байна. Тиймээс түүний барилдах эрхийн таван жилээр хассан Бөхийн холбооны шийдвэрийг ард олон эсэргүүцэх ямар ч боломжгүй.
Монгол бөхийг Монголын өв соёлын дархлаа гэж үзэх нь бий. Бөхчүүд өөрсдийгөө өв соёл тээгч гэж ярьдаг. Тухайлбал, Б.Бат-Эрдэнэ аварга, Г.Өсөхбаяр аварга тэргүүтэй бөхчүүд энэ тухай олон жил ярьсан. Бөх судлаач, бөхийн зүтгэлтнүүд ч монгол бөх бол Монголын ард түмний өв соёлын дархлаа, өв тээгчид мөн гэж ярьж, бичиж ирсэн. Монгол бөхийн цолыг төрт ёсныих баяр Монгол төрийн наадмаар Монгол Улсын Ерөнхийлөгч зарлигаар өгдөг. Тэгэхээр бөхчүүдтэр дундаа улсын алдар цолтой бөхчүүд төрт ёсны их баяраар, Төрийн тэргүүнийхээ зарлигаар цол хүртсэн гэдгээ үргэлжид бодож үг хэллэг, үйлдэл бүхэндээ хянамгай төрт ёсыг эрхэмлэх учиртай хүмүүс. Мөн бөхчүүд эрэмбэ, жудаг ёсыг эрхэмлэн дээдэлдэг.
Тэгтэл бөхийнхөө дэвжээн дээр хараалын үг хэлж, бөхчүүд рүүгээ, засуул, цэцүүд рүүгээ дайрч доромжилно гэдэг байж боломгүй зүйл. Р.Пүрэвдагва арслантай холбоотой шийдвэрийг бид энэ талаас нь харж, эрүүл саруул ухаанаар жаахан ултай суурьтай хандаж, учрыг нь тунгаах ёстой. Түүнээс “Даншигийн дархан аваргыг маань зориудаар барилдуулсангүй. Энэ жил хамгийн өнгөтэй байсан бөх нь Пүрэвдагва, түүнийг наадмаар дарж авахын тулд ийм шийдвэр гаргалаа. Зориуд наадмын өмнө эрхийг нь хаслаа. Бадарчийг допингоор цолыг нь зориуд хураасан, одоо Пүрэвдагвын барилдах эрхийг хаслаа, Бөхийн холбоо зориуд ингэж байна” гээд дайрцгааж байна. Ингэж нэг хүний өмнөөс улангасан дайрцгаахынхаа оронд ёс зүйг нь ярих учиртай.
Аливаа хууль дүрмийг хэн ч байсан даган мөрдөж, сахин биелүүлэх үүрэгтэй. Хэрвээ бид хууль дүрмийг биелүүлэхгүй, Бөхийн холбоо руугаа бүгд дайраад эцэстээ дүрэмгүй мэт аашилж эхэлбэл юу болох вэ. Бөхчүүд нь бүгд доопингоо хэрэглээд, жалга жалгандаа наадам хийж цол өгөөд, дэвжээн дээрээ гарч талцаж хэрэлдэж, зодолдоод, юун хараалын үг, цус нөжтэйгөө холилдоод, энэ бүхний эцэст монгол бөх, монгол наадам устах аюул нүүрлэнэ. Тиймээс бөхийнхөө дүрмийг дагаж бөхчүүд, засуул, хөлийн цэц бүгд хууль дүрэмдээ захирагдаж ёс зүйтэй байх нь чухал.
Төгс-Эрдэнэ Эрдэнэбаяр гэдэг хүн цахим сүлжээний хамгийн олон дагагчтай бөхийн группт “Бөхийн холбоо ч хэлбэрэлтгүй, ялгамжгүй шийдвэрээ гаргаж байх хэрэгтэй. Бөх үзэгчид ч дүрмийн дагуу гарсан шийдвэрийг элдэв өнгөөр ярьдаггүй байх хэрэгтэй. Хэрэв тоглоомын дүрэмтэй л бол дүрмээрээ тоглох хэрэгтэй. Дүрэм буюу институцийг хэрэгжүүлэхгүй бол тухай салбар хол явахгүй” гэж бичсэнтэй санал нэг байна.
Бөхийн холбоо яг энэ шийдвэрээ барьж, цаашид ёс бус үйлдэл гаргасан бөхчүүдийн барилдах эрхийг, бүр цаашилбал цолыг нь хураах хүртэл арга хэмжээ авах хэрэгтэй. Төрийн наадмаар ёс бус үйлдэл гаргах, хараалын доромж үг хэлэх, ам авахдаа ил цагаан луйврын байдал үзүүлэх, мөнгө төгрөгний асуудалд оролцох зэрэг үйлдлүүд гаргавал шууд хасдаг байх хэрэгтэй. Ингэж байж үндэсний бөхөд ёс зүй гэдэг зүйл тогтноно. Монгол үндэстний өв соёлын дархлаа болсон монгол бөхөө устгачихгүй авч үлдье гэвэл бид хариуцлагатай, ёс зүйтэй байж хууль дүрмээ ягштал баримтлах нь зүйн хэрэг. Тиймээс бөхийн дэвжээн дээр хараалын бүдүүлэг үг хэлж, ёс зүйгүй авирласан Р.Пүрэвдагвын эрхийг таван сараар хассан Бөхийн холбооны шийдвэр зөв.
ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН
Р.Батсүх
































































Сэтгэгдэл